Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2 сарын үед энэд байгаа бид Монголд байгаа хүмүүстээ санаа зовж байсан бол одоо эсрэгээрээ Монголоос яаж байна, гайгүй юу гэсэн хүмүүсийн мессеж ирж, бүр саяхан ээж маань болдог бол та хэдийгээ онгоцонд суулгаад ачаад ирэх юмсан гэчихсэн ярьж байна хэ хэ.

Одоогийн өнцгөөс харвал дэлхийн хаана ч гэсэн байдал бага багаар дээрдэх ч энэхүү нөхцөл байдал хэсэгтээ л үргэлжилсээр байх юм шиг байна даа. Учир нь амьдрал хэвийн байдалдаа эргэж орохын тулд тест шинжилгээ хүн бүрт хүртээмжтэй болох, үр дүнтэй эмчилгээ бий болсон байх, дархлааны "сүрэг" бий болбол, эцэстээ вакцин батлагдах гэсэн нөхцөлүүд бий болох ёстой байдаг. Тэгэхээр бидний бодоод байсан шиг нэг кноп дарагдаад л бүх юм хуучин хэвэндээ орчих юм шиг биш бүх юм аажмаар, удаахан сайжирч явах нь. Өөрөөр хэлбэл байнга хөл хориотой байж чадахгүй, вирусыг зогсоож чадахгүй тул эмнэлэг эмчилгээний чадамждаа тааруулж бага багаар хөл хориог тавих замаар тархалтыг удаашруулан барих тал дээр л ажиллах байх. Статистикийн тоо баримт дээрээс болон Европийн орнуудын туршлага дээрээс үндэслээд бие муутай, хууч өвчтэйгээс бусад хүүхэд, залуучууд, 60-аас доош насныхан сургууль, ажил, үйл ажиллагааг хэвийн болгох болов уу. Тэгээд эмзэг хэсэг дээрээ илүүтэй тулж ажиллах байх. Ийм л таамаглал байна даа.

Тестийг авч үзвэл 2 янзын шинжилгээ авагдаж байна. Нэг нь цусны шинжилгээгээр дархлаатай эсэхийг, нөгөө нь хамраас авсан шингэний дээжээс RNA түвшинг тогтоож вирусын халдвартай эсэхийг тогтоох тест, 2-ууланд нь сул тал байна. Эхний тест нь эсрэг биетийг олж тогтоодог ч заримдаа идэвхтэй вирусыг илрүүлэхгүй орхигдуулдаг тул найдварын тал дээрээ муу гэж шинжээчид үзэж байгаа бол нөгөө тест нь найдвартай боловч клиник, эмнэлэгт л авч шинжлэх шаардлагатай тул өргөжих боломжийг багасгаад байгаа юм. Тестийг хамгийн сайн өндөр хурд, хэмжээгээр хийж байгаа Солонгостой эн зэрэгцэхийн тулд Америкт долоо хоногт ядаж 7 сая тест хийдэг болох ёстой. Ойролцоогоор 9 сард энэ хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байгаа ч зарим технологи сайтай мужууд үүнээс эрт хүрчих боломжтой гэж би дотроо бодож байна.

Эмчлэх сайн эм гарна гэдэгт итгэлтэй байж болно. Өмнөх бичвэрт дурдсан дархлааны эм үйлдвэрлэгч компанитай адил олон тооны эм, эмнэлгийн компаниуд вакцин гартал хүмүүсийг эмчлэх, шинжлэх олон тооны эм, эмчилгээн дээр уралдан ажиллаж байгаа билээ. Америкт химийн шинжлэх ухаан өндөр зэрэгт хөгжсөн бөгөөд одоогоор 150 гаруй эм вирусын эмчилгээнд туршигдаж байна гэж Milken Institute-ээс мэдээлсэн байна. Гэвч туршиж, баталгаажуулах нь бас л хэдэн сарын ажил болно доо.

За тэгвэл дархлааны сүрэг үүсэх нөхцөл ямар байна вэ гэж харвал яагаа ч үгүй бололтой. Хэрэв хүн амын 50-аас дээш хувь өвчлөөд эдгэчихвэл вирус цаашаа дамжихад хэцүү болж аажимдаа устана гэсэн үг. Хүнд вирусын халдвар авсанаас хойш ойролцоогоор 10 дахь өдрөөс эсрэг биетүүд цусанд үүсч эхэлж байгаа ба 4-6 долоо хоногт хамгийн оргил үедээ хүрч байна. Аль зэрэг хугацаанд эсрэг биетүүд хадгалагдах нь тодорхойгүй ч эрдэмтэд нэлээд олон тооны сар, 1,2 жилдээ байсаар байна гэж үзэж байна. Үүнтэй төстэй аюултай вирус SARS туссаны дараа өвчтөнд үүссэн эсрэг биетүүд хэдэн жилээс буурч байсан байна.

Өнгөрсөн бичвэрт дурдсанаар LA орчмын иргэдийн хувьд 2.8-5.6 хувь нь халдвар авчихсан гэж үзэж байгаа нь тестээр вирустэй гэж гарсан хүмүүсийн нийт тоогоос 28-55 дахин илүү гарчээ. Калифорнийн 3 дахь том хот болох San Jose хотыг багтаасан Санта Клара каунтигийн судалгааны дүнг Станфордоос гаргажээ. 4-р сарын эхэнд 3300 гаруй хүнээс авсан цусны шинжилгээнд үндэслээд 2.49-4.16 хувь нь вирусын халдвар авсан гэж үзэж байна.Энэ нь вирустай гэж батлагдсан дүнгээс 50-85 дахин их байгаа юм. Тэгвэл Америкдаа л хамгийн өвчлөлийн голомт болсон Нью Йоркийн иргэдийн дунд хийсэн судалгаагаар мужийн 13.9 хувь, хотын 21.1 хувь вирусын халдвар авсан, энэ нь батлагдсан тооноос нь 10 дахин их гэсэн үг аж. Эдгээр нь өвчний шинж тэмдэг илрээгүй, эсвэл бага хэмжээгээр илрээд мэдэлгүйгээр эдгэрсэн хүмүүс их байгааг, гэсэн нь ч энэ нь дархлааны сүрэг үүсэх их хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.

Энэ дунджаар Монголд хэрэв хүн амын нягтшил ихтэйгээр нь УБ хотод ойролцоогоор 4% нь мэдэлгүйгээр өвчлөөд эдгэрсэн гэж үзвэл ойролцоогоор 60-аад мянган хүн болохнээ. Би зүгээр л хараар таамаглаж байгаа юм шүү. Тест гайгүй олдвол ЗГ-аас аяндаа судалгаа хийж үзээд л тогтоочих зүйл.

Эцэст нь, вакцин хамгийн түргэндээ л жил гаруй болж байж гарна гэдгийг өмнө нь бичсэн. SARS-ын вакцинд 1.8-1.9 жил зарцуулагдсан гэсэн бол эбола-ийхэд 5 жил зарцуулагдсан гэж байгаа.

Нью Йоркт халдвар авсан хүмүүсийн арьс өнгөөр нь салгаж харвал мужийн Африк, Латино гаралтай америкчуудын 4 хүний нэг нь, Азиудын 9 хувь, цагаануудын 9 хувь тус тус вирусын халдвартай нь тогтоогджээ. Уг нь мужийн хүн амын 55 хувь нь цагаан, африк америкчууд 14 хувь, азиуд 8 хувь, латин америкчууд 19 хувийг тус тус эзэлдэг юм байна.

Мартсанаас Шар маань ариутгагч бодис биенд орвол вирусыг шууд устгана гэж хэлээд эмч, мэргэжилтнүүд, ариутгагч бодис үйлдвэрлэгч компаниудыг сандаргав. Тэд ямар ч аргаар биендээ оруулж болохгүй шүү, амь насанд аюултай гэж баахан анхааруулга гаргалаа. Ерөнхийлөгчийгөө хэлэхээр чинь итгэж ууж балрах хүмүүс их байгаа тул сандрахаас биш яахав дээ. Заримдаа хөгтэй ч юм их сонсох юм даа.

Миннесотагийн Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, 80-90 хувьтай вирус нэвтрүүлэхгүй байна гэж миний ойлгоод байсан гал тогооны цаасан алчуурыг 5 давхарлахад дөнгөж 40 хувьтай хааж байна гэжээ. Доор графикаас ямар ямар материал ямар хэмжээнд хаахыг хараарай. Олдоц муутай энэ үед бүр маскгүй байснаас ямар нэгийг зүүгээд явсан нь хамаагүй дээр. Ийм олон давхраар хийвэл амьсгалахад төвөгтэй болно байхаа даа. Хамгийн гол анхаарах зүйл бол хөвөн даавуун биш, нейлон зэрэг материал бол цахилгаанжаад вирусыг наалдуулаад аваад үлдэх магадлалтай гэж байна шүү. Гэхдээ зориулалтын маск хөвөн даавуу биш ч цахилгаанждаггүй гэж байна. Тэгэхээр гэртээ хийх болбол хөвөн даавуу буюу цэвэр даавуун материал зүгээр байх нь.

CDC энэ вирусын өвчлөлийн шинж тэмдэг дээр 6 нэмэлт хийсэн байна. Өмнө нь байсан халуурах, ханиах, амьсгал давхцах гэдэг шинж тэмдэг нэмээд даарч жихүүцэх, даарснаас болж чичрэх, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох гэж оржээ. Мөн амьсгалахад бэрх болох, цээж өвдөх хүндрэх, ухаан самуурах, сэргэж чадахгүй байх, нүүр, уруул хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл зааврын дагуу эмнэлэгт хандаарай гэсэн байна. Өөр бусад шинж тэмдэгт суулгалт, арьсан дээрх тууралт, нус гоожих, нүд улаарах, ядрах зэрэг орж байна.

Мужуудаас энэ тэнд бага багаар эдийн засгаа нээж эхлээд байна. Харин Мичиган, Нью Йорк, Калифорни, Массачусетс, Хойд Каролина, Илльнойс мужуудад хөл хориогоо сунгаад байна.

Мужийн захирагчийн амалсан бичиг баримтгүй цагаач иргэдэд олгох нэг удаагийн $500-ын туслалцааг хаахаар мужийн нэгэн консерватив групп СА-ийн дээд шүүхэд өргөдөл гаргажээ. Юу болох нь уу харж л байя.

Хойд Солонгосын 36хан настай удирдагчийг нас барсан байх магадлалтай талаар нэлээд постууд харж байна. Дэлхий даяар үнэн эсэхийг сонирхож байх шиг байна. Би бас яаж хоцрохов сонирхлоо сонирхлоо. Америкийн албаны хүмүүс Ким зүрхний хагалгаанд ороод хүнд байгаа талаар мэдээлэл авсан гэж байна. Харин Өмнөд Солонгосын албаныхан түүнийг хөдөө нутгаар жирийн "үйл ажиллагаа"-гаа хийгээд явж байсан гэж. Японы албаныхан түүнийг үхчихсэн эсвэл ухаангүй байгаа гэж мэдээлжээ. Korean Friendship Association-д Хойд Солонгосын албаныхан түүнийг өвчтэй гэдэг нь худал гэж мэдээлсэн гэжээ. Тэрээр 4/12-д цэргийн баазад очсоноос хойш үзэгдээгүй байгаа бөгөөд 4/15-д ямар ч нөхцөлд оролцох ёстой чухал үйл явдалд тооцогдох улс орных нь үндэслэгч өвөөгийнхөө төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцоогүй нь түүний талаарх цуу яриаг ортой байх талтай гэж үзэхэд хүргэж байгаа аж. Ард түмний сэтгэлийг үймүүлэхгүй гээд нууж байж магадгүй ээ тэд.

Сайн мэдээ.

Мужийн захирагч маань 1.2 сая гаруй ганц бие хөгшчүүлдээ зориулж өдөрт 3 удаагийн хоол ресторанаас худалдаж авч хүргэж өгөх мөнгийг мужаас гаргахаар болсноо зарласан билээ. Программд хангагдах нөхцлийг хангасан хөгшчүүл өдөрт $66 хоол хүлээн авах ба 75% нь FEMA-аас, үлдснийг нь мужаас санхүүжигдэх юм байна. болжээ. Нөхцөл нь ганцаараа эсвэл ижил нөхцөлд байгаа өөр нэг хөгшинтэй амьдарч байгаа бөгөөд жилийн орлого нь 74,940 (гэр бүлийн орлого нь 101,460 ) доллараас хэтрээгүй, к-в (урт гадаад үгийг би дахин дахин бичихээс залхуураад товчлоод байгаа шүү, түүнээс олон нийтийн албан ёсны товчилсон нэршил биш шүү) туссанаа батлах, өөр төрлийн туслалцаа аваагүй байх гэхчилэн нөхцөлтэй байна. Энэ программд хамрагдах боломжтой эсэхээ 211 утсаар эсвэл covid19ca.gov сайт уруу орж үзээрэй. Хэрэв хүнд нөхцөлд байгаа хөгшчүүл байвал мөн энэ утас мэдээллийг өгөөрэй.

Ресторануудад өглөөний хоолонд $16, өдрийн хоолонд $17, оройн хоолонд $28 тус тус төлөх ба программаас тавигдаж байгаа хоолон дахь шим тэжээлийн нөхцөлийг хангасан байх ёстой гэжээ. Ресторан ажиллуулдаг монголчуудаас маань энэд хамрагдаад авбал ч хэсэгтээ гайгүй явчихна шүү. Яаж бүртгүүлэхээ өөрсдөө судлаарай. Вэб сайт нь www.covid19.ca.gov.restaurants-deliver-home-meails-for-seniors

Мөн ганцаардаж байгаа хөгшчүүл байвал "найз нөхдийн сүлжээ буюу" 888-670-1360 утсаар хүмүүстэй ярилцах боломжтой гэжээ.

Татварын албанаас мөнгө орох дансныхаа дугаарыг саяхан өгсөн хүмүүсийн мөнгийн удахгүй шилжүүлнэ гэж байна шүү. Үүнд, 1-т IRS-ийн сайтын Get My Payment хэсэгт мэдээллээ 4/22-ны дотор оруулсан хүмүүс, 2-т татвар бөглөдөггүй ч SS нийгмийн даатгал, тахир дутуугийн тэтгэмж авдаг хүмүүс орж байгаа гэж байна. 4/29 гэхэд орно гэж байна шүү.

Forbearance гэдэг шинэ үг сонсогдож байгаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлд орсон байр эзэмшигчдийн байрны зээлийн сарын төлбөрийг түр зогсоохыг хэлээд байгаа юм. Гэвч энэ нь төлбөрөөс чөлөөлөх, өршөөх гэсэн үг биш бөгөөд заасан хугацаа дуусмагц байр эзэмшигч төлөөгүй сарын төлбөрүүд, хүүгээ төлөх ёстой. FHA зээл авсан хүмүүс хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн компаниас нь Forbearance олгоно гэж байна. Бусад зээлийн хувьд зээлийн компань чинь энэ талд дээр сайт дээрээ мэдээлэл тавьсан эсэхийг шалгаарай. Үгүй бол утсаар холбогдож болно. Одоо ч олон хүн утастаад нэлээн хүлээж байж холбогдож магадгүй. Оролдоод үзнэ бизээ.

ДЭМБ-д өгөх мөнгөө Америк түр зогсоосон үед НҮБ-ийн энэхүү байгууллагыг цааш нь яаж авч явах талаар бусад томоохон хандивлагч улсууд болох Франц, Герман, Австрали зэрэг улсууд хэлэлцсэн нь аль ч улс хандиваа нэмэх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлжээ. Одоогоор Хятад улс 30 саяыг нэмж өгөхөө амалсан байна. Дэлхий дээр олон улс амин чухал шаардлагатай эрүүл мэндийн туслалцаа, дэмжлэгийг ДЭМБ-аас авч байдаг ба иймээс Америкийн өгөхгүй гэсэн 300 сая долларын санхүүжилтийг нөхөхөөр олон сангууд хандив өгөхөөр амалж байна. 4/18-д болсон оддын онлайн концертоор Лади Гага болон Global Citizen 128 сая доллар цуглуулсныхаа 55.1-ийг нь ДЭМБ-ийн к-в-тэй тэмцэх санд өгсөн гэжээ.

FB Zoom-тай адил Messenger Room нэртэй видео чат өрөө хэрэглэгчдэдээ санал болгох гэж байгаагаа зарлалаа. Бидэнд дахин нэг сонголт нэмэгдэх нь дээ. Монголчууд маань FB илүүтэй хэрэглэдэг тул магадгүй хамгийн их хэрэглээтэй зүйлийн нэг болох байх.

Иймэрхүү дэлхийг доргиосон үйл явдлууд томоохон хэмжээний өөрчлөлтүүдийг авчирдаг гэдэг. Хэдийгээр дрон, роботоор хүргэх үйлчилгээнүүд бага хэмжээгээр ч гэсэн хэрэглээнд нэвтэрч байсан нь к-в-ээс болоод улам хэрэгцээ нь нэмэгдэж байна. Nuro компаниас R2 нэртэй хоол хүргэж өгдөг робот манай жижиг хотод ороод ирчихэж. доорх зургийг хараарай. Нэг хөөрхөн.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу