Калифорни мужийн захирагч маань бичиг баримтгүй гадаад хүмүүст ямар нэгэн хэлбэрээр хишиг хүртээх мөнгөө хүргэнэ, хүн л бол хүн, ялгаж салгаад байх юмгүй гэж ярианыхаа завсар хавчуулж хэллээ. Гэйвн Ньюсом гуай их буурьтай, тайван сайхан, ухаалаг ярьдаг хүн юм. Хүн бол хамгийн үнэтэй капитал болохоор ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж буй Америк орон ийм энэрэнгүй бодлого явуулах нь аргагүй биз ээ. Түүнийг Сан Франциско хотын дарга байхад нь Улаанбаатар хоттой эгч дүү хот болгох асуудлаар элчин сайд Р.Болд гуай бид хоёр уулзах гэж оролдоод дийлээгүй. Хотын гадаад харилцааны дарга нь мурьж бултуулчих шиг болсон.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 31 дэх өдөр
Ажилгүйдлийн хороонд (Unemployment Department) ажилгүйдлийн тэтгэлгийн өргөдөл өгсөн хүний тоо 28 хоног буюу сарын дотор 22 саяд хүрчээ. Энэ бол АНУ-д ажиллаж буй нийт хүний долооны нэгтэй тэнцэх их тоо юм. Үүний цаана ямар нэгэн шалтгаанаар өргөдлөө бөглөж амжаагүй олон мянган хүн бий. 40 сая хүнтэй Калифорни мужид огт бичиг баримтгүй 2 сая хүн амьдардаг, тэдний ихэнх нь ажилгүй болсон ч тэтгэлэг авах, бүр 1200$-ын хишгийг хүртэж боломжгүй гэнэ. Тэд татвараа бодож явуулдаггүй учраас ийм байдалд оржээ. Хоосон хоцорсон эдгээр олон хүнд олдож буй цорын ганц боломж гэвэл хоол хүнсний нөөцөөс 7 хоног бүр үнэгүй тарааж буй бараанаас олж аваад, гэр бүлээрээ өлсөх аюулаас гарах хэрэгтэй. Хэрвээ та боломжтой бол хоол хүнсний нөөцөөс тарааж буй зүйлээс хороож бусдын боломжийг бүү булаагаарай гэж раажав хүү зөвлөж байна. Энэ зөвлөгөөг хятадуудад л хандаж хэлсэн байх гэсэн бодол зурсхийв. Энд амьдарч буй хятад хүмүүс цаанаа нэг өлөн, сувдаг шунахай зантай харагддаг. Өндөр настан, гэр оронгүй хүмүүсийг хооллож буй буяны байгууллагын дараалалд хятадууд л голдуу зогсож байдаг. Хуванцар сав түүгээд, губ шуб хийж яваа хүмүүс бол хятадууд л байдаг. Хүн олонтой болоод ч тэр үү, хятад хүмүүс энд ер нь их хомхой, бохир заваан амьдрах юм. Тэдний баян нь баян, чадалтай нь чадалтай, харин ийм өлөн зэлмүүн нь шоргоолж мэт олон байна. Эдгээр сонин хүмүүсээс болж азиудын нэр хүнд алхам тутамдаа унаж байна.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/16
Хонгилын үзүүрт гялбаа тусахын хэрээр иргэддээ аюул үүсгэхгүйгээр буцаж хэвийн амьдралд оруулах төлөвлөгөөнүүд хэлэлцэгдэж эхэллээ. Манай шар гоё арга бодож олж: мужийн захирагч нар хэзээ мужийн хөл хориог тавихаа өөрсдөө шийд гэчихлээ. Асуудал гарвал өөр дээр нь буухгүй амар болсон доо.
Манай СА муж баруун эргийн Орегон, Вашингтон мужтай хамтарч хэлэлцэж байна гэж бичигдэж. Голлож анхаарах чиглэлд шинжилгээний, мөрдөж тодруулах, тусгаарлах системүүдийг боловсруулах оржээ. Үүний адилаар бусад мужууд ч гэсэн хөрш хөршөөрөө олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг тал дээр хамтрах групп, төлөвлөгөө боловсруулж буй бололтой.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/15
Миний постыг нь унших дуртай Болдсайхан эмчийн өөрийнх нь бичсэнээс үзвэл түүний хувийн эмнэлгээр үйлчлүүлэгч эмэгтэйн шинжилгээ сөрөг гэхдээ өвчлөөд эдгэрсэн байх магадлалтай гарчээ дээ. Овоо нарийн шинжилгээ хийдэг болжээ Монголд. Тэр эмэгтэйн өөрийнх нь сошиал нөлөөлөгч Цэрэнд өгсөн мэдээллээр монголоос ерөөсөө гараагүй, дүрэм заавар гарснаас хойш байнга маск хамгаалалт, гутландаа хүртэл углааш хэрэглэж, ариутгал байнга хийдэг, энэ тал дээр нь бусдад хүртэл байнга шаардлага тавьдаг онц дүрмээ баримтлагч нэгэн аж. Өөрөө амьсгалын замын өвчтэй учраас энэ эмнэлгийн хяналтанд байж.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 30 дахь өдөр
Трамп Ерөнхийлөгч жил бүр ДЭМБ-ыг санхүүжүүлдэг, хагас тэрбум долларын төсвийг царцаах зарлиг буулгав. Тэрээр "Америкийн ард түмний татвараас нэр төрийн хэрэг болгож өгдөг энэхүү санхүүжилтээ зогсоож буй нь ДЭХБ зөвхөн Хятадын талд ашигтай ажиллаж, бидэнд цар тахлын тухай зөв, шуурхай мэдээлэл өгч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах үүргээ гүйцэтгээгүйгээс болж дэлхий дахинд олон хүний амь нас хохирсон учир ийм шийдвэр гаргахад хүрлээ" хэмээн тайлбарлав. Энэ бол америкчуудын талаас зөв мэт харагдавч цагаа олоогүй, олон улсын хэмжээнд муу уршигтай шийдвэр боллоо. Европын Холбоо тус шийдвэрийг буруу хэмээн эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. ДЭМБ бол буурай хөгжилтэй улс орнуудад ач тустай, манай улс олон жил харилцаж, үр шимээс нь хүртэж ирсэн арвин түүхтэй билээ. Монгол улс ДЭМБ-ын Зүүн өмнөд азийн бүсийн салбарын гишүүн байхад Г.Зуунай гуайг дагаад Шинэ Дели хотноо болсон бүсийн хуралд 1989 онд оролцож байлаа. Хятадтай харилцаа сайжирсны дараа манай улс Манила хотод төвтэй Номхон далайн бүсийн салбарт шилжсэн билээ. ДЭМБ зөвхөн Хятадын талыг барьсан гэж би бодохгүй байна. Тэд цаг тухайд нь удирдамжаа гарган, шаардлагаа Хятадад тавьж, тусгай комисс ажиллуулсан боловч хятадууд ямар нэгэн байдлаар тэднийг хуурч, ажил төрлийг нь назгайруулсан байж болох талтай. Яг үнэндээ ДЭМБ нь хоёр том гүрний үзэл бодлын зөрчил дээр хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт хүнд байдалд орж байна. Цар тахлын энэ бэрх цагт ДЭМБ-ын тус дэм маш олон улс оронд хэрэгтэй болохоор санхүүгийн хувьд тэд хямарвал харамсалтай л байна. Энэ болж буй эгзэгтэй үйл явдлаас манай улс төрчид тодорхой хэмжээнд сургамж аваасай хэмээн бодном.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 29 дэх өдөр
Зуны дэлгэр цаг ойртож, эрт үүр цайгаад, өдөр алгуурхан уртсаж байна. Дэлхийд дайны хэмжээний гамшиг чирч ирсэн цар тахал 2 сая шахуу хүнийг өвчлүүлж, 120 гаруй мянган хүний амь насыг авчихаад, оргил өөдөө мацаж явна. Хэдийд энэ аюул хэрхэн буурахыг хэн ч тааж хэлэхийн аргагүй болов. Хохирлын статисикт үндэслэн олон нарийн дүгнэлт цувран гарч ирсээр байна. Корона вирус нь ахмад настан, архаг өвчтэй хүмүүст ноцтой тусдагийг мэдсэн бол харин одоо илүүдэл жинтэй хүмүүс цар тахалд илүү өртөж буйг тогтоож, учир шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн эд эсийн бүрхүүлд корона вирус маш амархан наалдаж, богино хугацаанд олон вирус наалдуулж авснаар өвчлөлт нь хүндэрдэг ажээ. Үүнийг үхлийн гол шалтгааны нэг мөн хэмээн үзэж буй гэнэ. Азид халдвар авсан хүмүүсийн үхэл харьцангүй бага хувьтай байгаа нь тэд туранхай байдагтай шууд холбоотой болж таарав. Европ болон Америкийн зүүн эрэг хүйтний улиралтай, түүндээ зохицоод илүүдэл жинтэй хүмүүс олон байдаг тул тэд корона вируст өртөх магадлал өндөр гэнэ. Ази талдаа ойрхон орших Америкийн баруун эрэгт цар тахал бага тархсан нь дулаан уур амьсгал, түүнийгээ дагаад хүмүүсийн биеийн жин ерөнхийдөө энгийн байдгаас хамаарсан байж ч мэдэх ажээ. Иймд архаг багтраа, чихрийн шижин өвчинтэй, ялангуяа мяраалаг хүмүүс маш болгоомжтой байгаарай.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 28 дахь өдөр
Хурдны замд гарахдаа раажав хүүтэйгээ өглөөнөөс эхлээд эргэж найзлав. Хоёр хоног сонсоогүй болохоор хол ойрын өчнөөн сониноос хоцорсон нь лавтай. Трамп Ерөнхийлөгч Улаан өндөгний баяраар 4 сарын 12-нд чадвал гэрийн хориог цуцална гэсэн юм. Цар тахлын тархалт нугарах янзгүй өрнөж буй учраас 5 сарын 1 хүртэл гэрийн хорио үргэлжлүүлэн сунгасан билээ. Цаашаа ч ахиж сунгах магадлал өндөр байна. Зайлшгүй шаардлагатай бус бизнесүүд хаалттай хэвээр үлдлээ. Испани улс цар тахлын тархалт багассан гэж үзээд, элдэв хоригоо цуцалж, бизнесээ тодорхой дэг журмын дагуу нээхээр болжээ. Тэгэхээр Испанид байдал ямаршуухан байхыг харах боломж Америкт нээгдлээ гэнэ дээ. Цар тахлын тархалтаараа Испани дэлхийд аман хүзүүнд, нас баралтаараа гуравт жагсаж явна. Тэд их зоримог шийдвэр гаргажээ.