Монголдоо ховорхонд тооцогдох туршлагатай, мэргэжлийн, фото сэтгүүлч Т.Өсөхбаатар “Америкийн Монголчууд сонин”-д гэрэл зураг материалаа нийтлүүлж, хамтран ажиллаж явсан түүхтэй. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг фотосэтгүүлч мэргэжлээр төгссөн цагаас хойш мэргэжлээрээ олон жил ажиллаж, гадаад дотоодод өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. 1998, 2000 оны шилдэг фотосэтгүүлч шагналын эзэн. “Ардын Эрх” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Фотомон агентлагийн захирал зэрэг албыг хашиж байсан. АНУ-д мэргэжлээ ахиулан суралцаж, шинэ залуу фото зурагчдыг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, гэрэл зургийг мэргэжлийн түвшинд гаргах тал дээр ихээхэн санаачилга гарган ажилласаар ирсэн. Тэрбээр гэр бүлийн хамт Нью-Йорк мужийн Олбани хотод ажиллаж амьдарч байна. Түүнтэй “Америкийн Монголчууд” сонинд хамтран зүтгэж явсан үеийнх нь дурсамжийг сэргээн цөөн хором ярилцлаа.

- “Америкийн Монголчууд” сонинтой хэрхэн холбогдсон болоод хамтран ажиллаж байсан үеийнхээ тухайд сонирхуулна уу?

Гэр бүлийн хүн маань АНУ-д суралцахаар бид дөнгөж Нью-Йоркт ирчихээд байсан үе. Монголын Хэвлэлийн Хүрээлэнд ажиллаж байсан А.Оюунгэрлээс имэйл хүлээж авснаа тод санаж байна. А.Оюунгэрэл маань тухайн үед “Америкийн Монголчууд” сониныг эрхлэн гаргаж байлаа. Боломж чадлынхаа хэрээр түүнд дэм болохыг хичээсэн. Гэвч алсын зайнаас харилцах, техник технологийн хүчин чадлын бололцоо тааруугаас миний хувьд удаан үргэлжлүүлж чадаагүй.

- Тухайлбал ямар хүндрэлтэй нүүр тулж байв?

Мэдээж ар гэрийн боломж бололцоо энд яригдана. Эхнэр оюутан. Миний хувьд ар гэрээ тэжээх үүрэгтэй байлаа. Анхлан ирэгсэд бид юу эсийг хийх билээ, хоёр гурван газар зэрэг ажиллах хэрэг гарна. Үүнийхээ хажуугаар авсан зураг материалаа сонинд илгээх гэж оролдоно. Тэр үед хальсаар зураг авдаг байлаа. Хальнаас буулгасан зургаа скайнердаж дижитал болгоод имэйлээр явуулна. Одоогийнхтой харьцуулахад ажиллагаа ихтэй байж шүү. Ажлынхаа зав чөлөөгөөр хэдэн зураг явуулчихаад эргээд ажилдаа гарна. Өчнөөн хоног өнгөрсний дараа эргээд шалгатал буцаад ирчихсэн, алдаа заагаад яваагүй байх жишээтэй. Жаахан том файл болчихоор зураг гацаад явахгүй, дахин дахин оролдсоор илгээх шаардлага гардаг байлаа. Тухайн үед Интернэтэд өнөөдрийнх шиг өндөр хурдын шилэн кабелиар холбогдох боломж байсангүй. “American online” -ий үйлчилгээгээр утасны модемоор холбогддог байж. Их удаан, тэр үеийн хүмүүс мэднэ дээ. Хоорондоо ярина холбогдоно гэж байхгүй, зөвхөн имэйл шалгах, интернэтээс мэдээлэл авах хэмжээнд ашигладаг байсан. Ийм л нөхцөлд бидний хэдэн сэтгүүлчид хоорондоо холбогдож, хэл ул авалцаж, ажил, ар гэрийнхээ хажуугаар сайн дураараа сонин гаргаж явсныг одоо бодоход үнэхээр бахархмаар.

- Та хальсаар зураг авдаг байсан гэж ярилаа, тодруулбал яг ямар аппарат ашигладаг байв? Одоогийнхоос ямар ялгаатай байсан бэ?

Тэр үед дижитал камер дөнгөж гарч байсан. Анхны хувилбар нь хоёр, гурван мегапиксел хавьцаа үзүүлэлттэй байсан тул одоогийнх шиг сонирхол татах хэмжээнд байгаагүй. Хальсны камераар зургаа авдаг хэвээр байсан. Одоо бол гэрт үзэсгэлэн болоод үлдсэн Leica M6 хэмээх ганц цайны аппараттай байлаа. Хальсны аппаратаар зураг авна гэдэг хүнээс их мэдрэмж шаардана. Зураг авах чадварыг үлэмж сайжруулдгаараа маш том давуу талтай.

Мэдээж техник технологийн хөгжил бидэнд өргөн их боломж олгож байна. Тухайлбал өнөөдрийн түвшинд хөгжсөн дижитал камер бүхнийг өөрөө гүйцэтгэж байна. Шууд зургаа авлаа, дэлгэцэн дээрээ дүрсээ хяналаа, гэрэл нь ихдэж үү, багадаж уу гээд бүх дүрсээ шалгаад хэрэггүйгээ устгаад, хэдэн ч удаа дахин давтан авч болно. Нэг үйл явдлын сурвалжлага хийхэд хэдэн зуун зураг аваад тэндээсээ хэрэгтэйгээ түүгээд авах жишээний. Тэр олон зурагнаас сайн зураг олдох нь тодорхой. Толгой ажиллуулах шаардлага байхгүй шахуу. Тачигнатал мотордчихоод дараа нь сонголтоо хийнэ. Харин уламжлалт хальсны аппаратанд тийм боломж байхгүй. Гэрлийн эрчим, аппаратны барил (exposure) гэхчлэн бүхнийг урьдчилан тооцоолж толгойдоо дүрслээд, зохиомж өгүүлэмжээ бодож авна. Аппаратанд ямар гэрлийн мэдрэмжтэй (ISO) хальс байна түүгээрээ л ямар ч нөхцөлд зураг авна, тухайн байдалд тохируулж хальсаа солино гэж бараг байхгүй. Ийм үед хүн толгойгоо ажиллуулна, гэрлийг мэдэрч сурна, хаанаас, аль өнцгөөс яаж авах вэ гэхчлэн зохиомж зохицлыг маш сайн бодох хэрэг гарна. Цэнэглэсэн хальс маань тоо хязгаартай. Зургаан кадр тутмын нэг нь ашигтай зураг байх ёстой гэж үздэг байлаа. Байгаа хальсаараа яаж үр дүнтэй, ашигтай, сайн зураг авах вэ гэдэгт л тархиа гашилгаж эхэлнэ дээ. Ийм л том ялгаа харагдаад байгаа юм даа.

- Хальсаа угаалгах бас нэг ажил бий. Америкт байх хугацаанд та өөрөө хальс боловсруулж сонинд зураг өгч байсан удаа бий юу?

Өнгөт хальсыг боловсруулдаг газар зөндөө байсан. Монголд Кодак, Коника, Фүжифильм гээд зураг угаалгын газрууд байсантай адилхан. Өнгөт хальсыг тийм газарт өгчихнө. Харин хар цагаан хальсаа гэртээ боловсруулна. Авсан зургаа тодруулагч, бэхжүүлэгч уусмалд хийнэ, угаана, хатаана, урвуу дүрснээс зургаа таньж тэмдэглэх, шаардлагатай үед “гэрэл нэмж, эсвэл хасч” боловсруулна. Энэ бүхнийг гэртээ л хийдэг байлаа. Манай гэрийн нэг өрөө зураг угаалгын газар шиг л байсан. Тэгж угаасан зургаа скайнердаж дижитал болгоод сонинд илгээнэ. Том хүү минь долоон настай байсан санагдана. Дөнгөж Монголоос ирчихсэн, шинэ хэл, шинэ орчинд дасах, хичээл номоо гүйцэх гэж хичээж байгаа, ээж хүү хоёрын нэг оройн дүр зураг бүхий хар цагаан зураг “Америкийн Монголчууд” сонинд нийтлэгдсэн байдаг.

- Та Америк дахь өөр монгол сонин сэтгүүлтэй хамтран ажиллаж, бас захиалан уншдаг байв уу?

Анх Америкт ирж байхад “Замдаан” сэтгүүл гарсан байсныг хараад өнгөрч байсан санана. Миний өөрийн суурьшиж амьдарсан газар зүүн эрэг, “Замдаан” сэтгүүлийг баруун эргээс гаргаж байсан болоод тэр үү харилцаа холбоо тогтоож чадаагүй ч юмуу тэгсгээд өнгөрч байсан. Тэрнээс өөр монгол хэвлэл гэж байхгүй, интернэт сонин ч гэж байгаагүй. Хааяа нэг Монголоос хүн ирвэл хэдэн сонин барьж ирнэ. Тэрийг нь дамжуулаад уншдаг. Тийм л цаг байлаа. Харин “Америкийн Монголчууд” сонин нэлээн өргөн цар хүрээг хамарч, монголчуудаа мэдээ мэдээллээр хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр их хичээл зүтгэл гарган ажилласан гэж боддог. Тухайлбал манай энэ хавийг Ганбаатар гэж залуу хариуцдаг байлаа. Энэ хавийн монгол айлуудаар уйгагүй явж, сониноо танилцуулан, захиалга авч, одоогоор бол маркетинг менежерийн ажил хийж явсан байгаа юм. Сонины шинэ дугаар буухад шуудангаас айлуудынхаа захиалгыг өөрөө очиж авна. Дараа нь айлуудаар нэг бүрчлэн орж, сониноо өөрийн биеэр тарааж, мөн ч идэвхтэй ажиллаж байж дээ. Шинэ дугаараа хүлээж авсан монголчууд сонинд нийтлэгдсэн сонин хачнаа хоорондоо ярилцаж, нэг хэсэгтээ ярианы сэдэв болно доо. Нэг нэгнээ мэдэж авах, гар хөлөө олоход нь их тусалдаг байсан даа. Одоо хүртэл сониноо эргүүлж тойруулаад харж суухад хэрэг болох мэдээ материал их байдаг шүү. Нүүж суух тоолонд гараад ирдэг юм. Бараг бүх дугаар нь бий. Үр хүүхдүүдэд минь түүх болон үлдэх юм даа гээд хаа ч явсан аваад л явдаг юм.

- Танд баярлалаа.

Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан