Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Анд нөхдийн захидал, тэмдэглэлт өдрийн заллага, сургуульд тэнцсэн урилга, хүмүүс хоорондын нэг нэгэндээ илгээх сэтгэлийн бэлэг, илгээмж, цахим худалдан авалт, төлбөр тооцоо гээд амьдралын алив хэрэгцээ, шаардлагатай бүхнийг цаг тухайд нь дамжуулан түгээх “Шууданч” гэх эрхэм албыг хашдаг, Д.Батсүх “Манайхан” сайтын ярилцлагын зочноор уригдлаа. Д.Батсүх ахыг зөвхөн “шууданч” гэж танилцуулахад хангалтгүй, уг мэргэжил холбооны инженер, Монголд мэргэжлээрээ олон жил ажилласан, харилцаа холбооны салбарын шинэчлэл, тоон систем, шилэн кабль гээд өнөөгийн цахим хэрэглээ монголд үндэс сууриа тавьсан үүх түүх энэ хүнтэй салшгүй холбоотой. Угийн инженер хүн болоод тэр үү, зав чөлөөгөөрөө зүгээр сууна гэж үгүй. Оюун ухааны тоглоом бүтээж, монгол оньсон тоглоомыг олон улсын зах зээлд гаргах, орчин цагийн хэрэглээнд нийцүүлэх тал дээр өөрийн оюун бодол, ур ухаанаа сорьж яваа,  АНУ-ын Шарктанк нэвтрүүлэгт оролцох урилга хүртэл хүлээн авсан, хийж бүтээх дуусашгүй их хүсэл мөрөөдлөөр дүүрэн Д. Батсүх ахтай ярилцан суухад үнэхээр сонирхолтой байлаа.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе, саяхан Америкт Шууданчдын өдөр тохиосон таньд баярын мэнд хүргэе. Анх хэдэн онд Америкт ирж байв? Шинэ газар ажил амьдралаа төвхнүүлэх амаргүй давааг хэрхэн давж байв? Тэр үеийн сонин сайхнаасаа манай  уншигчдад хуваалцаач?

Баярлалаа, АНУ-д жил бүрийн 2-р сард шууданчиддаа талархах өдөр тохиодог. Энэ салбарт ажилладаг Монголчууд цөөнгүй бий. Тэдэндээ мөн баярын мэнд хүргэе.

Миний бие 2007 онд АНУ-д ирсээс хойш өдийг хүртэл байнга оршин сууж байна. Өмнө нь албаны шугамаар хэд хэдэн удаа ирж байсан. Суурин амьдрах ба түр хугацаагаар ирж буцах хоёр мэдээж том ялгаатай.

Анх мэргэжлийнхээ дагуу холбооны инженерийн ажил олоод хийчих юмсан хэмээн боддог байлаа. Байр орон, унаа тэргээ зохицуулж байгаад өөрийн амьдарч байсан тойргийнхоо нийгмийн ажилтантай уулзаж Монголд холбооны инженер, маркетингийн мэргэжилтэн гэх мэт ажил хийдэг байснаа дурдаад мэргэжлийнхээ ажлыг хайж байна гэж хэлэв. Ингээд түүний зөвлөснөөр явж нэгэн сүмийн тэргүүнтэй танилцаад ажил хайж байгаагаа хэлсэнд маргааш хүрээд ирээрэй гэдэг юм байна. Жигтэйхэн баярлаад зангиа зүүж, костюм пиджак өмсөөд очлоо. Тэгсэн тэнд бас хэсэг Латин хүмүүс байна. Хоорондоо испаниар яриад, намайг сонжиж байх шиг байтал удсан ч үгүй сүмийн тэргүүн хүрээд ирлээ. Тэр намайг гайхаж хараад, Өнөөдөр манай сүмд байшингийн дээвэр засах ажил хийхээр хүмүүс цуглаж байгаа шүү дээ. Хэрэв чи инженерийн ажил хиймээр байгаа бол эхлээд заавал эндхийн сургуульд сурч, диплом авах ёстой гээд ширээн дээрээ байсан сурталчилгааны хуудаснуудаас нэгийг нь сугалан өгч билээ.

Би ч Сан Франциско хотод байх өнөөх сургууль дээр нь яваад очив. Харин сургуульд орох, бүртгүүлэх нь тун амархан байсан. Хувийн сургууль байсан тул бараг орох уу, яахав гэдэг шийдвэрээ гаргаж амжаагүй байхад л элдэв юм асууж байгаад бүртгээд авчихлаа. Ингээд л ердөө маргаашнаас нь хичээлдээ суугаад эхэлсэн дээ.

Ямар чиглэлээр сурав?, Хичээл нь хүнд байсан уу? 

Компьютерийн сүлжээний аюулгүй байдлын менежмент гэсэн чиглэлээр Heald College-д хоёр жил сурч төгссөн. Хувийн сургууль тул төлбөр өндөр байсан. Харин Калифорнид нэг жилээс дээш хугацаанд оршин сууснаа батлах юм бол коммунити коллежид нутгийн иргэдийн жишгээр сурах эрх нь нээгддэг бөгөөд гадаад оюутнаас хамаагүй хямдхан төлбөр төлнө. Би энэ боломжийг сүүлд мэдсэн. Хожим дахиад мэргэжил дээшлүүлэх, хэлээ сайжруулах тэрчлэн хоббиноосоо болоод цөөнгүй хичээл авахдаа тийм сургуульд маш хямдхан сурсан. Миний анх сурсан сургуульд математик, тоон системийн онол, компьютерийн сүлжээ хэрхэн байгуулах, түүнийг халдлагаас хамгаалах зэрэг хичээл ордог байсан. Би дээд сургууль төгсөж холбооны инженер болоод мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ гадаадын олон оронд мэргэжил дээшлүүлж байсан болохоор хичээл нь хүнд байгаагүй.

Харин  сурахын хажуугаар ажил хийж амьжиргаагаа зохицуулах нь амаргүй байсан. Замын ачаалал их үед хичээлдээ очих гэж бүтэн цаг гаруй хугацааг зарна. Хичээл тарсны дараа гэрийнхээ ойролцоох хоолны газар ажиллаж, пицца зөөнө. Гэрийн даалгавраа голдуу шөнө сууж хийдэг болохоор багш нар e-mail-ээр илгээсэн чиний хичээлийн хариулт дандаа л шөнийн хоёр, гурван цагийн үед ирэх юм гэж гайхдаг байсан. Үндсэндээ гурав дөрвөн цаг унтаад л, хичээл ажилдаа эргээд явна шүү дээ. Тэр үед бас давхар хариуцлага үүрнэ. Долоон настай охинтой ганц бие аав бүгдийг зохицуулах гэж их хичээдэг байлаа. 

Таныг хичээл сургуульдаа явсан үеэр охиныг тань хэн хардаг байсан юм бэ?

Америк орон их хатуу хууль дүрэмтэй. Арван хоёроос доош насны хүүхэд гэртээ ганцаараа байж болохгүй. Охины хичээл тарсны дараа, хүүхэд харж байгаач гээд таньдаг улс амтьнаасаа гуйна. Урт богино хугацаагаар ганц нэг оюутан охидыг гэрийнхээ нэг өрөөндөө суулгаж охиндоо хань болгоно. Хааяа пицца зөөхдөө охиныгоо машины арын суудал дээр унтуулчихаад хамтдаа ажиллахаас өөр аргагүй өдрүүд цөөнгүй тохиолдож байсан. Одоо охин минь их сургуулийн оюутан болоод биеэ даан амьдарч байгаа.

Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажил хайсан уу, яагаад шуудангийн салбарт ажиллах болов?

batsukh 01Тэгэлгүй яахав, одоо ёстой өндөр цалинтай ажилд ордог хэрэг гээд л ажил хайж ийш тийш хүсэлт илгээж байгаад Санфранцискогийн нисэхийн орчимд био технологийн лабораторийн мэдээллийн технологийн хэсэгт ажилд орсон. Дөрвөн давхар, таван том байртай нүсэр байгууллага. Өглөө ажилдаа ирээд компьютерээ нээхэд аль байрны аль өрөөний комьпютерт эвдрэл гэмтэл гарсан эсвэл шинэ хүн ирсэн тул компьютерыг нь сүлжээнд холбож өгөх, аль хэсэгт байгаа принтер, хувилагчын хорыг солих, цаас нэмэх, аль уулзалтын өрөөнүүдийг хуралд бэлдэж микрофон, өсгөгч, дэлгэцийг тохируулах гээд ер нь хөнгөн ажил байсан. Гэм нь эхлэлийн цалин бага, цагийн 14 доллар байхад миний пицца зөөдөг ажил цагийн 12 доллар боловч дээр нь гарын мөнгө гэхэд бараг цагт 20 доллар байгаад байдаг. Бас нэг хүндрэл нь миний амьдарч байсан газраас их хол, ядаж байхад тааруу машинтай зэрэг шалтгаанаас болоод буруу шийдвэр гарган ажилаа орхисон. Тэр байгууллагад хамт орж байсан танилтайгаа жилийн дараа таарахад түүний ажлын цагийн үнэлгээ 40 доллар болсныг дуулаад амаа барьж билээ. Дараа нь нэг хэсэг таксинд явж байгаад сүүлдээ шууданд ажилд орсон. Шуудангийн салбарт сүүлийн зургаан жил ажиллаж байна.

Та “Шуудангийнхан” нэртэй нүүр номын групп хөтлөн, энэ салбарт ажиллахыг монгол залууст санал болгодог. АНУ-д шууданч байхын давуу талыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

Тэгэлгүй яахав, би энэ сэдвээр ярих дуртай. Олон монголчууд энэ салбарт орж ажиллаасай гэж хүсдэг. Зөвхөн нэг муж биш үндэсний хэмжээний томоохон компани учраас ажилчдын эрх ашгийг маш өндөрт тавьдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай. Ямар нэгэн алдаа гаргахад тухайн ажилтныг хамгаалах, дуу хоолой нь болох бүхэл бүтэн байгууллага, систем байна гэдэг маш том давуу тал. Хүн болгон коллеж, сургуульд сурч чадахгүй шүү дээ. Тэгэхээр их дээд сургууль төгсөөгүй ч  хангалттай цалин хангамж хүртээд, ажиллаж амьдрах тун боломжийн ажлын байр байгаа юм. Эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагдана. Тэтгэвэр тогтоолгоно. Цалинтай ээлжийн амралт эдэлднэ. Илүү цагийн мөнгө тооцуулна, баярын өдрөөр ажиллаж таарвал цалингаа хоёр дахин нэмэгдүүлж авна. Жилд баярын арван өдөр цалинтай амардаг.  Мужаас хамаараад цалингийн хэмжээ өөрчлөгдөхгүй,  жил бүр тогтмол хувиар цалин өсдөг гээд их олон давуу талтай.  Саяхан ах нь эрүүл мэндийн асуудлаас болоод гэртээ дөрвөн сар хэвтэхэд цалингаа бүтэн авч байсан. Зарим хувийн байгууллага байсан бол магадгүй халагдсан байх. За мөн жил болгон шууданчиддаа зориулж таван зуун гаруй долларын хувцас хэрэглэл авах мөнгө олгодог. Зөвхөн хувцсанд бол хангалттай мөнгө. Ажил өглөө 7 цагт эхлэх тул үдээс хойно 15 цаг 30 минут гэхэд үндсэн ажил дуусна. Түүнээс хойш ажилбал илүү цагаар тооцож цалинг нэмдэг. Ажил эрт эхлээд эрт дуусч болно. Үлдсэн цаг хугацаанд гэр бүлдээ цаг зориулж, хүсвэл хоёр дахь ажил хийж болно гээд их олон давуу тал бий.

Зарим шуудан зөөгч нар машинаа холхон тавьж байгаад захиануудаа түрдэг тэргэнд хийж аваад алхаж яваа харагддаг, давхар дасгал хөдөлгөөн болдог байх гэж боддог.

Тэгэлгүй яахав эрүүл агаарт алхаад, маш сайхан дасгал хөдөлгөөн болдог. Ер нь бол хувь хүний сонголт байдаг л даа, үргэлж машин жолоодоод шуудан тараадаг зам сонговол тийм зам ч бий. Миний ажилладаг замын гуравны нэг нь алхаж тараадаг хэсэгтэй. Америкт ихэнхдээ цаг агаар сайхан болохоор би алхдаг хэсэгтээ дуртай. Зарим хүн намайг чи сайхан юмаа дасгал хийнгээ мөнгө авдаг, гэтэл би мөнгө төлж дасгал хийхээр явж байна гэж хошгинодог. Шуудан зөөгчдийн ихэнх нь харьцангуй таргалалт багатай байдаг нь бас тийм учиртай.

Таньтай адилхан шууданд ажиллаж байгаа Монголчууд хэр их байна? Ямар шалгуураар ажилд авдаг вэ?

Одоогийн байдлаар хориод Монгол хүн ажиллаж байх шиг байна. Заримдаа надруу өөр мужаас ч утасдаж санал солилцдог. Ажилд орсон хойноо баярлалаа, зөвлөж санал солилцсонд гэхэд нь би дандаа баярладаг. Миний байнга үйлчлүүлдэг шатахуун түгээгүүрийн газар ажилладаг байсан нэг гадаад хүнд хэлж зөвлөсөөр байгаад шуудан зөөгч болгочихсон. Нэг өдөр миний ажил дээр ирчихсэн баярласан шүү найзаа гэж байсан. Шууданд ажилд ороход онцын өндөр шалгуур байхгүй, зөвхөн нэг шалгалт авдаг. Номыг нь уншаад, онлайнаар бэлдээд ороход их амархан. Зорилго нь шалгаад унагаад байхдаа биш, шууданч байх анхан шатны мэдэгдэхүүнийг олгох нэг төрлийн сургалт гэж ойлгож болно.

Цар тахлын үед хэрхэн ажиллав, танай салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

Цар тахал бидний ажилд маш их өөрчлөлт авчирсан. Мэдээж олон ажилчид өвдсөн хүнд хэцүү цаг үе байна. Сүүлийн мэдээлэл харахад зуун ажилтан тутмаас нэг нь өвдсөн гэхээр хагас саяас давсан тооны шуудан зөөгчтэй энэ байгуулагад бэрхшээл тулгарч байгаа. Өвдсөн ажилчдын хувьд эхний ээлжинд арван дөрөв хоног гэрт нь цалинтай нь амраана. Тэр хооронд ажил зогсож болохгүй учраас шинээр ажлын байр маш ихээр зарласан. Дээр нь цахим худалдан авалт ихэссэн тул ачаалал нэмэгдэж шинэ хүмүүс хэрэгтэй болж байгаа.  Ердийн үед цагийн 18 доллараар эхэлж байсан бол одоо шинээр ажилд орж байгаа хүмүүсийн цалин 22 доллараар эхэлж байх шиг байналээ. Шинээр орох хүмүүст маш том боломж. Мөн ковидоос хамгаалах зорилгоор өглөө бүр маск, бээлий, гар ариутгагчаар ажилчдыг хангахын зэрэгцээ ажлын машиныг тогтмол ариутгаж байгаа.

Интернэт, цахим соёл дэлгэрсэн хэдий ч АНУ-д шуудангийн салбар амь бөхтэй оршсон хэвээр байгаагийн учир шалтгааныг та юу гэж хардаг вэ?

Нэгдүгээрт бичиг цаасны өндөр соёлтой нь салшгүй холбоотой.  Нэг байшин дотор зэрэгцээд байрлаж байгаа хоёр байгууллага хоорондоо албан бичиг цаасаа оруулаад өгчихнө гэж байхгүй заавал шуудангаар илгээнэ.  Төрсөн өдөр, баярт үйл явдал болоход хүмүүс ил захидал худалдаж аваад сэтгэлийн үгээ гараар бичиж явуулахыг илүүд үздэг. Хоёрдугаарт бизнесийн байгууллагууд шуудангийн үйлчилгээг ашиглаад маш том сурталчилгаа хийдэг. Америкт амьдардаг та нар мэдэх байх даа. Шуудангаар маш олон сурталчилгааны хуудас, сонин хэвлэл хүлээж авдаг байх, тэр болгон чинь шуудангийн байгууллагын орлогын бас нэгэн том эх үүсвэр. Дараагийн нэг хамгийн чухал зүйл бол маш сайн хаягийн систем. Айлуудын хаяг, албан байгууллагын хаягууд цэгцтэй, тогтвортой учраас шуудангийн  үйлчилгээ явуулахад ямар ч бэрхшээл тулгардаггүй. Нүүж, суусан тохиолдолд хаягийн өөрчлөлтөө хамгийн түрүүнд хийдэг. Ямар сайндаа АНУ-ын хаягийн системийг монголд зүгээр л хуулаад хэрэгжүүлчихгүй юм байхдаа гэж шууданд ажилдаг Монгол танилуудтайгаа ярьдаг юм. Энэ талаар Монголын харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж Америкийн хаягжилт, зип кодын талаарх дүрэм журмыг орчуулж Монголд нэвтрүүлэх талаар судлан хамтран ажиллах санал дэвшүүлэхээр бэлдэж байна.

Таны ажил овоо эрт тардаг юм байна үдээс хойно нь юу амжуулж байна? Тоглоом зохиодог гэж  та ярьж байсан, их сонирхолтой санагдаж байлаа, тэр тухайгаа сонирхуулж яриач?

batsukh 04Мэдээж зүгээр суухгүйг хичээнэ, элдэв юм бичиж зохиох дуртай. “Говийн нууц” гэж уран зөгнөлт зохиолоо 2010 онд хэвлүүлсэн. Мөн хараахан дуусгаагүй байгаа хэдэн зохиолууд бий. Бас сонирхлынхоо дагуу шуудан зөөгч нартаа зориулаад шоо хаяж тоглодог тоглоом зохиосон маань амжилттай болсон. Мөдхөн зах зээлд танилцуулна. Америкийн шууданчдын групп-т товч танилцуулсанд их сонирхож байгаа. Шуудан зөөгч хүний нэг өдрийн ажлыг гүйцэтгэн уралдах зарчмаар хийсэн. Хөгжилтэй болгохын тулд заримдаа нохойд хөөгдөөд буцаж гүйх, аз таарвал хол алгасах, буухиа шуудан хүргэхээр үндсэн замаасаа гарч цаг алдах, зам засвартай газар гацах, шуудангаа андуурч буруу хаягт хүргээд эргэж очиж авах зэргээр нүүж уралдана даа. Мөн аз шодох картууд гэж бий. Тэдгээр картын ар талд дүрсэлсэн зургаас тоглоомын зарим зураг өөр тул ялгааг олох даалгавар ч байна. Уйдуулахгүй тоглоом болж байгаа. Тоглоомыг сайн анзаарвал нэг хүн масктай байтал өөр нэг хүн дэлгүүрээс тэрэг дүүрэн 00-ын цаастай гарч ирснээр зурсан нь хулгана жилийг ёгтолсон хэрэг юм. Нэг буланд нь хулгана гүйж явааг мөн хайвал олно. Энэ тоглоомын өөр нэг хувилбар болох микро схем дотуур хөөцөлдөн уралддаг бас нэг тоглоомоо бүтээгээд байгаа.

Миний бас нэг сонирхол бол монгол оньсон тоглоомыг орчин үеийн агуулгатай болгож, дэлхий нийтийн хүртээл болгох юмсан гэсэн бодол юм. Тэр хүсэл дээрээ тулгуурлаад сүүлийн үед хүүхэд залуусын маш ихээр сонирхон судалж байгаа кодинг системийн үндсийг тоглонгоо сурч ойлгох тоглоом бүтээсэн. Портун сэтгүүлээс зарласан “Дараачийн шинэ санаа”  уралдаанд тэр тоглоомоороо оролцож хэдэн мянган шинэ бүтээлээс шалгарч эхний 20-д багтсан юм. Тэрэнд нь урамшаад ах нь тоглоомоо үүрээд 2019 онд Нью-Йоркт дэлхийн тоглоомын үзэсгэлэнд очиж олон орны тоглоомтой танилцаж заримтай нь харьцуулж үзлээ. Гуч гаруй мянган компани оролцсон, их том арга хэмжээ байсан. Олон ч хүмүүс сонирхож байсан. Үйлдвэрлээд эхэлвэл их олон хүнд хүрэх юм байна даа гэж бодоод хөрөнгө оруулалт олохоор судалж байна. 

Оньсон тоглоомын тухайд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч, тоглоом гэдэг утгаараа, сонрхолтой, энгийн байх хэр нь хүүхдэд маш их үр өгөөжтэй байх нь ээ?

batsukh 03Яг тийм, хүүхэд гэлтгүй том хүн ч тоглоод хялбар сурах зарчим дээр тулгуурлан бүтээсэн. Гучин зургаан үсгээ цээжилсэн байхад ямар ч сайхан уран зохиолыг уншиж болдог, үндсэн долоон нотоо сурсан байхад гайхамшигт хөгжмийн аялгууг тоглох эхлэл тавигддаг шиг тоон системийн үндсэн 16 кодыг мэдсэн байхад компьютерийн зарчмыг хялбар ойлгох юм. Энэ тоглоомоор гурван хэмжээст олон төрлийн оньс, мөн хоёр хэмжээст олон янзын дүрс бүтээж тоглохоос гадна тоон системийг хялбар таних болно. 0 ба 1 гэсэн тооноос бүтдэг хоёртын тооллын систем, 0-оос F хүртэл тоог ашиглах арван зургаатын тооллын систем, 0-оос 9 хүртэл тоотой аравтын системүүд, тэдний ялгаа ба тэднийг хоорондоо хэрхэн хувирдагийг тоглох зууртаа л ойлгоод авах энгийн зарчимтай. Яг тоглоод зарчмыг нь ойлгоод авбал их энгийн.

Хүүхдүүддээ авч тоглуулах юмсан. Хэзээ олны хүрээл болгох вэ?

batsukh 02Зохиосон тоглоомыг чинь нэвтрүүлэгтээ оруулж болж байна гээд америкийн шарктанк нэвртүүлгээс надад захидал ирсэн. Би эхэндээ шуудангийн тоглоом гэж ойлгоод эргэж лавлахад  үгүй ээ, угсардаг тоглоомыг чинь сонирхож байна гэж хариу ирэхэд нь маш их баярласан. Шинэ дугаарууд нь онлайнаар явагдаж байгаа юм байна лээ, нэг сайн бизнесийн төлөвлөгөө гаргаж аваад ороод үзье гэсэн бодолтой байгаа. Тэд нэвтрүүлэгт нь хэрхэн оролцох талаар онлайн сургалтанд үнэгүй оролцуулж бэлдэж туслах юм байналээ.

Удахгүй таныг “Шарктанк” нэвтрүүлгээр үзэх нь ээ, түүгээр зогсохгүй таны бүтээсэн тоглоом, АНУ зах зээлд зарагдаж эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Таньтай ярилцахад тун таатай байлаа. Өөрийнхөө туулж ирсэн амьдрал, туршлагаас харамгүй хуваалцсанд маш их баярлалаа, санасан бодсон, төлөвлөсөн бүхэн тань амжилт олох болтугай, таньд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Баярлалаа, намайг ярилцлагынхаа хүндэт хойморт урьсан явдалд гялайлаа. Хойд Америкийн Цахим-Өртөөний хамт олонд ажлын амжилт хүсье.

Ярилцсан: сэтгүүлч Т.Цэвэлмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу