Хятадад байдал тогтворжсон тул гадаадад өгөх туслалцаагаа нэмэгдүүлж алингаа алдан сандарч байгаа Америк болон Европийн холбооны зайг нөхөхийг оролдож байна гэж бичигдэж байна. Хятадын ЗГ-аас 3 дахь өдөр шинээр 90 хүн вирустай илэрснээс 52 нь гадаадаас халдвар авсан хүмүүс гэж мэдээлжээ. Бизнесүүд бага багаар хэвийн үйл ажиллагаагаа эхэлж байгаа гэнэ.
Нью Йорк хот нийт 92300 хүн вирусын халдвар авсан нь тогтоогдсон өвчлөлийн хамгийн хүнд төв хэвээр байна, дээр нь New Orleans-д байдал хүндэрч эхлэх шинжтэй байна. Учир нь 2 сард тэнд Mardi Gras том баяраа тэмдэглэснээс үүдсэн бололтой. Мөн Detroit, Louisiana -д байдал хүндрэх шинжтэй. Мужууд хэрэгцээт маск, амьсгалын аппаратын асуудлаа шийдэх гэж янз бүрийн л арга хэрэглэж байх шиг байна. Massachusetts эмнэлгийн ажилтнуудын хамгийн хэрэгцээт N95 маскийн хомсдолоо шийдвэрлэхээр хөл бөмбөгийн алдарт Patriot багийн онгоцыг ашиглаж Хятадтай зөвшилцөл хийсээр арай гэж Шанхай онгоцны буудалд 3 цагийн хугацаанд түр зогсох эрх авч 1.2 сая маск багтаагаад ачиж иржээ.
Америкт нийт 242182 халдвар бүртгэгдэж, 5850 нас барч 8991 хүн эдгэсэн, 40 орчим сая хүнтэй Алтан мужид маань нийт 10 мянган хүн халдвар авч, 217 хүн нас бараад байна гэж өнөөдрийн сонингуудад мэдээлжээ. Мужийнхан маань хөл хориог сайн мөрдөж байгаа ч 1, 2 томоохон сүмүүд эрх чөлөө энэ тэр гээд үйл ажиллагаагаа хийсээр байгаад мужийн захирагчаас хотын захиргаадад хяналт тавих үүрэг өгсөн байна. Хөгшчүүл их явдаг энэ тэрээс үүдээд Сак каунтид гэхэд л халдвар авсан хүмүүсийн 1/3 нь сүмийн гишүүд байна гэж мэдээлсэн байгаа.
Эмчилгээ, тестийн хувьд хэдэн зүйл яригдаж байна. Юуны түрүүнд тестийн багаж нь хурдавчилсан байдлаар боловсруулагдаж, үйлдвэрлэгдэж, бэлтгэгдсэн болохоор тэр үү шинжилгээний дүн бүрэн найдваргүй, халдвар авсан хүмүүсийн 3 хүн тутмын нэгнийх нь тестийн дүн сөрөг гарч байна гэж үзэж байна. Иймд хэдийгээр дүн нь сөрөг гарсан нь ч өвчний шинж тэмдэг бүхий хүмүүсийг тусгаарласан хэвээр байлгах заавар гарсан бололтой. 2 дахь нь улс орнуудаас авсан датагаар эрэгтэйчүүд илүүтэй энэхүү вирусын халдварыг авч байна гэнэ. Жишээ нь Италид нийт нас барагсдын 70% нь эрэгтэйчүүд байжээ. Өмнө гарч байсан томоохон халдварт өвчний үед ч гэсэн бас ялгаагүй байжээ. Үүнд тэдний биеийн эсэргүүцлийн систем нь эмэгтэйчүүдийнхээ арай өөр (эмэгтэйчүүдийнх арай түргэн сэргэдэг), дээр нь тамхины хэрэглээ эрсдэл ихтэй амьдралын заншлууд нь нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд бичжээ.
Нөгөө нь шинээр эмчилгээнд эдгэрсэн хүмүүсийн цуснаас гаргаж авсан антибоди эсрэг биетийг хүндээр өвчилсөн хүнд шилжүүлэх аргыг туршиж байна. Эдгэрсэн хүмүүсээс маш олон хүн цусаа хандивлаж байгаа бөгөөд үүнийг тусгай машинаар шүүж плазмыг аваад өвчтөнд өгч, харин цагаан, улаан эсийг донорын биенд нь буцааж хийдэг аж. Донорууд өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй, корона вирусын халдвар авсан нь тогтоогдсон байх ёстой бөгөөд дахин вирусгүй гэдгийг шинжлэнэ Эсрэг биет бүхий плазм нь өвчтөний биед орсноор вирусыг онилж устгаж эхэлдэг байх нь. Үүнд үндэслээд химийн аргаар эсрэг биет үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнээс гадна нэгэнт дархлаатай болсон хүмүүсийг антибоди байгаа эсэхийг нь шинжилгээгээр тогтоож тусгайлан гэрчилгээ олгогдох тухай ч энэ тэнд хэлэлцэгдэж байна. Тийм гэрчилгээтэй хүмүүс гадуур дотуур хамаагүй хэсэх эрхтэй болохнээ дээ. Их Британид 3.5 сая антибоди тест багцыг захиалж, халдвар аваад эдгэрсэн айл гэрт тараах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Германд энэ тал дээр томоохон судалгаа явагдаж байгаа, Голландад хэдэн мянган шинжилгээг хийж эхэлсэн гэж WSJ-д бичсэн байна.
Ямартаа ч айлын хүүхдүүд амьдралаа нэг хэвийн болгож, айдас, санаа зоволтоор сэтгэлээ эзэмдүүлэлгүй, сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд сэтгэмж ухаанаа зарцуулж, санаачилж байна. Зарим нь янз бүрийн хоол шинээр хийж сурч, зарим нь 5 дахь бүр найз нартайгаа хундагатай виртуал уулзалт хийж байна. Бие биендээ туслах нь мөн сэтгэл санааны баясал авчрах бөлгөө. Хэл муутай нэгэндээ ажилгүйдлын тэтгэмжид нь бөглөөд өгөхөд л их тус болох билээ.
Манай эндхийн бичигч идэвхтнүүд сайн дурын үүргээ маш сайн биелүүлж байгаад баяр хүргэе. Миний бие гэхэд л ядаж 7 хоногт нэг удаа хүнд хэрэгтэй мэдээлэл бүхий пост оруулах төлөвлөгөөтэй ч одоо бол өдөр бүр бичихээр хичээж байгаа билээ. Түмэн амгалан байх болтугай.