Жараад оны эхээр социологич Хариэт Зукэрмэн (Harriet Zuckerman) нэгэн сонирхолтой судалгаа хийхдээ Нобелийн нэлээд хэдэн шагналтантай ярилцжээ. Эдгээр эрдэмтэд хэрхэн ажилладаг, судалгааны амжилтын нууц юунд байв гэдгийг хайж олох зорилгыг тэрбээр өмнөө тавьсан гэнэ. Социологич бүсгүй Нобелийн шагналтнуудын хариултаас нэгэн зүй тогтол олж харсан байна. Физикийн салбарын шагналтан “Дэлхий ертөнц итгэл (credit - кредит) яаж олгох гэдэгтээ өвөрмөц. Хэзээний алдартай болсон нэгэнд итгэл илүү өгдөг” хэмээн хэлжээ. Химийн салбарын шагналтан нэмж “Хүмүүс судалгааны цаасан дээрээс миний нэрийг олж хармагц цаасыг шаламгайгаар тогтоодог харин бусад нэрийг санадаггүй” гэжээ. Эрүүл мэнд болон бие судлалын салбарын шагналтан онцлох нь “Шинжлэх ухааны цаас уншихдаа өөртөө хамгийн мэдэх нэрийг илүү анхаардаг. Жагсаалтын төгсгөлд дурдагдсан байвч тэр нэр үлддэг. Зохиогчдын урт жагсаалтыг, олон нэрийг биш тэр ганц нэрийг та санадаг.” Ингээд физикийн эрдэмтэн дүгнэхдээ “Хамгийн танил нэгэн илүү их кредит авна, бүр хэт их тооны крэдит ирж, нэр дурдагдана.”
Энэ зүй тогтол өөр нэгэн социологич Робэрт Мертон (Robert Merton – хожим тэрбээр Хариэтын нөхөр болсон) шинжлэх ухааны нэгэн сонирхолтой гоё хууль 1968 онд нээхэд хүргэжээ. Нийгмийн механизмыг тайлбарласан “Маттюв нөлөө” хэмээх хууль ийн шинжлэх ухааны тодорхойлолт болжээ. Мертоны тодорхойлсноор энэхүү хууль шагнал, мөнгө санхүү, нэр хүнд, олны нүдэнд ил байх зэрэг нийгмийн үйлдлийн хуваарилалтад маш их үүрэг гүйцэтгэнэ... Эрдэмтэн хүн олон тооны эсвэл чанартай бүтээлтэй байх тусам цаашид улам амархан тоо нэмэгдэнэ. Нөгөө талаас бүтээл цөөнтэй бол улам хэцүү хүнд замыг туулна, нэр дурдагдах бүтээлийн тоо ахих боломж багасна.
Шинжлэх ухаанд тоон үзүүлэлт (quantitative), чанарын арга (qualitative) хэмээн яригддаг бөгөөд өмнө өгүүлсэн нь чанарын талын ухагдахуун юм. Харин физикч, шинжлэх ухааны түүхч Дерек ди Сола Прайс (Derek de Solla Price) 1976 онд өмнөхийг тоон шинжилгээгээр баталжээ. Тэрбээр хоорондоо ишлэл татаж холбогдсон маш олон тооны академик цаасанд дүн шинжилгээ хийжээ. Тодорхой хугацаанд хангалттай тооны ишлэл авсан цаас хожим улам өсөлттэй ишлэл болж байхад тухайн үед ганц хоёр эсвэл хэд гуравхан ишлэлтэй цаасны өсөлт бараг зогсож байгааг олжээ. Прайс үүнийхээ математик моделийг зохиож цаасны ишлэлийн өсөлтийг ойролцоогоор харуулах систем бий болгожээ.
Прайсийн моделиос өмнө нээгдсэн боловч өнөө цагийн элдэв сүлжээний зангилааг тайлж буй, 1999 он хүртэл олонд хүрээгүй байсан статистикч Жорж Анди Юле (George Udny Yule), нийгмийн шинжлэх ухаанч Хэрбэрт Симон (Herbert A. Simon) нарын математик моделийн ижил хувилбар юм гэнэ. Физикч Албэрт-Лазло Барабаси (Albert-Laszlo Barabasi), Рэка Албэрт (Reka Albert) нар үүнийг цааш хөгжүүлэн аливаа сүлжээний өсөлтийг тодорхойлох математик модель зохиожээ. Цөөн тооны (заримдаа бүр хоёр гуравхан) чиг бүхий граф зуран хооронд нь санамсаргүйгээр холбох замаар сүлжээний өсөлтийг тэд олонтаа туршиж үзжээ. Тодорхой тооны холбогдох боломжтой шинэ зангилаа нэмэх тутам шинээр элсэж буй нь хуучин зангилаануудаас олон холбоостойг сонгож байгаа энгийн хууль эндээс гарч ирж батлагдсан байна.
Үүнийг математик аргаар болон компьютерын програмаар загварчлахад амархан бөгөөд эхний үед зангилаанууд жижгэвтэр холбоостой байх бөгөөд яваандаа олон холбоост цэгүүд онцгойрон ялгарч улам тодордог ажээ. Үүнийг баян нь улам баяжих механизм хэмээн нэрлэжээ.
Өмнө өгүүлсэн онол зарчмууд өнөө цагт бид бүгд шагшин гайхаж буй сошиал ертөнцийн хуулиуд юм. Монголчуудын хувьд нэн түгээмэл болоод буй нүүр ном, жиргээ зэрэг сошиал медиа нь гайхамшигтай, гэнэтийн санамсаргүй, тохиолдлын хэрэг огтоос биш бөгөөд ардаа онолтой, хөгжлийн системтэй болохыг тайлбарлах гэж ийн оролдов.
Цахим Өртөө гадаадад буй Монголчуудын нэгэн төрлийн танилын хүрээ, сошиал сүлжээ мөн тул үйл ажиллагаандаа, зохион байгуулалтдаа, хүсэн мөрөөдөж буй зорилгод хүргэх төслүүддээ, гишүүд болон хүрээлэн буй бусад хүмүүст хүрч нөлөөлж байх гэх мэт өргөн олон утгаар “Ухаалаг нь улам ухаардаг” зарчмыг олж харж хэрэгжүүлэх нь бидний бусдаас ялгарах нэг зүйл хэмээн сэтгэсэн болой.