Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр өөрийн мэргэжлийн чигээрээ бичмээр санагдав, магадгүй жирийн олон уншигчид арай хол мэт санагдаж болох, гэхдээ аль болох энгийнээр тайлбарлахыг хичээе. Товчдоо, алгоритм, зүс цариа таних, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууц сэдвүүдийг товч хөндөн илээд өнгөрөх санаатай.

Монгол жиргээгээр юу өрнөж буйг анзаарахад сонгуулийн их олон урсгалыг шүүлтүүрдээд хасчихвал АйСиТи группын видео камераар хүнийг таних хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн мэдээллийн технологийн паркийн ажилтнуудын бүртгэлээр тест хийгдэн амьдралд нэвтэрч буй жиргээ сүүлийн хоёр хоног хамгийн их дуулиантай үзэгдэнэ. Улаанбаатар хот хүний цариа таниж, аливааг ажиглах ( англиар monitor гэдэг утгаар) систем Хятад улсаас худалдан авч нэвтрүүлэх асуудал жинхэнэ “даарин дээр давс” гээч болжээ.

Дэмжигчид шинэ технологийг зөвхөн өөрсдийн хүчээр, монголчууд хийсэнд ихэд талархан, хулгай буурахад сайн нөлөөтэй, цонх хагалж, үүд эвдэж, орцонд биеэ засдаг муу гаруудыг дор нь илрүүлэх юм байна, мөн тэнд дээрэм алга болох нь зэргээр ханджээ. Харин эсэргүүцэгчид ихэвчлэн мөрдөж мөшгихөд нэмэр болно, хүний эрхэд халдаж байна, тодорхой хуулийн заалт байхгүйгээр эхлүүлэх буруу, мэдээллийн аюулгүй байдлыг хангасангүй, хувийн нууцад дэндүү шууд халдаж байна гэх мэт санаа гаргажээ.

Хөгжил дэвшил талаас нь харвал, монголчууд өөрсдийн технологи бий болгож буй нь тун дэмжүүштэй. Видео мэдээлэл боловсруулах, дүрс таних, нүүр болон хөдөлгөөнөөр хүнийг таних технологийг тойрохгүй туулахаас өөр зам үгүй.

Дүрсээр таних технологийг ерөнхийд нь хэрэглээнд зөвөөр нэвтрүүлэх нь зүйтэй. Тухайлбал компьютер, утсан дээрх болон Гүүгл, Фэйсбүүкэд байрлах зургуудыг шууд таниад, хэн хэнээр нь ангилж зохион байгуулж мэдээллийг эвтэйхэн зохион байгуулж, цагийг минь хэмнэж буйд би дуртай. Мөн миний утас, үүд хаалга, нууцлалын тодорхой хаалтууд намайг бусдаас шууд ялгаж, халдлагаас хамгаалах миний хэрэглээ, тав тухад хэрэгтэй. Үүгээрээ миний ажил, хандалтын эрх, мэдээллийг бусдаас хамгаалах найдвартай боломжийг бий болгож өгч буй хэрэг. Мэдээллийн аюулгүй байдал талаасаа тун хэрэгтэй, их дэвшилтэй.

Гэхдээ нэгэнт намайг таньдаг болсон тул хаа газар дагаж, ажиглаж, судалж намайг хэн бэ гэдгийг надаас өөрөөс минь илүүтэй таньж мэдэх боломж нь хувийн хэрэг, асуудал, нууцлал талаасаа хүндрэл учирна. Товчоор тодруулбал, мэдээллийн аюулгүй байдал хувийн нууцлал хоёрыг нэгэн зэрэг хамгийн сайнаар хадгалах боломж үгүй. Аль нэг нь сайжрахад нөгөөгөө муутгахаас өөр аргагүй тул хаана, хэзээ, юуны зорилгоор гэдгээс хамааран энэ хоёр ойлголтын алтан голчийг олох сорилт тулгарч байна. Гэтэл ийм тухайн тохиолдол бүрийн тоо багасаад ерөнхийдөө мэдээлэл тархах, боловсруулах хүрээ, хурд өргөсөөд зай цаг хугацаанаас үл хамаарч олон голч олдох боломж эрс багасчихлаа.

Үүнээс болоод ийм технологи, алгоритмийг төр, засаг, цагдаа хүчний байгууллагуудын мэдэлд өгвөл харин аюул болно гэсэн ойлголт газар их авчээ. Ялангуяа, энд АНУ-д байдлыг анзаарвал технологийн акулууд үүнийг ихээхэн анхаарч зохих арга хэмжээ авч байна.

Зургадугаар сарын наймны даваа гарагт IBM компани нүүр таних бизнесээс гарч буйгаа хамгийн түрүүнд зарлалаа. Тус компанийн удирдлагаас Конгрессын нэлээд олон гишүүдэд илгээсэн захидалд ийм технолгийн алгоритм өөрсдөө боловсруулахгүйгээр зогсохгүй бусад гуравдагч бизнесийн бүтээгдэхүүнийг ч хэрэглэхгүйгээ мэдэгджээ.

Үүнийг дараагийн лхагва гарагт нүүр цариа таних технолгио цагдаагийн хэрэглээнд ашиглуулахыг нэг жилээр хойшлуулсанаа Амазон компани зарлав.

Залгуулаад пүрэв гарагт Майкрософт компани хүний эрхийг хаан боогдуулахгүйгээр нүүр таних технологи хэрэглэхийг зохицуулах үндэсний хууль дүрэм бий болтол өөрийн бүтээгдэхүүнээ цагдаагийн байгууллагад худалдахгүйгээ мэдэгдэв.

Ийнхүү хиймэл оюун ухааны технологиор тэргүүлэгч гурван акул төр, цагдаатай холбоотой өнөөгийн үүсч бий болсон хүнд нөхцөл байдалд зохицуулан шийдвэр гаргалаа. Үүний хамгийн гол шалтгаан бол дэвшилтэд технологи, алгоритм, бүтээгдэхүүнийг цагдаа болон хүчний байгууллага буруу ашиглан үүсэн буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, хүч хэрэглэх арга хэмжээнээс сэргийлж буйд бий.

Хэдийгээр хөгжил дэвшлийн түүчээ болж буй боловч мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байж чадах уу гэдэг том сорилтын өмнө бид хэдийнээ хүрчээ.

Энэ асуултад хариулахын өмнө уншигчиддаа Дарангуйллын алгоритм: Хайлтын систем ялгаварлан гадуурхах үзлийг хэрхэн бэхжүүлж байна вэ (Algorithms of Oppression: How Search Engines Reinforce Racism) номыг санал болгож байна. Энэ номноос та бүхэн Гүүгл болон бусад том хайлтын системүүд хэрхэн ялгаварлан гадуурхах боломжийг дэвэргэн бий болгож байгааг олж ойлгоно. Эхний хэдэн энгийн жишээг дурдахад:

  • “Хар охин” гээд хайлт хийхээр дандаа секс сурталчилсан, бүр порно мэдээллүүд түлхүү гарч ирж байгааг олж илрүүлсэн, технологи алгоритмыг өөрчлөн сайжруулсаар байгаа ч үр дүн ямар байгааг уншаарай.
  • Энгийн хайлтаар АНУ-ын тэргүүн хатагтай Мишээл Обамагийн толгойг сармагчингаар орлуулан фотошопдсон зураг элбэг олдож байсан тохиолдолтой танилцаарай.
  • “Сармагчингийн орон байр” гээд хайлт хийхээр Гүүгл газрын зурагт Цагаан ордон гарч ирж байсныг хараарай.
  • “Эмэгтэй хүн” гээд хайлтын системд оруулж эхлэхэд дандаа сөрөг утгатай үргэлжлэлүүд санал болгон гарч ирж буй гэх мэт олон сонин үр дүн зөндөө.

Хэрэглэгчид ямар алгоритмоор боловсруулж буй нь үл мэдэгдэх энгийн хайлтын систем энэ мэтээр ялгаварлан гадуурхалтыг бий болгох мэдээллээр биднийг цэнэглээд байхаар өнөө хиймэл оюун ухааныг ямар зүйлээр хангаж, ямар үр дүн хүлээх алгоритм хэрхэн зөв зохистой, ёс зүйтэй ажиллах нь баталгаатай гэж хэлж чадах уу?

Ямар л ард түмэн байна тийм л төр байна гэж Достоевский хэлсэн шиг ямар мэдээллээр сургана тийм л хиймэл оюун ухаан бий болно, тийм л шийдвэр гарна!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу