Улстөр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Монголд парламентийн сонгууль зарлагдаад албан ёсны сурталчилгааны үе ид явагдаж байна. Энэ жил нам, эвсэл болон биеэ даагч гээд нийтдээ 606 нэр дэвшигчид 76 суудлын төлөө унтах нойроо умартан, жинхэнэ "үзэж тарж, үсэрч наалдан" байна. Сонгуулийн сурталчилгааны агуулга дагаад сошиал медиагаар сонгогчид тэднээс дутахгүй "буцлаж" ажээ. Энд маш өвөрмөц нэгэн зүйл болж буй нь гадаадаас гурван өрсөлдөгч нэр дэвшээд хамаг сурталчилгаагаа онлайнаар хийж буй. Хавтгай гэж нэрлэгдэх болсон манай дэлхийн, технологи хөгжсөн өнөө цагийн онцлог мөн тул гадаадаас нэр дэвшигч, Швед улсад оршин суугаа Ц.Нандинбаатартай Цахим өртөөний тэргүүн Д.Цэрэнбат ИБИНВУ-с ярилцсаныг толилуулая.  

Сонгуульд нэр дэвшигчид тодорч, уралдааны замдаа гарцгаалаа. Уяа сойлго оо тааруулсан олон зуун нэр дэвшигчдийн дундаас нэг хүн гоц анхаарал татав. Энэ бол Монголын магадгүй дэлхийн хамгийн анхны цахим нэр дэвшигч Ц.Нандинбаатар. Тэрээр ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвслээс сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшжээ. Түүнтэй хөөрөлдөв.

1. Бие тань Шведэд сууж байдаг, нэр тань Монголд сонгуульд нэр дэвшиж буй харагдах. Өөрөө сансар судлалд Монголын гэсэн орон зайг үүсгэхийн төлөө олон жил ажиллаж явна. Сансар судлал туршилт дээр их тулгуурладаг гэж ойлгодог. Тэр сэтгэхүй, арга барил тань нөлөөлөөд бас ийм өвөрмөц туршилт хийхэд түлхэв үү? Эсвэл энэ угаасаа ирж буй цагийн өнгө төрх мөн үү?

Аль аль нь нөлөөлсөн байх. Харьцангуй нийгмийн идэвхитэй байх. Түүнээс гадна хийж байгаа судалгаа маань өөрөө шинэ алхам хийж, эрэлхийлэхийг шаарддаг талтай бас. Тэгээд л ийм шийд гаргалаа.

2. Цахим ертөнц цаг хугацаа орон зайн ялгааг үгүйсгэдэг. Харин сонгуулийн хууль журам энэ тал дээр ямар байна. Эрх зүйн хувьд боломжтой юу?

Гадаадад байгаа бусад Монголчуудынхаа нэгэн адил эхэндээ ер нь боломжгүй гэж бодож суулаа. Яагаад гэхээр, гадаадад байгаа Монголчуудын сонгох эрхийг энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр бүрэн хаачихсан учраас. Гэтэл яагаад ч юм, сонгуулийн хуулийг дахиад нэг уншаад үзмээр санагдаад, эргүүлж байтал. Яах аргагүй сонгох эрх маань алга болчихож. Харин сонгогдох эрх байгаа харагдаад. Монголд очихгүй байсан ч өрсөлдөх эрх маань хадгалагдаж байгааг ойлгосон. Тэгээд л, ер нь нэр дэвшинэ шүү гэдгээ эвслийн удирдлагадаа дамжуулсан.

3. Сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх вэ, Сонгогчидтойгоо нүүр тулж уулзах боломжгүй байх нь байна шүү дээ.

Бүх зүйлийг цэвэр онлайнаар хийнэ. Хил нээгдээд, Монголдоо очих боломж байсан ч, очихгүйгээр эхнээс нь дуустал бүгдийг онлайнаар хийнэ гээд шийдсэн. Энэ нь өөрөө түүхийн нэгэн том хуудас болж байгаа юм. Тийм ч утгаараа гадаадад байгаа Монголчуудынхаа дэмжлэгтэйгээр энэ чухал хуудсыг бүтээх хүсэл эрмэлзэлтэй байна. Цаашдын, жишээ нь 10-р сард болох орон нутгийн сонгуульд илүү сайн бэлтгэлтэйгээр гадаадад байгаа Монголчууд маань оролцоод эхлэх суурь нь болоосой гэж мөрөөдөж байна. Нүүр тулж уулзахын тухайд, мэдээж бусад өрсөлдөгчтэйгээ харьцуулахад миний сул тал юм даа. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Монголчууд бид шинэ өнцгийг хамгийн түрүүнд ойлгож, итгэл хүлээлгэдэг хүмүүс гэж итгэж явдаг.

4. Та өөрийнхөө тойрогт нэр дэвшиж буй бусад улс төрийн хүчнийхэн, бие даагчидын талаар ямар мэдээлэлтэй байна.

Бусдын адил ерөнхий мэдээлэлтэй л байгаа. Нэг ерөнхий онцлог нь гэвэл надаас бусад нь ямар нэгэн байдлаар тус тойрогт ажиллаж байсан эсвэл амьдарч байсан, нутгийн хүү эсвэл охин гэх мэтийн онцлогтой юм байна лээ. Миний тухайд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдтэй ямар ч холбоо байхгүй. Энэ нь эсрэгээрээ илүү бодитой ажил хэрэг хийх боломжтой юм уу гэж бодож байна. Учир нь ямар холбоо сүлбээс байхгүй учраас, сэтгэл хөдлөл, танил талын холбоост баригдахгүй ажиллах боломжтой гэж бодож байгаа.

5. Наадамд бөх хүн давах л гэж гардаг. Сонгогдчивол одоо яах билээ, Цахим гишүүн байж болохгүй байлгүй дээ?

Онлайнаар эхэлсэн юм чинь, түүний боломжийг хамгийн ихээр гаргаж ирэхийн төлөө зүтгэх бодолтой байна. Тиймээс цахимаар хийж болох зүйлсийг цахимаар хийнэ. Жишээ нь хоосон суртал ухуулгын цаас тарааж байгаль орчинд хортой зүйл хийхгүй. Ер нь одоогоор би өөрийн өдөр тутмын ажлыг 100% цахимаар хийж болж байна. Тиймээс тэр туршлагаа ч хуваалцаад явах бодолтой байгаа.

Миний дэмжигчид сонгогчидтойгоо шууд холбогдох сувгууд:

6. Амжилт хүсье. Сонгуулийн дараа эргэн ярилцаж сонин сайхныг нь сонсоё.

Баярлалаа. Тэгье.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу