Орчин цагийн “туйлч” Төрболдын Бат-Оргил: “Монгол орныг хэн ч биш, зөвхөн бид өөрсдөө аварна”

Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дуу хуурын аялгуу үгүйгээр хүмүүн бидний амьдрал ямархан уйтгартай байхсан билээ.
Эх орондоо очих бүртээ зайлшгүй хийх зүйлсийн жагсаалтанд “амьд хөгжимтэй газар орох” эсвэл “концерт үзэх” орно.

Энэ удаа азын тэнгэр ивээж, хүүхэд байхаасаа биширдэг байсан дуучин, ая зохиогч Төрболдын Бат-Оргилын VIP тоглолтонд очих завшаан тохиосон юм.

Аз ивээхээс илүү, үнэндээ хайртай хүргэн ах Д.Содбилэгийн буян нь надад ирсэн хэрэг. Ахад маань танихгүй хүн, бүтээхгүй ажил гэж үгүй. Яг л хүсэл бүтээдэг жини шиг хүн дээ. Монгол нисэх билетээ авангуут, ах маань хийх хүсэлтэй зүйлийнхээ жагсаалтыг явуул гэнэ, жагсаалтаас маань давсан илүү их хүсэл биелэгдээд буцдаг даа.

Ингээд миний амьд хөгжим сонсох хүслийг ах минь биелүүлж, “микрийн” байрны анд, Бат-Оргилын зөвхөн гарын арван хуруунд багтах хүмүүст зориулан тоглосон гайхамшигтай үдшийн нэгэн зочин нь би болж, хамгийн урд эгнээний ширээнд тухалж, дуучин, ая зохиогч Бат-Оргил болон түүний эхнэртэй хэд гурван үг солих боломж олдсон юм.

Тоглолт, үзэгчидтэйгээ чөлөөтэй харилцсан өнгө аястай, дотно яриа өрнүүлэх хэлбэрээр явлаа. Тэрээр “Жигүүртнээс Дээгүүр” нэртэй ном бичиж, номондоо дуунуудынхаа түүхийг өгүүлж, мөн утгыг нь тайлсан зургуудыг урлуулжээ. Номонд орсон дуу тус бүрээ үзэгчдэдээ өргөн барихын өмнө, дууныхаа түүхийг дэлгэрүүлэн ярих нь маш их таалагдав.

Хүүхэд байхдаа л “Аж Богдын Харуул” дуугаар нь анддаггүйн дээр жүжигчин Сувдын хүү гэдгээр л илүү мэддэг байсан меленил үеийн төгсгөл болсон надад, дуучин, ая зохиогч Бат-Оргилыг зөвхөн уран бүтээлч гэдгээс өөрөөр сайн мэдэхгүй билээ. Хэдхэн үг солилцох хугацаанд, энэ хүн миний сонирхолыг ихэд татаж, хийж буй үйлс, хүсэл мөрөөдлийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцах санал тавих зориг гарсан юм.

Угийн төлөвшил сайтай, даруухан, элдэв маяг зангүй, “од”-ын өвчингүй, эгэл жирийн, хүндэлмээр энэ сайхан хүнтэй ярилцаж байхдаа, би өөрийнхөө ерөнхий мэдлэгийн дутмаг буйгаа, эх түүхээ сайн мэдэхгүй үнэн байдлаа илүү ухамсарлаж, дотроо санаа зовнисон ч нэгэнт хоёр хүний цаг завыг авчихсан тул, зориглосон чигээрээ ярилцлагаа дуусгалаа.

Хэдийгээр би энэ хүний дэргэд юу юугаараа жул гэдгээ гүнзгийн мэдэрсэн ч, ярилцах тусам түүний хийж буй ажил, зорьж буй санаа, бүтээх гэж буй их үйлсийг олон хүнд хүргэх юмсан гэдэг хүсэл улам бадран ассан юм.

Ингээд өчүүхэн надад боломж олгон итгэж, чин сэтгэлээсээ ярилцсан, орчин цагийн хувьсгалч бөгөөд туйлч (bard), ирээдүйн найдвар төрүүлсэн их үйлсэд зүтгэж яваа, эрх зүйч, дуучин, ая зохиогч Төрболдын Бат-Оргил танд гүнээ талархсанаа илэрхийлэе.

Цагийн зөрөөгөө зөв тооцоолоогүй миний алдаанаас болж, тохирсон цагаа тулган өөрчлөх хүсэлтийг маань цааргалалгүй хүлээн авч цагийн өмнө уулзах болсонд дотроо олзуурхаж “их зангүй од” байна гэдэг бодол өөрийн эрхгүй төрөв.

Би түүний VIP үдшийн үеэр багахан яриа өрнүүлж, дуунууд нь бүтсэн тухай сонсоод, түүхээ ямар сайн мэддэг мундаг хүн бэ, бүтээлээрээ дамжуулан юу хэлж байна вэ? Энэ хүн ер нь дуучин, ая зохиогчоос өөр юу хийдэг хүн бэ? Гэх миний сониуч зан хөдлөөдөхөв.

Хамгийн сүүлд баяртай гээд гарахдаа би “та чинь ер нь яг юу хийдэг хүн бэ?, “хэн гэж явдаг вэ?” ” гээд эв хавгүйхэн юм асууж орхилоо.

Дараа нь түүний бичсэн “Жигүүртнээс Дээгүүр” номыг нь сайтар уншаад Төрболдын Бат-Оргил бол “bard” ( Bob Dylan шиг The Bard) хүн юм байна гэж ойлгов. Энэ үгийн утгыг дотроо маш сайн ойлгоод байгаа хэрнээ яг нэг үгээр сайхан монгол хэлээр орчуулах гэтэл би чадсангүй. Би уг нь ярилцлах хүнээ чадлынхаа хэрээр судалж, хүн амьтнаас бас асууж сурагладаг л даа. Яагаад ч юм энэ удаа шууд л өөрөөс нь бүхнийг сонсож, энэ хүний тухай мэдэж авая гэж шийдсэн тул нэг удаа ч хайлтын системээр орсонгүй дэлгэцээр нүүр тулав.

Ярилцлагаа “ та Bob Dylan шиг Bard юм байна “ гэж эхлүүлтэл, ашгүй сандарсан намайг мэдсэн мэт, өөрөө ярилцлагыг удирдан залах маягтай өрнүүллээ.

Анхных гэхэд таны “Жигүүртнээс Дээгүүр” ном яруу сайхан Монгол үгээр баялаг, чанартай сонирхол татсан сайхан бүтээл болжээ. Цаашид ном бичих хүсэлтэй юу?

Баярлалаа. Би 2016 оноос хойш нэг судалгаа хийж байгаа гэж дурьдаж байсан даа? Монгол улс яагаад хөгждөггүй юм бэ? Гэдэг асуултыг өөрөөсөө асууж эхэлсэн. Ер нь аливаа зүйлийг асуултыг яаж тавьснаас болоод хариулт нь өөр байдаг. Бид нар 1990- ээд оноос эхлэн “улсаа яаж хөгжүүлэх вэ?” гэдэг асуултыг их тавиад байсан. Харин одоо 30-аад жилийн дараа яагаад хөгжихгүй байна вэ? Гэж асуух цаг болсон бөгөөд бидний хэзээ ч бодож байгаагүй, их сонирхолтой хариулт гарч байна.
Энэ талаар хүнд ойлгомжтой сонирхолтой байдлаар бичнэ гэдэг сорилт юм. Шинжлэх ухааны судалгааны ажил шиг бичвэл хүн уншихгүй. Тэгэрээх хүн болгоны амьдралд ойрхон, оройд нь орно гэдэг шиг тиймэрхүү байдлаар дараагийн номоо бичихийг оролдож байгаа.

VIP тоглолтонд чинь очоод, “Жигүүртнээс Дээгүүр” номыг тань уншаад, тантай хэдэн үг солилцоод, дуучин, ая зохиогч Бат-Оргил гэдэг хүнийг хувь хүн талаас нь илүү их мэдэх юмсан гэдэг бодол төрсөн. Арван жилээ төгсөөд, инженерийн сургаалиас хуулийн сургуульд орсон юм билээ. Тэс өөр мэргэжил рүү шилжсэн болохоор цаана нь ямар учир байсан юм бол гэж бодогдоод болдоггүй.

Би ер нь дуулгавартай хүүхэд байсан л даа. Эмээ, ээж маань надад чи үнэхээр урлагийн гоц авъяасгүй бол урлагийн хүн болно гэж байхгүй гэж хэлдэг байсан. Би түүхэнд их сонирхолтой хүүхэд байсан. Миний сонирхол бол угаасаа түүх. Германы инженерийн ангид ороод, төд удалгүй хоёр Германы асуудлаас болоод, энэ анги байхгүй болсон. Тэгээд манай ургийн ахмадууд хуралдаад хуулийн чиглэлээр сурах шийдвэрийг маань гаргаж, миний хувь тавиланг шийдчихсэн гэх үү дээ ?

1995 оноос 2002 он хүртэл Хууль Зүйн Яаманд ажиллаж байхдаа, Монголын одоогийн нийгмийг бий болгоход гар бие оролцсон. Банкны системийг шинээр бүрдүүлсэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг бий болголцсон гэх мэт.

Таныг мэдэх тусам уншигчиддаа хуваалцмаар таны сайхан чанарууд харагдаж байна л даа. Жишээ нь өөрөө санаа зөв бол заяа зөв гэдэгт итгэдэг, хүний хандлага, долгионыг мэдэрч, тэдгээрийг чухалчилдаг хүн байна. Таны одоо юу хийж байгаа талаар ярилцая.

Би долгион таарах, ойлгох хүмүүсээ биечлэн урьж, цуврал тоглолт хийгээд одоо дуусгаж байна. Том зааланд, хэдэн зуу, мянган хүн цуглуулаад тоглолт хийхээр, миний бүрдүүлэхийг хүсдэг тэр уур амьсгал бүрдэж чадахгүй. Тиймдээ би өөрөө хүмүүсээ цуглуулж энэ тоглолтоо 80 гаран удаа хийлээ. Би тоглолтынхоо бичлэгийг хийлгэж, олон түмэнд толилуулахад бэлэн болж байна. Мөн гадаадад суугаа монголчуудаа ирэх оноос зорин очиж тоглох бодолтой.

Монголд тантай ярилцаж байхад та бардын урсгалын тухай дурьдсан. Боб Диланыг “The Bard” гэж ярьдагаас өөрөөр надад сайн ойлголт байхгүй. Гэхдээ таныг судлаад байхад, та бардын урсгалаар уран бүтээлээ туурвидаг юм шиг санагдлаа.

Бардын урсгалыг Монголтой яг дүйцүүлвэл, “туйлч” гэсэн үг. Туйлч хүн сүртэй чадалтай хоолойгүй, дээд, дооод өнгө аваад л хүмүүсийг хоолойгоороо гайхшруулдаг хүн биш. Харин хэлж байгаа үгэндээ байдаг. Сонсож байгаа хүн, туйлчийн үгийг сонсоод, өмнө нь бодож байгаагүй бодлыг бий болгон, шинэ сэтгэгдлийг үүсгэж, дотор хүнийг сэрээх нь туйлчийн гол зорилго байдаг. Бардын урсгал урлаг төдийгүй, улс оронд их чухал урсгал. Боб Диланыг орчин үеийн Америкийг бий болгосон хүмүүсийн нэг гэж үздэг. Иймд туйлчийн нөлөө маш өндөр. Хэдийгээр түүний хоолой нь тийм хүчтэй мундаг биш ч гэсэн хүргэж байгаа үгс нь хүмүүсийг сэрээсэн, нээрээ юу билээ гэж юм бодуулсан байдаг шүү дээ. Миний хүсэж, тэмүүлж байгаа зүйл бол Боб Дилан шиг туйлч болох. Туйлч гэхээр марзан сонсогдож магад, гэхдээ Монгол хэлэн дээр хамгийн их дүйцэж байгаа нь туйлч болж таараад байна.

Таны уран бүтээлийг өнгийн харахад, яг л саяын хэлсэнчлэн хүмүүст нэгийг бодолдуулсан, дотор хүнийг сэрээх утгатай үгс явж байна. Тэгэхээр туйлчийн ажлаа хийгээд явж байна гэдэг ойлголт авлаа. Монголд ярилцаж байхад та нэг 2016 оноос эхлүүлсэн үйлсийнхээ талаар товч дурьдсандаа. Тэр талаараа дэлгэрүүлж яриач?

Манай улс яагаад хөгждөггүй юм бэ? гэсэн энгийн мэт асуулт миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэж хэлж болно. Бид бусад улс үндэстнээс юугаар ч дутуу биш, ялгаагүй л сайн, муу нь адилхан хүмүүс атал яагаад зарим нэг улс үндэстэн цойлж, харин бид ингэж мунгинана вэ? Энэ эрэл хайгуул намайг зөвхөн хууль, эдийн засаг, нийгэм судлал, улс төр, геополитик зэрэг салбаруудаар тогтохгүй араншин судлал, сэтгэл судлал, тэр бүү хэл мэдрэл судлал гэх зэрэг ертөнцүүдийн үүд хаалгыг нээж, хариултуудаа тэндээс хайхад хүргэсэн юм. Тухайлбал, тэр бүр дурьдагдаад байдаггүй хүний хөрөнгө буюу human capital гэх эдийн засгийн ойлголт нь засаглалын хэмжээнд ард түмний чансаа болж хувирах жишээг татаж болно. Өөрөөр хэлбэл, афган ард түмний өнөөгийн чансаа буюу qualification нь зөвхөн Талибан эсвэл Ирак, Сирийн Исламын Улс (ISIS) гэх мэт исламист засаглалыг л төрүүлэхээс өөр ямар ч гарцгүй юм. Америкчуудын жадны үзүүр дээр тогтож байсан засаг нь цэргийн баазаа татан буулгангуут л нурж унасаныг бид бүгд харсан. Тэд чансаагаа дээшлүүлэхгүй бол хэзээ ч ардчилсан, эрх чөлөөт нийгэм-эдийн засгийн дэглэм байгуулах нөөцгүй билээ. Бид ч тэднийг шоолоод байх юмгүй, өнөөгийн удирдагчид маань бидний чансаад л таарсан болохоос Амар сайд бидний дундаас ахин төрөх нөхцөлгүй гэсэн үг. Зарим хүмүүс бүхний бурууг ардчилалд тохон хараах нь мөн л хаяг андуурсан хэрэг. Бидний байгуулсан өнөөгийн дэглэм нь ардчилал биш, квази-ардчилал буюу түүний дүр эсгэсэн хувилбар юм шүү дээ.

Тэгвэл ард түмний чансаа яаж бүрддэг вэ гэвэл сэхээтэн гэж нэгэн буруу тодорхойлогдож ирсэн бүлэг хүмүүс түүнийг бий болгодог ажээ. Сэхээтэн гэдэг нь зүгээр л нэг дипломтой болгоны зүүдэг нэр биш. Үүний цаана төр, засаг, сэхээтэн гурвын харилцааны тухай бүхэл бүтэн онолын хэмжээний асуудал байгаа нь ярих юм бол энэ ярилцлагад хэт нүсэрдэх байх. Манайд сэхээтэн байхгүй байгаа нь бидний уруудах шалтгааны гол нь юм гээд товчлох уу даа?

Ихийг бодогдуулж байна шүү. Одоо эргээд уран бүтээлтэй холбоотой асуулт руу ороё. Аяаа түрүүлж зохиогоод түүндээ үг бичдэг гэж хэлж байсан. Бүтээлээ туурвих явцаа тодруулж ярьвал хүмүүст сонирхолтой байх?

Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой байх. Минийх болохоор аянууд бөөнөөрөө гэнэт орж ирэхгүй, элемент элементээрээ орж ирдэг. Нэг хэсэг орж ирээд, дараа нь өөр хэсэг орж ирэх маягаар. Магадгүй тэд хоорондоо холбогдоно, холбогдохгүй байх жишээний. Үгнүүд нь бас яг тэгдэг. Яг юу гэж тайлбарламаар юм бэ дээ? Заавар нь байхгүй эвлүүлдэг лего тоглоом шиг гэх үү дээ? Аягүй олон элэментүүдийг хооронд нь нийлүүлнэ, тохирохгүй бол салгаж, өөр юмтэй эвлүүлнэ гэх мэтээр сонин байдлаар бүтдэг. Бас санаанд ороод ирчихсэн хоёр мөр, дөрвөн мөрт байдаг. Зохиосон аяны уур амьсгалд таарна таарахгүй гэж байна. Аяны мөчлөг таарахгүй бол үг ая нь сууж таарахгүй. Утга нь нийлмээр байвч, мөчлөг нь тохирохгүй бол болохгүй. Би өөрөө яруу найрагч хүн биш, зүгээр л дууны үг зохиодог хүн. Яруу найраг бол хамаагүй яруу тансаг зүйл. Дууны аянд таарна, таарахгүй гэж байна. Зарим хүмүүс гоё үг харж байгаад гоё ая зохиосон байдаг. Би бол тэгэж ерөөсөө чадахгүй.
Эртний монголын яруу найраг минийхтэй утга санаа ойр байдаг юм болов уу гэж санагддаг. Жишээ нь Алтан Ордоны Үйсэн дээрх бичиг гэж байна. Энэ их ойрхон. Нэг мөрөндөө ойролцоогоор дөрөвхөн үгтэй. Олон үг чихэлгүй, цөөхөн үгээр утгыг маш товч илэрхийлж чадах нь эртний монгол яруу найргийн онцлог байсан юм болов уу? Гэж санагддаг. Би өөрийнхөө зохиож буй үгсээ аль болох түүнрүү ойртуулахыг хичээдэг.

Дууны үгнүүд чинь их сонголт сайтай, ёстой жинхэнэ сайхан монгол үгстэй, монгол хэлний үгсийн сангийн баялагийг харуулсан байхын хажуугаар, агуулга нь энгийн хүмүүст ойлгомжтой, нэгийг бодогдуулсан байдаг. Урлаг соёл, түүх, нийгмийн зүтгэлтнүүдийн гэр бүлээс гаралтай, боловсролтой, ерөнхий мэдлэг ихтэй, төлөвшил сайтай үүнд бас нөлөөлсөн байх даа. Түүнээс биш Орос сургууль төгссөн хүнээс ийм сайхан Монгол үгсийн сан оргилон гарч байдаг үнэхээр гайхалтай. Багаасаа Монгол ном их уншдаг байсан уу?

Хэзээнээс би Монгол Орос толь үзэж, их уншдаг байсан. Багаасаа эртний зохиолуудыг их уншина. Орчин үеийн, ялангуяа орчуулгын ном унших дургүй. Орос эх хэл дээр уншсан номоо Монгол дээр уншихаар ойлгомжгүй байдаг. Нарийн нюансууд гарч ирэхгүй. Миний Монгол хэл муугаас болоод байна уу? Эсвэл Монголоор орчуулж, бичсэн хүмүүсийн Монгол хэлээ эзэмшсэн байдал чинээндээ хүрэхгүй байна уу? Гэдэг бодол дандаа намайг эргэлзүүлэн хоёрдуулдаг байсан. Гоголийн зохиолыг уншихад үнэхээр гоё байдаг. Байгалийг дүрслэн бичихдээ сэтгэлээ байгал орчинтойгоо ялдуулан бичсэн байдаг. Монгол хэл дээр уншихаар тийм хэмжээнд хүрдэггүй. Би өөрийгөө Монгол хэлэндээ муу гэж үздэг учраас би өөртөө бурууг нь өгдөг байсан. Орчин үеийн зохиолчид Монгол хэлээ бүрэн эзэмшээгүй санагддаг. Гэтэл эртний Монгол зохилуудыг уншихаар өөр. Зуун билиг, Нууц товчоо, Оюунтүлхүүр, Эрдэнийн Сан Субашид зэргийг уншихад ойлгомжтой, дээрээс нь сэтгэлд шууд хүрж уншигдаад байдаг. Өөрийнхөө дууны үгийг эртний яруу найрагт ойртуулахыг хичээх болсон учир нь ерөөсөө энэ.

Өөрөө болон хүүхдүүд нь ямар ном уншиж байна?

Хүүхдийн хавтас, зураг нь гоё номнууд байдаг, гэтэл агуулга орчуулга нь харамсмаар номнууд байгаад байна. Би өөрөө Монгол ном ер нь уншдаггүй. Өлзийтөгсийн яруу найраг гоё байдаг. Түүний номыг уншихад Монгол хэлээр бичсэн мөртлөө яагаад ч юм, Данийн яриуу найраг шиг Ганс Христиан Андерсеныг уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Монгол хүний шүлэг уншаад Данийн зохиол уншиж байгаа мэт мэдрэмж төрөх сонин. Хулангийнхаа шүлгүүдэд би их дуртай. Шүлгээс нь жинхэнэ Монгол хэл, санаа ийм байдаг гэдгийг хардаг. Аюурзанын зохиолуудаас бас таалагддаг.

Манай уншигчдын дотор хүүхэдтэй Монгол хэлээ яаж сайн сургах вэ? Гэсэн хүмүүс олон байгаа байх. Тэр хүмүүст юу гэж хэлмээр байна?

Хамгийн чухал нь өөрсдөө хүүхдийнхээ хажууд Монгол хэлээрээ ярихгүй, дутуу хазгай Монгол хэлээр ярих юм бол хүүхэд ч бас тийм монгол хэлтэй болж өснө. Ахуйгаасаа шалтгаална. Монгол ахуйг үлгэрлэн харуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хүүхдээ монгол ахуйгаас тасарсан орчинд оруулчаад Монгол хэл сурсангүй, Монгол бай гэж загнаад байдаг бол шударга бус. Бүх юм ахуй, хэрэглээгээ дагаж сурна. Миний ажиллаад байгаа нөгөө төслийн хүрээнд бас энэ асуудлыг шийдэх гаргалгаанууд бий .

Монголын боловсролын салбарыг хөгжихийг бид хүлээхгүй ээ. 30 жил хүлээлээ. Элдэв улс төрийн нам, хэнээтэй хэдэн хүмүүсийн хоорондоо булаацалдаан хийх хооронд хүүхэд залуус маань хохироод дууслаа. Эхний ээлжинд үндэсний хороо байгуулж сурах бичгүүдээ боловсруулъя. Энэ улсын хамгийн нэр хүндтэй сэтгэгчид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж сурах бичгүүдийн агуулгыг бүтээж, ариутган шүүх нь зүйтэй биз. .Одоо гэтэл юу болж байна гэхээр тендер гэж зарлаад л бужигнуулж байна. Тендерээр сурах бичгийн цаасны зузаан нь ямар байх юм, өнгө нь ямар байх юм, үнэ нь ямар байх юм гэдгийг уралдуудлаг болохоос доторх агуулгыг боловсролын яамны нэг мэргэжилтэн, хэвлэлийн үйлдвэрийн найзтайгаа нийлээд сурах бичгийг будилуулдаг ажил биш. Энэ бол монголын ирээдүйн хүүхдүүдийн сурах мэдэхтэй холбоотой чухал асуудал. Сурах бичгийн арга нь Кембриж байна уу? Оксфорд байна уу? Хамаагүй. Харин агуулгыг нь монголоор хийх хэрэгтэй.

Одоо таны энэ их үйлс ямар шатандаа явж байна? Хэдэн хүн байна?

Одоогоор чиглэл чиглэлийн хориод хүн байгаа. Сурах бичигтэй холбоотой төсөл бол суурин байгуулах төслийн маань багахан хэсэг. Бид сууриндаа сургуулиа байгуулж, сурах бичгүүдээ боловсруулна. Бас гадаадад байгаа монголчуудаа “эргэж ирэх эх ороноо байгуулая” гэдэг уриа дэвшүүлж байгаа. Гадаадад хэдэн мянган долларын цалинтай хүн яаж монголд хоёр сая төгрөгтэй цалингийн ажил хийх гэж ирэх билээ? Дээд сургуулийн зардлаар арван жилийн боловсрол олгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Улсын сургуульд хүүхдээ өгөхөөр муу муухай үг сурч, ямар ч хүндлэл байхгүй бүдүүлэг хэрцгий болоод байдаг. Уучлаарай би шударгаар хатуу үг хэлж байна. Гэхдээ ингэж л үнэн байдлыг хэлж ярихгүй бол хэрхэн байдал дээшлэх вэ? Худлаа өөрсдийгөө тайвшруулж, сайхан байгаа, жоохон л засчуул болох гээд байгаа гэж хуурмааргүй байна. Хог новшоо үргэлжлүүлэн чирч явахаа болъё. Хүн гэрээ цэвэрлээд өмсөхгүй хувцаснаасаа салдаг шиг Монгол улсдаа ангилан ялгалт хиймээр байна. Мэдээж бүх юмаа хаячиж болохгүй. Аливаад ухаантай хандах хэрэгтэй. Болохгүй байна гээд бухимдаад гэрээ шатаачихаж болохгүй. Бие биенээ үзэн ядахгүй, нэгнийхээ нүдрүү хуруугаа хийхгүй, нэг ширээний ард эв түнжинтэй ярилцахад учраа олно.

Төр засагт найдалгүйгээр өөрсдөө гар бие оролцон өөрчлөлтийг хийж, өөрийнхөө амьдралыг өөрсдөө дээшлүүлээд явая гэсэн утгатай төсөл.

Үнэхээр сайхан, аугаа төсөл байна. Хурдан хэрэгжих байхаа гэж найдаж байна.

Паретогийн зарчим буюу 80/20 -ийн зарчим гэж байдагдаа. Үйлдвэрээс гарч буй гологдлын 80 хувийг доголдолтой бүх төхөөрөмжийн ердөө 20 хувь нь л бий болгож байдаг жишээг энд дурьдаж болно. Өөрөөр хэлбэл учир шалтгааны 20 хувь нь үр дагаварын 80 хувийг бий болгодог. Тэгэхээр манай улсыг хөгжихөд саад болж байгаа хүчин зүйлүүд дотроос хамгийн ноцтой хорин хувийг нь олоод засчих л юм бол бид нарын амьдрал 80 хувь дээшилнэ. 80 хувь сайжирна гэдэг бол маш том өөрчлөлт, амьдрал орвонгоороо эргэнэ гэсэн үг. Судалгааны ачаар бидний амьдралыг болохгүй болгоод байгаа хорин хувь нь илэрхий болж байна . Монгол Улсыг доройтуулж байгаа хэд хэдэн бүлэг хүчин зүйлүүд байгаагаас гол буруутан нь намууд байж таарч байна. Гэвч намуудыг өөрчлөх ажил нь туйлын удаан, эсэргүүцэл ихтэй, бүтэх магадлал туйлын муу, хэрэгжсэн ч маш удах болно. Иймд, бид хүчээ үүнд дэмий үрэлгүй, өөрсдийн суурингаа байгуулж, түүндээ намуудыг нэвтрүүлэхгүй байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр шаардлагыг компанийн эзэмшлийн газар нутаг хангаж байгаа юм. Бид өөрсдийн ажилладаг компанийнхаа хувьцааг эзэмшиж, түүнийхээ удирдлагыг өөрсдөө сонгож, ногдол ашгаа өөрсдийн саналаараа хуваарилдаг байвал ардчилсан засаглалын шинэ загварыг бүтээж байгаа билээ. Би хаашаа ч цагаачилмааргүй байна, Монголдоо л сайхан амьдармаар байна. Ийм хүмүүс олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна... Санхүүжилтийн хувьд, надад хэн ч цалин өгдөггүй. Би өөрөө энийг хийгээд, хүмүүстэй уулзаж, системээ боловсруулаад яваад байгаа хэрэг.

9 жилийн өмнө энэ төслөө эхлүүлснээс хойш, өнөөдрийн байдлаар ямар үе шатандаа явж байна?

Системийн талаас 80-аас дээш хувийн боловсруулалттай явж байгаа. Гэхдээ энийг яг одоо албан ёсны ThinkTank төсөл болгож байж үлдсэнийг гүйцээх хэрэгтэй. Яагаад гэвэл системийн үндсэн араг, араам нь гараад ирсэн. Одоо түүний нарийн зохицуулалтуудыг боловсруулах шаардлагатай. Жишээ нь суурингийн эрүүл мэндийн систем нь олон улстай холбогдохоос гадна, өөрийн улсын системтэйгээ уялдах шаардлагатай. . Бид маш сайн эмнэлэгтэй болчихоод зөвхөн өөрсдийн оршин суугчдаа л эмчилнэ гэж болохгүй, бусад монголчууддаа ч тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Иймд, манай суурингийн систем өөрийн улсын эрүүл мэндийн системтэй алдаагүй уялдахыг нарийн мэргэшлийн хүмүүс л тооцож, боловсруулах ёстой. Түүнээс гадна, Солонгос, Япон, Энэтхэгийн чадварлаг эмч нар онлайнаар манайд ажиллаж, мөн Түркестаны улс орнууд (түрэг угсааны бүх Станы улсуудыг ингэж хэлэх болсон), Уралын нүрүүнаас инагш бүх үндэстнүүд манайд ирж эмчлүүлдэг байхын тулд бид олон улсын системтэй ч холбогдох шаардлага гарах юм.

Тэр харилцан уялдаатай системийг үүсгэх ажил нь өөрөө маш том, асуудал ихтэй ажил учраас тийм амархан шийдэлд хүрчихгүй. Миний мэдлэг үүнд хангалтгүй болчихоод байна. Нийтийн эрүүл мэндийн эдийн засагчид, мөн энэ чиглэлээр мэргэшсэн захиргаа, эрх зүйн мэргэжлийн хүмүүс оролцож байж энэ систем бүрдэнэ.

Суурингийн эрүүл мэндийн систем гэхээр өрхийн эмнэлгийн хэмжээнд яригдах зүйл биш л дээ. Улс даяар хэн ч ирээд эмчлүүлж болох том эрүүл мэндийн төвийн хэмжээнд төлөвлөж байгаа. Япон, Энэтхэг, Солонгос гэсэн гурван улстай нийлсэн эмнэлгийн систем үүсгэх гээд байгаа юм. Энэ бол амар ажил биш. Тухайлбал, эмнэлгийн тусламж, үйчилгээний төлбөр нь Монголын эрүүл мэндийн даатгалын системтэй хэрхэн холбогдох юм бэ? Манай улсын эрүүл мэндийн даатгал наад захын төлбөрүүдийг хийж чаддаггүй. Тэглээ гээд монгол ахан дүүсээ үүдэндээ үхүүлэлтэй биш, гаргалгааг нь заавал олох хэрэгтэй. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ. Бүтэхгүй, боломжгүй, өмнө нь ийм юм байгаагүй гэж байгаа хүн ямар ч өндөр боловсролтой байсан түүний толгойд шийдэл хэзээ ч орж ирэхгүй. Эхний ээлжид өөрсдийн оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлуудаа бүгдийг шийднэ, гэхдээ аяндаа энэ мэт том асуудлуудыг заавал шийдэх болно. Бид ThinkTank-ийг байгуулж, мэргэжлийн, чиглэл бүрийн хүн оролцсон баг бүрдүүлж байж дэд системүүдийн дизайныг шийдэх хэрэгтэй байгаа юм. Баг бүрэлдэхүүний хүмүүсийг олон улсын жишгээр цалинжуулж, нойр хоолгүй шаргуу ажиллаж байж хэдэн жилийн дотор энэ ажил бүтнэ.

Таны номон дээрээ, тоглолтон дээрээ дурьдсан олон сэхээтэн төрүүлэе, сэхээтнүүд Монгол улсаа аварна гэдэг энэ суурин байгуулах төслийн тань үндсэн хэсэг юм шиг санагдлаа.

Тийм. Судалгаанаас харахад Монгол Улс хөгжихгүй байгаа гол дөрөв таван бүлэг шалтгаан байгаагийн зангилаа нь Монгол улс сэхээтэнгүй болчихсонд байна. Сэхээтнүүд байх юм бол үлдсэн бусад шалтгаануудаа засаад явчих боломжтой болно. Сэхээтэнгүй бол бид аль ч асуудлаа шийдэж чадахгүй. Монгол түмэн сэхээтнээ эцсийн хүчээ шавхан хүлээж байна.

Сэхээтэн гэж яг хэн юм бэ?

дипломтой төдий, дээрээс нь бусад Монголчуудаа дээрээс нь доошоо хардаг хүн бол сэхээтэн биш. Сэхээтэн болохын тулд хүн дөрвөн шалгуурыг эгнэгт хангасан байх ёстой.

Бусдынхаа төлөө сэтгэлтэй
Иргэний зоригтой
Мэдлэг туршлагатай
Төлөвшсөн


Сэхээтэн болж төрдөггүй, сэхээтний цус удмаар дамждаггүй, хүн өөрөө хичээж байж сэхээрдэг. Сэхээтнийг устгаж, биднийг хөгжүүлэхгүй байгаа цаад шалтгаан нь неолиберал философи юм. “Хүн бүр хувиа хичээвэл зах зээлийн үл үзэгдэгч гар аяндаа бүхнийг зохицуулж, аз жаргалтай нийгэм бий болно” гэдэг номлол нь худал гэдгийг бид харсаар байж, түүнийг дагасаар байна. Хувиа хичээх үзэл нь сэхээтний мөн чанарын эсрэг туйл нь юм. Бэртэгчин хэзээ ч сэхээтэн болох боломжгүй. Тэр бүү хэл хувиа хичээсэн олон хүн хэзээ ч үндэстэн болж гагнагдахгүй, яагаад гэвэл үндэстний язгуур чанар нь мөн л бусдынхаа төлөө сэтгэл байдаг юм. Хувиа хичээсэн олон хүн бол улс дотроо хашигдсан хүн ам төдий. Ард түмний оршихуйн дээд эрэмбэ нь үндэстэн, доод эрэмбэ нь хүн ам. Энэ нь дээр ярьсан ард түмний чансаатай шууд холбоотой.

Таны туйлч байна гэдэг хүсэл тань эргээд сэхээтнүүдээ төрүүлэх, хүмүүсийг сэхээтэн болж эх орноо авраач гэдгийг уриалах нэгэн алхам гэж ойлголоо. Тийм үү?

Ерөнхийдөө сэрээч ээ гэсэн л уриа. Хэн нэгэн биднийг аварна гэж найдаад, хүлээгээд цөхрөөд байдаг, гэтэл аврагч нь бид өөрсдөө юм. Яг нөгөө Харри Потер дээр гардаг шиг. Аавыгаа гарч ирээд өөрийгөө аварна гэж эцсийн мөч хүртэл тэсгэл алдан хүлээсэн боловч өөр хэн ч биш тэр өөрөө өөрийнхөө аврагч байж таардаг шиг. Би, бид өөрсдөө өөрсдийнхөө аврагч юм гэдгийг ойлгох цаг мөчийг л ойртуулах гээд зүтгээд байгаа юм. Биднийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк аврахгүй, Орос, Хятад, Америкийн аль нь ч аврахгүй,, тэр тусмаа нэг агуу удирдагч аврахгүй. Бид өөрсдөө, түүн дотроо сэхээтнүүд ард олноо манлайлан, төлөвшүүлэн байж аварна. Нэг тугийн доор, нэг зорилгын доор шинэ улсаа мандуулж чадна.

Бат-Оргил гэж хүний дотор энэ санаа гэнэт орж ирээгүй байх.

Би бизнесийн удирдлагын магистраа хамгаалчихаад төрийн захиргааныхаа мастерийн зэргийг Америкт горилсон. Эргэж ирээд улс орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн бодолдоо хөтлөгдөөд олон зүйлийг хийхийг оролдсон.

Жишээ нь бодлогын дүн шинжилгээ хийхийг оролдсон. Харамсалтай нь үүнийг Монголд хийх боломжгүй гэдэг нь мөдхөн тодорхой болсон. Учир нь бодлого нь байдаггүй аж. Х Төрийн захиргааны шинжлэх ухаанд бодлого гэдэг нь өөрчлөх гэж буй зүйлээ хэмжээд, түүнд нөлөөлж буй хувьсахуудаа тодорхойлоод, бодлогоо боловсруулж, хувьсахуудыг өөрчлөхөд зорилгодоо хэр ойртож, холдож буйгаа хянаж, бүртгэж, дүн шинжилгээ хийдэг. Гэтэл манайд, жишээ нь үдийн цай хөтөлбөр гэхэд тоо хэмжээсүүд нь байхгүй. Аль ангийн хүүхдийн дундаж жин нь хэд байна? Жингийн алдагдалтай хүүхэд ямар хэмжээнд хэдэн хувиар багассан гэсэн тоо баримт байхгүй.” Эцэг эхчүүд ам сайтай байлаа” гэх маягаар хэмжилт нь явагдах маягтай. Энэ хөтөлбөр хэрэгжих явцад “маш олон хүүхэд гэртээ хоол ундгуй байсныг хооллодог болсон” гэх мэт харамсалтай зүй тогтлуудыг олж илрүүлсэн ч, мөн л дүн шинжилгээ хийх тоо баримтгүй.

Бодлогын дүн шинжилгээ хийхийн тулд дата оллоо гэхэд тэр нь үнэн ч юм уу худлаа ч юм уу, өөр газраас авсан дататайгаа нийлэхгүй гэдэг ч юм уу ер нь асуудал гараад харьцуулах аргагүй байсан. Гэхдээ шинэчлэлийн ажлыг зогсоогоогүй. Жишээ нь, амжилттай хэрэгжүүлсэн нэг томоохон төсөл бол 2016 онд батлагдсан Эмнэлгийн Тусламж Үйлчилгээний Тухай Хууль юм. Эрүүл мэндийн салбар дахь улс төрийн бүлэглэлийн маш хүчтэй эсэргүүцлийг давж, эолон жил гацсан энэ хуулийг манай Реформ клуб Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын 8 гишүүний бүрэлдэхүүнтэй лобби групп үүсгэн хамтран ажиллаж жилийн дотор батлуулсан нь эрүүл мэндийн салбарын засгалалын шинэчлэлийн суурийг тавьсан юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Жишээ нь эмнэлгүүд өөрийн ТУЗ-тай болж, Эрүүл мэндийн яам зөвхөн бодлого боловсруулдаг болж, худалдан авалт, томилгоо зэрэгт оролцохгүй болох нөхцөл бүрдсэн. Гэвч улсын маань нийгэм-эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ гажсан нь тодорхой болсон тул түүнийг шинэчлэх оролдлого нь үр дүнгүй гэсэн дүгнэлтэд хүрч, 2016 оноос өөр гарц, шийдэл хайж эхэлсэн нь энэ юмаа.


Тархи сэргэж, нүд оруулсан сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Олон хүнд хүрч, түмнийг сэрээх их үйлсэд тань багахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэсэн өндөр найдалгаар өндөрлөе.