Америкийн ихэнх мужууд, түүний дотор Калифорни муж маань тодорхой шатанд эдийн засгаа нээлээ. Мужийн захирагчийн гаргасан шатлалаар бид 2-р шатандаа буюу дэлгүүр, ресторан (зааландаа үйлчлүүлэгч хүлээж авах), казино гэхчилэн ихэнх бизнесүүд энэ 7 хоногт, зарим нь 5-р сарын сүүлээр, 6-р сарын эхэнд ажиллаж эхлэхээр болжээ. 3-р шатанд буюу сүм хийд, фитнэс, парти, концерт гэхчилэн олноор нэг дор цугларах үйл ажиллагаанууд нээгдэх ёстой ч одоогоор олон христийн сүмийн пасторууд нийлж Калифорнийг шүүхэд зарга мэдүүлсэн ба 5/31 гэхэд зөвшөөрсөн зөвшөөрөөгүй үйл ажиллагаагаа нээхээ мэдэгджээ.
Хамгийн бага халдвартай гэгдэж байсан Butte county-ийн нэгэн сүмд ээжүүдийн өдрөөр 180 гаруй хүн цугларсан ба энэ үйл ажиллагаанд вирусын халдвартай хүн оролцсоноос бүх хүмүүсийг олж шинжилгээнд хамрүүлах, халдвартайг олж тусгаарлах гээд нэлээд ажил болсон нь ч сүмийн захиргаанаас гарах ёстой эрсдэл гэж үзэж тоохгүй хандаж байна лээ. Мужийн захирагчийн санаа зовж байгаа зүйл нь иймэрхүү байдлаар алс хот, каунтид халдвар ихээр тархвал эмнэлэгийн хүчин чадал, хотын санхүү нь дийлэхгүй хэцүүднэ гэж л одоохондоо хориглож байгаа юм. Дээрхийн адилаар өөр муж, улм орнуудад нийтээр цугларахыг зөвшөөрсөн газруудад халдвар маш өндөр хэмжээтэй тархдаг нь тоо баримтаас ил байгаа тул хэдийгээр эдийн засгаа ажиллуулсан нь ч олон нийтээр цуглах үйл ажиллагааг вакцин гартал хориглохыг эрдэмтэд ЗГ-ууддаа анхааруулсаар байна. Австралид олноор цугларахыг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй газруудад өвчний тархалтын хэмжээг харьцуулан харуулсныг доорх графикаас хараарай. Цэнхэр нь зөвшөөрсөн газар, дундах нь 50 хүртэлх тооны хүмүүсийн цугларалтыг зөвшөөрсөн газар, олноор цугларахыг огт зөвшөөрөөгүй газруудын тархалтыг тус тус харуулжээ.
Иймд нэгэнт эдийн засаг хөдөлж эхэлсэн тул ажил төрлөө удахгүй хийнэ, гадуур дотуур явах чинь ихэснэ, үүнтэй уялдаад вирусын тархалт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг ойлгож ялангуяа хамгийн их эрсдэл дагуулж байгаа олон хүн цугларсан газрууд, үйл ажиллагаанд оролцохгүйг тун хичээгээрэй.
Өмнө дурдаж байснаар contract tracers буюу халдвартай хүнтэй харьцсан хүмүүсийг олж илрүүлж тэдэнд халдвартай байж магадгүйг, арга хэмжээг сануулах шинэ мэргэжил ажилчид бий болж сургалтаар бэлтгэгдээд ажилдаа орсон байна. Одоо ч зөндөө хотуудад ажилд авна гэсэн зар тавьж байгаа гэнэ лээ. Маш хурдан сураад тест авч сертификат аваад интернэттэй бол хаанаас ч ажиллаж болно. Цагийн $17-$25 гэсэн. Тэднийг утастаж залгахад нь хүмүүс янз бүрээр хүлээж авдаг гэнэ. Зарим нь таагүй үл итгэх байдлаар, зарим нь талархаж гэх мэт. Зарим оронд бол ингэж нялагнахгүй ш дээ. Цагдаа нь энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм чинь.
Америкийн хүний биеийн температурын хэмжээг дэлгэцэн дээрээс харж болдог төхөөрөмж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд ихээхэн эрэлттэй байгаа гэж байна. Онгоцны буудал, компани үүдэн дээр гэхчилэн шалгалтын цэг дээр ачаа шалгадаг шиг хүний температурыг өнгө өнгөөр дэлгэцэн дээр хардаг эдгээр төхөөрөмжүүд ихээхэн дэлгэрэх нь дээ.
За одоогоор дээрх төвөгтэй бүх асуудлыг шийдэх цорын ганц зүйл гэж найдлага тавьж байгаа вакцины явцыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байна. Учир нь хөл хориог өвчний тархалтыг эмнэлэг, хүчин чадлын хэмжээнд удаашруулж, түр бууруулахаас удаан хугацаанд барих нь тогтвортой шийдэл биш болох нь тогтоогдож байна.
Хамгийн сүүлд Moderna компанийн вакцины хүн дээр хийсэн туршилт амжилттай болсноо зарласан. Энэ компани Доктор Fauci-ийн удирддаг Америкийн Үндэсний халдвар, харшлын институттай хамтарч ажиллаж байгаа ба уг вакцин ковид вирусыг агуулаагүй ч түүнийг бүрдүүлэгч материал болох RNA-ыг агуулах ба хүний эсэд ормогц вирусын гаднах бүрхүүлтэй төстэй протейн үүсгэснээр хүний дархлааны систем үйлчлэл үзүүлж үүний дүнд яг жинхэнэ вирусын эсрэг дархлаатай болох юм байна. Энэ туршилтанд 18-55 насны 45 эрүүл хүмүүс оролцож 3 өөр төрлийн дозоор вакцин хийлгэсэн ба үүний дараа тэдэнд өвдөөд эдгэрсэн хүмүүсд үүссэнтэй ижил болон түүнээс өндөр хэмжээнд эсрэг биет биенд нь үүссэн байна. Эдгээр эсрэг биетийг лабароторид вирусын халдвартай эс дээр туршид үзэхэд гэж вирусыг цаашид олшруулалгүй зогсоож чадаж байсан бөгөөд уушгинд вирусын олшрохоос бүтэн хэмжээгээр хамгаалж чадаж байна гэж мэдэгджээ. Мөн туршилтанд оролцогчдод ямар нэгэн хүнд дагавар нөлөөлөл үзүүлээгүй гэжээ. Дараагийн удаад 55-70, 71-ээс дээш 2 өөр насны ангилалд туршилт давтагдах юм байна. Уг компани Бостоны ойролцоо үйлдвэртээ 100 сая доз үйлдвэрлэх хүчин чадалтай, мөн Швецарийн Lonza-тай хамтардаг тул хэмжээг 1 тэрбум хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж байна.
Johnson and Johnson, Pfizer inc, AstraZeneca PLC, Sanofi гээд хэд хэдэн компани хүнд дээр туршилтаа эхэлсэн гэдгээ мэдэгдсэн. Johnson and Johnson дараа жилийн эхэн гэхэд эхний хэсгийг түргэвчилсэн шаардлагаар нийлүүлэх байх гэж найдаж байгаа. Голланд дахь үйлдвэр нь 300 саяийг жилд үйлдвэрлэх боломжтой. Pfizer Inc. хэд хэдэн боломжит хувилбаруудыг туршиж байгааг өмнө нь бичиж байсан. Энэ намар гэхэд 10-20 саяийг яаралтай шаардлагын үүднээс үйлдвэрлэж нийлүүлэхийг зорьж байна. AstraZeneca PLC Их Британы ЗГ-аас 1.2 тэрбум доллар санхүүжилт өгөхөөр тохиролцсон, энэ зун гэхэд 30 мянган хүн дээр вакцины туршилтаа Америкт эхэлнэ гэж байна. Өмнө Оксфорд 1100 хүн дээрх туршилтаа 4 сард эхэлсэн, хэрэв амжилттай болбол 10 мянган хүнтэй болгож нэмэгдүүлэх аж. Хэдийгээр тухайн вакцин амжилттай болох магадлал нь 10 хувиас доош, зарцуулсан мөнгөө буцааж олох магадлал бага ч дэлхий нийтээрээ, ЗГ-ууд хэдэн тэрбумаар зарцуулж айхтар вирусыг дарж авах санаатай зүтгэж байна. Вакцин, эм боловсруулалт нь маш их хугацаа, хөрөнгө шаардсан ажил ч хэдэн сая хүний амийг аврах учраас эрдэмтэн, судлаачдаа шинэ санаачлага, бүтээгдэхүүн гаргахад ЗГ, ашгийн бус сангуудаас дэмжсээр байдаг. 2007 онд Гэйтс сангаас pneumococcus бактерийн эсрэг вакцин нээж олох 1.5 сая долларын шагналын сантай уралдаан зарласны дүнд эрдэмтэд нэг доз нь $2 өртөгтэй 3 сайн төрлийн вакцин олж 150 сая хүүхдэд өгснөөр 700 мянган хүүхдийн амийг аварчээ. Мэдээж хамгийн хэрэгцээтэй орнуудад нь энэ мөнгийг төлөх мөнгө үгүй тул шагналын мөнгө нь тэдний ашиг болж асуудлыг шийдэж чадсан байдаг. Иймэрхүү шинэ санаачлага олон сая хүний амийг авардаг. Малари өвчнөөр Африкт маш олноор хүн амь насаа алддаг. Энэ өвчний зөөгч шумуулаас хамгаалах жирийн орны торыг Вьетнам, Францийн эрдэмтэд бодож олсон. 2003 онд Гэйтс сангаас санхүүжилттэйгээр орны тороор хангаж эхэлснээр малари өвчлөл 2003 оноос хойш 2 дахин буурч, 6 сая хүнийн 70 хувийн амийг аварсан гэсэн тооцоог Nature сэтгүүлд гаргажээ.
Бага зэргийн инээдтэй мэдээ унших уу. Өнөөдрийн сонин дээр онлайнээр ажил, Zoom уулзалт энэ тэрд орж байхдаа хүмүүсийн давхар эрүү дэлгэцэнд дээр илүүтэй ажиглагдаж байгаагаас давхар эрүүгээ арилгах гоо сайхны мэс засал огцом нэмэгдсэн гэжээ. Түүнчлэн саяхан хүүдээ ярьж инээлгэж байсан юм. Гэртээ байгаа дээрээ хоол хийж сурах гэж хүмүүс ихээр оролдож байгаагаас үүдээд түргэнд түлэгдэлтэй хүмүүс ихээр ирж байгааг мэдээлсэн байсан юм.
Өө нээрээ Netflix дээр Inhuman Resources гээд франц цуврал хөөрхөн кино байна лээ.
Цар тахлаас болж олон хүн гэртээ суусан, мэдээлэл хүргэх хэрэгцээ их байсны улмаас нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичих үүрэг өөртөө хүлээгээд өнөөдрийг хүрчээ.
Одоогоор ихэнх орнуудад байдал гайгүй тогтворжиж эхэлсэн тул цаашид цар тахалтай холбоотой онц чухал мэдээлийг болон өөрийн өмнө баримталж байсан монгол ах дүүст хэрэгцээт мэдээллээ үргэлжлүүлэн товч хүргэх эхлэх болно. Миний бичсэн уртаас урт бичвэрийг маань залхууралгүй уншиж байсан, сэтгэгдлээ бичиж байсан та бүхэндээ үнэхээр их баярлаж байгаа шүү.
Түмэн амгалан байх болтугай.