“Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг идэр жинчний алдарт үг бий. Цар тахлын нэгэн голомтод буй бидний амьдрал урьдын адил хэвийн үргэлжилж, ажил төрөлдөө шамдсаар сууна. Хавар цаг ирсэн болохоор Калифорнийн хурц нар шарсаар байна. “Нарлаг Калифорни” гэж хэлдэг юм билээ. Биднийг Орост сурч байхад “Нарлаг Монгол” галт тэрэг ирэхээр сэтгэл догдлоод үнэхээр сайхан санагддаг байж билээ.

За өнөөдрийн бодол, мэдээллээ оруулья даа. Хэрэв анзаарсан бол мууг сайнаар гэгчээр 1 муу мэдээ оруулбал түүнээс илүү тоогоор сайн сайхан мэдээ, эсвэл пост дагуулдуулахыг хичээж байгаа шүү хэ хэ.

Хурдны зам дээр гарахаар л нэг юм раажав хүүг тухлан сонсох боломж гарна. Бусад цагт нь ажлаа нухаад таарна. Нөхцөл байдал эрс өөрчлөгдөж буйг та нар юун эс андах билээ. Трамп Ерөнхийлөгч бүх нийтээрээ маск зүүхийг уриалав. Азийн орнуудын эмч нарыг сонсоод тэр гэнэ. Уг нь энэ бол ердийн ханиад, эмч, эмнэлгийн ажилчид л маск зүүнэ гэж мэдэгдэж байсан нь тун саяхан билээ. Хэлэх үг нь алга урвахын хооронд өөрчлөгдөнө гэдэг мөн тоогүй еэ. Буруу ярьсныхаа төлөө энэ эрхэм хариуцлага хүлээх болов уу? Үгэнд нь итгэж тоомжиргүй яваад халдвар авсан хүмүүс, үрэгдэгсдийн гэр бүл гомдол гаргах болов уу? Боломж гарвал шүүхтэх л гэдэг сэтгэлгээтэй ард түмэн мэт санагддаг юм.

Ерөнхийлөгч шар бүх зүйл under control, тайван сайхан хийдэг зүйлээ хийгээд яв гэж зарлаж байх үед Калифорни муж Америктаа л хамгийн түрүүлж хөл хорио тогтоосон нь вирусын тархалт, үхлийг сааруулж чадсан том алхам болсныг харуулж байна гэж Хотын маань төв хэвлэлд бичжээ. Доор Италийг СА-тай харьцуулсан графикийг хараарай. Үүний дүнд ихэнх иргэд дуулгавартайгаао гэртээ байгааг гар утасны дата харуулж байгаа юм байна. Гэвч шарыг дэмждэг хэсгүүдээр болон боловсрол багатай хот, районуудаар хөдөлгөөн хэвээр үргэлжилж байгааг мөн л дата харуулжээ.

Хагас бүтэн сайн сайтар амарч аваад ажилдаа орлоо. Манай компани 35 мянган ажилтантай, бүгд гэрээсээ онлайн ажиллаж байна. Цар тахлын хурдан тархцаас шалтгаалаад ажлын хуваарь хойш урагшаа гүйж, үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж, элдэв мэдээ мэдээлэл тодорхой авах зав гарсангүй нар хэвийлээ. Ямарч байсан дэлхийн эмнэлгүүдэд амьсгалын аппарат их хэрэгтэй байна. Түүнийг винтилятор гэж нэрлээд буй хэрэг. Зарим хүмүүс ойлгохгүй, өөр зүйл мэт бичээд байна лээ. Амьсгалын аппарат эмнэлгүүдэд ер нь цөөн байдаг, үйлдвэрлэхэд их цаг ордог ажээ. Хүнд өвчтөний үхэх сэхэхийг шийддэг гол хэрэгтэй эд нь энэ юм. Монголын эмнэлгүүдэд бас л цөөхөн байдаг гэнэ.

Бороо шивэрсэн ням гаригийн өглөө Алтайн бор гурил зуурч идэцгээв. Савлалт сайхан ч даана ч бага орцтой эд байна. 50 граммаар савласан бор гурилыг цайнд самардаг ч юм билэв үү? Гадаад дотоод мэдээ жаал сонслоо. Сайнаасаа саар нь олон юм. Америкийн Ерөнхийлөгч амь насыг хамгаална, ажил төрлөө ч хаяхгүй, хаа ч гэж хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна, бид ялна л гэж байна. Ерөөлөөр болтугай! Энэ удаагийн ярианаас статитик тоо баримт дээр тулгууран дүгнэлт гаргаж буй нь илт мэдрэгдэв. Статистикийн тоо баримт үнэн зөв байх нь их чинь чухал. Хятадыг буруутгаад буй шалтгаан нь цар тахлаар өвдсөн, өөд болсон хүмүүсийн тоог хэт дарж, түүнд нь хууртаж бид гэнэдлээ л гээд буй. Тэгэхээр бусдын статистикт итгэх нь бас л хангалттай биш л дээ.

More Articles …