Америкийн нийгэм цар тахлаас үүдээд гангар шаазан мэт хэврэг болсныг Миннеаполисын жагсаал цуглаан, тонуул дээрэм, эмх замбараагүй байдал бүрэн харуулж байна. Ажилгүй болсон нэг хар хүн өлсөхийн эрхэнд хүнсний дэлгүүрт хуурамч 20-тын дэвсгэрт хэрэглэх гэж баригдаад, ухамсар мөчид, арьсны үзэл нь гаарсан цагдаа нарын гарт алтан амиа алдаж, хар арьстнуудын хилэнгийн дөлийг бадрааж, жагсаал цуглааны галыг өрдөж, эцэстээ эд хөрөнгө, эрүүл мэндийн их хохирол амсав. Гайтай цар тахлын гэрийн хорионы нэгэн сүүдэр нь энэ болно. Сошиал хөгжсөнөөр урд өмнө дараад өнгөрдөг байсан эмгэнэлт явдлуудыг нийтэд ил тод болгожээ. Трамп Ерөнхийлөгч хүртэл тавтиргүй хэл амнаасаа болж Твиттер компанитай элдвээр алалцах боллоо.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 73 дахь өдөр
Хэд хоног хурц нартай халаад авсан болохоор өнөөдрөөс эхлээд үүгээр манан татаж, гэнэт сэрүүн ороод ирлээ. Хагас бүтэн сайн өдрүүдэд бороо орох сураг байна. Борооны улирал аль хэдийнээ дууссан байхад ийнхүү борооших нь бузрын нян тахлыг байгаль дэлхий хүртэл мэдэрчихээд ариутган угааж буй ч юм билүү. За тэр ч яах вэ, замын уртад раажав хүү л хань болж явна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 72 дахь өдөр
Цар тахлын хажуугаар оосор бүчгүй энэ орчлонд олон гайхалтай үйл явдал болоод өнгөрч байна аа. Трамп Ерөнхийлөгч "Шуудангаар саналын хуудас бөглөхөөр залилангийн шинжтэй хуурамч сонгууль болно" гэж жиргэжээ. Түүнд нь Твиттер компани автоматаар "худал мэдээлэл" гэсэн анхааруулгын шошго наачихжээ. Сарын өмнөөс худал хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэж тус компани зарлаж байсан юм. Хуурамч мэдээллийг ерөнхийлөгч байна уу, ердийн иргэн байна уу, хэн тараах нь хамаагүй, нэг л хэмжүүрээр хэмжиж ийм анхааруулга наасан байна. Түүнд нь ноён Ерөнхийлөгч давчдаж, тус компанийг хаалгана гэж сүрдүүлэв. Твитер даруй хаагдвал Монголын сонгууль харин хар пиаргүй явах юм биш үү.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 71 дэх өдөр
Ажил ч эхлэж, раажав хүүгээ ч сонсож явна. Америк улсад цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 2 саяд ойртож, нөгчигсдийн тоо бум хүрэв. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш оролцсон олон дайн тулалдаанд амь үрэгдэгсдийн тоог энэ хохирол хол давжээ. Дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, төрийнхөө тугаа гудайлгасан амралтын дулаахан өдрүүдэд Калифорниа мужийн олон арван мянган хүн далайн хөвөөгөөр салхинд гарч, бие сэтгэлийн алжаалаа тайлахдаа хүн хоорондын зайгаа сайн барьсан хэмээн мэдээлэв. Дүрэм журмаа ухамсартайгаар дагаж буй нь үнэн бол нэн сайн хэрэг дээ.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 70 дахь өдөр
Өнөөдөр мөн амралтын өдөр, корона бол ярьдаггүй үг шүү! Ном уншаад, нэг пад хэлхээд өнжлөө. Бас сонгуулиас өмнө өрнөж буй элдэв самрааныг бага сага уншиж харав.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 69 дэх өдөр
Өнөөдөр амралтын хоёр дахь өдөр. Раажав хүүгээ сонсолгүй, гайтай хар коронагийн мэдээнээс холдон чихээ амрааж, гэр орондоо босон суугаа элдэв юм ухаж түнхээд, амралтын цагаа өнгөрөөв. Хоёр жилийн өмнө ээжийг өөд болсны дараа хэдэн эрхи, пад хийж буян хурааж, мани тоолоорой хэмээн ойр дотны хүмүүстээ өргөсөн билээ. Бөөр нь дутахаар нь үлдээсэн модон падны хоёр хэсэг бэлдмэл байв. Бөөр хийчихээр хиймэл үрэл олсон ч нүх нь нарийдаад хэлхэж чадахгүй, нүхийг нь томсгох гэхээр лазан хөдлөөд, боож тавиад, тэгээд таг мартчихжээ.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/24
Америкийн ихэнх мужууд, түүний дотор Калифорни муж маань тодорхой шатанд эдийн засгаа нээлээ. Мужийн захирагчийн гаргасан шатлалаар бид 2-р шатандаа буюу дэлгүүр, ресторан (зааландаа үйлчлүүлэгч хүлээж авах), казино гэхчилэн ихэнх бизнесүүд энэ 7 хоногт, зарим нь 5-р сарын сүүлээр, 6-р сарын эхэнд ажиллаж эхлэхээр болжээ. 3-р шатанд буюу сүм хийд, фитнэс, парти, концерт гэхчилэн олноор нэг дор цугларах үйл ажиллагаанууд нээгдэх ёстой ч одоогоор олон христийн сүмийн пасторууд нийлж Калифорнийг шүүхэд зарга мэдүүлсэн ба 5/31 гэхэд зөвшөөрсөн зөвшөөрөөгүй үйл ажиллагаагаа нээхээ мэдэгджээ.