Өгүүлэх нь, тээр жил Батаа тэргүүн, Баатар нарын андуудын хамт эх нутгаас нээг их алсалсан өргөөнд төрийн бус хэрэг шийтгэн суув. Суугаа газар орон тусдаа, цаг хугацаа өөр боловч цахим ертөнцийн буянаар зэрэгцэн нэгэн дор суух мэт холбогдсон тэд дэлхийгээр тарсан монгол туургатны санаа сэтгэлийг тэнүүн сайхан байлгах их үүргийг нуруундаа үүрэхээр сэтгэл шулууджээ. Бас тэдгээр олон монголчуудын зан авирыг ажиглан шинжиж, сэтгэл санаа долгин хөнгөмсөг болсны түгшүүртэй шинж мэдэгдмэгц хамтын хүчээр түшин тулж нутгийн бодол санааг алдуулахгүйг зоривой. Дэлхий дахиныг морин дэл дээрээс байлдан дагуулж асан өвөг хаадын үүсгэсэн алдарт өртөөний нэрийг санаж орчин цагийн цахим технологийг хослуулан бодож оноосон Баатарын сонгосон нэр сугалаагаар тодрон гарч бидний мэдэх Цахим Өртөө ийн төрж, түүгээр давхигч өртөөчин андууд үүссэн бөлгөө.

Морин дэл дээрээс улс орныг удирдан жолоодож үл болно хэмээн өвөг хаадыг сургамжийг даган нутгийн зүг жолоо атгасан андууд хариад төрөөс тусдаа төрийн бус байгууллага үүсгэн зүтгэв. Тус толгой болбаас басхүү дэлхий даяар тархсан олон өртөөчин андуудыг голчлон чиглүүлж, нэн даруй тусгай дарга тохоон томилж, оюуны амуу тариа болох мэдлэгийн сан хөмрөг байгуулж, албат өртөөчдөөс албан татвар татаж, аливаа зөрчилт хэрэг үүсвэл шүүн тасалж, албан татвар төлөөгүй андыг цөөн жилээр өршөөж нэг үзээд бүр боломгүй этгээдийг андын эрхэм алдраас залхаан хөөж шийтгэж байх явдлыг даруй эрхлүүлжээ. Цахим Өртөө Холбоо үүссэн түүхэн ийн болой.

Цаг хугацаа явсаар нэгэн мэдэхэд хоёр тоогоор илэрхийлэгдэх он жилүүд өнгөрчээ. Эх нутгаас алс хол, бөмбөгөр дэлхий эхийн яг нөгөө талд бараг анхлан өртөө цахимаар төрж, улмаар бойжин нутаг эргүүлсэн хэдий ч очсон нутгийн усыг ууж ёсыг дагасаар буй хэсэг андууд тухайн орны хууль дүрмээр тоглолт хийх Цахим өртөөний буудал байгуулахаар санаа нэгдэв. Азаар тэдний дунд өртөөний нэрийн эцэг мэт нэгэн анд, ЦӨ холбоо үүсгэн байгуулах хурлуудад өөрсдийн биеэр сууж өөрсдийн хуруугаар үг цохиж өөрсдийн толгойгоор зөвшөөрөн дохиж суусан хоёрын зэрэг анд байж таарав. Тэдний нэрс Баатар, Саруултуяа, Баасандорж. Сарын дотор хөл гар голлон ам хуруу хөдөлж элдэв бүртгэлийн ажлууд ундарчээ. Ганц томоо буудалтай өртөө ингээд хоёрдох албан буудалтай болж, галт тэрэг хооронд нь хөлхөх өртөөнүүд мэт, албан өртөө хооронд цахим морь давхих сүлжээ мэт өргөжив. Хойд Америк Өртөө ийн төрсөн ажгуу.

Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг дов байхад хэмээн үлгэр эхлэх мэт тээр жил өртөөний нэрийн мэргэн санаа харвуулсан Баатар андад анхлан шинэ өртөөний тэргүүн болгох санал илгээв. Харин андын завгүйг ойлгож, өгсөн хариуг хүндэлж “тэгвэл хэнийг санал болгох вэ” асуулт санал ахин илгээв. Бодож байгаад орой хэлье хэмээснийг гурван орой дамнуулан хүлээв. Ингээд “Баасандорж ямар уу” хэмээн асууж гурав дахаа хандав. Хариу тэр дороо “Баска яг болж байна. Хүн нь их ноён нуруутай” хариу ирсэнд тун талархаад тэр дороо Баасандоржийг шинэ өртөөний тэргүүнд нэр дэвшүүлэн бусдаасаа санал асуув. Удирдах зөвлөл дотор өөрөөс нь өөр хүн татгалзсангүй ингээд шинэ өртөө тэргүүнтэй боллоо.

Удирдах зөвлөл өөрөө даргатай байх хэрэгтэй, мэдээж. Увш багшийн мэдлэг чадварыг гүнээ хүндэтгэж нэр дэвшүүллээ. Багш өөрөө хоёртоо татгалзсан хэдий болов чиг дахин дахин хүсэлт гаргасаар зөвшөөрүүлж авлаа. Өртөөчдөөс татгалзсан санал гарсангүй.

Ажиллах гол хүчийг болон ажил хэргийг захиран зарцуулах гол этгээд гүйцэтгэх захирал өртөөнд зайлшгүй хэрэгтэй. Угаасаа биднийгээ эх нутагт төлөөлөн өвөг ЦӨХ-н УЗ-д суудалтай Саруултуяаг нэр дэвшүүлэв, татгалзах өртөөч тааралдсангүй. Өөрөө ажлын ихээс айлгүй, хамаг зүйлийг нугалах үүргээ ухамсарлан “хэзээд бэлхэн” соёл давамгайлав.

Буянтны манлай, үнэнч шударгын үлгэр болсон адал явдлын эзэн буюу өнөө өвөг нутгаас алдагдсан аварга динозавруудыг анхлан олж илрүүлэн улмаар нутгийн босго буцаан давуулсан Болорцэцэг өртөөчөөс өөр хэнийг чухал хэрэг зөвлөн тогтоох УЗГ-р энэ түрүүнд болгох билээ. Цаг заваар бага боловч бусдын саналыг хүндэтгэн дагав, манай Динза өртөөч. Цаг заваар бага боловч бусдын саналыг хүндэтгэн дагав, манай Динза өртөөч.

Хөрш Канадгүйгээр цор ганц АНУ өртөө үүсвэл доголон мэт дороо сөхрөөд өнхрөх биз ээ. Арван мянган жилийн настай алдарт Ниагара хүрхрээн тархинд, агуу өтгөн ой бүхий Аппалачиан уулсыг захад сэтгэл нь нэр шигээ мэт ариун тунгалаг Болор бүсгүй Канад улсын төлөөлсөн цор ганц өртөөч тул үгүйг сонсох завдалгүйгээр УЗ-дээ урьж залан хойморт суулгав.

Ийн үзвэл, шинэ өртөөгөөр тоос манаруулан зургаан морьтой өртөөч давхилдсаар шинэ өртөөний голомтын тулга болж буй явдал болбаас энэ оршин суугаа нутгийн хууль цаазын дагуу бөгөөд усыг нь ууж ёсыг нь дагаж буй хэрэг бөлгөө.

Өвөг ЦӨХ-дөө хүсэлтээ Саруултуяа төлөөллөөрөө дамжуулан танилцуулж зуун хувь дэмжлэг авсан явдал бид бүгдийн урмыг маш ихээр дүрэлзүүлэн асаав.

Одоо ингээд нийт өртөөчид бүгд хүлээн авна уу?

Бид туурга салан тусгаарлаж буй бус харин тэлэн өргөжиж хөрөнгө мөнгө босгох шинэ зах зээл нээж буй ариун явдал буюу. Тунгаан сонирх, өртөөчин андууд минь.

Ийн өгүүлснийг шинэ өртөөний удирдах зөвлөлийн зургаагийн нэг өчүүхэн Жагдагдорж бибээр хуруугаа чилээн, унтах цагийг умартан, шөнийн нэг цаг арван таван минут хүртэл тэвчээр заан сууж чадан ядан найруулж бичлээ.

---
* TUNA (Tsahim Urtuu North America) – алтан жад загас бол аварга биетэй, эдийн засгийн хүртээмж ихтэй, үнэ цэн өндөртэй төдийгүй хүмүүний тархийг тэжээгч, ухааны охь болсон Омега амин дэмийн эх үүсвэр бөгөөд тус товчлолын утга агуулга нь Өртөөний тархийг тэжээгч амин чухал амин дэм, санхүүгийн нэг гол тулах цэг болохтой зэрэгцээд билэг дэмбэрэл давхацсан гурван өртөө зургаан цахимтай явдал хэмээн сэтгэвэй.