Бороо шивэрсэн өдөр аар саар ажлаа амжуулж, ямартай ч машиныхаа тосыг солиулав. Өдөрт 140 миль хурдны зам дээр давхих тул нэг л мэдэхэд 5000 миль болчих юм. Америкт машиныг эрх чөлөөний бэлэгдэл гэдэг. Өнөө цагт машин дотроо эрх чөлөөтэй, бас тахлын халдвар авахгүй баталгаатай явж байна. Хурдны зам дээр раажав сонсоод олон цаг давхиж явахад юу эсийг бодох билээ.

Өглөө босоод раажав хүүгээ нээж, орчлонгийн элдэв сонинг чих тавин сонсов. Зовлон үзээгүй хүмүүс гэрийн хорионд орж, бухимдсан хамаг уураа ойр дотнынхондоо гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан байна гэнэ. Америкт ч, алсын хөгшин Европт ч адил мөн гэнэ. Ялангуяа Францад гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эрчүүд нь эхнэр, хүүхдийнхээ тоосыг өдөр бүр гөвж буй тул засгаас нь янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Франц эрчүүдийг Ален Деон шиг царайлаг, шадар гурван цэрэг шиг жэнтэлмэн гэж бодож явсан минь талаар болов. Хуучин эзэрхэг цагт байсан, одоо монгол хэлнээс бараг арчигдсан "Сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөвж бай!" гэсэн хэлц үг байдгийг бодоход манайхан ч бас л хүнд гарууд байжээ.

Өглөөний цагаар нойлын цаас Costco-д байна хэмээн “мэргэжилтэн” нөхдийн зөвлөсний дагуу өглөө, өглөө ч гэж дээ 11-ийн үед очоод хэрэгцээт зүйлсээ авчихлаа. Оруулахдаа их журамтай очёрлосон хүмүүсээс 20, 20-оор гэсэн үү оруулаад, айхтар ч удсангүй, тэрэгнүүдийг ариутгаад өгөөд оруулж байна. Би чинь бараг 20-оод хоногийн дараа дэлгүүр орж байгаа хүн шүү дээ. Ихэнх хэрэгцээт барааг 1-ээс илүү авч болохгүй хязгаар тавьчихаж, зарим ногоо жимсний үнэ байдаг үнэнээсээ харин нь ч хямдарч.

Хурдны зам хэдий сэлүүхэн ч огтоно барьдаг муур шиг цагдаагийн машин энд тэнд гэтэж буй харагдана. Нэг замаараа олон удаа явахаар хаана, хэдийд, цагдаагийн ямар машин отдогийг андахгүй болчихно. Хурд хэтрүүлэн давхиж яваад цагдаагийн машин харангуутаа хурдаа сааруулбал ээлтэй шүү. Зарим нэг үйл нь ирсэн хулгана анзааргагүй давхиад баригдсантай хааяа таарна. Энэ улсад та ямар ч алдаа гаргаж болно, алдаа бүр тань мөнгөөр үнэлэгдэнэ гэдэг зарчмаар явдаг тул буруу үйлдэл бүр их бага хэмжээний мөнгөн төлбөртэй тэнцдэг билээ. Америкчууд түүнтэй дүйцүүлэн Их Монгол улсын Их засаг хуулиас жишээ авч ярих дуртай. "Морин дээр аян дайн хийж явдаг улс тул бүх хууль нь товч тодорхой, аман зарлиг байдаг. Татварын хууль гэхэд Та татвар төлөх ёстой. Төлөхгүй байж болно. Тэгвэл хөрөнгийг чинь хураана. Хөрөнгөгүй бол хүүхдийг чинь, хүүхэдгүй бол эхнэрийг чинь, эхнэргүй бол зөвхөн толгойг чинь авна" хэмээн Харвардын нэгэн профессор ярих дуртай байв. Аминд өлзийтэй гэж бодоод анхааралтайхан шиг замаа хараад, раажав хүүгээ сонсож явлаа.

Хятадад байдал тогтворжсон тул гадаадад өгөх туслалцаагаа нэмэгдүүлж алингаа алдан сандарч байгаа Америк болон Европийн холбооны зайг нөхөхийг оролдож байна гэж бичигдэж байна. Хятадын ЗГ-аас 3 дахь өдөр шинээр 90 хүн вирустай илэрснээс 52 нь гадаадаас халдвар авсан хүмүүс гэж мэдээлжээ. Бизнесүүд бага багаар хэвийн үйл ажиллагаагаа эхэлж байгаа гэнэ.

Жижиг бизнесүүдэд туслах 48 тэрбум долларын туслалцаанаас монгол бизнесүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчид (1099-ээр ажилладаг independent contractor ) хэрхэн хүртэх боломжтой талаар дэлгэрүүлье. Долоо хоногийн өмнөх пост дээр линкийг тавьсан нь ч монголчуудаас маань маш цөөн тооны хүмүүс бөглөсөн санагдлаа.

Орой буцах замдаа Костко бөөний худалдааны төвөөр дайрч шатахуун авлаа. Дэлгүүр хаах төхөж байсан тул урт дараалал алга болж, хэдэн хүн орж, гарч байв. Нэмж авахаар хүнс хэрэгтэй байсан учир, бээлий, малгай өмсөж, маск зүүж, түрдэг тэрэгнээс нь нэгийг олж аваад орлоо. Вакцин гартал сар жилээр иймэрхүү байдалтай хүнс хоол цуглуулна даа. Хүн цөөн, бараа таваар элбэг байна. Харин гайхал нойлийн цаас л алга. Маск хийсэн хүн мэр сэр харагдавч ихэнх нь маск ч үгүй, бээлий ч үгүй хоорондоо ярьж хөгжилдсөн нөхдүүд явж байна. Онгорхойн дотор уужуу гэгчээр олны дотор ийм нь их ажээ. Хүндэрсэн нөхцөл байдалд хүмүүс нэг л дасахгүй байгаа нь илт харагдана. Жимс, ногоо зэрэг хурдан дуусдаг хэдэн юм олж аваад, бичүүлэхээр дараалалд зогсов. Хаа ч гэж хүмүүс зайгаа сайн барьж байна. Ажилчид нь бүгдээрээ маск зүүж, бээлий хийжээ. Халдвар авах эрсдэлтэй болохоор тэд тэгэхээс өөр яах билээ.

More Articles …