Улаанбаатарын түгжрээ намайг зогсоохгүй - Фелетон

Урлаг, уран сайхан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүн төрсөн нутагтаа очоод, танил хэл, адилхан царайнууд харахаараа зориг орчихдог юм билээ. Тэр байтугай тив маань ойртоод ирэнгүүт, бие сэтгэлд хүртэл өөрчлөлт ороод, хажууд суух миний амьдардаг тивийн бололтой гадаад залууд учиргүй ойр ойрхон гүйн ирэн үйлчлэх тив нэг, зүс нэг онгоцны үйлчлэгч бүсгүйд “надад бас нүдний халхавч авчирч өгнө үү” энэ тэр гэж, бүр нэг цаанаас хэл ам хурцдаад ирж байна аа. Ер нь нутаг руугаа нисэх замд учиргүй унтаж байснаа гэнэт сэргээд хэл ам хиймээр ч юм шиг болоод ирэнгүүт газрын зураг харангуут яг л Ази тиврүү орж яваа харагддаг даа. Тэгэхээр одоо Монголын хил рүү оронгуут бол таахалзмаар, улам чанга инээмээр, онгирмоор сэтгэл аяндаа төөрөх нь миний буруу биш биз дээ? Дээрээс нь ойрхон Монголдоо ирэхээр бүр нэг цуснаас бяр буцалж, яснаас зориг төрөөд байдаг юм билээ.

Зориг орсон дээрээ хүүхдүүдийнхээ энд бүтэхгүй мөрөөдлийг гүйцээлээ. Бага хүүгээ машины урд талын хоёр суудлын дунд байдаг саван дээр суулгаж давхилаа. Хөдөө очоод иж планета дээр хоёр хүүхдээ танихгүй ахтай толгойны хамгаалалтгүй суулгаж хээр талын салхи татуулан адуу малын эрэлд явууллаа. Би өөрөө ганцаараа хотын төвийн зам гарж, Янмалаас оймс авч чадлаа. Айхтар зоригт бүсгүй болсон байгаа биз.

Улаанбаатарын түгжээ намайг айлгасан гэж бодож байна уу? Ёстой чиг үгүй дээ. Ахынхаа Ямаха дээр, саатай даашинз, өндөр өсгийт жийсэн чигээрээ сундалж, ажил тарах үеийн алдарт бөглөрөө дундуур Шангрилад орох ёстой арга хэмжээндээ цагаасаа өмнө очсон. Итгэхгүй бол зургийг минь хараарай.

Олон сайхан ажил амжуулсан зун байсан, ганц гэм нь Чокогоороо эргэж орж амжсангүй, Ривер Саундсаар бас шүргээд гарах зав гарсангүй. Намайг сайн мэдэхгүй хүмүүс зориг орчоод бүжиглэх гээд байдаг бололтой гэж бодсон байх. Тэр бол үгүй шүү. Би угаасаа архи дарс хэрэглэж чаддаггүй, тэгсэн хэрнээ харин төрөлхийн бүжих дуртай хүн байгаа юм. Би ээжийнхээ дүү шиг дал гарсан ч гэсэн тогос шиг гангалж, бүжгэнд явдаг хэвээрээ л байх болно. Зоригийнх биш удмынх юм шүү.