Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гэрийн хорионд ажиллаад нэг л мэдэхэд хоёр долоо хоног болдог юм байна. Өдөр бүр цагийн хуваарийн дагуу ажиллаад, гарах орох зам хязгаарлагдмал тул заримдаа амьтны хүрээлэнгийн торонд орсон амьтад иймэрхүү байдаг болов уу ч гэж бодмоор. Ийм хорионд орсноос хойш хоёрхон удаа л дэлгүүр явж хүнсээ цуглуулсан юм байна. Бөглөрөөнд орлоо гэж бухимдалгүй, машинаа бариад салхи таттал давхиж хүссэн газартаа ирж очих эрх чөлөөг жирийн үед тоодоггүйгээ мэдэрсэн.

Ажлын хамт олон маань өдөр бүр ундны цагаараа хагас цаг Zoom уулзалт хийж ярилцаж байна. Дараа долоо хоногоос эхлэх хичээлдээ бэлдэж, энэ платформыг турших, нөгөө талаар ганцаардаж тусгаарлагдсан амьдралдаа хэрхэн дасан зохицож буй талаар туршлага солилцох, стресс тайлах арга юм. Өдөр бүр шинэ сэдвээр ярилцаж, төрөл бүрийн тоглоом тоглолоо. Онлайн хичээл заахад ч иймэрхүү аргаар оюутан сурагчдаа идэвхжүүлбэл зүгээр юм.

#Хүн бүр үүргэвчээ гаргаж камераар харуулаад хэзээ, хаанаас энэ үүргэвчийг авсан, хаашаа барьж явсан, хэдэн халаастай, хаана нь юугаа хийдэг, мөрөвч нь ямар вэ гэх мэтээр ярьсан чинь хамт ажилладаг хүмүүсийнхээ талаар өмнө нь огт мэддэггүй олон сонирхолтой түүх сонслоо. Надтай адилхан үүргэвч барихад дургүй хүмүүс ч хэд хэд гарлаа.

#Хамгийн сонирхолтой нэг тоглоом нь хүн бүр компьютерээ орхин гэр гэрээсээ хатуу хавтастай ном, дээрээ бичигтэй аяга, давс, перец, оо, ямар нэгэн амьд зүйл, дууны CD, чихмэл амьтан зэргийг авчирч камераар харуулаад оноо авч уралдлаа. Монгол дуутай CD олоод харуулсан чинь надаас өөр тэр төрлөөр харуулах зүйлтэй хүн байсангүй. Байн байн өрөөнөөсөө гарч гүйгээд, юм хайгаад байсан тул охин маань их гайхлаа. Нөхрийнхөө ууж байсан цайг хүртэл булааж авч аяга харуулах давааг давав.

#Zoom-d цагаан самбар дээр тал талаасаа зураг зурж уралдлаа. Тоглоомыг 2 хүн зохион байгуулна. Нэг нь оролцочдоос сонгож, тодорхой сэдвээр зурах зүйлсийн жагсаалтыг илгээнэ. Хулгана юмуу ipad дэлгэцэн дээр зурдаг тусгай үзгээр зурна. Тээврийн хэрэгсэл, кинонууд, компьютер төхөөрөмжүүд гэх мэт сэдвээрх жагсаалтаас 1-2 минутад аль болох олон зураг зурах ёстой. Бусад нь зурсан зургийг хараад таана. Түрүүлж таасан хүн нэг оноо, зөв сайн зурсан хүн хоёр оноо авна. Тээврийн хэрэгсэл ангиллаар онгоц, машин, дугуй, автобус, завь гэх мэтийг хулганаараа мурий сарий зурж таалгасан чинь гайгүй өндөр оноо авлаа. Эможи зурж таалгах даалгавар энэ тоглоомонд хамгийн хэцүү ангилал боллоо.

#Болж буй үйл явдлын талаар хаанаас ямар мэдээлэл авч байна, сэтгэл санаагаа хэрхэн удирдаж байна вэ? Юунд хамгийн их санаа зовж байна вэ? гээд сэтгэлээ нээн ярилцлаа. Ихэнх хүмүүс коронатай холбоотой мэдээллээс аль болох зугтах арга хэрэглэж байгааг сонслоо. Байнга сошиал медиа орж, мэдээ шимтэн үзэлгүй, өдөрт ганц удаа л харж байгаа гэсэн хүмүүс олон байв. Сэтгэл санаагаа амар амгалан байлгахын тулд дуртай киноноосоо үзэж, гоё хоол хийж, шинэ жор туршиж, компьютерийн тоглоом тоглож, бүжиглэж, дасгал хийж байгаа туршлагаасаа хуваалцлаа. “Little Fires Everywhere,” “Kim’s Convenience,” “Shrill,” “The Night Of, West World,” “A million little things” зэрэг олон киног сонирхож үзье гэж бодлоо.

Гэрийн хорионд сууж буй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ, онлайн хичээл зааж буй багш нар оюутан сурагчидтайгаа өөр бусад аргаар баяжуулан туршаад үзээрэй.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу