Түүх жаал сөхвөл
Америкт хоёр их мөрөн байх. Мизури хамгийн урт нь, Миссиссиппи хамгийн том нь. Бидний сурсан, заншсанаар индианчууд өнөөгийн америк дахь улс төрийн, орчин үеийн зөв хэллэгээр бол уугуул америкчууд энд хэдэн мянган жил амьдралаа төвхнүүлсээр иржээ. Озаже, Мизури омгийнхон эзэмшдэг нутаг л даа. Испаниас Христофор Колумбус гээч нөхөр энэтхэг хэмээн андууран Карибын арлуудад хүрч, улмаар Америго Вэспуцци гэж сэргэлэн эр ирж бүхэл бүтэн тивийг тэр чигээр нь өөрийн нэрээр нэрлүүлэх хүртэл тэд амар амгалан нүүж суусаар байсан болов уу. Аль эрт арван жилийн сургуулийн зургадугаар ангид байхад Эрдэнэцэцэг багшийн заах “Эх газрын газар зүй”, Нямбуу багшийн орох “Дундад зууны түүх” хичээлүүдээс энэ ойлголт маний толгойд хадаатай болжээ.
Маньд энэ хотын хамгийн их таалагддаг зүйл нь юу гээч? АНУ-д хэвлэгддэг Money Magazine хэмээх нэр хүнд бүхий сэтгүүл жил бүр Америкийн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудыг нэрлэдэг. Үүнд дөрвөн жил дараалан эхний хорьд багтсан хоёрхон хот байдгийн нэг нь Колумбиа. Нэмж хэлэхэд Колумбиа хоёр удаа дараалан үзүүрлэснээрээ тогтмол дээгүүр давхиж хамгийн шилдэг нь хэмээх болсон.