П.Увш (Хойт Америкийн Цахим өртөө байгууллагын удирдах зөвлөлийн дарга, профессор)

АНУ-ын 200 орчим хотод 30 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын жар гаран холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээ, судалгааны хуралд бие даасан салбар хуралдаан хийж, одоо энэ үзэсгэлэнг та бүхэнд толилуулж байгаа Хойт Америкийн Цахим өртөө төрийн бус байгууллага юм. Манай байгууллага Америкт аж төрөн суугаа монголчуудын хүй элгэнийг боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын тэргүүлэгч, шилдэг нь байхад туслахад үйл ажиллагаагаа чиглүүлж, Монгол, Америкийн нийгэмлэг дэх нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахаар ажилладаг.

Энд дэлгэн үзүүлж байгаа үзэсгэлэн бол 2000 оны эхнээс Америкт суугаа монголчуудын нутаг нэгтэндээ мэдээ, мэдээллийн хүртээмжээр туслах, шинэ орчинд дасан зохицоход зөвлөх, хамтран ажиллахад чиглэсэн олон чигт ажлын зөвхөн нэгээхэн хэсэг гэж хэлж болно. Эдгээр сонин, сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан, туслаж дэмжин оролцож байсан монголчууддаа бид талархах учиртай. “Даяар монгол” сонинг гардан хийж байсан Б. Наминчимэд, М.Саруул-Эрдэнэ; “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж, Ш.Баатар; “Америкийн Монголчууд” сониныг эрхлэн гаргаж байсан А.Оюунгэрэл, Л.Мөнх-Эрдэнэ, Э.Жагдагдорж, Я.Борчулуун; “Таван цагариг америкад” сэтгүүлийн эрхлэгч Ц.Энхтүвшин, “Америкийн монгол утга зохиол” сэтгүүлийн эрхлэгч Я.Баатар гээд олон хүмүүсийг энд нэрлэж болно. Тэр үед цаасан хэвлэл (сонин) гаргаж монголчуудынхаа оюуны болон мэдээллийн санд асар их тус хүргэж явсан эдгээр болон бусад хүмүүст Хойт Америкийн Цахим өртөө гүн хүндэтгэлтэй хандаж байна. Эдгээр сонин, хэвлэл тухайн үедээ мэдээллийн эх сурвалж байж, монголчуудын оюуны хэрэгцээнд үйлчилж байснаараа америкт монголчууд ирж суурьших үйл явцын нэгэн хэсэг түүх болж харагдаж байгаа юм. Бид энэ үзэсгэлэнд бараг жил гаруй бэлтгэх явцдаа олон хүн хувийн архиваа ухаж, цэгцлэж, материалуудаа сонгож, дээрх сонин сэтгүүл бүрийг эрхлэн гаргаж байсан хүмүүстэй цуврал ярилцлага хийж, Хойт Америкийн Цахим өртөө сайтдаа гаргасан билээ. Эдгээр ажилд онцгой хүчин чармайлт гаргаж ажилласан Хойт Америкийн Цахим өртөөний хэвлэлийн ажилтан Т.Цэвэлмаад онцгойлон баяр хүргэж байна.

Өнөөдөр энэ өргөөнд Америкт монгол хэвлэл, сонин гаргахад гар бие оролцон манлайлж явсан олон хүн, тухайлбал Э.Жагдагдорж, М.Саруул-Эрдэнэ, М. Дэлгэрцогт, Я.Борчулуун гээд олон хүн байгаад тусгайлан баяр хүргэе.

Ингээд манай үзэсгэлэнгийн ажиллагаа нээгдснийг хэлье. Тухтай сонирхож, бидний дараагийн ажилд туслах санаа, оноогоо хэлээрэй!

Баярлалаа.