Хурдны зам дээр хөнгөн тэрэг олширч, гэрийн хорио суларсан аятай болов. Хориг тавигдах хаа байсан цагт шүү. Өнгөрсөн бүтэн сайн өдөр манайхаас урагшаа 80 км зайнд орших Сан Хозе хотод мексик, латин хүмүүс шашны үүдэлтэй нэг том баяр тэмдэглэж, 10 гаруй мянган хүн зөвшөөрөлгүй нэг дор цуглаад авчээ. Цагдаа нар халдвар авахаас айгаад дотор нь орж тарааж чадаагүй, буянаараа болог гээд зөнд нь орхисон тухайгаа ярьж байна. Амны хаалгүй олон хүн цугларсан нь энд тэндэхийн камерт өртөж, муж ба хотын дарга нарыг хилэгнүүлээд авчээ. "Хөл хорионы үед ингэж олноороо цуглаж, өөрийгөө болон өрөөлийг халдвар авах эрсдэлд яагаад оруулж байна?" гэсэн сурвалжлагчийн асуултанд нэг хүн "Энэ бол маш чухал баяр, бид заавал тэмдэглэх учиртай юм. Бурхан ивээгээд халдвар авахгүй гэж би бодож байна. Хэрвээ бурхан таалбал үхэхэд ч гомдолгүй" гэх мэтээр тохуурхах аястай хариулж байв. Бөх зүрхтэй бүдүүн зоригтой, амиа хайхардаггүй аймаар амьтад юм аа. Уг нь латин хүмүүсийн халдвар өндөр хэвээрээ байна гэсэн түгшүүрийн дохио яваад байсан. Түүнийг ч хэрэгсэж буй юм алга даа. Тэднийг нээрээ бурхан өршөөг!

Ази, Европ, Америкт унасан эдийн засгаа сэргээхээр бага багаар алхам хийж эхлээд байгаа энэ үед хөгжиж байгаа орнууд, ялангуяа Бразилд эвгүй байх шиг байна. Тэнд Хятадын тоо хэмжээг өнгөрөөд 105 мянга гаруй халдвар, 7 мянга гарсан нас баралттай байна. Ерөнхийлөгч нь "жижигхэн томуу" гэж энэ цар тахлыг үл тоож, өөр шиг нь тамирчин хүнд бараг тусахгүй гэчихсэн, хөл хорио тогтоохыг санал болгосон эрүүл мэднийн сайдаа ажлаас халчихсан аж. Хүн ам дотор нь ч гэсэн буруу ойлголт их, аяллаж зугаалдаг баячуудын өвчин гэж үзэж байсан байх жишээтэй. Тест шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ муутай энэ орон одоогоор дэлхийн халдварын цөм болж байх шиг байна. Тэндхийн халдварын байдлыг бусад улсуудтай харьцуулсан графикийг оруулав. Энэтхэгт хөл хорио эхэлснээс хойш сар болж байгаа хугацаанд 40 мянга гаруй халдвар, 1300 орчим нас баралт бүртэгджээ. одоогоо 5/18 хүртэл хөл хорио хүчинтэй байх юм байна.

Ажлын өдөр замын уртад раажав хүүтэйгээ нөхөрлөж явлаа. Эмч нар, улс төрчид, корона вирусын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн яриаг чих тавин сонсов. Аливаа учир зангийг аль болох өөрөөс нь сонсох шиг хэрэгтэй юм алга байна. Үг олон дамжихаараа үнэнээс гажаад холдчихдог жамтай билээ. Тийм болохоор өвгөд маань "гэнэ лээ" гэдэг үгэнд итгэж, бусдад бүү дамжуулж бай. "Гэнэ лээ" гэдэг чинь "гэнэн сүүлтэй" байдаг хэмээн сургадаг байв аа. Тэгэхээр миний хэлж ярьсныг өөртөө шингээнэ үү гэхээс "гэнэ лээ" болгож цааш яриад дэмий л байх шүү.

Өнөөдөр зарим мужид гэрийн хорио цуцлагдаж, бизнестээ эргэн орж байна. 22 сая хүнтэй, аялал жуулчлал дээр амь зуулга нь тогтдог Флорида муж алдарт Майами бийчээ нээж, эргэн тойрных нь зоогийн газрууд, жижиг бизнесүүд үүд хаалгаа сөхөв. Зай барих, нүүрний хаалт хийх зэрэг шаардлага тавьж буй ч ард иргэд тийм амархан дасахгүй янзтай будилж л байна. Хориг тавигдах шийдэл дээр америкчууд 2 янзын байр суурьтай, зарим нь эсэргүүцээд, зарим нь дэмжээд, яг юу болох нь тодорхой мэдэгдсэнгүй. Трамп Ерөнхийлөгч өчигдрийнхөө яриандаа "Цар тахлаас амсах хохирол 70, 80 бүр 100 мянга ч байж магад. Энэ бол ёстой аймшиг" гэж цөхөрсөн янзтай хэлэв. Уг нь сарын өмнө хохирлыг 60, 70 мянга дээр хазаарлан зогсоож чадна гэж нэлээд итгэлтэй хэлж байсан даа. Бизнесүүд нээгдээд, олон хүн ил гарч, ичигсэд хөдлөх мэт хөдөлгөөнд ороход цар тахлын тархалт ахин дэгдэж, хохирол 200 мянгад хүрч магад гэж үзэж буй юм билээ. Гол нь халдвар авсан өвчтөнг олж тогтоох (contact tracing) ажил урагштай явахгүй, алхам тутамдаа хүний эрх, хувийн нууц зөрчих болоод удаашраад байна. Ардчилсан орны нэг зовлон үүнд оршиж байна.

Амралтын өдөр дуртай номоо эргүүлж тойруулан харж сууна. Эх хэлээ эрхэлж сурсан, орос хэлийг цэргийн онцгой дэгээр, англи, япон хэлийг амьдралын зайлшгүй шаардлагаар үзсэн нэгэн тул орос ном барьж авбал нэг л яарах сэтгэл төрөөд, шуурхай уншдаг сонин дадалтай болчихсоноо өөрөө ч сайн мэддэггүй билээ. Хөх нуурын монгол, сүмбэ хамба Ишбалжирын 8 боть сүмбүмийн 1-р боть болох Галбарвас модон хэмээх зохиолыг ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын төвдч эрдэмтэн Р.Е.Пубаев 30 орчим жил харьцуулан судалж, "ПАГСАМ-ЧЖОНСАН: памятник тибетской историографии XVIII века" гэсэн нэртэй энэхүү номыг 1981 онд хэвлүүлжээ. Саяхан захиалж авсан энэ номыг бариад авлаа. Галбарвас модон судрыг төвдч П. Ням-Очир орчуулж, түүнийг өөд болсон хойно төвдч Б.Няммягмар хянаж, төвдч Г. Ням-Очир хэвлэн олны хүртээл болгосон билээ. Пубаев энэхүү "Дээдийн ном Энэтхэг, Төвд, Хятад, Их Монголын оронд дэлгэрсэн түүх Галбарвас модон" судрын гар бичмэлээр үлдсэн В.П.Васильевын орос орчуулга, Сарат Чандра Дасын англи орчуулгыг Ишбалжирын төвд эхтэй тулгаж тус шүүмж номоо бичсэн ажээ. Хүн төрөлхтний соёлын түүхэнд үнэт хувь нэмрээ оруулсан сүмбэ хамба Ишбалжирын бүтээлийг задлан шинжилсэн энэхүү номыг амтархан уншиж эхлэв. Хувийн сонин гэвэл ийм байна.

Дэлхийн улс орнууд их хэмжээгээр Хятадын бараа нийлүүлэлтээс хамаарч байснаа ухаарч засах оролдлогыг хийж эхэлж байна. Quad бүлэглэлийн гишүүн улсууд Япон, Америк, Автрали, Энэтхэг улсууд дээр нь Вьетнам, Солонгос, Тайван зэрэг азийн орнуудыг нэмж оруулж, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх тал дээр ярилцаж эхэллээ гэжээ.

Өчигдөр Майн нэгний жагсаал хөрөнгөтний газар болж, зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс энд тэнд эмх замбараагүй жагсаж, ажлын хамгаалалтыг сайжруулж, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардсан байна. Харин хүчээр тараалаа, барилаа гэж дуулдсангүй. Бодвол болдог юм болдгоороо тайван болоод өнгөрсөн янзтай. Сан Франциско хотын дарга Лондон Брийд 8 мянга орчим буудлын өрөөг гэр оронгүй хүмүүст зориулан гаргахаар төлөвлөөд, 2 мянга орчим өрөө бэлдэж, мянга гаруй орон гэргүй хүмүүсийг оруулж, ажлын гүйцэтгэл нь урагш муутайхан яваа ажээ. Үүнд бухимдсан гэр оронгүй хүмүүс хотын захиргааны хавийн замыг хааж, корона вирусээр өвчилж үхсэн хүний дүр эсгээд, шар цэцэг тэвэрч, зам дээр хэвтэж, бухимдлаа тайлжээ. Хотын захиргаа хичээж буй ч хийдэг хэд нь цөөн тул ажил нь урагшлахгүй байна гэнэ. Өдөр намайг хотын захиргааны араар гарахад зам сайхан чөлөөтэй болсон байна билээ.

More Articles …