Өглөө үүр хаяарахад зүүдлээд сэрчихлээ. Банжаагийн цагаан толгойтой хайнагийн үнээнд долоолгож, хэл нь ширүүн гэгч чигтэйхэн тул "Юу билээ энэ чинь?" гэж бодоод гэнэт өндөсхийтэл солонгос жинтүү дэрний хатуу оёон дээр нүүрээ наагаад хэвтсэн байжээ. Би хатуу жинтүүнд дуртай тул солонгосын ширүүн дэр надад их зохидог юм. Эргэж хөрвөөд жаахан бодол болж, халзан хайнагаа хэсэг бодлоо. Сүү ихтэй сайхан амьтан байж билээ. Банжаа сумын төвийн артельд Уянга хийцийн гэрийн мод цоохорлодог тул цайны сүүний хоёр үнээгээ буурайгийнд тавьдаг байв. Зун завод хаагдтал сумын төв рүү нормын сүүгээ зөөхдөө долоо хоногтоо 2 удаа 3 литр сүү хүргэж өгдөг байлаа. Тэр халзан хайнаг сүү ихтэй болохоор манайх заводын нормоо эрт гүйцээдэг, тэгээд зуны дунд сараас эхлээд сэрүү ортол 4 гүзээ өрөм авчирдаг, сүү хөлдөх цагаар 10 гаруй тогоо сүү хөлдөөчихдөг айл байлаа. Хайнагт долоолгож байна гэж зүүдэлснээсээ болоод эмээтэй ярьснаа санав.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 67 дахь өдөр
Бидний амьдарч буй Сан Франциско хотод уг нь цар тахлын тархалт харьцангуй бага байгаа юм. Удахгүй хориг тавигдахаар юу болохыг эс мэднэ. Цар тахал дэлгэрч эхэлснээс хойш энд 2320 хүн халдвар авч, 40 хүн нүд аньсан байна. Бэй Аэриагийн хэмжээнд бол үүнээс их, Калифорниа мужийн хувьд 90102 хүн халдвар авч 3660 өөд болсон. Ийм үед эдийн засгаа нээх нь эрсдэл мэдээж дагуулна. Халдвар 2 дахь давалгаа үүсэх, халдварын шинэ голомтууд бий болохыг хэн байг гэх вэ? Гадуур явж буй хүмүүсийг хараад байхад маск хийсэн нь нэн цөөн харагдана. Бүгд л Трамп Ерөнхийлөгчийг дуурайдаг юм уу бүү мэд.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 66 дахь өдөр
Цар тахлын статистикт тодорхой дүн шинжилгээ хийж, нэлээд ул суурьтай дүгнэлтүүдийг шил дараалан гаргаж байна. Хүн хоорондын зай барих журмаа нэг 7 хоногийн өмнө гаргасан бол 36 мянган хүний, 2 долоо хоногийн өмнө гаргасан бол 55 мянган хүний амь нас аврах байлаа гэж харуусан ярьж байна. Хэрвээ анхнаасаа хүн бүр амны хаалт хийсэн бол дор хаяж Хятадын хэмжээнд дарж авах байлаа гэж би бодов. Цагаан хүмүүсийн биеэ хэт тоосон эго ихтэй, бусдын үгийг тоодоггүй бардам зан нь ийм бэрх байдалд хүргэж, олон хүний амь насыг авлаа даа хөөрхий. Тэгэхээр Америкийн төр засаг, тэр тусмаа ноён Ерөнхийлөгч цар тахлыг хавтгайруулж алдсандаа түмэн буруутай бус уу? Америкт дээрх нь суудлаа, доорх нь гүйдлээ олохгүй аанай байсаар цар тахлын хазаарыг нь эвхээд сул тавьчихлаа даа. Монгол улс бол маш зөв бодлого явуулж, шуурхай хөдөлсөн учир бусдад үлгэр дуурайлал болж, олон улсын байгууллагуудын магтаал сайшаалыг удаа дараалан хүлээж байна. "Монголоос сур" гэвэл эд нарын хөх инээд нь хүрэх байх даа. Гашуун үнэнийг хэлэхэд Монголоос америкчууд сургамж авах хэрэгтэй байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 65 дахь өдөр
Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг дээ. Трамп Ерөнхийлөгч эхлээд хумхаа өвчний эмийг корона вирусыг эмчлэхэд тустай гэж сайрхаж яриад их байсан билээ. Америкийн Өвчнийг хянах, сэргийлэх төвөөс "Хумхаа өвчнийг анагаах эм hydroxychloroquine нь корона вирусыг эмчлэхэд тустай болох нь шинжлэх ухааны хувьд батлагдаагүй. Харин зүрхний шигдээс үүсгэх өндөр эрсдэл дагуулна" гэж мэдэгдсэн юм. Гэтэл Трамп Ерөнхийлөгч корона вирусын халдвар авахгүйн тулд өөрөө тус эмийг ууж байгаа гэдгээ зарлаж, эмч нарын нүдийг орой дээр нь гаргав. Зориуд догиож, бас мугуйдлаад, тийм гоомой юм хийж байгаад чад хийвэл яана.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 64 дэх өдөр
Ажил үйлс их, амралт чөлөө хомс, алтан шар зам дээр чамгүй цагаа өнгөрүүлж, алив төлөвлөснөө амжуулж, ард олны аяыг дагаж, аль болохоор алд биеэ ядрахгүйг хичээж, раажав хүүгийн яриаг алдалгүй сонсож явна. Цар тахлаас үүссэн асуудлууд өөр хоорондоо харилцан шүтэлцэж, арга шийдэл ч аяндаа хүндрэх төлөвтэй болов.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 63 дахь өдөр
Энэ жил Калифорни муж ер бусын их хур бороотой байна. Уг нь 1 сард борооны улирал дуусаж, өдийд өвс шарлаад, хуурайсч халаад, хаа сайгүй гал гардаг билээ. Тус мужийн нэг бэрхшээл нь нь гал түймэр юм. Ийм бороотой, чийг сайн байхад түймэр бараг гарахгүй байлгүй. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байна уу? Эсвэл цар тахлыг дэлгэрүүлэх байгалийн тохироо бүрдэж байна уу? гэлтэй. Өнөө өглөө ширүүн аадар сөрж, тэнгэрт давхар солонго татахыг харлаа.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 62 дахь өдөр
Амралтын 2 дахь өдөр гэртээ өнжив. Салхинд гарах гэж бодсон хэдий ч гадаа салхилж, цонхоор харагдах мод нахилзаад нэг л тав муутай харагдахаар нь гэртээ бүгэхээр шийдэв. Гэрийн хориог нэг өдөр боловч бодитоор нь хэрэгжүүлж, төлөвлөж ирсэн баримтат киногоо үзлээ. Өргөн уудам нутагтай, өнө их баялагтай монголчууд бид бусдын хараанаас гараад хагас жарныг туулсан ч юундаа ингэтэл дорвитой хөгжсөнгүй вэ? Хэрхэн яаж хууртсаар Хятадын эдийн засгийн хараанд орж, тэдний түүхий эдийн нийлүүлэгч дагуул улс болж орхив. Гэтэл Хятад өнөөдөр дэлхийд ямаршуухан байдалтай байна даа гэсэн олон бодолд дарагдаж хэвтэв.