Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөөнөөс ажил оволзсоор сая жаахан намжлаа. Манай үүгээр манан будантай, бороо солонготой бор өдрүүд үргэлжилж байна. Цар тахлын хорио сулрах чимээнээр зам дээр гарах машины тоо илт олшров. Гэхдээ нэг их айхтар түгжирч барьсан юмгүй, урьдын адил сүлжилдэн давхилдсаар л байна. Хурдны замд раажав хүүгээс сонсох бүрт ойрын мэдээг онц сайн, холын мэдээг барин тавин ярьж өгч л байна. Мужийн захирагч маань маск, хамгаалалтын хувцсыг санаа зовохооргүй хэмжээнд нөөцөлж авах гэж хичээн ажиллаж буй боловч сайны хажуугаар саар зүйл уралдан орж ирсээр байгаа ажээ. Ашиг хонжоо хайсан зарим нөхөд шахаа хийх гэж оролдоод, шалгаж үзэхэд булзаарч зугтсан хэрэг гарчээ. "Ард түмний татварын мөнгийг ашиг өгөөжтэй зарах нь миний үүрэг" гэж Гэйвн Ньюсом захирагч ам бардам хэлэв. Ингэж бодож, ажиллаж чадаж буй нь агуу юм аа. Улаанбаатар хотын дарга маань усан оргилуур барина гээд тас гүрийчихэж байсан даа. Эрх ашгийн зөрчилтэй хүн байна гэж түүнийг би л лав ойлгосон шүү.

Манай энэ Сан Францискогийн хойгт цахилгаан машины Тесла хэмээх гайхалтай сайхан үйлдвэр байдаг юм. Теслагийн эзэн нэлээд этгээд зантай, бас жаахан сахилгагүй, дураараа загнадаг нөхөр бий. Тэрээр гэрийн хорионы журмыг зөрчиж, үйлдвэрээ нээн ажиллуулж эхэлсэн байна. Аламеда дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлага "Хүний амь насыг хамгаалах нь чухал болохоос хэн нэгэн улс төрч, аль нэгэн ашиг ологчийн таалалд нийцүүлж, хориогоо бид цуцлахгүй. Тесла үйлдвэрийн эзнийг зохих зааврын дагуу торгоно" гэж мэдэгдэв. Теслагийн эзэн ч мөн давж заалдах бололтой. Ашиг л олж байвал аюул эрсдэл хамаагүй гэж үздэг, хүний мөсөөр хөлийн жийрэг болсон амьтан юм байна даа.

Калифорнийн их сургуулийн захирлуудын зөвлөл нь 2021 оны оюутны элсэлтэд SAT шалгалт авахгүй гэж тогтсон юм. Харин өнөөдөр түүнийгээ 2022 он болтол сунгаж, SAT шалгалтын оронд өөрийнхөө шинээр боловсруулсан шалгалтаар элсэлт авахаар бэлдэж буйгаа зарлалаа. SAT шалгалтад тусгайлан бэлдэж, янз бүрээр хуурах явдал их байдаг тул элсэгчийн чадварыг шалгаж, шударга өрсөлдөгчийг тодруулахад SAT хангалттай биш болсон гэж тэд үзжээ. Энэ бол цаагуураа хятадуудын мэхлэлтийг хязгаарлахад чиглэсэн нь ойлгомжтой болов.

Америк дахь Хятадын мэдээллийн олон байгууллагуудын ажилчдын визийг чангатгахаар боллоо. Хятад мөн нутагтаа америк сэтгүүлчдийн визийг зөрүүлээд чангалах гэнэ. Түүнээс ноцтой нь сүүлийн үед Америкийн корона вирусын судалгааны газрууд, түүнтэй холбогдох эмийн үйлдвэрийн мэдээллийн сан рүү хятад хакерууд эрчимтэй довтлох болжээ. Корона вирус гарахаас өмнө хорт хавдрын эмийн судалгааг хэд хэдэн удаа хулгайлж баригдаж байсан гэнэ. Энэ талаар хараа хяналтаа илүү чангатгах тухай ярьж байна.

Америкийн халдвар судлалын гол эксперт эмч Антоны Фаучийг Конгресс дээр дуудаж байцаах болж, Цагаан ордноос үүнд хориг тавьжээ. Гэтэл Фаучи халдвар авсан хүнтэй харьцсан тул гэрийн хорионд орж, Конгрессод мөд очихооргүй болсон байна. Гэхдээ зайнаас теле уулзалтад хэлбэрээр байцаалтад орж магадгүй гэнэ. Америкийн үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч, Конгресс, Гүйцэтгэх засаглалын тэнцвэртэй байдлыг шалгах power check and balance-ийг мөрдөж хяналт тавихын тулд иймэрхүү байцаалтыг шаардлагатай үедээ хийдэг. Ямар нэгэн байдлаар Ерөнхийлөгчийг эрхээ хэтрүүлсэн гэж үзсэнээс түүний багынхныг байцаах шаардлага гарчээ. Энэ бол их чухал систем юм. Манайд мөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газрын хүчний харьцааг ил тод хянадаг системтэй баймаар санагддаг билээ. Жишээлбэл УИХ-ын нээлттэй хуралдаан дээр хотын даргыг дуудаж ирүүлээд "Яагаад усан оргилуур барих гэж зүтгээд байна хө? Хэний ямар лобби, цавчаа, санхүүжилт оров, төсвийн мөнгийг үүнээс өөр үр ашигтай зарцуулж болохгүй юу хө?" гэх мэтээр тал талаас нь байцаах боломжтой гэсэн үг.

Яриад байвал цаашаа яваад л байх шинжтэй. Өнөөдөр ингээд тэмдэглэлээ учиглая. Хаана явсан ч зай барих дүрмээ л чанд сахиарай. Үүнийг энд өдөр бүр давтан анхааруулж байна.

Ш.Баатар
2020.5.12

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу