Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Энэ жил Калифорни муж ер бусын их хур бороотой байна. Уг нь 1 сард борооны улирал дуусаж, өдийд өвс шарлаад, хуурайсч халаад, хаа сайгүй гал гардаг билээ. Тус мужийн нэг бэрхшээл нь нь гал түймэр юм. Ийм бороотой, чийг сайн байхад түймэр бараг гарахгүй байлгүй. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байна уу? Эсвэл цар тахлыг дэлгэрүүлэх байгалийн тохироо бүрдэж байна уу? гэлтэй. Өнөө өглөө ширүүн аадар сөрж, тэнгэрт давхар солонго татахыг харлаа.

Хэдэн сар хаалттай байсан их дээд сургуулиуд эдийн засгийн гүн хямралд унажээ. Оюутнуудын хувьд ч төгсөлтөө урьдын адил хийж чадахгүй, төгслөө ч амар ажил олж чадахгүй тун таагүй нөхцөл үүсчээ. Дээд сургуулиуд онлайнд шилжих тутам орон тооны цомхотхол хийж эхэлсэн гэнэ. Эл байдал удаан үргэлжлэхээр бол олон сургууль хаалгаа барихаар болжээ. Энэ хүнд нөхцөл байдлаас гаргахын тулд их дээд сургуулиудад зориулан 16 тэрбум доллар гаргахаар шийджээ. Тус мөнгийг их дээд сургуульд хуваарилсны дараа сургууль тус бүр авсан мөнгөнийхөө талыг зөвхөн оюутнуудад тэтгэлэг болгох урьдчилсан нөхцөлтэй юм байна. Иймд монгол оюутнууд жаахан сортоотой байж, хэдэн төгрөг олж авах хэрэгтэй юм байна шүү.

Эдийн засаг алгуурхан нээгдэж, үйлдвэрүүд хагас ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн 7 хоногт Тесла, Тоёота нээгдсэн бол энэ 7 хоногт ЖиЭм, Форт нээгджээ. Дэлгүүрүүд нээгдэхдээ эхний ээлжинд онлайн авсан захиалгаа дэлгүүрийн гаднаас авахуулах үйлчилгээнд шилжих ажээ. Эдийн засгаа эхэлж нээсэн Флорида муж гэхэд 175 хуудас удирдамжийг хэрэгжүүлэхээр хичээн оролдож буй юм байна. Биеийн тамирын жийм, зочид буудал, зарим далайн хөвөө нээгдээгүй, цар тархалтын хүрээнээсээ болоод том хотууддаа хориг хатуу хэвээрээ үлдэх гэнэ. Нью Йорк муж бол халдварын тархалтыг хязгаарлаж, эмнэлгийн үйлчилгээг тогтворжуулсан ч өдөрт 100 гаруй хүн эндсээр байна. Шинжилгээний цэгүүдээ 700 гаруй болгож чаджээ.

Манай муж эхлээд хөдөөнийхөө 25 дүүрэгт (уг нь 53 дүүрэг боломжтой) хоригоо сулруулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан маш их маск түгээж байна. Өндөр настны асрамжийн газрын бүх ажилчдаас корона вирусын шинжилгээ заавал авахаар болжээ. Харин өндөр настны (assisted living) газруудад арай тэгж хүчлээгүй хэвээрээ байна. Калифорни мужид шинжилгээний төвүүдээ олшруулж буй ч мужийн захирагчийн хүссэн хэмжээнд хараахан хүрээгүй байна.

Цар тахлын халдвартай хүн хүлээж авахаар бэлтгэсэн зайдуу газрын жижиг эмнэлгүүдийн үйл ажиллагаа удааширч, илүү зардал ихсээд санхүүгийн хямралд орж байгаа ажээ. Энэ байдлаараа удвал дампуурах болно гэж мэдэгдэв. Хоригоо сулруулахаа "2-р шат" гэж нэрлэж буй юм байна. 6 сарын эхээр спортын арга хэмжээнүүдийг нарийн зааврын дагуу энд эхлэх бололтой. Үсчний газрыг нээхийн тулд нарийн заавар хүргэсэн гэж байна. Манай мужийн хууль бус иргэдэд тараах мөнгөний эх үүсвэр шийдэгдсэн, ашгийн бус 12 байгууллага хариуцан тараах юм гэнэ дээ. Ихэнх нь Лос Анжелес хавьцаа байдаг бололтой.

Хэдийгээр Трамп Ерөнхийлөгч корона вирусын тархалтад Хятадыг буруутгасан хэвээр байгаа боловч Хятадын дарга Ши жинпин "Хамтын хүчээр цар тахлын ард гарна. Бид чадах бүхнээ хийнэ" гэсэн товч тодорхой хариу барьжээ. Цар тахлыг дэлхийн улс орнууд хүчээ нэгтгээд дарж авах л юунаас ч илүү чухал байна даа. Аваа өгөө, хариуцлага энэ тэрээ дараа нь ярина биз ээ. Нэгэн хэмтэй, ялтныг тогтоох давтан ярианаас үнэндээ залхаж байна шүү.

Ш.Баатар
2020.5.18

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу