COVID - 19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корона вирусын эргэн тойрон дох мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй түгээхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компани Монгол улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус компани Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйж хуудсаар ( www.facebook.com/www.mohs.mn ) дамжих “COVID-19” халдварт өвчлөлийн талаарх цаг үеийн болон бусад төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг нэгэн зэрэг илүү олон хүнд хүртээмжтэй хүргэхэд хамтарч ажиллаж байна.

Онцгой энэ нөхцөл байдлын үед Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын ажилтнууд Фэйсбүүк компанийн холбогдох нэгжтэй шуурхай холбогдон ажилласнаар иргэд өвчлөлийн талаарх шинэ мэдээллийг баттай эх сурвалжаас цаг тухайд нь шуурхай хүлээн авахаас гадна коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, буруу ташаа мэдээлэлд автан сандрал, эмх замбараагүй байдалд орохгүй байх зэрэгт өндөр ач холбогдолтой юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүк компани нь Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгааг бид бүхэн талархан хүлээн авч байна. Иргэд олон нийтийн нийгмийн сүлжээн дэх мэдлэг сайжирснаар, цахим орчинд илүү боловсон, соёлтой оролцдог болсноор дэлхий нийтээрээ нүүр тулж буй аймшигт вирусын талаар үнэн зөв ойлголттой болж чадна” гэжээ.

МУ-н Засгийн газар цаашид Фэйсбүүк компанитай нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх тэр дундаа коронавирусын талаарх олон нийтийг эрсдэлд оруулж болох буруу ташаа нийтлэлийг устгах чиглэлд хамтран ажиллах юм.

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх үүрэг Монголд төдийгүй дэлхий нийтэд хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй цаг үе ирээд байгааг онцлох нь зүйтэй.

Эрүүл мэндийн яам, https://www.mohs.mn/news/4411

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу