"Лос Анжелес - 2028" олимпийн хуваарь гарлаа

Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Зуны Олимпийн XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо явагдах билээ.

"LA 28" Олимпийн наадмын хөтөлбөрт 36 спорт багтсан. Тэгвэл эдгээр спортын уралдаан тэмцээний хуваарь гарлаа.

Хэдийгээр "Лос Анжелес - 2028" олимпийн наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох авч, долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ.

Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхэлнэ.

Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар сарын 15-нд тодрох бөгөөд триатлон, жүдо, хөнгөн атлетик, рагби-7, буудлага , сэлүүрт завины төрөлд анхны аваргууд төрнө.

Олимпийн наадмын хаалтын өдөр буюу долдугаар сарын 30-нд бокс, чөлөөт бөх, марафон, дугуй, усанд сэлэлт, мөн сагсанбөмбөг, волейболын төрлийн шигшээ уралдаан, тоглолт болох юм.

"ЛА 28" олимпийн наадамд тусгайлан зориулж нэг ч шинэ байнгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж барихгүй бөгөөд "Тамирчдын тосгон"-д Калифорнийн Их сургуулийн оюутны байрыг ашиглах ажээ.

Мөн алдарт "Rose Bowl", "Los Angeles Memorial Coliseum" цэнгэлдэхүүд Олимпийн наадмын уралдаан тэмцээнийг гурван удаа ( 1932,1984,2028) хүлээн авсан анхны цэнгэлдэх хүрээлэнгүүд болох юм.

Лос Анжелес болон түүний дагуул хотуудаас гадна Сан Диего, Сан Франциско хотуудад хөлбөмбөгийн тоглолтууд явагдах ажээ.

Зуны олимпийн ХХХIV наадам эхлэхэд 1086 хоног үлдлээ.

Ц.Энхтүвшин
Таван цагариг сонин