Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бидний, 5 сарын 11-нд өгсөн давтан шинжилгээний хариу, 2 хүүгийнх 4 хоногийн дараа, эхнэрийнх 9 хоногийн дараа, харин минийх 12 хоногийн дараа, дөнгөж сая ирэв. Хариу нь бүгд СӨРӨГ буюу ХАЛДВАРГҮЙ! Ингэж удаж гарч байгаагийн шалтгаан нь шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо огцом өсөж, лаборториуд ачаалал ихтэй байгаагаас болоо биз ээ гэж бодном.

Мөн өнгөрсөн Даваа гарагт Hollywood Prespetrian Hospital-ын "түргэн" орж, хоёул цээжний зураг авахуулж, зүрхний бичлэг хийлгэв. Цээжинд ямар нэгэн үлдэц алга, зүрхний ажиллагаа хэвийн гэлээ. Ер нь энэ өвчний вирус таван цул, хоол боловсруулах, амьсгалах, үе мөч, тархи, зүрх гээд бүх эрхтэн системд гүн нэвтэрч, өвчлүүлээд гадагшилж байгаа тул амьсгал ойртох, зүрхээр хатгах зэрэг зовуурь илрэх нь байх үзэгдэл гэж эмч хэллээ. Түргэн гэснээс эднийх эмнэлгийн гадаа ийм майхан бариад, тэндээ үзлэг, зураг, бичлэг хийж байх юм. (Майхан гэснээс байна шүү, урин дулаан цаг ирж байгаа энэ үед, уудам дэлгэр газар нутагтай манай улс хүний олон, хотын чийг, чимээнээс зайдуу, тог цахилгаантай, уул устай, сайхан газар энэ мэтээс санаа аваад, зөөврийн, угсармал барилга барьж, түүндээ оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, эмч сувилагчдаа байрлуулаад, салхиных нь доод талд гэр хүрээг өөр хооронд нь ижил зайд барьж байгуулаад, гадаадад хоригдсон, өвдөж зовсон, хоол унд, мөнгө зоосгүй ягдсан, хавчигдаж туугдсан иргэдээ байгаа байгаа улстай нь жич ярьж, агаарын тусгай шугам нээгээд, өөрийн онгоц, нисгэгч хүрэлцдэггүй юм бол сул зогсож байгаа өөрсдийнх нь онгоцоор нь, хэр тааруу хөлс өгч авчраад, шинжилгээний бичигтэй, шинж тэмдэг, зовуурьгүй иргэдээ эрүүл агаарт тусгаарлаж болдоггүй юм уу?!
Тэгвэл засагтаа ч, иргэндээ ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндийн тал дээр ч тустай, цэвэр агаар, байгалийн сайханд сэтгэл санаа нь ч тэнэгэр, алжаал бухимдал нь ч хурдан тайлагдана, ар гэртээ хурдан харина, тусгаарлах байр савны хүрэлцээ, багтаамж ч эрс сайжирч, иргэдийг хүлээн авч, гаргах ажил ч шуурхай болно. Мэдээж аюулгүй, эрсдэлгүй байдлыг тооцож, харуул хамгаалалт чангатай байх хэрэгтэй. Уг нь жаахан сэтгэл гаргаад, стандарт бусаар, задгайхан сэтгээд, зүтгэвэл болмоор л юм шиг бодогдоод байгаа юм. "Палаатаг" хараад энэ бодол улам лавшрав. Сонгууль, наадмаас илүү хамгийн түрүүнд хийх ажил энэ баймаар санагдах юм. За, ямар ч яриа эцэстээ улс төржөөд дуусдгийн үлгэрээр жаахан далийгаад явчихав уу, яав?!

Удаан хүлээсний эцэст сайхан мэдээ авснаа та бүхэндээ баяртайгаар дуулгаж байна! Хариу хэдий сөрөг гарсан ч урьдын адил сонор сэрэмжтэй байж, ариутгал, хамгаалалтаа хийж, хоол ундаар тордож, дархлаагаа улам сайжруулах нь зүйтэй гэж бодлоо. Эмч хамгаалалтаа сайн хийгээд, олны хөлөөс зайдуу, агаар салхинд гарахыг зөвлөсөн.
Гадаад, дотоодгүй монголчууд минь, хэрвээ танд ямар нэгэн ажиг сэжиг мэдэгдвэл, биед тань ямар нэгэн өөрчлөлт, шинж тэмдэг мэдрэгдвэл эргэлзэж тээнэгэлзэж, ичиж зовж, айж түгшилгүйгээр, шууд очоод шинжилгээ өгөөрэй! Өвчнийг оношлохгүйгээр, таамгаар, бие биенээсээ асууж, дураараа эмчилж, цаг бүү алд! Даатгалгүй ч бай, үнэтэй ч бай яаж ийгээд шинжилгээ өг! Дараа ирэх төлбөр ялбараас нь битгий ай! Амьд хүн аргатай, аргалын гал цогтой! Амьд мэнд, эрүүл саруул болж л байвал "Билл ноёнтныг" аргалж л таараа! Хэдийгээр бид уусан эм, идсэн хоол унд, барьсан дэглэм, арга зам, өөрсдийн туршлагаас тантай сэтгэл харамгүй, дуртайяа хуваалцаж, мэдэх чадахаа зөвлөж байгаа ч хүн бүрийн бие махбод онцлог ялгаатай тул бидэнд таарсан эм, эмчилгээ танд таараа ч уу, үгүй ч үү, тантай яг адилхан жирийн би(д) биш, эцсийн эцэст мэргэжлийн эмч, оточ, тохирсон эм, эмчилгээ, эмнэлэг, "түргэн" л таны эрүүл мэнд, амь насыг авран хамгаална шүү!

"-Би Ковид тусчихсан юм шиг байна!" гээд ярьсан хүмүүсийн ихэнх онош шинжилгээгээр КОВИД БИШ гэж гарсныг дуулгасан! Тэгэхээр шинжилгээ хийлгэх ямар чухал нь харагдаж байгаа биз?! :)

Өдийг хүртэл хугацаанд бидэнтэй хамт байж, сэтгэлийн их дэм, өглөг буянаа хайрласан, одоо ч сэтгэлээ чилээн, санаа тавьсаар байгаа монгол ахан дүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье!

Түүнчлэн, надаас гадна өвдсөн, зовсон, хүний газар мөнгө төгрөггүй, хоол ундгүй хэцүүдсэн хүмүүс олон байгаа тул та бүхэн маань тэдэнд аль боломжоороо туслахыг хичээгээрэй! Таны хамгийн том тус бол хамгаалалт, ариутгалаа сайн хийж, өөрийн болоод эргэн тойрныхоо хүмүүсийг аюулаас урьдчилан сэргийлэх юм шүү.

Даян дэлхийн хүн ард өвчин тахлаас хурдан ангижирч, амь нас нь улам батжих болтугай!
Байгаль дэлхийгээ урьд урьдахаасаа илүү хайрлах болтугай!

Та нартаа баярласан:
Мөнхтөрийн гэр бүл
Лос Анжелес
2020/5/23

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу