Хорин нэг хоногийн гэрийн хорио: 65 дахь өдөр

Харих замд. Нарлаг Сан Франциско

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг дээ. Трамп Ерөнхийлөгч эхлээд хумхаа өвчний эмийг корона вирусыг эмчлэхэд тустай гэж сайрхаж яриад их байсан билээ. Америкийн Өвчнийг хянах, сэргийлэх төвөөс "Хумхаа өвчнийг анагаах эм hydroxychloroquine нь корона вирусыг эмчлэхэд тустай болох нь шинжлэх ухааны хувьд батлагдаагүй. Харин зүрхний шигдээс үүсгэх өндөр эрсдэл дагуулна" гэж мэдэгдсэн юм. Гэтэл Трамп Ерөнхийлөгч корона вирусын халдвар авахгүйн тулд өөрөө тус эмийг ууж байгаа гэдгээ зарлаж, эмч нарын нүдийг орой дээр нь гаргав. Зориуд догиож, бас мугуйдлаад, тийм гоомой юм хийж байгаад чад хийвэл яана.

Лалын шашинтны хувьд рамадаан хэмээх мацаг сар эхэлсэн билээ. Эхний гурван шөнө моск сүмдээ цуглаад, тарийх ч билэв үү нэг чухам ном хурдаг. Энэ жил корона вирус дэлгэрсэн тул цуглаанаа цахимаар хийж буй гэнэ. Нар мандахаас нар жаргах хүртэл хэлэн дээрээ юм тавихгүй яваад, оройдоо цуглаж хоолоо хамтдаа иддэг. Энэ жил бол гэр гэртээ л хооллож байна. Америкт буй лалын сүмүүд рамадааны үеэр гол хандив мөнгөө цуглуулж, тэр жилийнхээ үйл ажилгааны зардал, сургууль ажиллуулах зардлаа олдог ажээ. Манай энд Сан Хосе хотноо 1500 орчим мөргөлчтэй лалын нэгэн том сүм бий. Тэр сүм рамадааны үеэр 2 сая орчим долларын өргөл барьц олж, бүх зардлаа даадаг юм байна. Энэ жил хүн биечлэн цуглахгүй, зөвхөн онлайнаар хурал цуглаанаа хийж буй тул дорвитой хандив цугласангүй, одоо яаж сүмийн урсгал зардал, сургуулиа явуулна даа гэж гаслан ярьж байна. Аяган чиний улаан нүүр халз тулахгүй бол хандив цугладаггүй бололтой. Гэхдээ л айлын хүүхдүүд айхтар юм аа. Хөөрхий бидний борог монголчууд зовсон нэгэндээ туслахаар хандив цуглуулах гэж яаж махаа иддэг билээ. Хажуугаар нь хуруу нь ч хөдлөөгүй нөхөд хэрхэн хэл ам таталдаг билээ. Бид ч тэгэхээр энд нутагших яагаач үгүй, нийгэмших царайгүй ёстой буруу хойшоо амьтад байна даа.

Калифорнийн их сургууль 10 салбар их сургуулиас бүрддэг. Энэ удаад корона вирусын хямралаас болж, 1.5 тэрбум долларын алдагдалд оржээ. Зардлаа 10% хэмнэхийн тулд зарим ажилчдынхаа цалинг царцаах гэнэ. Ажлын байраа алдаагүй ч цалингүй, дээр нь ажилгүйдлийн татвар авахгүй тул тэдгээр хүмүүс чардайх нь байна. Хаа сайгүй иймэрхүү өлөн зэлмэн дүр зураг тодроод байна. Өчигдөр Костко ортол 400г махны үнэ 3 дахин нэмэгдэж, 9-11$ болжээ. Мах олдохгүй гуриатаад байвал Аргентин руу нүүлтэй биш яадаг шүү юм билээ дээ. Тэр ч яахав наргиан, цагаан хоолтон болчиход л асуудал шийдэгдчихнэ.

Өдөржин дэлгэц ширтэж, оймгүй их ажлаа нухсан тул нүд аргаж, хүзүү хөшмүй. Ингэсгээд тэмдэглэлээ хумья. Сайхан амраарай!

Ш.Баатар
2020.5.20