Монгол Соёлын төвөөс Индиана мужийн Блүүмингтон хотод 11 дэх жилдээ зохион байгуулж буй зуслан дээр Хойт америкийн Цахим өртөө байгууллагын санаачлагаар IBM компанийн инженерүүдтэй хамтран STEAM (Science, Technology, Engineering, Art and Math) шинжлэх ухаан технологийн сургалт зохион байгуулах ажилд оролцлоо. Н.Баасандорж хүүхдүүдэд компьютер мэдээллийг хэрхэн хурдан хайдаг тухай дасгал хийлгэж, эрэмбэлсэн болон эрэмбэлээгүй цуваанд хайлт хийх алгоритмын ялгааг тайлбарлалаа. Э.Жагдагдорж сүүлийн үед зөвхөн компьютерийн шинжлэх ухаанаар хязгаарлагдахгүй өөр бусад олон салбарт түгээмэл хэрэглэгдэж буй agile development буюу хийж байгаа зүйлсээ өмнөх алдаанаасаа суралцан байнга сайжруулах аргын талаар цаасан онгоцыг хэрхэн сайжруулж, хамгийн хол нисгэх жишээн дээр тулгуурлан заалаа.

Миний хувьд хүүхдүүдэд computational thinking буюу тулгарч буй асуудалд шийдэл олохын тулд алхам алхамаар бүх процессыг тунгаан бодох, түүндээ тохирох алгоритм бичих аргыг танилцууллаа. Америкийн дунд болон ахлах сургуульд сурдаг 30 гаруй монгол хүүхдүүдээс компьютераар юу хийх дуртай вэ хэмээн асуухад “зураг зурах” “тоглоом тоглох” гэсэн хариулт давамгайлав. Өөрийн өдөр тутмын амьдралдаа тус болох хувийн роботтой болбол юу хийлгэхийг хүсч байгааг асуухад “хоолоо хийлгэх,” “гэрийн даалгавраа хийлгэх,” “өрөөгөө/гэрээ цэвэрлүүлэх,”гэрийн ажил хийлгэх,” “дүүгээ/үеэлүүдээ харуулах” гэх мэт олон сонин хариулт хэллээ. Эдгээрээс хамгийн их хүсэж байгаа хоёр төрлийн робот нь гэрийн даалгавар хийлгэх юмуу хоол хийлгэх ажлыг хөнгөвчилсөн байхыг хүүхдүүд хүсэж байна.

Таван баг 20 минутын хугацаанд ажиллаад дараах роботуудын санаа гаргалаа.

  1. Пицца хийдэг “Баярмаа” робот
  2. Хуушуур, банштай цай хийдэг Baymax 2 робот
  3. Сэндвич хийдэг Little Tim робот
  4. Бууз, хуушуур, Ramen гоймонгоор хоол хийдэг Roblox робот
  5. Цуйван хийдэг 7000 робот

Монгол хэл соёлын зуслан тул хүүхдүүдэд алгоритмаа монгол хэлээр бичих даалгавар өгсөн боловч зарим нь санаагаа англиар илэрхийлжээ. Монгол хэлээр роботныхоо алгоритмыг дүрслэхдээ “чимх давс,” “есийн тос” гэх мэт үгс хэрэглэсэн нь бидний анхаарлыг татлаа. Богино хугацаанд хурдан сэтгэж хөөрхөн өвөрмөц робот бүтээх төлөвлөгөөгөө бүгд идэвхтэй танилцууллаа. Ийнхүү хоол хийх роботнууд хүүхдүүдийн санаанд төрлөө.

Хугацаа байсан бол гэрийн даалгавар хийдэг робот бүтээлгэмээр санагдлаа.

Гэрийн даалгавраа роботоор хийлгэчихвэл хүүхдүүд өөрсдөө яаж сурах юм бол? Нөгөө талаар гэрийн даалгавар хийдэг роботоо өөрсдөө программчлах шаардлага гарвал бүр ч хэцүү даалгавар болох юм болов уу? Багш нар тухайн даалгаврыг сурагч өөрөө хийсэн үү роботоор хийлгэсэн үү гэдгийг яаж шалгах вэ? гэсэн асуултуудтай буцаж ирлээ.

 

Я.Борчулуун
https://www.facebook.com/ya.borchuluun/