Өглөөнөөс ажил оволзсоор сая жаахан намжлаа. Манай үүгээр манан будантай, бороо солонготой бор өдрүүд үргэлжилж байна. Цар тахлын хорио сулрах чимээнээр зам дээр гарах машины тоо илт олшров. Гэхдээ нэг их айхтар түгжирч барьсан юмгүй, урьдын адил сүлжилдэн давхилдсаар л байна. Хурдны замд раажав хүүгээс сонсох бүрт ойрын мэдээг онц сайн, холын мэдээг барин тавин ярьж өгч л байна. Мужийн захирагч маань маск, хамгаалалтын хувцсыг санаа зовохооргүй хэмжээнд нөөцөлж авах гэж хичээн ажиллаж буй боловч сайны хажуугаар саар зүйл уралдан орж ирсээр байгаа ажээ. Ашиг хонжоо хайсан зарим нөхөд шахаа хийх гэж оролдоод, шалгаж үзэхэд булзаарч зугтсан хэрэг гарчээ. "Ард түмний татварын мөнгийг ашиг өгөөжтэй зарах нь миний үүрэг" гэж Гэйвн Ньюсом захирагч ам бардам хэлэв. Ингэж бодож, ажиллаж чадаж буй нь агуу юм аа. Улаанбаатар хотын дарга маань усан оргилуур барина гээд тас гүрийчихэж байсан даа. Эрх ашгийн зөрчилтэй хүн байна гэж түүнийг би л лав ойлгосон шүү.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 56 дахь өдөр
Цагаан ордны хэд маань тоглоомчгүй гэрийн хорионд орчихжээ. Учир нь 2 ч туслах ажилтан нь корона вирусын халдвартай гарсан ажээ. Даана ч нэг цагаачийг цагаа, цагаан морийг ногоо хатгана гэдэг шиг эз нь хатгаад эрэлхэг царайлаад, маск ч үгүй, бүр буудуулах гэж буй дүлий ятуун сүрэг шиг нэг дороо овоороод байсан юм аа. Нүдэнд үл үзэгдэх корона вирус бол шувууны бууны хорголжин сумнаас илүү онч мэргэн тусгалтай байж таарна. Барууны төр засгийнхан хоорондын зайгаа бариад, манай эрүүл мэндийн яамныхан маскаа тогтмол зүүгээд, ард түмэндээ үлгэр жишээ харагдаж байхад цагаан ордныхон үнэн хэнэггүй, тэнэг эго-той, ямар ч үлгэр дуурайлгүй шавалдаад байсны гор юм. Гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг болохоор одоо яах вэ, хурдан 14 хоног нь дуусах байлгүй дээ.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 55 дахь өдөр
Өнөөдөр Америкт ээж нарын баярын өдөр. Монголын сайхан ээж нартаа энэ сайхан баярын мэнд хүргэе! Тэнгэрт одсон ээж, буурай хоёртоо баярлаж, бас дурсаж сууна даа. Манай мужид гэрийн хорио арай суларч, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь халаг л байна. Хадам аав, ээж хоёр маань энэ этгээдэд гацсан тул салхинд гаргахаар далайн хөвөөгөөр давхиж, буцах замдаа Стэнфордын их сургуулиар буугаад мордлоо. Хүн хар бол ёстой сайхан задгай бэлчиж байна аа. Зай барьж буй юм алга. Амны хаалт зүүсэн хүн ч алга. Сураагүй юмыг сургана гэдэг нөгөө дургүй ламыг дарж байж сахил хүртээв гэдэгтэй адил буй за. Хаана ч очсон нийтийн бие засах газар хаалттай байна. Цар тахлаас хамгаалж буй янз нь бололтой. Стэнфорд ороход зөвхөн ажилчид, гэр бүлийнхэнд нь үйлчилж байна. Нэртэй газрын хүмүүс нимгэн сэтгэлтэй болж, үнэн дүрдээ орсныг нэг их гайхсангүй, болдог юм болдгоороо мэт бодож явлаа. Хүний харьцаа хүйтэн төмөр шиг болж буйд сэтгэл санааны бэлтгэлтэй болчихсон байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 54 дэх өдөр
Өнөөдөр бидний тэмдэглэж ирсэн ялалтын баярын өдөр. 50 сая хүний амь насыг авч одсон дэлхийн 2-р дайнд 20 сая хүнээ алдсан Орос улс 75 дахь удаагийн ялалтын баяраа цэргийн сүрт жагсаалгүй, гэр гэртээ намуухан тэмдэглэв. Цар тахлын тархалт Орос оронд ид хүчээ авч буй тул ялалтын парадаа цуцлахаас өөр арга байсангүй. Дэлхийн 2-р дайн бол Орос орны хувьд эх орноо хамгаалах "ариун дайн", олон улсын түвшинд фашизмаас салах "чөлөөлөх дайн" байсан юм. Тус дайнд Америк, Англи холбоотон болж оролцсон тул өнөөдөр олон нийтийн раажаваар ялалтын баярын тухай дурдаж, Европын хөрсөнд оршуулсан 107 мянган эрэлхэг дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 53 дахь өдөр
Эрээлжлэн өнгөрөх замын турш элдвийг ургуулан бодож, раажав хүүгээ анхааралтай сонссоор явахад нэгэн зүйл сэтгэлд анзаарагдав. Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Америкийн ард түмэн энэ их зовлон, уй гашууг даван туулахдаа биднээс тун өөрөөр сэтгэж байна. "Хайртай хүмүүстээ баяртай ч гэж хэлж чадсангүй дээ" хэмээн харамсан ярьж байна. Монгол хэлэнд "үхэх хүнд үг бүү хэл, унтах хүнд ус бүү өг" гэдэг болохоор нөгчигсдөд үг хэлдэггүй, одогсдын хойноос нэг их нэхэл дагал болдоггүй, дотроо бодоод, буян санаад, сэтгэлдээ тэвчдэг билээ.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 5/8
Америк, Европид 12, 1 сард өвчилсөн хүмүүсийн түүхийг сөхөж хэдийнээс анх Хятадаас гадуур тархалт эхлэснийг олж тогтоохыг оролдож байна. Францад бүр 12-р сарын сүүлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нэгэн хүн ковидтай байсан нь тогтоожээ. Тэрээр Хятад уруу очиж байгаагүй хүн тул өмнө бодож байснаас хэдэн 7 хоногийн өмнө орж ирээд тархаж байсныг тодорхой болгож байгаа аж.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 52 дахь өдөр
Гэрийн хорио аажмаар тавигдаж эхлэхээр олон бизнес нээгдэж, халсан хүмүүсээ ажилд эргүүлэн авч байна. Хэрвээ ажилдаа буцаж орсон бол тэр өдрөөсөө эхлэн ажилгүйдлийн тэтгэлгийн мөнгөө авахаа зогсоох журамтай ажээ. Цар тахалд халдах магадлал бүхий ахмад ажилчдыг байдал намжтал ажилдаа эргэж орохоо хүлээсэн нь дээр хэмээн зөвлөж байна. Энэ бол халдварын эрсдлийг сааруулах гэсэн бас нэг арга юм. Нэгэнт хүмүүс ажилдаа ороод эхлэхээр хүүхэд харах хүн хайх, цэцэрлэг, яслийг хэрхэн яаж халдвар дамжуулахааргүй ажиллуулах вэ? гэсэн бас тулгамдсан асуудал үүсэж байна. Цар тахлын халдварыг тогтоох түргэвчилсэн шинжилгээний газрыг улам олшруулах хэрэгцээ үүнтэй холбогдон гарч байна. Гэвч манай мужид ийм боломж тун хязгаарлагдмал байна хэмээн хотын дарга мэдэгдэв.