Бизнес
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр хөдөлмөрийн өдрийн амралт тул гэртээ, угаасаа гэртээ, гэрээсээ ажиллаад 26 дах даваа гарагтайгаа залгаж буй бөлгөө. Өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрөв гэвэл товчдоо хөрөнгийн зах зээл овоо өндийлөө, жишээлбэл S&P 500 индекс 6.1% өслөө. Орон сууцны зээлийн хүү буурлаа, 30 жилийн зээлийн дундаж хүү 3.07% болсон нь өмнөхөөс 0.79-аар бага. Ажилгүйдэл багаслаа, сүүлийн дөрвөн долоо хоногт ажил олголт 277.30% өсчихлөө.

Ажилгүйдлийн төвшин бага багаар сайжирчээ

Найман сард 1.4 сая ажлын байр бий болгож эсвэл эргүүлэн дууджээ. Долоон сарын 1.7 сая ажлын байртай харьцуулахад арай удаан хэдий ч ажлын байр бий болно, ажилгүйдэл багасна гэдэг урамтай. Цар тахлын өмнөхтэй харьцуулахад 11 сая гаран хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд байгаа энэ сар ажилгүйдлийн төвшин 8.4 хувь болжээ.

Долоо хоног тутмын 600 долларын цар тахлын ажилгүйдлийн тэтгэлэг зогссон нь Конгрессыг дахин шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцүүлгийг шаардаж буй билээ. Гэхдээ энэхүү бага зэргийн өсөлт Конгрессын хэлэлцүүлгийн дарамтыг жаахан сулруулжээ. Ерөнхийлөгчийн тушаалаар муж улсын сан, төсвөөс долоо хоног тутам 400 долларын ажилгүйдлийн тэтгэлэг зарим мужид хэрэгжиж эхэлсэн хэдий ч эдийн засагчид үүний үр өгөөжид санаа зовж, анхааруулж байгаа юм байна.

Монополын эсрэг хэрэг эрчимжлээ

Хууль зүйн яамнаас монополын эсрэг хуулийн хүрээнд Гүүгл компанийг шүүхээ энэ сарын төгсгөлд амжуулна хэмээн зарласан. Дэлхийн хамгийн баян, технологийн хамгийн хөгжилтэй бизнесүүдийн нэгийн эсрэг хүчтэй сайн хэрэг үүсгэх шаардлагатай, үүнд илүү цаг хугацаа хэрэгтэй байгааг төрийн хуульчид мөн зарлаад буй.

Гүүгл болон Юутуб бизнесийн толгой компани болох Алфабетийг монопол бус болохыг батлахын тулд дөч гаран хуульч ажиллаж буй бөгөөд тэдний үзэж буйгаар Ерөнхий прокурор Уиллам Барр есөн сард шүүх хэрэг зарлаж буй нь ирэх сонгуулиас өмнө амжуулж технологийн толгойлогч бизнесийн эсрэг Ерөнхийлөгч Трампийн засаг захиргаа хүчтэй арга хэмжээ авч байгааг харуулах гэсэн оролдлого гэжээ.

Амазон, Эппл, Фэйсбүүк болон Гүүгл гээд мэдээллийн технологи, сошл медиагийн акул бизнесүүдийн удирдлагыг Конгрессын төлөөлөгчдийн танхимын монополын эсрэг дэд хороонд дуудаж авчран асуулгаар бөмбөгдсөнөөс сар гарангын дараа энэ явдал болж буй юм. Төлөөлөгчдийн танхимын монополын эсрэг дэд хороо ардчилсан намынхан мөн бүгд найрамдахчуудаас аль алнаас бүрддэг.

Хөрөнгийн зах зээлд технологийн бизнесүүдийн хувьцаа унав

Цар тахлын нөлөөгөөр хөрөнгийн бирж хямарч, эдийн засаг саарч, компаниудын хувьцаа унаж байхад технолгийн хувьцаа харин эсрэгээрээ эрс тасархай өссөн билээ. Энэхүү өсөлт өнгөрсөн долоо хоногт зогсож технологийн хувьцаанууд өнгөрсөн пүрэв гарагт унав. Баасан гарагийн өглөөгүүр үргэлжүүлэн эрс унаж, өдрийн сүүлээр буцаж өсөөд бараг байрандаа ирж, ерөнхийдээ өглөөнөөс нэг хувийн алдагдалтайгаар хөрөнгийн зах зээлийг хаажээ.

Технологийн компаниудын хувьцаа хөрөнгийн биржийг тодорхойлох, нийт хувьцаанд хүчтэй нөлөөлөх хэмжээнд хүрчихээд буй юм. Тухайлбал, Майкрософт, Эппл, Альфабет (Гүүгл), Амазон, Фэйсбүүк гээд таван компанийн хувьцаа нийт зах зээлийн 20 хувиас давжээ.

Энэ долоо хоногт юу болох бол гэвэл:

Америк хөлбөмбөг эхэлнэ
Бидний мэргэжлийн америк хөлбөмбөгийн гэж нэрлэдэг Хөлбөмбөгийн үндэсний лигийн энэ жилийн тэмцээн ирэх пүрэв гарагт өнгөрсөн жилийн Супербаулын эзэн Канзас Сити Чийфс баг өөрийн нутагтаа Хьюстэн Тексас багийг хүлээн авч тоглосноор эхэлнэ.

“Тарган” чек авч эхэлнэ, одоогоор
Ерөнхийлөгч Трампын зарлигаар татварын хуримтлалаас чөлөөлөх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Ингэхээр хоёр долоо хоног бүр өмнөхөөсөө арай их хэмжээний цалин бууна гэсэн үг. Тодруулахад, цалин нэмэгдэж буй хэрэг биш, цалин бүрээс авдаг татварын хуримтлалыг он гартал авахгүй юм. Хоёр долоо хоног бүр 4000 хүртэлх цалин хөлстэй хүмүүс хамрагдах юм.

Ковидын вирус ажиглах, хянах мэдээллээр хангагдана
Эппл болон Гүүгл компаниуд хамтарч муж улсуудын хүрээнд ковидын вирусийг хянах технологи боловсруулснаа зарласан. Хажуугаар чинь зөрөх хүн вирусээр өвчилсөн байж магадгүйг гар утас хооронд солилцох мэдээллээр тэр дороо мэдэж чадах юм. Одоогоор Марилэнд, Виржиния, Невада мужууд болон нийслэл Вашингтон үүнд хамрагдахаа зөвшөөрсөн байгаа аж.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу