Америк дахь анхны монгол хэвлэл “Замдаан” сэтгүүлийн редактор Ширчингийн Баатартай ярилцлаа. “Хаанаасаа хаалгач нь” гэгчээр бүхэл бүтэн сэтгүүл эрхлэн гаргах ажлын талыг нугалж, мэдээ мэдээлэл цуглуулах, бэлдэх, орчуулах, хянах, хэвлэх, түгээх гээд бүгдийг эрхлэгч Д.Цэрэндоржийн хамтаар голлон зангидаж, түүнд дэм болон чадах бүхнээ мэдэх бүхнээ, юу юунаас илүү цаг заваа харамгүйгээр зориулж явсан энэ эрхмийг нэгэн үеийн Америкийн монголчууд андахгүй. Түүний уг мэргэжил АйТи инженер. Америкийн Цахиурын хөндий дэх АйТи чиглэлийн анхны монгол инженер тэрбээр гэр бүлийн хамт Калифорни мужийн Сан-Франциско хотноо амьдарч байна.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуудад зориулан сэтгүүл гаргах санал санаачилгыг та анхлан дэмжиж хамтран ажиллах болсноор “Замдаан” сэтгүүл бодит ажил болсон гэж сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж хуучилж байсан. Та яагаад түүний саналыг дуртайяа хүлээж авсан юм бэ?

Тэр үед мэдээ мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй байсан. Цахим сүлжээ сайн хөгжөөгүй, мэдээ мэдээлэлгүй, таг харанхуй байсны дээр тухайн үед Америкт ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь гадаад орчин соёл, хөгжсөн нийгэм ямар байдаг тухайд ямар ч ойлголтгүй орж ирж байлаа шүү дээ. Эхэн үеийнхэн гэж нэрлэнэ дээ. 90-ээд оны сүүл, 2000 оны эхэн үеийнхэн ёстой л улаан нүүрээрээ асуудал бэрхшээлтэй нүүр тулж, тэр хооронд алдах нь алдаж, онох нь онож явсан даа. Ийм нөхцөлд зөв мэдээ, мэдээлэл шиг хэрэгтэй, дэмтэй зүйл байгаагүй. Д.Цэрэндорж маань монголчууддаа зориулан сонин сэтгүүл гаргах их сайхан ажил санаачилж, хамтран зүтгэх боломж надад тохиосон юм. Нөгөөтэйгүүр монгол хэл, түүх соёл, зан заншлаа хадгалж үлдэх, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг учраас энэ чиглэлд өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулахыг чухалчилсан.

- Та сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндоржтой Монголд байхын танил уу, эсвэл Америкт танилцсан уу?

Америкт анх танилцсан. Манайх гэдэг айл 1998 оны аравдугаар сард Сан Франкиско хот орчим нүүн ирж байлаа. Тухайн үед Бэй Аэриад үсрээд 60-70 орчим монгол байсан санана. Цөөхөн монголчууд биесээ андахгүй шүү дээ. Анх би Цэрэндоржийг монгол гэж ер бодоогүй, өндөр хамартай, казах хүн юм болов уу гэж хардаг байлаа. Ажлаа хийгээд явж байхтай нь ганц нэг таарч байсан. Тэгээд удаа ч үгүй Дугар найз маань биднийг танилцуулж, тэр цагаас хойш сайхан найзалж нөхөрлөсөн дөө. Гэр ойрхон, сонирхол нэг, уншсан мэдсэнээ хоорондоо ярих дуртай, ингэж л дотно сайхан нөхөрлөсөн. “Замдаан” сэтгүүлээс гадна Монголчуудын Холбоо байгуулах ажилд бас хамтран ажилласан. Хоёр гэрээрээ орж гарч, хонож өнжөөд ч атугай зорьсон ажлынхаа ард гарч, олон зүйлийг хамт амжуулдаг байжээ. Одоо Д.Цэрэндоржийнх зайдуухан нүүчихээд тэр болгон уулзаад байх нь багассан байна. Гэхдээ ямар нэг шаардлага гарвал хэзээний хамтрагч хэвээрээ хамгийн түрүүнд хоёр биеэ зориод л ирнэ шүү дээ. Ээжийг маань эмнэлэгт хүнд өвчтэй хэвтэж байхад хэдэнтээ эргэж ирсэнд нь их баярлаж явдаг.

- “Замдаан” сэтгүүлийг хийж явсан үеэ нэхэн дурсахад хамгийн түрүүнд ямар дүр зураг санаанд тань буух бол?

Шөнө дөлөөр голдуу ажлаа амжуулдаг байсан үе санаанд бууж байна. Өдрийн цагт бол бүгд ажилтай хүмүүс. Цуглуулсан материалаа бичих, нэгтгэх зэрэгт оройн цагт л тогтож суух боломж олдоно. Хэвлэх, үдэх, нугалах, дугтуйлах, хаяг бичих, марк наах гээд захиалагчийн гарт очих хүртэлх бүхий л ажил мөн л шөнө дөлөөр хийгдэнэ. Хамгийн ихдээ, бид 300 хувь сэтгүүл хэвлэж байсан удаатай санагдаж байна. Сэтгүүл бүрийг нэг бүрчлэн гараараа үдэж бэлэн болгоход асар их цаг орно. Хүүхдүүд унтахгүй, нойр нь сэргэчихсэн бидэнтэй хамтраад хийлцдэг байлаа. Принтерт мөн ч их мөнгө үрсэн дээ, олон зуугаар нь хэвлэхээр принтер тэсэхгүй, дорхноо эвдэрчихнэ. Дахиад л шинээр худалдаж авна. “Даяар Монгол” сониныг хийж байсан манай Б.Номинчимэд зовлонг нь мэднэ дээ. Цөөн тооны сэтгүүл учраас хэвлэх үйлдвэрүүд авахгүй. Бид бүгд л гэртээ гар аргаар хэвлэдэг байсан. Хүн гэдэг амьтан чинь жаахан юманд баярлана. Хүмүүсийн хэлэх баярласан, талархсан үгээр их хөөрч урамшина. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр дуртайдаа л тэгж махаа идэж хийдэг байж дээ. Харин нэг санаа зовоосон зүйл байсан нь илгээсэн сэтгүүл буцах тохиолдол. Хүний захиалга авчихаад хүргэж өгч чадахгүйдээ их санаа зовно. Зарим уншигчид жилийн захиалга хийчихээд жил тойроод хэд хэд нүүнэ. Гар утас гэж бараг байхгүй. Нүүж суусан, хаяг сольсон тухайгаа хэлэхгүй, хаачсан нь мэдэгдэхгүй, сураг тасарч алга болчихно. Ясны нүүдэлчин монгол хүн чинь нэг хаяг дээр тогтвор суурьшилтай байх нь ховор байж дээ. Аль болох хямд төсөр байр сууц хайж, хаана ажил олдоно, тэр хэрээр жилдээ хэд хэд нүүх тохиолдол цөөнгүй байсан.

- Та бол АйТи инженер хүн, хэвлэлийн загвар дизайн талын ажлыг голлон хийлцдэг байсан болов уу гэж бодмоор, гэтэл та түүх соёлын талаар сонирхон судалдаг, энэ чиглэлийн мэдээ мэдээлэл түлхүү бэлтгэн нийтэлдэг байсан байгаа юм.

Д. Цэрэндорж угийн хэвлэл, номын хүн учраас макет хийх тэр талын юмаа өөрөө сайн мэддэг, тухайн цаг үеийнхээ байж болох боломжтой хувилбараар сэтгүүлийнхээ загвар дизайныг гаргаад хийчихдэг байв. Миний хувьд доторх агуулга, материал цуглуулах, яриа авах, редакторлах зэрэг ажлыг голлон хийлцэнэ. Хэдийгээр инженер техникийн хүн ч гэлээ монгол хэл, утга зохиол, угсаатны зүй, монгол судлалын талын юм оролдох, судлах, сонирхол нэлээн эртнээс эхэлсэн. Ааваас өвлөж авсан юм мэдээж байдаг байх. Одоо ч энэ чиглэлээ орхиогүй, өөрийнхөө хэмжээнд сурсан мэдсэн, судалсан зүйлээ ном болгож, хойч үедээ үлдээх гэж хичээсэн хэвээр. Цаг зав олдвол түүх, танин мэдэхүйн чиглэлээр бичиж цахим сүлжээнд нийтлэхийг хичээдэг. Хоёр ч ном эхлүүлчихээд дуусах арай болоогүй, эргүүлж тойруулаад, засаж янзлаад явж байна. Нэг нь орчуулгын, нөгөө нь түүхийн ном гаргахаар бэлдэж байна.

- Сонин сэтгүүлийн орон зайг аажмаар булааж буй сошиал медиа их өнгөцхөн санагдах юм. Хувь хүний сонголт учраас яалтай билээ? Ер нь энэ тал дээр таны санаж бодож явдаг зүйлийг сонирхвол?

Өнөөдөр хүмүүс техник технологийн хүчээр мэдээ мэдээллийг хурдтай авч байна. Дээхэн үеийн бидэнд ийм их өргөн сонголт байгаагүй болоод тэр үү, цөөхөн байгаагаа мөлжиж судалдаг, хүлхэж уншдаг, ямар нэгэн аргаар өөрийн болгодог байсан бол өнөөгийн залуус асар өргөн сонголтоос амсаж, дөнгөж хүртэх төдий, гүнзгийрүүлж судалсан зүйлгүй байгаа хандлага түлхүү анзаарагдаж байна. Уг нь гүнзгий судалбал өнөөгийн технологийн хөгжил бүр ч өргөн боломж олгож байгаа шүү дээ. Гагцхүү нухацтай судлах сонирхол байхгүй, жаахан уртхан юм биччихэд л уншихгүй болсон байна. Бага зэрэг гадарласан зүйлээ туйлын үнэн гэж ойлгож боломгүй байгаа юм. Өөр олон эх сурвалжаас мэдээлэл авч, харьцуулж сонирхдог байгаасай. Тасралтгүй урсаж байгаа хэрэгтэй, хэрэггүй хов жив, маазрах зэргийг сонирхож алтан цагаа үрэх бус, аливаа асуудлаар нарийн сайн судалж, ярьж бичдэг соёлд суралцаасай гэж боддог. Зөв соёлоор зөв залж хөгжүүлбэл сошиал медиа их хэрэгтэй. Буруу залбал хөлгүй далайд живэх аюултай. Хагарал бутрал, бие биеэ үзэн ядах, хэрэгсэл болгоод ирвэл их хортой. Мэдээлэл хэтэрхий задгай болоод ирэхээр мөн аюул үүсдэг. Энд заавал хяналт хэрэгтэй. Хятад, Орос гээд том гүрнүүд маш их хяналттай байдаг шүү дээ. Эрх чөлөөний орон Америк бол бүр их хяналт тавьдаг. Сошиал ертөнцөд буруу нөлөө үзүүлэх мэдээлэл нийтэлснийхээ төлөө төрийн албан хаагчид ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авагдаж байна. Манайд энэ чиглэлийн зохицуулалт гарцаагүй хэрэгтэй гэж боддог.

- Монголчуудыг нэгтгэж хамтын хүчийг ашиглах тал дээр дорвитой ажил өрнүүлж, монголчуудын холбоог хүртэл тэргүүлж явсан хүний хувьд нэгдмэл байхын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ? Нэгдэх битгий хэл монголчуудаасаа хол байсан нь дээр ч гэж үздэг, зөвлөдөг хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Энэ бол зөвхөн Америкт байгаа монголчуудын асуудал биш, аливаа улс үндэстний өөрийн онцлог бодлоготой хамаатай сэдэв. Миний хувьд Орос, Япон, Америкт сурч, ажиллаж, амьдарч үзлээ. Америк бол олон ястан, үндэстний орон тэднийг ганцхан хуулиар тэгшитгэж нэгтгэдэг. Хүн бүр нэг ижил хууль дор захирагддаг. Оросуудад залгамж халаа гэж мундаг зүйл бий. Настай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь их өндөр, тэр хэрээр шинэ залуу үеэ бэлдэх тал дээр их бодлоготой ханддаг. Япон, Хятад мөн ялгаа байхгүй үндэстэн өөрийн онцлогоо хадгалж үлдэх тал дээр их ач холбогдол өгдөг. Хаана ч байсан бие биеэ их дэмжинэ. Том гүрнээ байя, манайхтай төстэй, хөгжил буурай түвд хүмүүсийн тухайд ч гэсэн бие биеэ дэмжих тал дээр мундаг шүү. Өөрсдийнхөө зан заншил, хэл соёлоо авч үлдэхэд нэгдмэл байдал маш их үүрэгтэй. “Олны хүч оломгүй далай” гэж нийлж, оюун санаагаа уралдуулж аливаад хандсанаар хийж хэрэгжүүлж байгаа ажил далайцтай, үр өгөөжтэй байх нь гарцаагүй. Тухайлбал, эндэхийн түвдүүд өнөөдөр өөрийн гэсэн байр сууцтай, тогтмол ажиллагаатай байж хамтран зүтгэсний хүчинд Стэнфордын Их Сургуульд жил бүр оюутан сургахаар тохироонд хүрч чадсан байх жишээтэй. Гэтэл бидний бодит байдал монголчуудын холбоод өөрийн гэсэн байргүй, ихэнх нь түрээстэй, зарим нь түрээсийн ч байргүй байгаа нь бид хэр эв нэгдэлтэй байгааг хэлээд өгөх байх даа. Монголчууд цөөхөндөө биш, нэгдсэн эрх ашиг, бие биеэ дэмжих тал дээр хойрго байгаа учраас аливаа төсөл хөтөлбөрүүд зогсоход хүрч байна. Сонин хэвлэл ч ялгаа байхгүй, сэтгэлтэй хэдэн нөхөд зүтгүүлээд байдаг, гэвч хийж байгаа ажлын цаад мөн чанарыг үнэлж бодитой хөрөнгө оруулах, дэмжих тал дээр дутмаг учраас санал санаачилгууд зогсоход хүрч байна. Хүмүүс ганц нэгээрээ байж болно. Өөрийгөө болгоод явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадаад улс орон, орчин өөр юм хойно үндэстний онцлог, монгол хэл, соёл тодорхой хэмжээгээр орхигддог. Ялангуяа хүүхдүүдийн хувьд, Америкт өссөн шинэ үеийнхэн хэл соёлоо маш хурдтай гээж байгаа нь анзаарагддаг, бас их түгшээдэг. Уг нь бол бид юуны өмнө үр хүүхдэдээ монгол хэл, өв соёлоо заадаг, хичээл зүтгэл гаргадаг баймаар байгаа юм. Энэ чинь эх оронч сэтгэлгээ. Төрөлх хэлээ алдвал өөрийн соёл иргэншил бүгдийг алдана. Монгол хэлээ мэдэхгүй болчихоор л монгол хүн биш болчихож байгаа хэрэг юм. Америкт өсөж байгаа хүүхэд зөнгөөрөө монгол хэлээ сурна гэж байхгүй, заавал бидний дэмжлэг, золиос, зориулалт, зохицуулалт хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ тал дээр их няхуур хандаасай. Ямар ч хичээл зүтгэл гаргахгүй бол хэл соёлыг авч үлдэх хэцүү. Манайхан америк сургалтын чанарыг голоод л байдаг. Хүүхдэд тоо, математик олигтой заасангүй гэж чамладаг. Гэтэл америк сургалтын гол цөм ерөөсөө л англи хэл. Хэлээ л заадаг. Уншихыг л чухалчилдаг. Үүний үр дүнд энгийн америк хүүхдийн хэл яриа хурц, өөр хоорондоо ойлголцох соёл өндөр, өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, тал дээр их хөгжсөн байдаг шүү. Хэлийг хөгжүүлэхэд сэтгэхүй хөгждөг. Хэл байгаа газар үндэстэн оршин тогтнодог. Энд нэгдмэл бодлого хэрэгтэй. Хамгийн наад зах нь эх хэлээ үр хүүхдүүддээ эзэмшүүлэх чиглэлд нэгдэж ажиллах шаардлагатай санагддаг.

Танд баярлалаа.

Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан