Нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа бүхэн хэн нэгний оюун бодлоос урган гарч, ихэнхдээ бусдад тус хүргэх, эрлийн үзүүрээс эхлэлтэй байдаг. Түйзэнгийн Эс-Олдох, багш мэргэжилтэй, АНУ-д ажиллаж амьдрах хугацаандаа эх хэлээ, Монголоо авч үлдэх их хүсэлд хөтлөгдөн анх хүүхдэд зориулсан сэтгүүл хэвлэж, тэр нь явсаар монгол урлаг, хэл, соёлын уурхай “Гэр” хүүхдийн төв, “Би Монгол” сургууль болон өргөжсөн нь бахархалтай. Ингээд түүнтэй Америк дахь хүүхдэд зориулсан анхны монгол сэтгүүл хэрхэн бий болсон тухайд сонирхон цөөн хором ярилцлаа.

- Таныг хүмүүс Оакланд /Калифорни/ дахь “Гэр” хүүхдийн төвийн тэргүүн гэдгийг сайн мэднэ, харин хүүхдийн “Би Монгол” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан тухайд хэр мэдэх бол? Анхны дугаар нь хэзээ гарч байсан бэ?

2007 оны зун бидний хэдэн монголчууд хүүхдийн баяраа тэмдэглэхээр цугласан байлаа. Баяр зохион байгуулж байсан хүмүүс надад хүүхдүүдийн дунд дууны тэмцээн явуулах үүрэг өгсөн юм. Би дуртай нь аргагүй хариуцаж аваад хийх боллоо. Тэгтэл тэнд цугласан монгол хүүхдүүд дунд ердөө ганц хүү монголоор, бусад нь англиар дуулсан нь надад нэгийг бодогдуулсан юм. Ядаж өөрийн мэддэг монгол дуу шүлгээ энэ хүүхдүүдэд зааж өгөх юмсан, шинэ үеийнхэн маань монгол хэлгүй, Монголоо мэдэхгүй болж өсч байгаа юм байна гэж өөрийн эрхгүй эмзэглэсэн. Орой нь гэртээ ирээд охиндоо энэ тухайгаа хэлтэл их сайхан дэмжсэн. Охин Б.Урангоо маань тэгэхэд ахлах сургуулийн сурагч байсан. Эхний ээлжинд хоёулаа, монгол дууны үг бичиж хэвлээд хүүхдүүдэд тараая гэж ярьж байсан маань сүүлдээ сэтгүүл болж таарсан. Дан монгол дуу шүлэг гэлгүй, өв уламжлал, түүх, уран зохиол, оньсого таавар, мөн амжилттай суралцаж байгаа хүүхдүүдтэй хийсэн ярилцлага гээд санаагаа уралдуулж өргөжүүлсээр танин мэдэхүйн сэтгүүл гаргах хэмжээнд хүрсэн. Охин зураг дизайныг нь гаргаж сард нэг удаа байхаар тооцож анхны дугаараа 2007 оны есдүгээр сард, дөрвөн нүүрээр гаргаж байлаа. 100 ширхэг хэвлэж ойр хавийнхаа хүүхдүүдэд үнэгүй тараасан. Угаасаа ч зарж борлуулна гэсэн бодол байгаагүй. “Би Монгол” сэтгүүлийн бүх дугаар үнэгүй тараагдсан.

- Зарж борлуулахгүй гэхээр яаж хэвлэх зардлаа олох билээ? Тусалж дэмжиж байсан хүмүүс, байгууллага хамт олон байсан уу?

Ихэнх зардлыг өөрөөсөө гаргасан, цөөн тооны найз нөхөд дотны хүмүүсийн тус дэм бас байсан. “Friends of Mongolia” гэж Энхтайвны корпусын шугамаар Монголд ажиллаж байсан америк хүмүүсийн байгуулсан ТББ байдаг. Тэр байгууллагын удирдах ажилтан Ариел Вайков бидний сэтгүүлийн эхний дугаарыг олж харчихаад хэрэг болгож надтай холбогдон мэдээлэл авч байсан юм. Ариел Вайков бол миний шавь, би түүнд Монголд байх хугацаанд нь монгол хэл зааж байсан, хуучны танилууд л даа. Удаа ч үгүй бидэнд хариу илгээж, 500 ам.долларын тэтгэлэг өгсөн байдаг. Энэ л бидний авч байсан хамгийн том тэтгэлэг. Их урам орж, улам чанартай сайн бүтээл хийх юмсан гэж хүүхдүүд маань их хичээсэн.

- “Би Монгол” сэтгүүлийг ямар баг бүрэлдэхүүнтэйгээр гаргаж байв? Хүүхдүүд голчлон хийдэг байсан гэж сонссон.

Миний зүгээс удирдах чиглүүлэх талын ажлыг хийж, охин Б.Урангоо, зураач Д.Энхзаяа хоёр гол ажлыг нугалж байсан. Б.Урангоо загвар дизайныг гаргана. Хүүхдийн сэтгүүл учраас зураг, сонирхол татах өнгө, дизайн их гол үүрэгтэй шүү дээ. Д.Энхзаяа маань үлгэр, уран зохиолын зургийг зурна. Өөрөө үлгэрээ уншаад, сэдэвчилж зурдаг, их авьяаслаг охин. Их гоё сэтгэж зурна. Би агуулга, монгол хэл найруулга, дүрмийн алдаа хянана. Бас ярилцлагуудыг бичдэг байв. Ингээд бид гурав зав чөлөөгөөрөө амжуулдаг байсан. Б.Урангоо санхүү, нягтлангийн чиглэлээр, Д.Энхзаяа зураг, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо хоёулаа эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа.

- Сэтгүүл хичнээн дугаар гарсан бэ? Яагаад зогсоход хүрэв?

2009 он хүртэл үргэлжилсэн. Сар бүр шинэ дугаар гаргах гэж хичээж байсан ч зарим сар завсарлаж байсан удаатай. Нийт дөрвөөс найман нүүрээр 10 гаруй дугаар гарсан санаж байна. Анхнаасаа сэтгүүлийн зорилго хүүхэд рүү чиглэсэн, эх хэл, түүх соёл, зан заншлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд оршиж байсан. Яг ижил хараа зорилго дээр суурилан “Би Монгол” сэтгүүлийнхээ нэрээр тэнхимийн сургалт явуулья гэдэг шийдэлд хүрсэн юм. Тэгэхээр зогссон гэхээс илүү “Би Монгол” сэтгүүл өнөөдрийн “Гэр” төв “Би Монгол” сургуулийн үндэс суурь болсон гэж би хэлэх дуртай. Америкт суурьшихаар ирж буй монголчуудын хувьд ихэнх нь амьдралаа сайжруулах, сайхан амьдрал зохиох гэж ирсэн хүмүүс. Тэд өдөр шөнөгүй ажиллах тул тэр бүр хүүхдэдээ монгол үсэг бичиг заагаад сууж байх цаг зав ховор шүү дээ. Тийм учраас сэтгүүлээ, тэнхимийн сургалт болгож хэлбэрийг нь өөрчлөн, улам гүнзгийрүүлж, хүүхдүүдтэй илүү ойртож ажиллах зорилго тавьсан. Ингээд 2009 оны дөрөвдүгээр сард “Гэр” хүүхдийн төв байгуулж, улмаар боловсролын хөтөлбөр болгосноор 2009 оны аравдугаар сард “Би Монгол” сургууль нээгдсэн. Хоёр багш (Д.Батзориг, П.Сэлэнгэ), 13 сурагчтайгаар эхэлж байлаа. Анхны сурагчид одоо коллежийн оюутнууд болсон байна.

- Өнөөдрийн байдлаар “Би Монгол” төв ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна? Хичнээн сурагч суралцаж, ямар чиглэлийн хичээл зааж байна вэ?

Өнөөдрийн байдаар “Би Монгол” сургууль 100 гаруй сурагчтай. Үндсэн найман багштайгаар 11 дэх жилдээ тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Монгол хэл, ардын бүжиг, үндэсний хөгжим, морин хуур, хөөмий, ёочин, цохилуур хөгжим, монгол зураг, шатар зэрэг хичээлийг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар заадаг. Шатраас бусад бүх хичээл монгол хэл дээр явагдана. Америк, гадаад ахуй соёлд өсч байгаа хүүхдүүдэд зориулсан монгол хэлний “Миний монгол хэл-1” цагаан толгойн сурах бичиг бид өөрсдөө зохиож, сургалтандаа ашиглаж байгаа. Ерөнхийдөө өмнө ажиллаж байсан Монголын хүүхдийн ордны хөтөлбөртэй төстэй, хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх төв болж өргөжсөн. Сургууль байгуулагдсан цагаас хойш хамтран ажилласан МУСТА Д.Батзориг дотоод үйл ажиллагааг удирддаг. Тэрбээр үнэхээрийн монгол соёлоо өвлүүлье гэсэн чин хүсэлтэй, урлагт хайртай хүн. Өөрөө бүжгийн найруулагч учраас бүжиг дэглэнэ. Монгол үндэстний бүжгийн сор болсон бүтээлүүдийг хүүхдүүдэд зааж сургаж байна. Өнөөдөр сурагчид маань хоёроос гурван цагийн бие даасан ардын урлагийн тоглолт үзүүлэх хэмжээнд хүрсэн. Урлаг соёлын олон арга хэмжээнд уригдаж, Монголоо сурталчилж байна. Хамгийн чухал нь хүүхдүүд өөрсдөө ардын урлаг, үндэсний хөгжмөөр дамжуулан монгол ахуй, зан заншил, өв соёлтойгоо танилцаж, өөрийн болгож байгаа нь бахархам сайхан. Монгол орчин, хэл соёлоос хол төрж өссөн хүүхдүүд маань ингээд эх хэлээрээ ярьж, үндэсний хувцсаараа гоён, монгол бүжгээ бүжиж, морин хуураа эгшиглүүлэн, эх нутагтаа сэтгэлээрээ ойртон, хичээн суралцаж, эцэг эх, эмээ өвөөгөө баярлуулж байгаа нь бидэнд хамгийн том урам, урагшлах дэм болдог доо. Эцэст нь тэртээх өчүүхэн бодол минь олны дэм тусаар өөдөө өргөгдөж, он жилүүдийн түүхэнд бүтээлч хамт олон, байнгын үйл ажиллагаатай байгууллага болон өргөжин, хилийн чанадад бид Монголоо өвөрлөн яваадаа баяртай байна. Үүнийг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээж буй Цахим Өртөөний хамт олонд маш их баярлалаа.

Танд баярлалаа.

Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан