2 сарын үед энэд байгаа бид Монголд байгаа хүмүүстээ санаа зовж байсан бол одоо эсрэгээрээ Монголоос яаж байна, гайгүй юу гэсэн хүмүүсийн мессеж ирж, бүр саяхан ээж маань болдог бол та хэдийгээ онгоцонд суулгаад ачаад ирэх юмсан гэчихсэн ярьж байна хэ хэ.

Манай энд манан хөөрсөн ч тэнгэр бүрхэг хэвээр үлдэв. Гэрийн хорионд суугаа болохоор амралтын өдрөө ном уншиж, Япон зурагтын баримтат кинонуудыг үзэж, раажав хүүгээсээ хол өнгөрүүллээ. Корона вирусын тухай мэдээнээс хэсэгтээ холдож, бодол санаагаа өөр чигт бэлчээхийг хичээв. Хүмүүс яагаад гэрийн хориог эсэргүүцэж жагсаад байна аа гэж надаас асуусан билээ. Гэрийн хорионы улмаас хүмүүсийн харьцаа царцаж, хүмүүсийн харьцаан дээр бизнес хийдэг иргэдийн орлого олох зам хаагдсанаас бухимдал үүссэн хэмээн гэж би бодож байна. Хоригт жижиг бизнесүүд л хүнд өртсөн буй за. Бизнес зогсохоор мөнгөний эргэлтгүй болж, түрээсээ төлөх боломжоо алдах, хоол хомсдож өлөн зэлмүүн болох учраас тэсэж үздэхийн төлөө гэрийн хориог эсэргүүцэж, гудамжинд гарч жагсаад, тэмцлийнхээ анхны хэлбэрийг үзүүлсэн хэрэг. Энэ бухимдлыг Америкийн төр засаг сайтар ойлгож буй тул хоригийг удаалгүй цуцлах чиг барьж байна. Хориг цуцалснаар хэн хожих вэ гэвэл бүх бизнес эрхлэгчид мөнгөний эргэлттэй болж, урьд үүссэн хохирлоо нөхөн амьдралаа хэвийн байдалд оруулах ажилдаа орно. Элдэв эрсдэл байлаа ч гэсэн тэдэнд буцах өөр зам алга. Тэд өөрсдөө халдвар авах эрсдэлд орох нь зүгээр суусаар юу ч үгүй болохоос хол давуу гэж үзэж байна. Бусдад учрах эрсдлээс хамгийн хүнд нь настай хүмүүст тусахаар болоод байна. Яг үнэндээ бол настай хүмүүсээ золигт гаргаад, өөрсдөө амьд үлдэх гэсэн орших, эс оршихын тэмцэл юм. Ийм нөхцөл үүсгэж буйгаараа цар тахал нь дайны шинжтэй болсон ажээ. Эрт цагт аюулаас хэлтэрч, амьд үлдэхийн тулд хүч чадал буурай хөгшин хөвөөгөө золиосолдог байсан нь олон үндэстний түүхэнд толбо болон тодорхой үлджээ. Өөрийн мэдэх хоёрхон жишээ дурдъя.

Манай мужийн захирагч хууль бусаар ажиллаж амьдардаг гадаад иргэн бүрд нэг удаагийн 500$-ын тусламж олгохоор зарласан ч нэлээд олон саад бэрхшээлийг давах янзтай боллоо. Нийгмийн даатгалын дугааргүй (харласан) хүмүүст нийтийн нөөцийн сангаас тэтгэлэг олгох нь хууль зөрчсөн буруу үйлдэл хэмээн хуульчдаар бамбайлсан байгууллагууд эсэргүүцэж, мужийн захирагчийг шүүмжилж эхэлжээ. Өчигдрийн мэдэгдэлдээ "Хуулийн хувьд боломжтойг судалсан, хүмүүнлэгийн талаасаа өгөх нь зөв" гэж Гэйвн Ньюсом ямар ч хийгүй хариулав. Энэ тусламж хэрэгжихээрээ олон нийтийн байгууллагуудтай холбогдоно. Хэрвээ манай монголчуудын холбоонд ямар нэгэн заавар ирвэл бид нутаг нэгтнүүдтэйгээ холбогдох болно.

Америкчууд чинь харин чиг хүүхдийнхээ тоосыг гөвдөг ард түмэн юм байна. Энэ талаараа нийгэм журамд аль дээр дэвсэн орон гэж бодож явсан билээ. Манай энд нэг гүүр давбал нэлээд баян хүмүүс бас байна аа. Алдарт улаан гүүрний ард гарахаар цагаан голдуу чинээлэг хүмүүс амьдардаг. Марин дүүргийн сургуулийн албаны хүн раажаваар ярьж байна. Гэрийн хорионд орохоор турсагаа хуулуулж, гомдол гаргах хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байжээ. Гэтэл дуудлагын утас цохих нь хоёр дахин татарчээ. Яав ийв явдал учир юунд вэ? гээд судлаад үзтэл хүүхдүүд гудам метрлэж, элдэв муу хүний үгэнд орж, өвс татах элдэв зовлонд унахгүй байгаа тул эцэг эхээсээ эрүүний шөл уух нь татарч, тоосоо гөвүүлэхээ бараг больсон байна. Тэгэхээр хаа газрын хүүхдүүд, эцэг эхүүд адил зовлонтой юм даа.

Америкт энэ вирусээр хүн анх 2/28-д нас барсан гэж үзэж байсан бол түүнээс өмнө 2/6, 2/17-д Бэй Аэриад нас барсан 2 хүн уг вирусээр нас нөхцсөн нь тогтоогдоод байна. Эдгээр 3 талигаач нь Хятад болон гадаад яваагүй тул 1 сард Америкт вирус аль хэдийн орж ирчихсэн байсан байна. Гэхдээ эхний тохиолдлуудад ихэнх нь Уханиас эх үүсвэртэй оргинал омогт харьялагдах вирус байсан тул Хятадаас ирсэн зорчигчдоос шууд халдварласан хүмүүс байсан гэж үзэж байна. Түүнээс хойших халдваруудад мутацинд орчихсон вирус байгаа тул 1,2 саруудад тэгтлээ айхтар тархаагүй байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулан хагас их наяд долларын (350 тэрбум болжээ) зээл, тэтгэлгийн асуудал өнөөдөр Доод танхимаар (Хауз) орох ажээ. Жижиг бизнесээ байр түрээсэлж явуулдаг хүмүүст голдуу зориулах бололтой юм байна. Манай монголчууд байр түрээсэлж, хими цэвэрлэгээ, хумсны салон, үсчин, сүши зэрэг зоогийн газар ажиллуулдаг болохоор энэ зээлийг даруйхан олж авбал зохино. Эртхэн шиг хүсэлт гаргах анкетаа бөглөөд, хойноос нь анхаарал тавьж, асууж сураглаж байвал хэдэн төгрөг олдох янзтай боллоо.

Трамп Ерөнхийлөгч юутай ч гэсэн цагаачлалын асуудлыг чангатгаж эхлэв. "Америк бүгдэд нээлттэй байсан, цар тахлын хямралаас болж цагаачлалын асуудлыг эргэж харах хэрэгтэй боллоо, америкчуудын ажлын байрыг хамгаалахын тулд эхний ээлжинд ногоон кард буюу байнгын оршин суугчийн эрх олгох асуудлыг 60 хоног хойшлуулна" гэж Трамп Ерөнхийлөгч хэлэв. Ногоон кард авах нь яваандаа бүр ярвигтай болох нь ээ. "Мексиктэй хамтраад урд хилээ сайн хааж чадсан, одоо бол дуртай үедээ алхаад орж ирэх боломжгүй болсон, зөвхөн тариа ногоо хураах урилгын ажигчдыг хэвээр оруулна" гэж бас ярив. Ногоон кардаа бөглөөд хүлээж буй монголчууд маань энэхүү шийдвэр хэрхэн өөрчлөгдөхийг цаашид анхаарна буй за.

More Articles …