Өчигдөр орой 4 уут бор (арвайн) гурил бэлдчихлээ. Өчигдөр манай боруудын идсэн хурдаар бол бэлдсэн гэж хэлэхэд хэцүү болох юм шиг байна.

Уг нь би дандаа зуурч өгдөг юм. Тэгсэн манай 2 санаа зоволтгүй, бид 2 бэлдэнэ гэнээ. Яах нь вэ гээд хараад байсан чинь миний хийдгээс 1 халбага элсэн чихэр илүү хийж байна шүү хэ хэ.

Алтан шар зам минь өлзийтэй болохоор аймшигтай давхидаг хүмүүсийн завсарт хавчуулагдаад, амар мэнд жирийж л явна. Раажав хүүгийн яриа заримдаа замын чимээнд дарагдаж, чих сунган дэлдийлгэнэ. Ойр орчны элдэв сониноос саарыг гээж, сайныг шигшин хэлье.

Итали, Иранд муруй шугам тэгширч, уруудаж эхлэх үед Их Британи, Франц, Японд байдал хүндэрч эхэлж байна. Их Британы ерөнхий сайдын бие муудаж эрчимт эмчилгээ үрүү шилжсэн гэжээ. Хурдан эдгэрэх болтугай. Манай Шарын төрсөн дүү шиг зантай нөхөр байгаа юм хөөрхий. Япон сургуулиудаа хаасан нь ч ерөнхий хөл хорио хийгээгүй юм байна. Хөл хорио хамгийн найвартай арга гэдэг нь улс орон бүр дээр батлагдаад байгаа. Жишээ нь Солонгос, Америк 2-т яг зэрэг анхны халдвар илэрсэн. Гэтэл голомттой ойр Тайваний адилаар хатуу чанга хөл хорио тогтоож, шинжилгээг их хэмжээгээр шаргуу хийж, шижигтэй иргэдийг мөрдөж мөшгөн тогтоосноор 174 үхэлтэй тогтоож байна. Үүнийг америкийн хүн амын тоонд шилжүүлж үзвэл 1100. Америк даяар муруй шугам маань нугарч эхлээгүй байхад үхлийн тоо 8500 давчихлаа. Гэхдээ оройтсон нь ч гэсэн хөл хорио зарласнаар үүнээс ч их хэцүү тусах байсныг бууруулсан нь лавтай. Гэхдээ л энэ алдаа олон хүний аминд хүрч байна даа.

Өчигдөр үдээс хойш хурдны замын түгжрэлд саатаж, 40 минут таг зогслоо. 21 хоног ямарч саадгүй давхисан л даа. Сан Францискогийн нисэх буудлаас урагшаа нэг их холгүй газар 3 машин зад мөргөлдөж, замын нэг тарсан тул цагдаа, гал команд, түргэний тэрэг зэрэг шавж, замаа хэсэгчлэн цэвэрлэх зуур 5 эгнээ таг зогсох нь тэр. Тэгж саатах зуураа Раажав хүүгээ л сонсов.

Цаг хугацаа мөн хурдан нисэн өнгөрөх юм аа. Нэг л мэдэхэд гэрийн хорио эхлээд 21 хоночихжээ. Нөхцөл байдал хүндэрснээс болж хорио тавигдсангүй, 5 сарын 1 хүртэл 24 хоногоор сунгагдчихлаа. Өнгөрсөн өдрүүдэд хорионы горимоор ажиллаад дасчихлаа. Хүйтэн дайны бэлтгэл, картын барааны зэлмүүн амьдралыг туулаад гарсан бидний хувьд гэртээ бүгэх нь хурууны үзүүрт хум пад юм байна. Дэлхийн дайнаас хойш зовж үзээгүй, эмнэг хангал зантай америкчуудын хувьд сэтгэл санааны ихээхэн дарамт болж буй ажээ. Раажав хүүгээ (манай хүүхэд биш, жинхэнэ радио) сонсоод, хурдны зам дээр давхиж явахдаа мужийн захирагч Гэйвн Ньюсом гуай цар тахлын шинжилгээний явц удаашралтайд сэтгэл зовниж буйг мэдэв. Шуурхай ажилладаг, мундаг шийдэмгий хүн. Өчигдөр ярианыхаа далимд Трамп Ерөнхийлөгч түүнийг магтаад авч байна лээ. Уг нь ардчилсан намыханд ам султай Ерөнхийлөгч шүү дээ.

Европийн хамгийн хүнд туссан орнууд Итали, Испанид халдварын хурд буурч эхэлж байхад Америкт хамгийн хүнд 7 хоногууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 335524 тохиолдол, 9562 үхэл, 17,266 эдгэрэлт. Ирэх 7 хоног бүр хэцүүхэн болно гэж анхааруулж байна.

Манай хот, хот орчмын коунти нь хуучны оросын холбооноос ирсэн 90 мянга гаруй цагаачид амьдардаг, албан ёсны улсын санхүүжилттай орос сургуультай, славик коммунитигийн томоохон төв бөгөөд биднээс арай эрт төвхнөж эхэлсэн байдаг ч монголчууд бидэнтэй адил хуучны соц орноос гаралтайн хувьд тэдний үйл хөдлөл, алдаа дутагдал, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээл зэргийг нь ажиглахад гэмгүй байдаг юм.

More Articles …