МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-ын дээд шүүхийн хүндэт шүүгч, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэгч хадагтай Рут Бэйдэр Гинсбург өнгөрсөн Пүрэв гаригт 87 насандаа таалал төгслөө. Ингэснээр үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй, америкийн жирийн иргэнээс эхлээд бүх хотын дарга, мужийн амбан захирагч, сенат, конгресс улмаар ерөнхийлөгчийн үйлдэл, шийдвэрийг хянаж, баталж эсвэл цуцалж байдаг дээд шүүхийн есөн шүүгчийн бүрэлдэхүүнд нэг суудал онгойлоо.

Дээд шүүхийн шүүгчийг ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Америкийн сенат баталдаг. Нэг батлагдсан шүүгч бүх насаараа суух эрхтэй. Ердөө нийт есөн шүүгч байдаг. Одоогоор тав нь консерватив үзэлтэй буюу бүгд найрамдах намын ерөнхийлөгч сонгосон, дөрөв нь либерал үзлийг барьсан ардчилсан намын ерөнхийлөгч дэвшүүлсэн шүүгч нар байдаг байна. Тэгвэл эрхэм шүүгч Рут Бэйдэр Гинсбургийн суудал онгойсноор хүчний харьцаа 6-3 болж консерватив чиглэлтэй болж баруунууд илт давамгайлах шинж бүрдлээ.

Дээд шүүхийн үүрэг ролийн үнэ цэнийг эрхэм та мэдээж маш сайн ойлгож байгаа. Сүүлийн ганц хоёр жилд гаргасан шийдвэрээс жишээ болгоё. хуульд мужийн гаргасан үр хөндөлтийг хориглох шийдвэрийг үндсэн хуульд харшилж байна гээд дээд шүүх цуцалсан. Ерөнхийлөгч хэлдгээр гаргасан “Мөрөөдлийн Акт” буюу DACA-г одоогийн ерөнхийлөгч Трамп цуцлах шийдвэр гаргасан. Түүнийг нь дээд шүүх бас зогсоосон. Улмаар ерөнхийлөгч Трампын ил гаргадаггүй татварын мэдээллийг олонд ил болгох үгүйг ч дээд шүүх шийдэх гэж байгаа. Манайхны хэлдгээр “цэцийн дээр хөх тэнгэр л байгаа” гэдэг нь Supreme Court буюу америкийн дээд шүүх билээ. Тэгээд нэг сонгогдвол бүх насаараа энэ хүндэт суудлыг эзлэн гээд төсөөл дөө.

Шүүгч Гинсбургийн бие тэнхээ сүүлийн хэдэн жил тааруухан байсан нь нууц биш. Өөрөө ч гэсэн сонгууль хүртэл тэсэх хэрэгтэй гэдгээ нуудаггүй байсан. Учир нь өөрийнхөө суудлыг өөртөө нь адилхан либерал үзэлтэй шүүгч аваасай гэж хүсэх нь мэдээж. Трамп ерөнхийлөгч өнгөрсөн 4 жилд 2 шүүгч сонгож чадсан, ховорхон азтай нэгэн юм. Хэрэв гурвыг сонговол хүчний харьцаа хэт баруун тал руу хазайна гэдэг нь хэнд ч ил байгаа.

Америкчуудыг хамгийн их талцуулж, хагаралдуулдаг бууны асуудал, үр хөндөлт, хүйсийн тэгш эрх, цагаачлал, ижил хүйстний гэр бүл болох гээд хамгийн ноцтой асуудлуудыг эцэслэн шийддэг байгуулга түүхэнд байгаагүй өөрчлөлт орох янз бүрдлээ.

Томилогдох шүүгчийн нэрийг ерөнхийлөгч дэвшүүлж сенат баталдаг болохыг дурдсан. Гэхдээ энэ хоорондох процесс маш удаан, яарч сандрахгүй, нямбай судалж нягталж байж, сенат болон конгрессын нээлттэй хэлэлцүүлгээр удаа дараа орсны эцэст сенат санал хураадаг. Энэ процесс дунджаар гурван сар болдог байна.

Гэтэл сонгууль болоход 40 хоног дутуу байхад, шүүгч Гинсбургийн бүлээн бие нь хөрж ч амжаагүй шахам байхад Трамп сонгох шүүгчээ ирэх долоо хоногт зарлана гэж мэдэгдэв. Сенатад олонх байгаа бүгд найрамдах намын лидер Митч Макконел “ерөнхийлөгч хүнээ дэвшүүлбэл, бид ажлаа хийж саналаа хураах болно” гэж өчигдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл сонгуулиас өмнө ямар ч үнээр хамаагүй өөрийн хүнээ сонгоод л дуусъя гэсэн үг л дээ.

Сонин болгоод ойрын ганцхан жишээ дурдъя. 2016 онд Обама ерөнхийлөгчөөс буухаас 9 сарын өмнө хүндэт шүүгч Скалия бурхан болж, суудал нь онгойсон байдаг. Обама Гарланд гэдэг шүүгчийг удаан шинжилж судалсны эцэст оронд нь нэрийг дэвшүүлж. Гэтэл сенатын ахлагч энэ Митч Макконел “Сонгуулийн жил бид шинэ шүүгч сонгохгүй. Санал хураахгүй ээ. Америкийн ард түмэн ямар шүүгчтэй болохоо сонгохын тулд эхлээд ерөнхийлөгчөө сонгох ёстой” гээд хагас жил энэ талаар санал авалгүй сенатыг гацаасан байдаг. Тэгээд Трамп ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь шинэ шүүгч томилж билээ. Одоо тэгсэн “хүрд эргүүлэх” боломж өөрчлөгдсөн. Бүгд найрамдах намын сенатууд болон ерөнхийлөгч 40 хоногт шинэ шүүгч томилохоор ханцуй шамлан орлоо. Одоогоор Америкийн сенат 53-47 харьцаагаар бүгд найрамдах нам олонх байгаа тул хүчиндээд сонгочих шинжтэй.

Мөн хэдий хуульд байдаггүй ч дайн эхлүүлэх эсвэл дуусгах, дээд шүүхийн шүүгч томилох гэх мэт маш чухал асуудлаар сенат санал хураахдаа гуравны хоёр хувь буюу 100-аас 66 санал авч байж баталдаг зарчим, уламжлалтай байсан билээ. Ү Санал хураагаад 51-49 гээд олонхоороо хүчиндээд шийддэггүй байж. Гэхдээ хууль биш зарчим. Гэвч хоёр жилийн өмнө бөөн хэл ам, хэрүүл уруул таталж сонгогдсон шүүгч Каванауг сенат 52-48 аар баталж ёс гажуудуулж муухай алхам хийсэн байдаг.

Вирус, арьсны үзэл, ажилгүйдэл нөмөрсөн энэ айхтар жил ерөнхийлөгчийн сонгууль урд өмнө байгаагүй ихээр хямарч, хагарч, бутарч, алалдаж, талалдаж байна. Одоо шүүгчийн онгойсон суудал энэ дайныг бүүр дараагийн төвшинд аваачих төлөв бүрдлээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу