За хүүхдүүдийн сургуулиуд онлайнаар хичээл заасан болоод амарлаа. Монголд маань зурагтаар заасан юмаа даа. Хаа сайгүй л хүүхдүүдийн сургууль завсардлаа гэж хэлэхэд болох байх. Ерөнхийдөө урьдчилсан судалгаагаар хүүхдийн чадварын ахиц бусад жирийн хичээлийн жилүүдийг бодвол унших дээр 70 хувьтай, математик дээр 50-аас бага хувьтайгаар ирэх намар сургуульдаа очихоор гарчээ.

Цагдаагийн албанд өөрчлөлт оруулах олон янзын хувилбар яригдаж байна. Ямартай ч хүзүү боох, тархины цусан хангамжийг багасгахаар хамгаалалтын аргуудыг хориглох гэнэ. Тэр бол маш зөв алхам гэж бодож байна. Чихэнд хэлээд ойлгохгүй бол яс маханд нь хэлдэг хуучны аргыг авч үлдсэн цорын ганц зэвсэг нь бороохой байлаа. Нөгөө ямааг чарлуулж зовоолоо гэдэг шиг, хүний эрх зөрчиж, бороохойдож хүчирхийлж байна гээд хаймран бороохойг халж цахилгаан бороохойтой болжээ. Цахилгаан бороохой нь гар буу шиг загвартай тул сандарсан цагдаа цахилгаан бороохойгоо гаргах гэж будлиж андуураад гар буугаа гаргаж буудсан тохиолдол хэдэнтээ гарсан тул заавал түүнийг ашиглахыг шаардахаа байжээ. Уг нь олон жилийн өмнөөс цагдааг камержуулсан боловч цагдаа нар өөрсдөө хэрэгт орохоос болгоомжилж унтраачихаад яг хэрэгтэй үед нь бичлэг байхгүй тохиолдол нэлээд гарч, төсөв мөнгө их орох тул түүнийг хүчлэхээ байж алдаг оног хэрэглэж ирсэн юм байна. Одоо бол өөрөөр харж заавал цагдааг камержуулах гэнэ. Тэр мөн зөв хандлага билээ. Миний бодлоор бол энэ цагдаа нар юуны духанд хүрэлгүй, сандарсандаа гэмт этгээдийг сэг болтол нь буудаж алдгийг болиулмаар байна. Саяхан манай энэ Валлиход талаан хийх гэж яваад баригдсан 22 настай хөөрхөн залууг халаасандаа алхтай явсныг нь буу байна гэж цагдаа андуурснаасаа болж буудаад алчихсан. Эрдэнэт хүний хайран амь. Сэтгэл зүрх гь хүрэл мэт, бас өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй цагдаа нар их харгис байдаг ажээ. Үүнийг харин өөрчлөх цаг ирсэн байна. Болдогсон бол зоо паркийн амьтныг унтуулдаг шиг сумаар хэрэгтнийг буудаад, ухаан алдахаар нь бариад хүлдэг болчихвол хүний амийг яалаа гэж тэгж олноороо хохироох вэ?

Бүх мэдээлэл борхүүгийн оршуулгын арга хэмжээнд дарагдаад буй болохоос цар тахлын халдвар, нас нөгчигсдийн тоо уг нь ойрын өдрүүдэд Америкт багассан байна. Даварсан цагдаа нарын хандыг хага дарах соёлын хувьсгал эд дэгдэж эхлэлээ. Зарим газар цагдаагийн газрыг тараах, зарим газар төсвийг нь хаах зэрэг олон хөдөлгөөн өрнөж буй гэнэ. Цагдаа нар эрсдэлтэй нөхцөлд хүнд гаруудтай ажиллаж, заримдаа амь насаа алддаг болохоор тэдний ахуй хангамж гайгүй байдаг ажээ. Тэнэг гараас болж тэдний санжүүжилтийг одоо хасах хөдөлгөөн өрнөжээ. Сан Франциско хотын дарга Лондон Брийд гэдэг бор хүүхэн тус хотын цагдаагийн санхүүжилтийг хязгаарлаж, танасан төсвөө борчуудад 8 сараас тараахаар зарлав. Энэ бол нэг ёсондоо зүүнтний нугалаа болох чигтээ далийсан хэрэг боллоо. Харж байтал учир нь нэг олдоно байгаа даа. Хэт либерал хүмүүс асуудалд ул суурьгүй хандаж, мөн ч их савлах юм даа. Нийгмийг тогтвортой, түмнийг аюулгүй болгоход цагдаа нарын хүчин зүтгэл их хэрэгтэй билээ. Энэ цагдааг гэсгээн шоглох самаанаар болдоггүй борууд хүн алж, хүрээ талаад эхэлбэл бас л нөгөө тийшээ савлах биз ээ.

Ажлын өдөр эхэлж, хурдны зам дээр давхих ялдамд раажав хүүгээ сонсож л явлаа. Өнөө хөөрхийлөлтэйгөөр цагдаад алагдсан борхүүгийн салах ёслол нь өнөөдөр бас үргэлж, энл тэнд цуглаан болох юм гэнэ. Томчуудаас Нанси Пелоси, Жоу Байден тус бүр гашуудал илэрхийлээд, улс төржүүлээд сэвж л байна лээ. Хүмүүсийн уур хилэн хэдий татарсан ч Миннеаполисын цагдаагийн газрыг устгаж тараа, цагдаагийн байгууллагуудын санхүүжилтийг зогсоо гэх мэт бас л далийсан шаардлагууд тавьж байна. Цагдаа байхгүй болно гэдэг байж боломгүй хэрэг. Цагдаагийн хүч буурах тутам гэмт хэрэг тэр хэмжээгээр ихсэх нь гарцаагүй. Түүнийг яаж зохицуулна гэж бодоод ийм хачин шаардлагууд тавьж буй юм бол гэдгийг ойлгосонгүй. Иш ушгүй юм донгосож буй хүмүүсийг бурхан өршөөг!

Бүтэн сайн өдөр гэртээ бүтээлээр өнжив. Хийнэ гээд бодоод явсан пад эрхиэ хийлээ дээ. Ойр мод бариагүйг хэлэх үү гар эвлэж өгдөггүй. Багаж хэрэгсэл маань ч бараг зэврэх дээрээ тулсан байна. Пад эрхи хийсэн энэ модыг Brazilian cherry гэдэг, хүрэн занданаас хатуу мод байна. Бодвол ум хар хавьцаа ч очих хатуу мод биз ээ. Энэ модыг Ganbold Tsoodol дүү юм хийгээд илүү гарсныг нь надад өгсөн юм. Бараг шагайн зурхай хийгээд илүү гарсан эд байх. Би л лав энэ модыг аваад 4-5 жил дарсан байх аа.

Амралтын өдөр тул раажав хүүгээ сонсолгүй, ертөнцийн чимээнээс тасарч, өөрт төлөвлөсөн зүйлээ нухсаар өдрийг барав. Олон жилийн өмнөөс Лувсанхайдав гуайн намтрыг яриулж, хуурцагт шингээж ирсэн билээ. Түүнийгээ бага багаар сийрүүлсээр бараг дөхсөн ч тухайн цаг үеийг тодруулж, түүхэн үйл явдлуудтай холбохоор мэрийж, ном судрын хуудас эргүүлж мунгинасаар мөн их уджээ. Яагаад Хайдав гуайн намтрыг тэмдэглэх болсноо хэлье.

Бороо орчихмоор байна уу даа гэмээр бүрхэг өдөр байна. Америкчуудын дотор ч бүрхэг буй нь ярианаас нь илт ажиглагдана. Трамп Ерөнхийлөгчийн хэлж буйгаар бүх юм хүрдан сайхан хэвэндээ орж байна, "үүнээс илүү муу болох байсныг би тулдаа энэ зэрэгт хязгаарлан барьж байна" хэмээн их л цээжээ дэлдэж байна. Үнэн эсэхийг түүх дараа нь гэрчлэх биз ээ. Хүмүүсийн уур хилэн намжиж, бослого тэмцэл суларсан хэдий ч тэдний сэтгэлийн шарх аних яагаа ч үгүй байна. Америкийн өнөөгийн нийгэм бол асар үнэтэй шаазан ваарыг газар алдаж унагаад, эргүүлээд хагархайгаар нь зүйгээд цавуудалцаж наасан мэт болжээ. Хагарсан ваар хэдийвээр бүтэн харагдах ч үнэ цэнэгүй болсон байдаг билээ. Тэгвэл Америкийн нийгэм түүнтэй адил үнэ цэнэгүй болсон мэт харагдаж байна. Энэ нийгмийг үнэ цэнэгүй болгосон бурууг корона вирус дэгдэн гарсан Хятадаас хайж байна. Үнэн хэрэгтээ ямарч сэргийлэх арга хэмжээ хийхгүй байсаар оруулж ирсэндээ өөрсдөө буруутай л даа. Бусад хямрал нь нийгмийн бухимдлаас үүдэлтэй болохоор нэг л гал алдвал дарьтай торх мэт дэлбэрч байна гэсэн үг.

More Articles …