Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өдөр хоног өнгөрөх нь бараг гэрлийн хурдаар л гялалзаж, нэг л мэдэхэд долоо хоног дундаа орчихлоо. Машиндаа элдэв үйлчилгээ хийлгэх хооронд түр зээлдүүлсэн шинэ тэргийг унаж, замын уртыг урамтайхан эвхэж хэд хонолоо. Цагийн байдал улам л ороо бусгаа болж, олон асуудал хуурай өвсөнд авалцсан түймэр мэт хаа сайгүй дэгдсээр байна. Хяналтаа сулруулсан Хятадын Ухань хотноо цар тахал буцаж ирээд, 11 сая хүнээ шинжилгээнд оруулах болжээ. Хоригоо цуцалсан Солонгост шөнийн цэнгээний газраас корона вирус дэгдэж, бас л дээр дооргүй сандарцгаажээ. Орос орон халдварын тоогоороо дэлхийд 2-т буюу Америкийн дараа жагсах болов. Америкийн халдвар судлалын гол эксперт Антони Фаучи эмч алсын зайнаас Конгрессод байцаагдахдаа "Эдийн засгаа эрт нээх нь эрсдэл дагуулна. Урьдаар бэлтгэл сайн хангах хэрэгтэй" гэж үнэн үгээ өчив. Оосор бүчгүй энэ орчлонд Америкийн ихэс дээдэс яахаа шийдэх л үлдэв.

Чоно борооноор гэгчээр Израиль улс түр эзэмшсэн Ливаны хэсэг газрыг бүр нэгтгэж авахаар шийдэж, Иран тэргүүтэй лалын ертөнцийн хилэнг бадраасан тул Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хөл хориог зөрчин, хөлөг онгоц зайдагнаж, Бэнжамин Нитаниаху Ерөнхий сайдтай биечилж уулзахаар Теле-Авивыг зорив. Утсаар ярьж болохгүй учир шалтгаан байгаа л бололтой. Тэр хүн нэг сумаар хэдэн туулай буудах санаатай яваа биз ээ. Афганд мөн байдал тогтворгүй болсон байна. Дундад дорнодын асуудал бол Америкийн шүдний өвчин болсон хэвээр л байна даа. Тэгсэн мөртөө Хятадыг бас янз бүрээр өдөж сөдөөд, амар заяа үзүүлэхгүй байгаа улс шүү дээ. Золиг гэж.

Раажав хүүг сонсоод л байхад алс яваандаа Америкийн их сургуулиуд хятад оюутан авахгүй болох чиг тогтожээ. Үнэхээр чадах юм болов уу даа гэсэн эргэлзээ надад төрж байна. Америкийн боловсролын системд хэдэн арван мянган хятад гаралтай багш нар бөх бат суурьшсан байдаг. Тэдний лоббиг тийм амархан зогсоож дийлэхгүй байх аа. Баабарын хэлдгээр тэд үхэж дуусахгүй л бол зогсохгүй мэт санагдана. Дурсамжаараа амьдардаг болсон молхи миний бие энэ хятад лобби гэдэг юу болох талаар нэг хууч хөөрье.

Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн (МИТ) 1998 оны хаврын төгсөлт дээр манай тэнхмийн Дэйвид Вү гэдэг эрдэмтнийг гол илтгэгчээр (keynote speaker) урьж, тэрээр биднийг тус арга хэмжээнд давхар урив. Морьтны хишиг явганд гэгчээр түүний буянаар том сургуулийн төгсөлтийн баярын барааг харахаар боллоо. Дэйд Вү болбоос ДОХ-ын нэгэн янзын эм хийж, дэлхийд алдар нэр нь түгж, Тайм сэтгүүлийн оны шилдэг эрдэмтнээр тодорсон, гүлдгэр бор царайтай, нүдний зузаан шилтэй, дунд хэргэм насны хятад хүн байлаа. Манайх бол Харвард, МИТ-гийн хамтарсан Анагаах ухааны технологийн тэнхим юм. Төгсөлтийн арга хэмжээний өмнө Америкийн Ерөнхийлөгч Билл Клинтон мөн ирж, гол илтгэгч болохоо мэдэгдэв. Ингээд 2 гол илгэгчтэй төгсөлтийн арга хэмжээ боллоо доо. Ерөнхийлөгчийн дараа Дэйвид үг хэлж дуусахдаа "Эрхэм ерөнхийлөгчөө, би бол эгэл жирийн хятад хүний байдаг л нэгэн хүүхэд аав ээжийгээ 10 настайдаа дагаад Америкт анх ирсэн билээ. Тэгэхэд англи хэл сонсоход чих маань янгинаж өвддөг байв. Одоо би Тайм сэтгүүлийн оны шилдэг эрдэмтэн болжээ. Эгэл нэгэн хүү надад сурах боломж олгосноор би өнөөдөр нэр алдрын ийм өндөрлөгт хүрэв. Надаас илүү чадалтай сая сая хятад залуус бий. Тэдэнд сурах боломж олдвол надаас илүү нээлт хийх мянга мянган эрдэмтэд төрнө. Тэгэхээр та зуу зуун мянган хятад залуусыг энд ирж сурах боломжийг нээхэд туслаарай!" гэсэн утгатай юм хэлээд яриагаа дуусгаж билээ. Хэдийвээр 20 гаруй тэртээ хэлсэн үг боловч сэтгэлд сүрхий халагдаж үлдсэн байна. Хятадын лобби бол энэ мэт байдаг юм шүү. Хэдийд хэнд хэрхэн үгээ хэлнэ гэдэг их учиртай зүйл билээ.

Раажаваар гадаад мэдээ зөндөө л ярьдаг боловч манайхан надаас илүү мэдээлэлтэй гэж бодоод би дэлгэрэнгүй өгүүлдэггүй юм. Нэгийг нь сугалаад сонирхуулахад Оросын Екатеринбург хотод хиймэл амьсгалын аппарат хэт халснаас болж сэхээний өрөөнд гал гарч, корона вирусээр өвчилсөн 5 хүн түлэгдэж үхжээ. Холбогдох байгууллагууд гал гарсан шалтгааныг тодруулж, хариуцлага нэхэхээр ажиллаж байна гэв. Манайд Оросын мэдээллийг бүр тодорхой ярьдаг байх даа. Оросоос олон зуун оюутан ирж буй сурагтай. Халдвартай хүн л бүү ирээсэй. "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай гэдэг" шиг л юм болоод байна. Монголд корона вирус нэмж бүү ороосой. Болгоомжтой, болж өгвөл одтой, за тэгээд зовхи нь өөдөө байцгаагаарай!

Ш.Баатар
2020.5.13

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу