Мөрөөдлийн гүрэн Америк. Энэ нутагт монголчууд хөл тавьж, ажил амьдралаа залгуулж эхэлсэн тэртээх он цагаас эхлэн бүхэл бүтэн хоёр үе зэрэгцэн оршиж, өдгөө гуч шахам жилийн нүүр үзжээ. Өнөөдрийн байдлаар албан мэдээллээр гучин мянга, албан бус тоогоор дөч гаруй мянган монголчууд АНУ-д ажиллаж амьдарч байна. Эдгээр монголчуудыг нэгтгэх, мэдээ мэдээллээр хангах цаашлаад монгол хэл, соёл, зан заншил, залгамж халааг үргэлжлүүлэх чин зорилгын дор мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчин, идэвхтэн бичигчид сэтгэл нэгдэн, Америк тивийн өнцөг булан бүрээс өөр хоорондоо холбогдон мэдээлэл илгээж, ажил амьдралынхаа цагаас хугаслан байж, элэг нэгт ахан дүүстээ төрөлх монгол хэл дээр анхны сонин, сэтгүүл эрхлэн гаргаж, түгээж байсан сайхан түүх Америкийн монголчуудад бий.

Өчигдөргүйгээр өнөөдөр гэж үгүй. Тухайн цаг үеийн Америк дахь монголчуудын амьдралын хэв маяг, өнгө аяс, тэдний залуу нас, хэрэгцээ сонирхол, хүсэл мөрөөдлийг тольдон харж болох цаасан хэвлэл өдгөө нэгэн цаг үеийн түүхийн гэрч болон үлджээ. 2000 оны эхэн үед Америкт монгол сонин хэвлэл ид түгэн дэлгэрч, мэдээ мэдээллийн “Замдаан-On The Road” сэтгүүл, “Америкийн Монголчууд”, “Мэдээлэл-Инфо”, “Даяар Монгол” сонин, спорт танин мэдэхүйн “Таван цагариг Америкт”, шүлэг, яруу найргийн “АМУЗ” сэтгүүл “Дэнвэрийн мэдээ”, “Вашингтон мэдээ” Сан-Франциско, Чикаго зэрэг томоохон хотын оршин суугчдад зориулсан мэдээллийн цоморлиг, “Би Монгол” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сэтгүүл зэрэг хэвлэгдэн уншигч түмнийхээ оюуны мэлмийг мялааж байжээ.

 

“ЗАМДААН-On The Road”
/Америкийн монголчуудын сар тутмын сэтгүүл/

Эрхлэгч: Д.Цэрэндорж /Сан-Франциско, Калифорни /

Редактор: Ш.Баатар /Сан-Франциско, Калифорни/

А3-ын хэмжээтэй, 16 нүүр бүхий Америк дахь монголчуудын анхны хэвлэл. Соёл урлаг, зан заншил, түүх, өв соёл, спортын тухай зонхилон бичдэг байж. Монголын улс төр, утга зохиол, урлаг спортын нэртэй төлөөлөгчидтэй хийсэн сонирхолтой ярилцлага, ардын уран зохиол, шинэ номын тойм, уламжлалт анагаах ухаан төдийгүй газар орон, шинэ технологи, цаг үеийн мэдээ мэдээлэл, Бэй Аэриагийн Монголчуудын мэдээ, хууль зүйн булан, хүүхдэд зориулсан үлгэр домог зэрэг монгол ахуй, зан заншлын тухай цуврал булангуудтай мөн Америкт суугаа монголчууддаа зориулсан бүх төрлийн зар сурталчилгаа болон хэрэгтэй тустай олон зөвлөмжүүд хүргэдэг мэдээллийн нэгэн чухал суваг болж байв. Өөрийн гэсэн өнгө аястай, зөвхөн баруун эрэг төдийгүй бусад мужуудын монголчуудын дунд нэр нь түгсэн, Америк дахь монголчуудын ууган хэвлэлийн нэг. Замдаан сэтгүүл 2001 онд хэвлэгдэн гарч, 2005 оноос цахим хэлбэрт шилжин, 2013 он хүртэл үргэлжлэн мэдээ мэдээллээ түгээж байсан.

 

“Америкийн Монголчууд”
/сар тутмын хэвлэл/

Үүсгэн байгуулагч: В.Эрхтэмцэл /Вашингтон Ди Си/

Эрхлэгч, редактор: А.Оюунгэрэл /Колумбиа, Миззури/

Редактор: Я.Борчулуун /Колумбиа, Миззури/

Сурвалжлагчид:

  • Н.Энхцэцэг /Вашингтон Ди Си/
  • Д.Билэгсайхан /Сант Луис, Миззури/
  • Б.Одсүрэн, /Колумбиа, Миззури/
  • Ч.Энхтуяа /Колумбиа, Миззури/
  • Б.Агар /Индианаполис, Индиана/
  • Т.Лхагвадорж, /Дэнвэр, Колородо/
  • Р.Байка /Дэнвэр, Колородо/
  • У.Ганбаяр /Оакланд, Калифорниа/
  • Т.Өсөхбаатар /Рэнсилиар, Нью-Йорк/
  • Ц.Сүнжидмаа /Арлингтон, Виржиниа/
  • Б.Уранчимэг /Чикаго, Иллиной/

Хэвлэлийн дизайнер: Э.Жагдагдорж, /Колумбиа, Миззури/

Маркетинг: Б.Майлиси, Л.Мөнх-Эрдэнэ /Колумбиа, Миззури/, Г.Ганзориг /Вашингтон/

Анхны дугаар 2002 оны хоёрдугаар сард Вашингтон Ди Си-д хэвлэгдэн гарсан ч хэсэг хугацаанд завсарлажээ. 2002 оны наймдугаар сараас эхлэн “Америкийн Монголчууд” сонин шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэн гарч эхэлсэн. А.Оюунгэрэл, Я.Борчулуун, Э.Жагдагдорж, Л.Мөнх-Эрдэнэ гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй сонины редакц, Миззури, Колумбиа хотод байрлаж, АНУ-ын өнцөг булан бүрт суух сэтгүүлч сурвалжлагчдын өргөн баг бүрэлдэхүүнтэй хамтран, 2002-2004 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Сар бүр хэвлэгдэх А2 хэмжээтэй, зургаан нүүр “Америкийн Монголчууд” сонинд цаг үе, улс төр, эдийн засаг, урлаг, утга зохиол, спортын арга хэмжээ, хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэл, эрүүл мэнд, хууль зүйн зөвлөгөө гээд олон төрлийн материал нийтлэгдэж байв. Сонины шинэ дугаар гарах бүрт захиалагчдын тоо өсөн нэмэгдэж, АНУ-ын 29 муж, 60-70 хотод захиалагчтай болж, өргөжсөн.

 

“Даяар Монгол”
/долоо хоног тутмын хэвлэл/

Ерөнхий редактор: Б.Номинчимэд

Сурвалжлагчид:

  • А.Наран /Александриа, Виржиниа/
  • Н.Жавзандулам /Арлингтон, Виржиниа/
  • Д.Уранзул /Арлингтон, Виржиниа/
  • М.Саруул-Эрдэнэ /Блүмингтон, Индиана/
  • Ж.Жавзансүрэн /Вашингтон ДиСи/
  • Р.Цагаан /Дэнвэр, Колорадо/
  • Д.Эрдэнэбаяр /Маймисбург, Охайяа/
  • Ё.Манлайбаяр /Лос-Анжелес Калифорниа /
  • Д.Дашмөнх /Сан-Франциско, Калифорниа/
  • Д.Сайнбаяр /Чикаго,Иллиной/

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ...” уриатай “Даяар Монгол” сонин 2003 оноос эхлэн хэвлэгдэж, АНУ-ын 46 мужийн 146 хот сууринд захиалагчтай болж өргөжсөн. Анх “Вашингтоны мэдээ” нэрээр гарсан ч, хожим нь “Даяар Монгол” болж шинэчлэгджээ. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь сурвалжлагч Б.Номинчимэд уг сониныг эрхлэн гаргаж байв. А4-ын тал буюу А5-ын 32 нүүр бүхий авсаархан, шуудангаар ил захидал хэлбэрээр илгээхэд тохиромжтой байхаар шийдсэн нь мөнгө санхүү хэмнэсэн, оновчтой шийдэл байв. Цаг үе, улс төрийн мэдээ мэдээлэл, хууль эрх зүй, виз сунгалт цагаачлалын асуудлаарх бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, түүх соёл, утга зохиол, эрүүл мэнд хүүхдийн булан, англи хэлний хичээл, ертөнцийн элдэв сонин нэрийн дор танин мэдэхүйн олон сонирхолтой мэдээ баримт, зар сурталчилгаа гээд жижигхэн биедээ багтамгүй их мэдээ мэдээлэлтэй “Даяар Монгол” Америк дахь Монголчуудын дугаар алгасахгүй хүлээн уншдаг хэвлэл яах аргагүй мөн байв. Энэ сонинг анд нөхөр, нөмөр нөөлөг, үнэнч зөвлөгч, хань болж явсныг олон уншигчид нь гэрчилнэ.

 

“Таван Цагариг Америкт”
/Спорт мэдээллийн сар тутмын чөлөөт хэвлэл/

Ерөнхий редактор: Ц.Энхтүвшин /Чикаго, Иллиной/

“Таван Цагариг Америкт” сэтгүүл 2007 оноос эхлэн анхны дугаараа гаргаж, монголчууд олноор төвлөрөн суурьшсан 10 гаруй мужид захиалгаар хүргэгдэж байв. А4-ын хэмжээтэй, 24-32 нүүр бүхий спортын ертөнцөд өрнөж буй олон сонирхолтой мэдээ мэдээлэл, томоохон ярилцлага, нийтлэл зонхилсон уг сэтгүүлийг Монгол дахь “Таван Цагариг” сонины эрхлэгч Ц.Энхтүвшин АНУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа нутаг нэгт монголчууддаа зориулан бүх дугаараа өөрөө бэлтгэн бичжээ. Бүтэн жилийн хугацаанд сар бүр шинэ дугаар гаргаж, спортод хайртай монгол түмнийхээ гарт хүргэсэн аж. Энэ хугацаанд монголчуудын дундах хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын бараг бүх төрлийн тэмцээний мэдээллийн спонсороор ажиллаж, “Таван Цагариг Америкт” сэтгүүлийн нэрэмжит шагналыг бий болгон, баг тамирчдаа урамшуулж тэдний ололт амжилтын талаарх мэдээ мэдээллийг тогтмол нийтэлж байв. Ингэснээр монголчуудыг тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохыг урамшуулан дэмжих улмаар монгол коммюнитийг хүчтэй нэгдмэл байлгах, тэднийг зангидах үйл хэрэгт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулж байснаараа бас нэгэн ач холбогдолтой. “Таван Цагариг” сэтгүүл цаг үеэ даган онлайн хэлбэрт шилжиж, өнөө хэр нь үргэжлэн мэдээ мэдээллээ түгээсээр байна.

 

“Би Монгол”
/хүүхдэд зориулсан, сар тутмын, танин мэдэхүйн сэтгүүл/

Ерөнхий редактор: Т.Эс-Олдох /Оакланд, Калифорни/

Хэвлэлийн дизайнер: Б.Урангоо/Оакланд, Калифорни/

Зураач: Д.Энхзаяа /Оакланд, Калифорни/

2007 оны есдүгээр сард анхны дугаар А4 хэмжээтэй, дөрвөн нүүр, өнгөт сэтгүүл хэвлэгдэн Бэй Ариа дахь монгол хүүхдүүдэд үнэгүй тараагдсан. Монгол дуу шүлэг, түүх, зан заншил, ахуй соёл, ардын уран зохиол, оньсого таавар, үлгэр жишээ хүүхдүүдийн сонирхолтой ярилцлага зэргийг багтаасан хүүхдэд зориулсан “Би Монгол” сэтгүүл 2009 он хүртэл дөрвөөс найман нүүрээр үргэлжлэн гарч, нийт 10 дугаар хэвлүүлсэн. Дугаар бүр үнэгүй тараагдсан. Сэтгүүлийн үүсгэн байгуулагч Т.Эс-Олдох “Би Монгол” сэтгүүлийн нэрээр хожим сургууль байгуулж, өдгөө монгол хэл, түүх, зан заншил, ардын урлагийг өвлүүлсэн хэвээр. Хүүхдийн “Гэр” төвийн боловсролын хөтөлбөр “Би Монгол” сургууль АНУ-ын Калифорни муж, Оакланд хотноо үйл ажиллагаа явуулж байна.

 

“АМУЗ”
/шүлэг, яруу найргийн сэтгүүл/

Ерөнхий редактор: Я.Баатар/ Сан-Франциско, Калифорни/

Яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор, профессор, утга зохиол судлалын нэрт эрдэмтэн Я.Баатарын үүсгэн байгуулсан “АМУЗ” яруу найргийн сэтгүүл. АНУ-д суугаа яруу найрагт хайртай монгол түмэндээ зориулан Калифорнийн Бэй Ариа орчмын шүлэг яруу найраг, утга зохиолын төрөл зүйлийг сонирхон бичдэг монгол зохиолчдыг нэгтгэн, тэдний бүтээлээс дээжлэн нийтэлдэг АМУЗ” сэтгүүл 2009 онд байгуулагдаж өдгөө 11 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сэтгүүлийн нэрэмжит 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч онд зохион байгуулагдсан.

 

Уншигчдын сэтгэгдлээс...

- 1998 оноос хойш АНУ-д ажиллаж амьдарч байна. Спортод их дуртай, монголчуудын дунд зохиогдож байгаа элдэв арга хэмжээ, тэмцээн уралдаанд оролцох их дуртай. Энэ талаарх мэдээллийг тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэлээс их авдаг байлаа. Зөвхөн тэмцээн уралдаан гэлгүй их олон төрлийн мэдээ мэдээлэлтэй олон сайхан сонин сэтгүүл гарч байсан санагдана. Онцлох зүйл нь хов жив байхгүй, бидний амьдралд их ойрхон зөвлөмж, ашигтай хэрэгтэй мэдээ мэдээллийг төрөлх хэлээрээ хүлээж авна гэдэг үнэхээр сайхан хэрэг байлаа. Их талархан хүлээн авч, дугаар алгасахгүй захиалан уншихыг хичээдэг байсан.

Б.Дашдаваа /Оверланд, Канзас/

 

- Анх Америкт ирж байхад ямар ч сонин сэтгүүл байхгүй, мэдээлэл авах хэрэгцээ тун бүрхэг байсан. Миний хувьд АНУ-д 18 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. ЗХУ-д мэргэжил эзэмшсэн тулдаа орос хэл дээрх сонин сэтгүүлээс мэдээ мэдээлэл авдаг байлаа. Тэгсэн удаа ч үгүй монгол хэл дээр,”Даяар Монгол”, “Америкийн Монголчууд” зэрэг сонин гарч магнай тэнийх шиг л болсон. Үнэхээр түүхэнд тэмдэглүүштэй, цагаа олсон, баярт үйл явдал болж байсан гэж би хэлнэ. “Даяар Монгол” сэтгүүлийг Америкийн хойд хязгаар хаа байсан Аляск, Хойд Дакотагаас хүртэл захиалан уншдаг уншигчид байсан. Алслагдсан газар ганцаархнаа Walmart-д ажилладаг байсан монгол хүний хувьд монгол сонингоо хүлээж авна гэдэг гэрэл гэгээ, тэр өдрийн баяр хөөр байсан гэж найз нөхдөөсөө олонтаа сонсож байлаа. Сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан, сонин хэвлэл эрхлэн гаргаж явсан тэдгээр хүмүүст үнэхээр баярлууштай.

Х.Батсанаа, /Нэпервил, Иллиной//Иллиной/

 

- Америкт ирээд 20 гаруй жил амьдарч байна. Миний хувьд гэр бүл, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан, монголчуудаасаа хол ажиллаж, амьдарч ирсэн. Монголчуудтайгаа ойр байх арга зам хайж ядахдаа монгол хэл дээр гардаг хэвлэлийн сураг сонч байлаа. Ингээд “Америкийн Монголчууд” сонинтой учирч идэвхтэй захиалан уншдаг болсон. Элэг нэгт ахан дүүс минь миний л адил ажил амьдралаа залгуулж, тэднийхээ тухай мэдээ мэдээллийг олж уншихдаа сэтгэл хөдөлж, заримаар нь бахархаж, олон зүйлийг суралцаж байлаа.

Ц.Отгонцэцэг, /Хэгбий, Миззури/

 

- 2001 онд АНУ-д бусдын адил амьдралаа сайжруулах санаатай ирсэн. Анх нэг найз маань Америкт амьдарч байгаа монголчууд нэг ийм сонин захиалж уншиж байгаа гэж хэлээд хэд хэдэн дугаар шуудангаар илгээж байсан.

Эх орноосоо хол, нутгаа санаж байсан болохоор үнэхээр монголоор хэвлэгдчихсэн сонин дэлгээд уншиж байхад элэг минь дэвтэж, хуучин дурсамжуудыг сэргээсэн их сайхан сэтгэгдэл төрж байсан. Тэр үед одоогийнх шиг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нүүр ном гэх мэт зүйл байгаагүй болохоор Америкийн өөр өөр мужуудад амьдардаг монголчуудын бичсэн зүйлс, ажлын зар, мэндчилгээ ихэд сонин байдаг байсан. Таньдаг мэддэг хүн маань ч байх юм биш байгаа гээд л их л анхааралтай уншдаг байв.

Тэр хэдэн сонингоо ширээн дээрээ үргэлж байлгадаг, бараг цээжилчихсэн мөртлөө навсартал нь дахин дахин уншна. Монгол хэлээрээ сайхан ярилцаад сэтгэлээ дэлгээд суух найзтай болох юмсан гэж их боддог байлаа, тэр үед хүмүүс имэйл хаягаа нэрнийхээ доор тавьдаг байсан. Сонин сэтгүүлээр дамжуулж олон сайхан найз нөхөдтэй болсон доо, одоо ч сайхан нөхөрлөж яваа. Бие биенийхээ зовлон жаргалыг хэдэн зуун милийн цаанаас хуваалцаж, үргэлж утсаар ярьж нэг нэгийгээ дэмждэг байсан. Заримтай нь одоо хэр нь биеэрээ уулзаж амжаагүй л байна. Бусдыг байтугай өөрсдийгөө ч яах билээ гэмээр үеийг бид бүгдээрээ туулж гарчээ. Тэгсэн мөртлөө л хүний газар амьдарч байгаа цөөхөн хэдэн монголчууддаа хэрэгтэй мэдээ, зар, зөвлөмж өгөөд туслачих юмсан, сэтгэлийг нь өргөөд дэмжчих юмсан, хөлөө олоход нь тусалж, хоорондоо холбоо хэлхээтэй болчихоосой гэж ажлынхаа хажуугаар нойроо хасан хэвлэл бэлдэж, алтан цагаа бусдын төлөө зориулж явсан хүмүүст үнэхээр их талархдаг шүү. Тухайн цаг үеийнхээ баатрууд шүү та нар минь.

Б.Энхцэцэг Сиатл, Вашингтон

 

- Би Вашингтонд ирээд танай “Даяар Монгол” сэтгүүлийг олж уншлаа. Эх орноосоо хол суугаа монголчууд маань Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө хөгжил цэцэглэлтийн төлөө эх орондоо байгаагаас илүү өөр нүдээр хардаг, бодож сэтгэдэг, санаа тавьдаг юм байна гэдэг нь танай сэтгүүлийг уншихад аяндаа мэдрэгдэж, ойлгогдож байна л даа, та бүхэн “Хамаг Монгол” сэтгүүлээ Монгол руу илгээгээч, Монголд байгаа олон нөхдүүдийн толгойд юм бодогдохоор зүйл бичигдсэн байна шүү. Танай сэтгүүлд мэргэжлийн өндөр чадвартай, мэдрэмжтэй чадварлаг сайхан залуус ажилладаг юм байна. Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье. Улам ихийг бичиж, монголчуудынхаа умартсаныг сэрээж, мэдээгүйг нь мэдүүлж байгаарай. Би танай сэтгүүлд үнэхээр талархалтай хандаж байгаагаа дахин илэрхийлье.

Монгол Улсын Батлан Хамгаалах
Яамны Төрийн Нарийн бичгийн дарга,
хошууч, генерал С.Баасанхүү
“Хамаг Монгол” /11/10/04 оны №43 дугаараас/

 

- Сайн байцгаана уу? Би танай сонинг оны эхнээс захиалан уншиж, хадгалж, эмчийн зөвлөгөө, мөн түүхийн холбогдолтой сонирхолтой сэдвүүдийг байнга эргүүлэн уншиж байдаг. Ингээд Сурсан мэдсэнээ монгол нөхөддөө сэтгэл харамгүй хэлж, зөвлөж байдаг эмч Б.Сэлэнгэ, багш А.Туул, хуульч Г.Ганзориг, Ё.Манлайбаяр болон бусад хүмүүст талархал илэрхийлье. Цаашид байнга сонирхолтой, ач холбогдолтой мэдээллүүдийг өргөн нийтэлж байхыг хүсэн, та бүгдийн сэтгэл санаа нь ариун, ажил үйлс тань өөдрөг, ухаан бодол нь саруул, бие лагшин тунгалаг, хийморь лундаа нь мөнхөд бадран, санасан сайн үйлс нь сэтгэгчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье.

Сараа, Чикаго, Иллиной 10/29/04
“Даяар Монгол” /11/03/04 оны №42 дугаараас/

 

Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан