Зуслан дээр Монгол эрдэмтэн, инженерүүд ирж сонирхолтой хичээл зааж өглөө. IBM компанийн IT инженер Э. Жагдагдорж, Н.Баасандорж, Миззуригийн их сургуулийн профессор Я. Борчулуун нар ирж хагас өдөр шинжлэх ухааны хичээл заасан юм. Би бас хүүхдүүдийнхээ дунд сууж байгаад тэднээс сурч авсан зүйлээсээ хуваалцъя.
Тооцоолуур мэдээллийг хэрхэн хайдгийг тайлбарлав. Энэ эхний зураг дээрхийг хараарай. Баасандорж инженер эхлээд хориод хүүхэд гаргаж эгнүүлэн зогсоолоо. Тэгээд тэр дотроос тодорхой хүүхэд олохоор болов. Түшиг гэсэн нэр надаас аваад тэр хорин хүүхдээс олохоор мэндэлж эхэллээ. Сайн байна уу, намайг Баасандорж гэдэг... гэхлээр нөгөө хүүхдүүд нь эргүүлж мэндлээд, нэг талаас энэ нь бас монгол хэлний болчихдог юм байна.
Ингээд 12 удаагийн мэндчилгээгээр 42 секундэд олж авлаа. Анар гэж хүүхдийг 10 удаагийн мэндчилгээгээр, 32 секундэд олж авав.
Дараа нь хайх аргаа өөрчлөв. Үүний тул хүүхдүүдийг нэрсийнх нь эхний үсгээр, цагаан толгойн дэс дарааллаар зогсоолоо. Ингээд ЭРЭМБЭЛСЭН хайлт хийх болов. Энэ удаад Намуунсолонго гэж хүүхдийг олох даалгавар өгөв.
Баасандорж инженер эхний мэндчилгээгээр дунд хавиас нэг хүүхэдтэй мэндлэхэд Мандуул таарав. Энэ нь Мандуулаас өмнөх бүх хүүхэд Намуунсолонго биш нь тодорхой гэсэн үг. Бүгдийг суулгалаа. Хагас нь хэрэггүй болсон гэсэн үг. Үүний дараа нэг хүүхэдтэй мэндлэхэд Сүндэрээ таарсан тул түүнээс дооших хагасыг мөн хасав. Ингээд үлдсэн хагас дотроос 3 дахь удаагийн оролдлогоороо Намуунсолонгыг оллоо. BINARY SEARCH гээч нь тэр ажээ. Ер нь юм хайх хүн эрэмбэ дараатай бол амар олддог юм байна шүү.
Жагдагдорж, Борчулуун, Баасандорж бүгд үр хүүхдүүдийнхээ монгол хэл соёлд санаа тавьдаг, манай зусланг хамгийн их дэмждэг, хүүхдүүдээ олон жил явуулсан эцэг эхчүүд билээ.
М.Саруул-Эрдэнэ
https://www.facebook.com/saruul.erdene.9