Америк дахь анхны монгол хэвлэл “Замдаан” сэтгүүл. Энэ л сэтгүүлийн ул мөрөөр монгол хэл дээрх сонин сэтгүүл бадамлан дэлгэрч, АНУ-д таран суурьшсан монголчууд унших хэвлэлтэй болж, улмаар нэгдэн нөхөрлөх, монголчуудад зориулсан олон талт арга хэмжээ, санал санаачилга, төсөл хөтөлбөр зэрэг бий болох үндэс суурийн эхлэл байсан нь дамжиггүй. “Замдаан” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий редактор, эрхлэгч Дэмбэрэлийн Цэрэндоржтой ярилцлаа.

- “Замдаан” сэтгүүлийн түүхийг сөхөхөд өөрийн тань Америкт үдсэн он жил, анхлан ажил амьдралаа төвхнүүлж явсан цаг үетэй салшгүй холбоотой байх. Мэдээж анх ирэхдээ сэтгүүл гаргана гэж ирээгүй нь лавтай, чухам юу таныг хөтөлж, монголчууддаа зориулан сонин сэтгүүл гаргахад хүргэсэн бэ?

Би 1998 онд Америкийн баруун эргийн Сан-Франциско хотноо ирээд суурьшиж байлаа. Хорин жил хэдийн өнгөрчээ. Анх ирсэн цөөн монголчууд олдсон мэдээллээ өөр хоорондоо харамгүй дамжуулж хуваалцдаг байв. Нутаг сэлгээд шинээр хаяа нийлсэн саахалт айл шиг ирсэн газартаа бие биенээ бараадан, амь нэгтэй тус дэмтэй явсаар арга эвээ олцгоож байсан үе. Яваандаа овоо дадал туршлага сууж араасаа гэр бүл ах дүү найз нөхдөө дуудаж татаад төвлөрөл үүсч эхэлсэн. Англи хэлний мэдлэг A,B-гээс хэтрэхгүй шахам тул мэдээлэл дутуугаасаа болж цаг хугацаа алдах, мөнгө цаасаа үр дүнгүй үрж шатах зэрэг эрээн бараан элдвийг үзэж туулсаар Америкийн амьдрал ахуйд дасан зохицоод өөрсдөө ажил орлоготой, үр хүүхдээ сургууль соёлтой залгуулсан түүхтэй.

Ерээд оны сүүлчээр Интернэт хэрэглээ ямар байлаа. Нийтийн номын санд дугаарлан зогсоод цаг авч 15 минут цахим шуудангаа шалгана, амжвал нэмээд мэдээлэл харна. Дахиж дугаарт зогсоод тэндээ эргэлдсээр өнжих удаа ч гарна. Номын сангийн сонин сэтгүүлийн тасагт 100 жилийн өмнөөс Америкт орос хэлээр гарч эхэлсэн “Новое русское слово” нэртэй олон нүүртэй мундаг том сонин он оныхоо дугаараар үдээстэй байхыг олж үзээд зав л гарвал очиж уншдаг байж билээ. Мэдээллийн задгай их далай л гэсэн үг. Тэр үеэс монголчууддаа мэдээлэл хүргэх ямар нэг юм хийх санаа төрөх болсон. Мэдээж өдөр тутмын бүү хэл долоо хоногийн сонин гаргах хэмжээний амбиц яаж байх вэ, чадвал сар тутам гаргадаг сэтгүүл хийе гэсэн бодлоор Адоб Пэйж Майкэр програм дээр хэвлэлийн эх загвар гаргаж нэг үзчихээд яваад байлаа.
Бостонд ажиллаж сурч байгаад баруун эрэгт шилжин ирж, Сан-Францискод төвтэй АйТи компанийн мэргэжилтэн болсон Ш.Баатартай танилцаад загвараа үзүүлтэл дэмжин санаа нэгдэж, “Замдаан” сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулж редактор нь болсон. Тэрбээр мөн “Цахим Өртөө” сүлжээг санаачлагчдын нэг бөгөөд монголынхоо түүх соёлын талаар сонирхон судалдаг, хэд хэдэн чамбай нийтлэл бичээд хүмүүст танигдаж эхэлсэн нэгэн байв.

Сэтгүүлийн анхны дугаар 2001 оны аравдугаар сард гарсан. Стандарт А3 форматтай 16 нүүр бүхий анхны дугаарыг офсет хэвлэлээр 300 хувь хэвлүүлээд тэр хавиараа тарааж гарав. Уншсан үзсэн хүмүүс сонирхон их дэмжсэн. Цаг хугацааны хувьд Америкт ирсэн шинэ монголчууд цаасан сэтгүүл өөрсдөө хэвлэж эхэлсэн нь бараг анхных болох байх.

Эргээд харж байхад энэ дугаарт Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо байгуулагдах эхлэл тавигдаж байсан үе тул тус холбооны танилцуулга, уриалга зэрэг “орон нутгийн” шинжтэй мэдээ нэлээд оржээ. Мөн Сан-Францискод томилогдсон Монгол Улсын анхны өргөмжит консул Ричард Бламын танилцуулга, Бэй Аэриагийн Монголчуудын дунд 1998 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн үйл явдлын товчоон, Дэнвеэрийн Монголчууд Луут завины тэмцээнд оролцсон мэдээ, Харвардад улс төрөөр суралцаж байгаа Ц.Элбэгдоржийн бичсэн нийтлэл, сэтгүүлч Г.Золжаргалын Америкийн тухай тэмдэглэл, Монгол Улсын Гадаад Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганболдын ярилцлага, Америкт болсон есөн сарын 11-ий өдрийн халдлагын талаарх тойм мэдээ, англи хэл хурдан сурах бяцхан зөвлөмж, Америкт хэрхэн татвараа тооцож бодуулах тухай мэргэжлийн зөвлөгөө, хууль эрх зүйн хамгаалалтын тухай, түүх соёлын булан, Америкийн монголчуудын зар мэдээллийн нүүр зэрэг чамлахааргүй мэдээлэл багтааж. “Интернэт дэх Монголын…” нэртэй буланд тэр үед байсан монголынхоо вэбсайтуудыг төрөлжүүлэн нэгтгэж, хаяг лого болон товч тайлбартайгаар оруулж байв. Ар өвөртөө зураг чимэглэл танилцуулгатай, хатуу цаасан хавтастай, эрхлэгчийн үг, редакцын зурвастай хэрэндээ л хичээсэн. Сэтгүүлийн хоёр дахь дугаар гаргаад захиалга авч, гурав дахь дугаарыг шуудангаар явуулж эхэлсэн. Захиалгын тоо хамгийн дээд тал нь 300 гаруй болж, арваад муж руу илгээж байв. Зарим сард өнжиж алгасаад асуугдаж нэхүүлэх үе ч байсныг хэлэх нь зөв байх. Хэвлэлтийн болон шуудангийн зардалд халааснаасаа нэмж гаргах үе цөөнгүй. Замдаан.ком цахим хэлбэрт шилжих хүртлээ буюу 2005 он хүртэл алдаг оног нийтдээ 26 дугаар хэвлэгдэн гарсан.

- Яагаад Замдаан” гэж нэрлэсэн бэ? Сэтгүүлийн нийтлэлийн бодлого, алсын хараа нь юу байв?

“Замдаан” гэдэг бол орос хэлний “чемодан” гэдэг үгийн эх монгол нэр. Бат хааны их цэргийн хөнгөн цомхон хэрэглэл дунд аяны богцыг “замдаан” гэж нэрлэдэг байж хэмээн археологич Сэр-Оджав багш маань олон жилийн өмнө ярьсан нь санаанд хадаатай яваад байдаг байлаа. Хэл зүйн талаас мэргэжлийн судлаачид юу гэдгийг сайн мэдэхгүй. Америкт аж төрөхөөр аяны урт замыг туулж ирсэн монголчуудынхаа дунд их түүхээс сэдэвлэн нэрлэсэн мэдээллийн нэгэн богцыг чадан ядан задалсан нь ийм учиртай. Цахим хэлбэрт шилжээд “Аяны богцоо нээцгээе!” гэдэг уриа үгтэй болсон.
Нийтлэлийн бодлого гээд тогтсон сүрхий юм юу байх вэ. Ерөнхийдөө харийн нутагт суугаа нутаг нэгтэндээ хэрэгтэй тустай мэдээлэл хүргэх санаа зорилго оролдлого байсан, эрэлт хэрэгцээ ч их байв. Гэхдээ сүүлд бодож байхад тухайн үед сар тутмын сэтгүүл гэдэг арай л хүнд, удаан, томдсон хэлбэр байсан болов уу. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ дагаад Бэй Аэриа орчимдоо долоо хоног бүр “Замдаан Зар” нэртэй дөрвөн нүүр зарлалын хуудас хэвлээд тараадаг байсан. Бас л хэдэн дугаар гаргаад зогссон. Янз бүрээр л үзэж оролдож байсан санагдана.

Алсын хараа энэ тэрийн тухайд ч тэр анхнаасаа айхтар бодсон төлөвлөсөн юм байгаагүй. Цахим Өртөөний зохицуулагч Д.Цэрэнбат анд нэг удаа Лондонгоос бичээд Европ, Америк, Япон, Солонгос, Хятад гээд дэлхийгээр таран суугаа монголчуудынхаа дунд “Замдаан” нэрээр тус тусдаа салбар редакцтай сэтгүүл гаргахыг санал болгож байлаа. Энэ бол үнэхээр алсын хараа байх. “Замдаан” маань тэгтлээ тэлж томорч чадаагүй л дээ.
Гэхдээ энэ хугацаанд хамтран ажиллаж ирсэн редакцын хамт олон, бүх талаар тусалж дэмжиж байсан ойр дотнын олон найз нөхөд төдийгүй огт уулзаж танилцаагүй ч сэтгүүлээр дамжин харилцаа холбоо тогтоосон элэг нэгт монгол ахан дүүс, монголд элэгтэй сэтгэлтэй америкчууд, “Замдаан” сэтгүүлийг болоод цахим сайтыг маань захиалан уншиж, сайт руу байнга орж үзэж сонирхож урмын үг илгээхийн зэрэгцээ алдаа оноог тунгаан шүүж ирсэн нийт уншигч олондоо гүнээ хүндэтгэлтэйгээр мэхийн талархаад мэндчилж байгаагаа энэ далимд дамжуулъя.

- “Замдаан” сэтгүүл яах аргагүй Америк дахь монгол сонин сэтгүүлийн анхдагч байж, араасаа олон сонин сэтгүүл дагуулж, дараа дараагийн хүмүүст урам дэм болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгж хэлж болноо. Америкт монголчууд төвлөрөн суугаа муж болгонд сонин, сэтгүүл мэдээллийн сайтууд цувраад гарч эхэлсэн. Зарим нэгээс нь цухас дурдвал Вашингтон хотоос Боржигон В.Эрхтэмцэл санаачлан, сэтгүүлч Н.Энхцэцэг, А.Оюунгэрэл, Я.Борчулуун нар “Америкийн Монголчууд” гэдэг бүрэн хэмжээний сонин гаргаж тун сайн авч явсан бол, Дэнвэрт сэтгүүлч П.Байка “Дэнвэрийн Мэдээ”-гээ чамбай гаргаж арай хойно Чикагод Д.Гэрлээ, Д.Баяраа, Д.Өлзийхутаг нарын эрхэлсэн “Мэдээлэл-Info” сонин олон нүүрээр гарч хүмүүст маш сайн хүрч байсан.

Америкийн монголчуудын дунд мэдээллийн том орон зай үүсгэн их зүйл хийсэн хүн бол МОНЦАМЭ агентлагаас томилолт өвөртлөн ирсэн Б.Номинчимэд билээ. “Вашингтоны мэдээ”, “Хамаг Монгол” нэрээр гарч эхлээд сүүлдээ “Даяар Монгол” нэрээрээ олонд түгсэн долоо хоног тутмын сонингоороо олон хүнд хэрэгтэй хүртээмжтэй маш их мэдээлэл хүргэсэн чадалтай сайн сэтгүүлч гэдгийг энд онцлон дурдах ёстой.

Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин Америкт суугаа монголчууддаа зориулсан тусгай дугаар гаргаж хүргэх оролдлого хүртэл байсныг бас онцлох хэрэгтэй болов уу. Тухайлбал “Өнөөдөр” сонины тусгай дугаар “Өнөөдөр Америкт” сонинг хэвлүүлэн түгээх эрхийг Сан-Францискод байгуулагдсан М.Батжаргал захиралтай “Пасифик Маркетинг” компани авч хэрэгжүүлж байв. М.Батжаргал, Б.Хэрлэнчимэг нар Монгол-Америкийн хооронд видео уулзалтын анхны Телемост нэвтрүүлэг хийж хэдэн дугаар явуулсан нь одоо дурсамжтай сайхан түүх болжээ. Мөн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин найз маань спорт мэдээллийн “Таван Цагариг Америкт” сонингоо сэтгүүл хэлбэрээр хэдэн дугаар гаргахад миний бие хамтран ажиллаж байв.

Удалгүй бүх юм Интернэт хэмээх агуу том орон зай руу юүлэгдэн цутгаж, Америкийн монголчуудын мэдээллийн цахим орон зайг Орлоо.ком (Б.Тайван, А.Ариунтуяа), Даяармонгол.ком (Б.Номинчимэд, М.Саруул-Эрдэнэ), Мэдээлэл.ком (Д.Өлзийхутаг), Асуулт.нэт (Ч.Хундагаа), Баянмонгол.ком (Ц.Батмөнх) зэрэг маш олон цахим сайтууд эзлэн авч, дээрээс нь ТВ студи олноор төрөн гарч өвөрмөц найруулга, агуулга төдийгүй бичлэгийн дуу дүрсний чанараар хаанаас ч дутахгүй төрөлжсөн видео нэвтрүүлгүүдээ Интернэтээр цацаад эхэлсэн. Монгол хэлээр радио нэвтрүүлэг Интернэт FM суваг гаргах хэд хэдэн оролдлого хүртэл орон зай олж авч чадаагүй өнгөрсөн санагддаг.

Америкийн монголчууд дундаа өмнө эрхлэн гаргаж байсан болон өнөөдрийг хүртэл идэвхтэй гарч байгаа мэдээллийн цахим сайтуудыг нэгтгэн бичиж, эрхлэн гаргаж идэвх зүтгэлтэй явж ирсэн хүмүүсийг жагсааж нэрлэвээс мэдээж маш урт дараалал гарч таарна. Дээр зөвхөн өөрийн санаанд ойр буусан цөөн сонин, сэтгүүл сайтыг төлөөлүүлэн жишээ болгож зах зухаас нь нэр хаягтай дурдав. ТВ студи нэвтрүүлгийн талаар бичвэл их зүйл бий. Тусгайлан судлах ёстой сэдэв юм даа. Хүмүүст мэдээлэл хүргэх түгээх оролдлого бүрийн цаана урсаж өнгөрсөн цаг зав, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө бий. Онцлог гэхээр олон зүйл байгаа байх. Ерөнхийдөө хүмүүст мэдээлэл түгээх өөрийн гэсэн орон зайгаа эзлэх зорилго л чухал байсан. Ашиг орлого хөөсөн бизнесийн талын асуудал биш шүү дээ..

- “Замдаан” сэтгүүлийн уншигчид ямар төрлийн мэдээ материал илүүтэй хүсэн хүлээдэг байв? Танд захидал, хүсэлт хэр их илгээдэг байв?

Их ирнэ шүү. Урамшина баярлана гэхээс илүүтэй одоо яанаа... гээд сандарч санаа зовохоор дэмжиж талархсан олон захидал авч байсан маань нэг жижиг хайрцаг дүүрэн бий. Архив гэх юмуу хадгалаад байдаг. Бас шуудангаар имэйлээр ирсэн захианд удаалгүй заавал хариу бичих, асуусан хайсан мэдээллийг олж өгөх, эрсэн сурсан хүнтэй нь холбох зэрэгт цаг зав харамгүй зардаг байсан. Утсаар бол бүр хөгтэй. Зарим нэг нь “Замдаан”-ы редакц гээд байр савтай байнгын хэдэн хүн сууж байдаг юм бодно. Сэтгүүлийн хаяг дээр миний гар утасны дугаар байх. Адилхан ажил төрөлтэй тул завгүй боломжгүй үед залгаж таарна, амжаад нэг авахаар – “Замдаан сэтгүүл үү, хөөе танайх утсаа ердөө авахгүй юмаа, за ийм нэг асуудал боллоо, одоо би яах вэ? эсвэл за хө таньж мэдэхгүй газар таг зогсчихлоо. Ашгүй ард танай сэтгүүл яваад залгаж байна”... энэ тэр гээд л эхлэнэ шүү дээ. Хэрэг төвөгт орооцолдох, хагацал зовлон тохиолдох гээд хатуу хэцүү үед хандах Консулын газар байхгүй тул тэр болгонд чадлаараа л тус дэм болохыг хичээдэг байсан. Америкт ажиллаж амьдрахад хэрэгтэй заавар зөвлөмж, ахуй амьдралаас үүссэн аливаа асуудлаар хаана хэнд хэрхэн хандах хаяг, нэр, ус утасны дугаар “Замдаан” дээрээс оллоо, хэрэг боллоо гэх нь ялангуяа цахим сайт хэлбэрт шилжсэнээс хойш тасрахгүй болсон.

Сэтгүүлийн хэдэн дугаарт цувралаар гаргаж байсан “Идэрийн дурсамж” зэрэг утга зохиол уянгын нийтлэлийг ялангуяа хүн харж асардаг ажилтай бүсгүйчүүд хоорондоо дамжуулж уншаад үргэлжлэлийг нь хурдан хэвлээчээ! дахин ганц хоёр дугаар илгээнэ үү? зэрэг хүсэлт хүртэл ирдэг байв. Цахим хэлбэрт гарч эхэлсэнээс хойш Өвөр монголын сэтгүүлч Түмэн-Өлзийн “Хүний нутагт” романыг зохиогчийн зөвшөөрөлтэй цувралаар нийтэлснийг маш олон хүн уншсан байсан. Ойр зэргэлдээ суугаа эхлэн бичигч нар ч хангалттай сайн мэдээллээр дардаг байв. Сакраменто хотын Баярсайхан Америкийг тойрон аялаад “Замдаан” сэтгүүлийн захиалгаар бичсэн цуврал тэмдэглэл, Аламеда хотын Батсүхийн бичсэн “Говийн нууц” роман зэрэг олон бүтээлийг онцлон дурдаж болно.

- Тухайн үед техник технологи өнөөдрийнхтэй адил байгаагүй. Сэтгүүл хэвлэхэд ямар хүндрэлтэй нүүр тулж байв?

Анхны дугаарыг эх дээрээсээ фото болгон хэвлэлийн төмөр ялтсанд буулган офсет машинаар олон хувь гаргахад чанар нь тун дажгүй болсон. Шохойтой зузаан цаас бүхий хатуу хавтастай дотор хуудсууд нь сонингийн нимгэн цаасан дээр яг л бодож санаснаар болсон. Дараачийн дугаараас өнгөт хавтастай болгохын тулд ажлынхаа дэргэд байдаг энэтхэг эзэнтэй хэвлэлийн газрыг сонгож авав. Хэвлүүлэх үнэ хөлсөн дээр хэл амаа олохгүй бэлтгэсэн монгол үсэг фонт таарахгүй гээд жижиг сажиг хүндрэл гарсан ч аргалж шийдсээр өнөө нөхөр маань дараагийн хэдэн дугаарыг өө сэвгүй дажгүй хэвлээд байдаг болсон. Сүүлдээ өөрсдөө А3 хэмжээгээр гаргадаг том форматын лазер принтер худалдаж аваад гэрээрээ үзэж тарсан. Арай илүү боломжтой Баатарын гэрийн нэг өрөө тэр чигээрээ редакц хэвлэлийн газар болно. Принтерийн хор цаас бөөнөөр худалдаж аваад хуудас хуудсаар нь хэвлэж шөнөжин ялгаж хольж үдсээр үүрээр голдуу дуусч дугтуйнд хийж савлаад ажил руугаа хувааж аваад гарна даа. Ажлынхаа зав зайгаар илгээх хаягаа наан цайны цагт ухасхийн шуудан орж тушаагаад сая нэг санаа амран нуруу тэнийдэг байж билээ. Хэсэг ингэж явсан үе бий. Хэвлэх хүртэл бас болоогүй мэдээгээ цуглуулж бэлтгэнэ, авсан бичлэг ярилцлага сийрүүлж буулгана, бичнэ, засна, эх загвараа бэлдэх, оруулах зураг хөрөг фотошопоор тайрч тасдаад хэрэндээ янзлана гээд цаг их орноо. Шөнө дөлөөр Баатарын ажлын газрын өнгөт принтерийг ашиглаад хатуу хавтас ар өвөргүй өнгөтөөр хэдэн зуугаар нь гаргаад авах удаа ч байлаа.
Нэлээд хойно Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ) маань байнгын хаяг, тогтсон байр савтай болж дэргэдээ “Замдаан” сэтгүүлийн редакц байрлах нэг жижиг өрөө гаргаж өгсөн юм. Орсон гарсан, ойр холоос ирж буцах хүмүүсийн хөл хөдөлгөөн огт татардаггүй болсон. Холбооныхоо хэвлэл мэдээлэл талын ажлыг “Замдаан”-тайгаа хамтруулаад давхар хариуцан хийдэг байв.

Цахим хэлбэрт ороод ирэхээр амар болдог юм билээ. Вашингтонд суугаа Ч.Ганболд дүү маш сайхан загвартай динамик сайт болгоод өгсөн. Ганболд.ком гээд түүний график дизайны гайхалтай бүтээлүүдийг америкийн монголчууд андахгүй байхаа. Мэдээ нийтлэлээ зураг хөрөг, дуу дүрс оруулж хүссэнээрээ загвар дизайн гаргаад тавьдаг байв. Их юм сурсаан. Ингэж хэсэг яваад америкийн монголчууд дундаа урдаа барьдаг АйТи мэргэжилтэн Э.Жагдагдорж маань энгийн статик вэб хувилбарт оруулж өгөөд байрлуулах хостинг нь дааж нэлээд хэдэн жил явсан. “Замдаан” сэтгүүл цахим хэлбэрээр хүмүүст их танигдаж мэдээлэл шуурхай хүрч байсан тул энэ хоёр эрхмийн нэрийг онцлон дурдаж хэлмээр байна.

“Замдаан” сонины идэвхтэн бичигч гэх нэгэн хүнтэй холбоотой яриа олж сонссон юм, тэр тухайд?

Сэтгүүл цахим хэлбэрээр гарч эхлээд байх үед монголоос нэг нөхөр байнга мэдээ илгээдэг боллоо. Ихэнхдээ л монголын үйл амьдралын тухай мэдээ мэдээлэл. Хүн ингээд бичиж бэлтгээд байхад хэрэггүй боль гэлтэй биш тусад нь булан гаргаад нэр устай тавиад байв. Сүүлдээ манай хүн зарим мэдээгээ өөрийн зураг хөрөгтэй зэрэгцүүлэх нь ихсээд хэсэг явснаа нэг л өдөр таг болсон сүүлд мэдэхнээ сэтгүүлийн нэрээр Америкийн элчин дээр виз мэдүүлж, даруулаад ороод ирчихсэн хойноо хэн нэгэнд сэмхэн ам алдсан нь хийсч явсаар чихэнд дуулдаж билээ. Сайн яваа л бол яахав дээ, нэр маань хүртэл ингээд нэг монгол хүнд буян болсон л байдаг.

Сэтгүүлээ үргэлжлүүлэн гаргадаггүй юмаа гэхэд танд энэ чиглэлд хэрэгжүүлэхийг хүсч байгаа бодсон төлөвлөсөн зүйл бий юү?

“Замдаан” сэтгүүлийн суурь нь дажгүй тавигдсан ч цааш хөл дээр нь босгож жинхэнэ сэтгүүл болгож чадаагүй юм. Цахим хэлбэрт ороод ч баг редакц бүрдүүлж, мэргэжлийн тал руу оруулах оролдлого хийсэнгүй. Өөрөө нухсаар цаашаа явцгүй болж зогссон. Одоо чинь мэдээллийн хурд багтаамж дэндүү болчихжээ. Ганц нэгээрээ үзээд хол явахгүй. Мэдээлэл цацдаг түгээдэг гар утасны аппликэйшн хоорондын өрсөлдөөний үе гарч ирж байна. Харин үргэлжлүүлэх гэснээс монголчуудынхаа энд тэнд очсон аян замын сонирхолтой тэмдэглэлийг эмхэтгэн овоо зузаан товхимол сэтгүүл хэвлүүлж үзэх санаа бий.

Өнөөдрийн хувьд хүний хэрэгцээ сонирхлыг ганц нэгэн цэг дээр тогтоож төвлөрүүлнэ гэж байхгүй болов уу. Мэдээллийн асар том орон зайд хүүхэд хөгшидгүй хүссэн зоргоороо сэлж байна. Хувь хүн талдаа чөлөөт сонголт байгаа ч өөрт хэрэгтэй зүйлээ олж авч буй нь харилцан адилгүй. Тэнцвэргүй ийм байдлыг зангидах ирээдүйн медиа сувгуудын өрсөлдөөний үе ирж байх шиг. Америк дахь монголчуудын эвсэл холбоо болгон мэдээлэл авдаг, түгээдэг, зар сурталчилгаа явуулдаг нэжгээд сувгуудтай болсон. Цаашдаа улам л цэгцрэх биз дээ. Хэвлэмэл цаасан сонин сэтгүүл ном улам л түүхэн баримт тал руугаа болоод байх шиг. Хүмүүс сонирхол хэрэгцээнийхээ дагуу цахим бүлгүүдэд хуваагдах болж, хүссэн мэдээллээ хормын дотор дуу дүрс, зураг хөрөгтэй ямар ч хориг саад, хил хязгааргүй авдаг, хүргэдэг, түгээдэг, зарладаг болсон ийм цагт хэвлэмэл сонин байтугай байнгын мэдээллийн сайт цаашдаа ямар хэлбэрт орох нь таашгүй болж байна.

Танд их баярлалаа, ажлын амжилт хүсье.

Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан