Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гадаадад гацсан монголчууд үнэхээр үйлээ үзэж байна. Гомдол гаргахгүй, төр засагтаа дараа болохгүй гэж хичээсэн нь олон. Сонгуульд нь гай болох вий гэж дуугаа хураасан хүнийг ч би мэднэ. Сонгууль дууслаа, наадмаа ч хийчихлээ, ихэс дээдэс маань сайхан баярлалаа, одоо нөгөө муу хэдээ авах уу? Үгүй л бололтой. Ганц гай нь өвчин чирээд ирвэл орон нутгийн сонгууль гээчид нь бас нөлөөлөх юм даг уу даа.

"Чартэр нислэг гээчийг хийгээд чадах чинээрээ аваад байгаа ш дээ"" гэж битгий л өмөөрөөрэй дээ, эрхэм анд минь. Тэр чартэр нислэг гээч чинь ард олныг зовлонгоор нь Олимп мэт байр эзлүүлэх зэрлэг харгис тоглоом болоод байна. Ухаан нь өөрөө өвчтэй бол 1 оноо, үхэхээ дөхсөн бол 2 оноо, үхчихсэн бол 3 оноо, ар гэртээ зовлонтой бол, ах дүү нь гачигдалтай бол гэдгээс эхлээд бүсгүйчүүдийг жирэмсэн эсэхээр нь, бүстэйчүүдийг хөгшин залуугаар нь ялган, оноо өгч нислэгт багтааж байна.

Тэр оноо өгдөг этгээд мөн мундаг аа.Тэгж хүний зовлонг шийддэг байх мөн мундаг аа. Тийм мундаг этгээд нь хэн бэ? Үхэхээс нь өмнө нэг нислэгт багтаагаад өгвөл, ээ базарваань, Манал гээч бурханы зиндаанд хүрэх үү?

Элчин яам руу ярихаар Онцгой байдлын комисс нь тэр Манал бурхан гэх, Онцгой комисст хэлэхээр Элчин яам нь Гэгээн Дар эх гэх. Хэн нь ч шийддэг бай, энэ олон мянган амьтны зовлонг шүүж, байр эзлүүлнэ гэдэг бол элэнцгийн Дар эх, Манал, хамгийн зүрх шархлуулсан ажил байж таарна (Бага ч болов зэдхилтэй бол шүү дээ). Ой хүрээгүй охин нь эхийнхээ сүүг хөхөж чадахгүй байгааг нь сонгох уу, хөгшин ээж нь үхэх гээд эцсийнхээ үгийг хэлэхээр хүлээж байгааг нь нислэгт багтаах уу? Алийг нь ч сонгосон, юу гээ, та тамд унана. Алийг нь ч биш, УИХ-д өрсөлдөж байгаа бизнэсмэнийг сонгосон бол та байтугай үр хүүхэд чинь тамд унана.

За тэгээд тэр нислэгт хахуулиа төлснийг нь, хайртай хүнээ, дээр нь даргынхаа найзын хүүхдийг сонгодог тогтолцоо энэ зуур нэгэнт бүрджээ. Энэ тогтолцоо удах тусмаа ашигтай аж. Хилээ нээчихвэл хэн ч мөнгө олохгүй, хаалттай тусмаа сайн.

Чин үнэнийг хэлье. Энэ олон хүнийг ингэж зовлонгоор нь дугаарлан шийдэж байгаа нь хэчнээн шударга байсан ч өөрөө нүгэл юм. Яг нэг зарчимтай болчоод шударга шийдээд байгаа бол бас яахав, гэтэл зовлонтойг нь бус мөнгөтэй, танил талтайг нь сонгоод байгаа нь нүглийн дээд нүгэл юм шүү. Ийм тогтолцоог бий болгочоод сайхан наадаж байгаа улс төрчид та бүгд, ялангуяа "Жаахан хүлээгээрэй, улс орон чинь та нарыгаа авна, хичээгээрэй, удахгүй" энээ тэрээ гэж манжлаад ч болтугай хэлчиж чадахгүй байгаа Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх хоёр ч түмэн нүгэл үйлдэж байгаа гэдгээ мэдэж байгаа биз. Ахин хэлье, та хэд ойр дотныхныгоо авчихсан, би угаасаа мэдэж байна, гэхдээ үлдсэн хэдэд нь манжлаад ч болов "Уучлаарай" гээд хэлчээрэй. Элдэв муухай өвчин тусаад үхэхдээ хүрвэл тэр үг чинь бүлээцүүлж мэднэ шүү, хөөрхий энэ хэдийг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр минь.

Жич: Онгоцон дотор ихэр хүүхэд төрсөн, эрх баригчид түүгээр улс төрийн оноо авч байна гэж жигтэйхэн, "Өлгийгөө бэлдээд хүлээх эх оронтой билээ" гэж мэдээ ч гарч байх шиг. Аргаа ядаад, эцсийн тохиолдолд л онгоцонд төрнө шүү дээ. Баярлах биш, айх, эмээх, ичих, уучлал гуйх зүйл шүү дээ.

Жичийн жич: Энэ нийтийн сүлжээ гээч юмыг миний бие улс төрийн хэрүүлээс ангид, чухам сурах сургах, эерэг мэдээлэл түгээх - авах, нэгнээ яллах биш дэмжих, Монгол өв соёл, хэл яриаг дээдлэх, харь улсад бол хадгалах, түгээх зорилгоор ашиглана хэмээн өөртөө "Эерэг зорилт" тавьсан хүн билээ л. Энэ удаад тэссэнгүй. Үүнээс хойш эерэг байна аа, хүүхдүүд ээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу