Жьюнтийнфийн оригнал баримтыг АНУ-ын үндэсний архиваас олжээ

Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д өнөөдөр Жьюнтийнф (Juneteenth) гээч амралтын өдөр гэж байгаа. Орон даяар тэмдэглэдэг амралт арай биш. Гэхдээ жилээс жилд тэмдэглэх муж улсууд, бизнес компаниудын тоо өсөж ажилтнуудаа цалинтай амраах болжээ. Энэ амралтын өдрийн нэр нь онцлог, юунд зориулагдсан нь бүр тэмдэглүүштэй.

Цар тахлаас болоод бид бүгд гэрээсээ ажиллаж буй. Өнгөрсөн даваа гарагийн өглөө утсаар хуралдаж буй нэгэн “Хоо, энэ баасан амралтын өдөр, Оллсайт даяар амрана гэж зарлалаа, Жьюнтийнф” гэх дуулдав. Араас нь залгуулаад Калифорнид төвтэй хуулийн том фирмид жьюнтийнф амралтын өдөр гэснийг дуулав. Жилдээ тодорхой хэдэн амралтын өдөртэйгээр цөөнгүй жил ажилласан бибээр зарим нэг улсын байгууллага, сургуулиуд амардаг өдрийг мэдэх боловч бизнесүүд ийн амарчихдаг, зургадугаар сарын өдрийг мэдэхгүй тул сонирхол татаад ирэв.

Жьюнтийнф гэж өнөө айхтар боолын ёсыг бүрэн халсан өдрийг тэмдэглэдэг юм байна. Боолчлолийг хэдний өдөр халав гээд хайж үзлээ. Америкийн иргэний дайны үед Ерөнхийлөгч Абрахам Линкон 1862 оны есдүгээр сарын 22-ы өдөр анх зарлиг гаргасан аж. Ингээд 1863 оны нэгдүгээр сарын нэгэнд бүх боолыг чөлөөлжээ. Тэгээд яагаад есдүгээр сарын 22 биш, нэгдүгээр сарын нэгэн биш харин зургадугаар сарын 18 тэмдэглэлт өдөр билээ гэж хамгийн түрүүнд бодогдов.

Алслагдсан мужийнхан гүрийсээр, тухайлбал Тексас муж 1865 онд 250000 боолтой байсаар байж. 1865 оны дөрөвдүгээр сарын есөнд бууж өгсөн өмнөдийн салан тусгаарлагч Лий жанжны мэдээ Тексаст бүтэн сар илүүгийн дараа хүрсэн гэнэ. Өмнөдийн зарим арми тулалдсаар бүр зургадугаар сарын хоёронд бууж өгчээ. Ингээд хойдын, нэгдсэн арми зургадугаар сарын 18-ны өдөр Тексас мужийн Галвэнстон аралд хүрч боолчлолыг бүрэн халж, хамгийн сүүлчийн боолыг чөлөөлсөн гэнэ.

Жьюнтийнф гэдэг нь зургадугаар сарын 18 ( June 18) гэдгийн товчлолоос үүссэн үг юм байна. Англи хэлэнд үг нийлүүлж дундаас нь гээгээд, эхлэл төгсгөлийн хэсгээр шинэ үг бүтээх ихэд түгээмэл.

Хэвлэл мэдээлэл, сошл ертөнцөөр Жьюнтийнфтэй холбоотойгоор хар хүмүүсийн амьдрал ч үнэтэй хөдөлгөөн, Миннеаполис хотын цагаан цагдаа хүзүүн дээр нь есөн минутын турш өвдөглөн сөхрүүлж улмаар амь алдуулсан хар арьст Жорж Флойдын үхлийн хэрэг дахин ихээхэн дурдагдаж байна. Тус үхлээс үүдэн улс орон даяар сүр дуулиант жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээ, тэр бүү хэл дээрэм сүйтгэл бий болж цөөнгүй томоохон хотуудад онц байдал зарлан муж улсын мэдлийн бэлтгэл армийг дайчлан мануулах байж тайван байдал тогтоосон явдал саяхан олныг цочоосон бөлгөө.

Энэ бүгд, өнөө үеийн эвгүй нөхцөл аль боолчлолын үеэс эхтэй хэмээн олон мэргэжилтэн тайлбарлаж байна. Жорж Флойд гэснээс Хойд Каролайн мужид төрж, Тэксас мужийн Хьюстэн хотод өсөж бойжин Миннесота мужийн Миннеаполисид ажиллахаар нүүсэн энэ эрийн гэр бүлийнхний өмгөөлөгч, хуульчаар манай Чикагогийн хуульчид болох Тони Романуччи, Бэн Крамп, Билл Пинтас (Монгол Улсын Өргөмжит консул), Лора Муллинс нарын хуулийн фирмүүд ажиллаж байгаа юм.

Арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах хэргүүдээр хамгийн түрүүнд очих хуульчаар Бэн Крамп болжээ гарчигтай том нийтлэл өнөөдрийн Вашингтон Постод нийтлэгджээ. Энэхүү Крампийн хуулийн фирмын цогц програм хангамжийг монгол залуучууд бичиж, хөгжүүлж, байнгын үйл ажиллагааг хангаж байдгийг сонирхуулахад таатай. Монгол хүний оюун ухаан хамгийн халуун цэг, хамгийн оргил асуудал, хүндрэл, сорилтой хамт алхаж явна аа.

Жьюнтийнф өдрийг далаад оны сүүлээр Тексас муж албан ёсоор мужийн амралтын өдөр болгон зарласан бол наян он гаргаад Калифорн, Висконсон, Иллиной, Жеоржия мужууд мөн нийслэл Вашингтонд өргөн тэмдэглэх болжээ. Нью Йорк хот албан ёсоор амралтын өдөр болгож буйг БиБиСи өнөөдөр зарлажээ. Лос Анжелес Таймс өнөөдрийн дугаартаа яагаад энэ өдөр үндэсний амралтын өдөр байх ёстой талаар хэлэлцүүлэг, нийтлэл хэвлэжээ.

Өмнөх тэмдэглэлүүдээ баяжуулан нэмэлт мэдээлэл олж авахыг уншигчиддаа нэг удаа үзэх кино, дараа нь унших ном санал болгож билээ. Одоо харин та бүхэнд Нью Йорк Таймсийн маш сонирхолтой, 30 мин үргэлжлэх подкаст санал болгож байна. Дараах холбоосоор сонсоорой: https://www.nytimes.com/2020/06/19/podcasts/the-daily/juneteenth-emancipation-day-black-lives-matter.html

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу