Би Монголынхоо зөвхөн сайн сайхныг л хараад ирлээ

Зургийг Дагвын Содбилэг

Прайм
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Насны залуу, ухааны дутууд нутгаасаа гарсан болоод ч тэр үү? Эх орон, Монгол хүний үнэ цэнийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй явсаар өдий хүрсэн гэдэгт өөртөө итгэхэд ч бэрх санагдана.

Хориод жилийн өмнө, Монголоос хөөрөх өдрийг хоног тоолон хүлээдэг байсан бол өдгөө, Монголд газардах өдрөө тэсэн ядан хүлээдэг болжээ. Та сайн явж байна уу? Хэмээн эх хэлээр мэндчлэх Монгол онгоцны хөөрхөн үйлчлэгч охиныг тэврээд авмаар.

Чингис Хаан олон улсын нисэх буудлын хаалгаар гармагц, ёстой л тэнгэрийн оронд ирчихсэн гэлтэй. Хөх мөнх тэнгэр минь ямар ойрхон санагдсан гээч, хонин цагаан үүлсийг шүүрч аваад гар цүнхээ дүүртэл хийчихмээр тэнгэрт дэндүү ойрхон мэдрэмж. Би энэ содон гоё тэнгэрт ойрхон мэдрэмжийг Монголдоо ирэх бүртээ мэдэрдэг дээ.

Хүн ядархаар ургаа гэдгийг бичигдээгүй хуулийн дагуу, гэнэтхэн нутгийн зүг жолоо залах болж, хүлээх өдрийн тоо цөөтэй тулдаа нойр хоолноос бүр гарчилгүй онгоцонд суулаа. Солонгосын Инчеон нисэх онгоцны буудлын гучдугаар хаалганы ойролцоо хоёр талаас гүйн гүйсээр тэврэлдэн уулзсан хоёр эмэгтэйг харсан бол нэг нь би, нөгөө нь эгч маань байсан юм аа. Эгчдээ тэврүүлсэн тэр л мөчид эргээд би хүүхэд насандаа оччихсон.

Ээжийнхээ, дөрвөн сайхан эгчийнхээ хайранд умбаж, эрх танхил өссөн зан өдий дөчийн дөрөө давсан хэрнээ яг л хэвээрээ. Эхнээсээ жаран насыг удахгүй угтах гэж буй эгч нарынхаа нас нь өгсөж явааг ч мартчихсан, эгээ л хүүхэд зангаараа тэдэндээ эрхэлж, бас тунирхан айлгах цаанаа гоё.

Дөрвөн сайхан эгчтэйгээ тавуулахнаа цагийг өнгөрөөж, хүүхэд насны дурсамжаас эхлээд сэтгэл зүрхний гүн доторх мэдрэмжээ хуваалцах үнэхээр сайхан байлаа.

Ахтайгаа хамт бөглөрөөнд орох замдаа хамаатан садныхаа тухай яриулж, хөгжилдөн инээлдлээ. Ижийтэйгээ зүгээр л хамт байж, зүсийг нь ойроос харж, бүлээн амьсгалыг нь мэдэрч, биенд нь наалдан тэврүүлэх шиг тайвшрал, амгалангийн дээд жаргал өөр хаа ч байсангүй.

Өөрийн төрсөн мэт намайг хайралдаг хүргэн ах нар минь, ганц ирэхэд нь ганцааранг нь таксигаар явуулахгүй, дааруулахгүй, өлсгөхгүй гээд өөрсдийн ажил амьдрал бизнес, үр хүүхдээсээ намайг түрүүнд тавин, бүхнээ надад зориулах, хүний сайхан сэтгэлийг мэдрэх үнэхээр гайхамшигтай.

Өсч томроод өөрийн гэсэн гэр бүл, үр хүүхэд, ажил албатай болсон хэдэн дүү нартаа бас эрхэлж жаргалаа. Өөрийг нь өчүүхэн жижгээр нь мэддэг байгаад, өөрөөс нь хүүхэд гарчихсаныг харах бас их сонин хэрнээ сайхан мэдрэмж байдаг юм байна. Миний жоохон дүү нар ийм сайхан бүсгүй, залуус болоод, ажил амьдралаа амжилттай аваад аав, ээж болчихсон байна гэхээр бахархах, баярлах бас дүү минь гэж өрөвдөх сэтгэл хүртэл төрлөө.
Өмнө нь очиход нялх балчир байсан үрс, танигдахын аргагүй бага, дунд, ахлах ангийн сурагчид болсоныг нүдээрээ хараад арай л удаж ирсэнээ ойлгов.

Туг ч барьсан, тугал ч хариулсан хэзээд хажууд минь байж, Монголд очих бүрт хайраар булж, ханатлаа инээлддэг дөрвөн сайхан найздаа баярлалаа.

Монголоо би дэндүү их санажээ. Машины бөглөө, зам гарах аюулт мөчүүд ч намайг мохоосонгүй. Харин ч би бөглөрөх тоолон, хэн хамт яваа нэгэнтэйгээ дахин холбогдох алтан боломж олдсонд баярлаж сууна.

Зөвхөн миний төлөө, өөрсдийн амьдралаа түр зуур зогсоон, алтан цагаа зориулж, намайг аргадаж, энхрийлж, халамжилж, хайрлаж, уйлуулж, инээлгэж, асарч, надтай хамт байсан гэр бүл, тоотой хэдхэн найз нартаа баярлалаа.

Та нарынхаа хайранд бөмбрөн, халамжинд нялхран үгээр хэлэхийн аргагүй сэтгэл амарч, зүрх хайллаа.

Хувь заяаны зургаар ч юм уу? Цаг үеийн сонголтоор ч юм уу? Тив алгасан, алсын алсад амьдрахдаа боломж олдвол өөр орон нутаг үзэе гэх гэнэн бодолтой амьдарч явжээ. Дээрээс нь өдөр тутмын хуанли доторх амьдралдаа хэт орж, соёлын ялгаанд өөрийн эрхгүй уусч, түүнийгээ анзаарч мэдрэхгүй явсаар өдий хүрсэн болов уу?

Монгол ээжийн тухай дуу сонсож чадахаа бүр больсон, морины тухай дуу сонсвол нулимс тогтохоо байсан бол, Монгол нийгэмшлийн дутагдал, соёлын ганцаардалд орчихсон байж мэдэх.

Би Монголынхоо зөвхөн сайн сайхныг л хараад ирлээ. Цахим үйлчилгээ гайхалтай сайн хөгжжээ. Орон сууц, барилгын чанар дээшилж, энд байхгүй технологиуд нэвтэрсэн байна. Зүгээр л энгийн айлын хаалга хурууны хээгээр нээгдэнэ гээд бод. Эрүүл мэндэд хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүнүүд чанартай, үнийн хувьд ч боломжийн санагдсан. Сэтгэцийн эрүүл мэнд өндөр хурдтай, сайн хөгжсөн байна. Эрүүл мэндийн систем юун Америктай зүйрлэх, хол түрүүлжээ. Угаасаа Америкийн эрүүл мэндийн системд муугаараа дэлхийд тэргүүлдэгийг анх Америкт ирсэн жил сургууль маань баримтат кино үзүүлж ой ухаанд ортол ойлгуулж билээ.

Сургуулийн гадаа эцэг эхчүүд ээлжлэн зам гарахад нь тусалж ,туг барьдаг болсонд би үнэхээр баярласан.

Миний орсон үйчилгээний салбарын хүн бүр соёлтой боловсон харьцаж, намайг аниа энэ тэр гэж аль дээрийнх шиг дуудаагүй. Авсан үйлчилгээ бүхэн чанартай байж чадсан.

Мэдээж дэлхийн хаана ч амьдрахад сайн муу тал гэж байна. Чухам амьдралын аль сайн мууг дааж амьдармаар байна вэ? гэдэг л чухал.

Надад ихийг бодогдуулан, ухааны царааг нэмж, аугаа их хайранд бөмбөрөн, зүрхэнийн гүн дэх сэтгэлийн хэн ч хүрэмгүй, юу ч тайлбарламгүй нандин утас хөндөгдөснөө хөглөгдсөн аялал байлаа.

Удаан бодсоны эцэст би нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Энд амьдрахад сайхан зүйл олон ч хэрэв амьдралд ямар нэг хэцүү зүйл тохиолдоход, тусламж хүсэж, найдах хэн ч байхгүй. Зөвхөн мөнгө, эд материалын тусламж биш л дээ, сэтгэлийн баталгаа гэмээр ч юм уу? Цор ганцаараа биш гэдэг мэдрэмжийн тухай яриад байгаа юм.

Намайг гэх хүмүүс байгаа, би ганцаараа биш шүү гэдэг сэтгэлийн амар амгаланг хүн зөвхөн эх орноосоо, өсөж төрсөн гэр бүлээсээ авдаг аж.

“Та аян замдаа сайн яваад, зорьсон газраа хүрээд, удахгүй эргээд ирээрэй” гэх Монгол нисгэгч залуугийн Инчеонд хэлсэн үгээр өндөрлөе.

Миний Монгол, намайг хайраар бялхаасан та нар минь эргээд ирэхэд булаг шиг ундарч, дайраад гарахад далай шиг цалгиж байхыг ерөөе.