Хойт Америкийн Цахим Өртөөнөөс санаачлан зохиож байгаа олон бодитой ажлын нэг нь Хойт Америк, Канадад оршин суугаа хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдаан байлаа.

Уралдааны болзолд хүүхдийн насыг 3-6, 7-12 гэж ангилан

Нэг. Говьд төөрсөн бяцхан Т-Батаарын зулзага
Хоёр. Хурга/ишиг/унага/ботго/тугал (өөрөө сонгоно) бид хоёр
Гурав. Миний гар утас бол миний ... (чиний төсөөлөл)

гэсэн гурван сэдвийн хүрээнд чөлөөтэй сэтгэж, өөрөө зурсан байхыг тусгасан. Хүүхдүүдийг зургаа 30 минутанд багтаан зурж, өөрийгөө сорих болзолтой байсан нь оролцогчид идэвхтэй сэтгэж, сэтгэл, хүч гаргаж, авхаалж, самбаа, авьяас чадвараа дайчлан өвөрмөц, сонирхолтой зураг бүтээхэд нөлөөлсөн нь харагдлаа.

2016 оны 12 сарын 1-ний өдрийг дуустал хүүхдүүдээс 81 бүтээл ирүүлсэн . Үүнээс 73 бүтээл уралдааны болзлыг хангасны 17 нь 3-6 настай багачуудын, 56 нь 7-12 насны хүүхдүүдийн бүтээл байв. Уралдаанд манай байгууллагын гишүүдийн хүүхдүүд, Индианагийн Блүүмингтон хотноо 2016 онд болсон зуны зуслангийн багачууд болон Калифорнын Сан Франциско хот дахь Ger Oyuth Төвийн хүүхдүүд идэвхтэй оролцлоо. Улаанбаатараас нэг хүүхэд бүтээлээ ирүүлснийг бид хүлээж авсан юм.

Уралдааны дүнг гаргахад 3-6 насны багачуулын бүтээлүүдээс Лодойравсалын Энэрэл, (Улаанбаатар хот) нэгдүгээр байр, Солонго Geisler, (Нью Йорк хот) хоёрдугаар байр, Шинэжилийн Мишээл (Калифорн муж, Оакланд хот) гуравдугаар байрыг эзэллээ.

7-12 насны зураачдаас нэгдүгээр байрыг Чинзоригийн Хулан ( Аламеда, Калифорни), хоёрдугаар байрыг Эрдэнэбатын Нандиншагай ( Анн Арбор, Мичиган), гуравдугаар байрыг Дамдинхүүгийн Агиймаа ( Оакланд, Калифорни) нар эзэллээ /Зургуудын хуулбарыг энэ мэдээний дор байрлууллаа/.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс харахад манай хүүхдүүд монгол ахуйг хийсвэрлэн сэтгэж, зургаар илэрхийлэн гаргах гайхалтай, онцгой авьяас, сэтгэлгээтэйг эдгээр зургуудаас олж харсан нь бидний хувьд хамгийн чухал үр дүн боллоо. Америкт төрж, өссөн хүүхдүүд монголын говь гэхээр өссөн орчин, мэдээллийн цараас хамааран Америкийн цөлийг төсөөлж, говийн тухай зураг бүр дээр cactus (кактус) мод зурсан нь бас л сонирхолтой олз байлаа. Тэд монголын говьд кактус ургадаггүйг сонсож, мэдээгүй аж.

Бүтээл нь шалгарсан авьяаслаг зураач багачууд шагналаа шуудангаар хүлээн авах бөгөөд палеонтологич Болороо эгч (Bolortsetseg Minjin) , хэл шинжлэлч Саруул-Эрдэнэ ах (Мягмар Саруул-Эрдэнэ), инженер Баасандорж ах (Baasandorj Namnansuren) нартайгаа удахгүй онлайнаар уулзан, сонирхолтой яриа өрнүүлэх юм.

Уралдаанд оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа, цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсэн ерөөе.

Хойт Америкийн Цахим Өртөөний Удирдах Зөвлөл