Колумбын Их сургуулийн эрдэмтэд Нью Йорх Таймс сониноос АНУ-д ковид19 вирус хэрхэн тархаж байгааг хянан цуглуулж буй мэдээлэлд суурилан цаашид хэрхэхийг таамаглах загвар гаргажээ. Их өгөгдөл дээр суурилсан машин сургалтын иймэрхүү загварыг олон их сургууль, судалгааны багууд бүтээхээр туршиж байна. Жонс Хопкинсын ИС-ийн загварыг олон байгууллага, хүмүүс харж байгаа. Тархалтын байдлыг тодорхойлоход маш олон хүчин зүйл нөлөөлж буй тул 100 хувь магадлалтай загвар гэж байхгүй. Гэхдээ л иймэрхүү загваруудаас санаа авах зүйл их байна.
Колумбын ИС-ийн загвараар дараагийн хэдэн сард өвчний тархалт гурван тохиолдолд яаж өөрчлөгдөхийг гаргажээ. Огт ямар ч арга хэмжээ авахгүй (no intervention), зарим нэгэн арга хэмжээ авбал (some control measures), өндөржүүлсэн байдлаар цогц арга хэмжээ авбал (severe control measures) гэсэн байдлаар зураг дээрээс тархалтыг хараарай.
Яг одоогийн байдлаар тархаж буй хурдыг талд нь хүртэл зогсоолоо л гэхэд дараагийн хоёр сарын дотор Америкт 650000 хүн халдвар авсан байх магадлалтай гэнэ. Баруун зүүн эргийнхэн вирусны довтолгоонд эхэлж өртөөд дундуурх мужийнханд өвчлөл арай хожуухан цар хүрээгээрээ өргөн орж ирнэ гэдэг таамаглалыг муж бүрээр харуулсан инфографикаас харж болно.
Хамгийн аюултай нь АНУ-д ковид19-ийн тест хүрэлцээгүй байгаагаас халдвар авсан ч сүйдтэй өвдөх шинж тэмдэг илрээгүй хүмүүс вирусыг бусдад халдаах явдал. Ингэж илрээгүй тохиолдлын тоо одоо байгаа халдвартай хүний тооноос 11 дахин их байж магадгүй гэжээ. Иймээс аль болох гадуур гарахгүй байж, баталгаат эх сурвалжаас өгч буй зөвлөгөөг чандлан сахих нь хамгаас чухал болж байна.
Хэнэггүй монгол зангаас салж, санаагаа хэт зовоолгүй, сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх цаг иржээ.