Америкийн ихэнх хэсгүүд болон Европт reproduction ratio халдвар тарах харьцаа RO буюу 1 халдвар тээгчийн бусдад халдаах тоо 1-аас бага боллоо гэж бичигдэж байна. Үүнийг вирустэй гарсан хүний тоо болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тооны өсөлтөд үндэслэж баримжаалж тогтоодог юм байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 36 дахь өдөр
Америкт цар тахлын тархалт буурахгүй, түүнтэй тэмцэх тэмцэл ч буурахгүй ёстой оволзож байна. Хажуугаар нь улс төрийн тэмцэл хурцдаж, цар тахалтай тэмцэх тэмцлийн эрч хүчийг бууруулах янзтай байна. Уг нь эв эеэ хичээвэл хамтын хүчээр гамшгийн ард хурдан гармаарсан. Энэ удаагийн Америкийн төрийн тогтолцоо нь Ардчилсан намынхан зонхилох Доод танхим (Хауз), Бүгд найрамдах намынхан олонхи болсон Дээд танхим (Конгресс), дээр нь Ерөнхийлөгчөөс бүрдэж байна. Аливаа асуудлыг доороосоо дээшээ оруулж шийдэгдэхээр Ерөнхийлөгч баталгаажуулж гарын үсэг зурдаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн асуудал ч мөн энэ замаар явж шийдэгдэнэ. Яг одоо Трамп Ерөнхийлөгч Доод танхимын дарга Пелоси хоёрын хооронд үзэн ядалт, улс төржсөн цусгүй дайн явагдаж байна. Пелоси нь бүх тохиолдолд Трампыг үгүйсгэж, шийдвэр бүрд нь саад хийхийг хичээнэ. Хүүхэд дийлдээд ирэхээрээ хаздаг шиг Трамп Ерөнхийлөгч асуудал болгон дээр Пелосиг "ард түмний дайсан" болгож нотлох гэж дэмий үг хавчуулна. Үнэндээ чадах чадах саадаа хийж асуудлыг гацаана. Энэ удаад Трамп жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэмж 450 тэрбум долларын зээл олгох асуудал Доод танхимд оруулж, Пелоси гацаачихсан тул үүнд Дээд танхимын сенатууд нэлээд ууртай байна. Улс төрд гарч буй ийм гацаа бол нэгт цар тахлын эсрэг тэмцлийг сулруулж, хоёрт ард түмнийг бухимдуулж, хямралыг гүнзгийрүүлж байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 35 дахь өдөр
Америкт цар тахлын тархалт өдөр ирэх тутам улам газар авсаар, улс амьтныг сандаргасаар байна. Хоногтоо 2 мянган хүнээ алдаж байхад "Оргилдоо хүрлээ, одоо жаахан буурлаа, хонгилын үзүүрт гэрэл ёлтойв" гэх мэт Трамп Ерөнхийлөгчийн хэлэх үг чихэн дээр цэцэг ургах мэт санагдах болжээ. Харин Нью Йорк мужийн захирагч Андрью Куомогийн хоолойгоо чичрүүлэн байж "Та нар ирж туслаач ээ! Бид үнэхээр хэцүүдэж байна шүү!" гэж хэлсэн үнэн үг сэтгэл хэрчиж, зүрх зүснэ. Уг нь цар тахал хаанаас гарсан нь нэн тодорхой баймаар бодогдох юм. Гэтэл үүнийг тойрсон явган хэрүүл улс орнууд дамнан үргэлжилнэ. Ухань хотын хүнсний захаас гарсан, үгүй ээ цэргийн зориулалттай биологийн лабораторид туршилт хийж байгаад гадагш алдсан, үгүй ээ Америкийн цэргийнхэн Уханьд авчирч тараасан гээд хаашаа л бол хаашаа энэ сэдэв савална. Нэгэнт цар тахал тархаад дэлхийг бүрхсэн энэ цагт хаанаас дэгдсэн нь бус хэрхэн хамтын хүчээр дарж авах нь нэн чухал баймаар даа. Үүнтэй холбогдуулаад адил чанарын САРС вирус хэрхэн тархаж, яаж дарсныг товч хэлье.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/20
Эдийн засгаа нээх тухай асуудал Америкт яаж шийдэгдэх бол гэж бид бүгд анхааралтай ажиглаж байна.
Энэ тэнд эдийн засгаа нээхийг шаардсан цуглаан болж байна. Манай мужид хүртэл Huntington Beach-д болсон. Та бүхэн анзаарсан байлгүй бүгд Шарыг дэмждэг хот, мужуудад ихээр гарч байгаа. Манай хүн хатгаад байгаа л даа. Мичиганыг чөлөөл, Виржинааг чөлөөл, Миннесотаг чөлөөл гэхчилэн бүгдийг том үсгээр бичиж жиргэсэн. Өөрөө бол том компани, бизнесүүдийн удирдагчдын шахалтанд. Жагсаад байгаа хүмүүс түүний болон бусад баячуудын золиосны хүмүүс гэдгээ мэдээгүй л орилцгоож байгаа нь өрөвдмөөр. Аз болж гайгүй өнгөрвөл яахав, хэрэв олноор өвдөөд, амь нас нь аюулын ирмэгт тулаад ирвэл нэг юм толгойд нь орох байх даа. 1,2 сард "үнэг" тв-ээр мань хүн болон нэвтрүүлэгчид нь бүх юм зүгээр, ажилдаа явж болно, вирусаас айх юм байхгүй, дулаан болонгуут л алга болчихно гэх зэргээр пропоганда ярьж байсныг санаж байна уу? Тэгвэл нэгэн ашгийн бус байгууллага хүмүүсийн амь насыг аюулд оруулсан гэдгээр уг тв-ийг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Удахгүй бүр баталгаатай нас барагсдын төрөл садангууд тэдний буруугаас болж амь насаа алдсан гэж нэхэмжлээд явчих өндөр магадлалтай. Бүх зүйлийг нь хуульчид хаацайлаад хаацайлаад олон тооны амь нас алдсаныг аргалж чадах болов уу даа. Шар маань нөхцөл байдлын хүндэрсэн шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, мэдээлэл нуусан, хоцруулсан гэдгээр Хятадыг, хэдийгээр 3 жил гаруй ажиллаад байгаа ч бэлтгэл муу үлдээсэн гэдгээр өмнөх ерөнхийлөгчөө болон бэлтгэлгүй байснаар мужийн захирагч нарыг тус тус буруутгаад байгаа.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 34 дэх өдөр
Амралтын өглөө эрт Нью Йорк мужийн захирагч Андрью Куомогийн мэдэгдлийг бүтэн сонслоо. Эмх цэгцтэй, илэн далангүй, найрсаг сайхан ярьж байна. Улс төрч хүн бол манлайлагч байх, манлайлагч хүн л ийм байх ёстой доо гэсэн сэтгэгдэл төрөв. Манай мужийн захирагч Гэйвн Ньюсом, Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп ч бас лут илтгэх юм аа. Хүнд бэрх цагт тэд ард түмэнтэйгээ цуг байж, зөв буруугаа хэлэлцэж, асуудлын ард хамтдаа гарахыг хичээдэг юм байна. Орос, Хятад, Англи, Франц, Япон, Герман, Итали, Испанийн тэргүүлэгчид бүгд үлгэр жишээ сайн харагдаж байна. Манлайлна гэдэг маш чухал авьяас билэг юм байна шүү. Яах гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Канцлер, мужийн захирагч болсон билээ дээ, үүрэг хариуцлага нь нэн өндөр, үзэл бодол нь ил тод байна.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/18
Амар сайн уу манайхан.
Өнөөдрийн байдлаар Америкийн хэмжээнд үхлийн тоо 33 мянга орчим, үүнээс 15 мянга орчим нь Нью Йоркт, СА мужид 821 гэж бүртгэгджээ. Нийтдээ 3 сая орчим хүн шинжилгээ өгсөн ба эдгээрээс 700 мянга гаруй нь вирустай гарлаа. Үүний хамтаар хүнд өвчтэй хүмүүсийн гэр бүлүүд эдгээж магадгүй найдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цусны плазмаа ихээр хайж байна. Нью Йоркийн The independent blood center, түүний Maryland, Kansas, Missouri мужийн салбаруудад элгэрсэн хүмүүсээс цусны хандив авч эхэлжээ.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 33 дахь өдөр
Цар тахлын тархалтын улмаас Америкийн эдийн засагт томоохон хямрал нүүрлэсний нэгэн илрэл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн царцалт эхэлж байна. Ажилгүйдэл улам ихсэж, олон зуун мянган хүн байрны зээлээ төлөх чадвараа алдаж, шинээр байр худалдан авах хүмүүст хүлээлт үүссэн зэргээс байрны борлуулалт зогсож, хиймлээр хөөрөгдөж ирсэн байрны үнэ 20-30% буурч байна. Америкт байрны үнэ байршлаасаа шалтгаалж муж бүрд харилцан адилгүй өөр байдаг. Дундаж хэмжээний 3 өрөө байр Алабама мужид 80-100 мянган долларын үнэтэй бол манай энэ Бэй Аэриад 1.2-1.6 саяас дээш болсон байх жишээтэй. Уур амьсгал зөөлөн, хүн амын нягтрал, ажлын байрны олдцоос болж, Бэй Аэриад байрны үнэ асар их өссөн билээ. Үнийн хэт хөөрөгдөл цар тахлаас шалтгаалан ойрын үед бууж, цаашид бүр унах төлөвтэй болов. Орон байр авахаар төлөвлөж буй монголчууд маань ядаж нэг жил хүлээх хэрэгтэй байх аа.