Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойт Америкийн цахим өртөө байгууллагын “Манайхан” багаас энэ зэвэргэн цагийн хоморгод автан гадаадад гацан суугаа монголчуудад зориулан бэлтгэдэг "Сиймхий ч гэсэн гэр минь..." цуврал ярилцлагын энэ дугаарыг Солонгос улсаас эх нутагтаа ирсэн нэгэн иргэнтэй холбогдож, гадаад оронд гацаж түгжрэхийн бодит байдал, бэрхшээл, боломжын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Сайн байна уу, миний дүү? Сайн явж ирэв үү?

Миний сонсож, чих тавьж байснаар Солонгос улсад цар тахлын улмаас хөл хоригдоод, хүлээлэгт ороод одоо л нэг нутгийн бараа харж байгаа билээ. Хоёулаа өөрийн чинь эх нутагтаа ирсэн түүх, бодит байдлыг илэн далангүй ярилцвал болох уу?

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу та. Бололгүй яах вэ, би энэ оны нэгдүгээр сарын 19-нд Солонгос улсад хувийн ажлаар яваад хоёрдугаар сарын 22-нд буцаж ирэх байсан боловч вируст цар тахалын улмаас монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй шийдвэр гарсан. Иймд ажил маань арай л амжаагүй байсан учраас буцах тийзээ 7 хоногоор буюу хоёрдугаар сарын 29 хүртэл сунгасан юм. Гэтэл гэнэт нэг өглөө ( 2 сарын 26-нд) Монгол улс агаарын болон авто замын хилээ хаасан шийдвэр гаргаснаар ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУДын нэг болсон доо.

Монгол руу буцахын тулд хаана хандаж, ямар болзол биелүүлж буцах тийз авсан, замын зардал болон бусад зарлагын талаар дэлгэрэнгүй, илэн далангүй ярих уу.

Эх нутагтаа ирэх гэж их юм болсон доо. Монгол руу буцахын тул 3 сарын 17-нд Сөүл хотын Элчин сайдын яамны Консулын газар очиж нутаг буцах хүсэлт өгөх гэсэн боловч хүсэлтийг маань хүлээн аваагүй. Учир нь та залуу хүн байна, эхний элжинд 5 шаардлага хангасан хүмүүсийн хүсэлтийг хүлээн авна. Элчин сайдын яамны вэбсайт дээр мэдээлэл гарна. Түүний дагуу 4 сар гаргаад хүсэлтээ өгч болно гэсэн.

Таван шаардлагат тэнцэх хүмүүс гэдэг нь:

  1. өндөр настай хүмүүс
  2. жирэмсэн эхчүүд
  3. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
  4. хүнд өвчтэй иргэд
  5. бага насны хүүхдүүд юм билээ.

Би энэ бас ч зөв хандлага, залуу хүн энд учраа олоод байж болно гэж ойлгосон.

Дөрвөн сарын 3-нд Элчин сайдын яамны сайт дээр маргааш буюу 4 сарын 4-нд нутаг буцах хүсэлтэй иргэдийг утсаар бүртгэнэ гэсэн мэдээлэл гарсны дагуу бүтэн өдөр дуудлага авах 4-5 утас руу нь ээлжлэн залгасан боловч холбогдож чадаагүй. Дараа нь Консулын газартай холбогдож буцах хүсэлтээ очиж өөрийн биеэр өгье гэсэн боловч е-майлээр өгч болно, эсвэл Улсын онцгой комисст бичгээр өгч болно. Тэнд хамтарсан баг ажиллаж байгаа учир Консулын газар ирж өгөх шаардлагагүй! Коронотой байгаа учир иргэдийг хүлээн авах боломжгүй гэж мэдээлэл өгсний дагуу дөрвөн сарын 20-нд УОК-т емайл болон бичгээр хүсэлтээ гаргасан. Хариу хүлээсээр 6 сар гарлаа. Би хэдэн сарын хэдэнд явахаа мэдмээр байдаг. Таг чиг. Залгаж асуухаар утсаа чагнаад байж байгаарай л гэнэ. Хүмүүсийн нэрсийн жагсаалт гарна гэсэн боловч гардаггүй. Зургаан сарын 24-нд Консулын газар очиж уулзлаа. Таны хүсэлт ирээгүй байна. Одоо бичгээр өгч болно гэв. Давхар өгөхөд буруу юу бичээд өгчихлөө. Ганц нэг онгоц явсаар... 7сарын 13-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрс гарлаа. Миний нэр 4 сард өргөдөл өгсөн хүмүүсийн дунд байдаггүй, 6 сард өөрийн биеэр Консулын газар өгсөн хүсэлтийн огноогоор гарсан байв. Дахиад л Консулын газар очиж 4 сарын хүсэлтээр гарсангүй гэсэн боловч авч хэлэлцсэнгүй. Монголын онцгой комиссын бичиг баримтаас өргөдлөө шүүлгэж, өргөдлийн огноог нь зургаар аваад дахин Консул орлоо. Онцгойгоос таны өргөдлийн мэдээлэл ирээгүй учир хамаагүй гэсэн хариу өгсөн. Уг нь УОК дээр хамтарсан баг ажиллаж байгаа гэсэн боловч ямар ч ажлын уялдаа холбоо байдаггүйн билээ. Над шиг янз бүрийн асуудалтай хүмүүс Консулын газрын гадаа пиг. Зарим нь суулт хийнэ гэх... Би ч тэдгээр хүмүүстэй нэгдэхээр шийдлээ. Өмнө нь суулт хийж байсан хүмүүс ихэнх нь байхгүй байсан тэр хүмүүс НУТАГ явсныг би мэднэ. Ингээд суултанд оролцохоор шийдлээ. 7 сард усархаг бороо их орж байсан. Консулын газрын гадаа майхан зоож болохгүй гэж цагдаагаас мэдэгдсэн. Ингээд цаасан хайрцаг олоод түүн дээрээ унтаж байлаа даа. Хоолтой хоолгүй хонох энүүхэнд. Харин Монгол хүмүүс сураг сонсоод хоол унд бариад ирж байгаа нь их сайхан санагдсан. Өдөр хоног явсаар, гадаа усан бороо орсоор... Ингэж байж л нутаг буцах ВИЗ олж авсан даа. Би МИАТ- ийн буцах билеттэй байсан боловч тусгай үүргийн онгоцны зөрүү мөнгө гэж 495,000 төгрөг нэмж төлсөн. Бусад авиа компанийн билеттэй хүмүүс билетээ буцаагаад 530,000 воноор буцах билетээ нэг талыг нь авч ирж байна лээ. Тусгаарлалтын төлбөр өдрийн 50,000 төгрөг х 21 хоног гэвэл 1,050,000 төгрөг болно. Бас онгоцноос тусгаарлах байр хүртэлх унааны хөлс гэж 10,000 төгрөг төлсөн.

Siimhii 1

Сөүлээс онгоцондоо суух, монголд буух хүртэл ямар арга хэмжээ авдаг, буухад хэрхэн хүлээж авч, тусгаарлах байранд хуваарилсан, түр байрны нөхцлийн талаар, дэглэм, анхааруулгын талаар хүүрнэх үү.

8 сарын 1-нд нутаг буцах боллоо. Солонгосоос явж байгаа хүмүүс бүгд л короногийн шинжилгээг 120.000 воноор өгч байж ирж байгаа. Инчеон дээр Консулын газрын дарга Хаш-Эрдэнэ зарим ажилчидтайгаа шинжилгээний бичиг үзэж бүртгэж байсан. Онгоцонд суухад зүүж яваа маскыг шинэ маскаар сольж байна лээ. Ингээд Буянт-Ухаад буулаа. Онгоцноос хэд хэдээр нь нэр дуудаад, дарааллаар буулгасан. Миний нэрийг нэлээн сүүлээр дуудсан учир бараг 2-3 цаг онгоцондоо сууж хүлээсэн дээ. Буугаад гар ачааг ариутгаад автобусанд суулгаад, цагдаагийн хамгаалалтайгаар буудалдаа очлоо. Өрөөнд ороод удалгүй эхний шинжилгээ авсан. Тусгаарлалтад байх хугацаанд нийт 3 удаа шинжилгээ авдаг юм байна лээ. Буудлын хувьд давгүй ээ.

siimhii 3

Одоо түр суугаа байрны тохижилт, дотоод дэглэм, үйлчилгээний талаар санал бодлоо хуваалцвал...

Хорооллын Намуун гээд буудалд тусгаарлагдаж байсан. Хоол унд сайтай. 7 хоногийн нэг өдөр ар гэрээсээ эргэлт авч болдог. Өрөөнөөсөө гарч болохгүй дүрэмтэй. Хоолны цаг болохоос өмнө аяга тавгаа гаргаж өрөөний үүдэнд байрлуулсан ширээн дээр тавих үүрэгтэй, Хоол аяганд хийгээд хаалга тогшоод явчихна. Хоолоо идээрэй гэсэн дохио. Харин ганц хэлэх зүйл бол өндөр настай ч юм уу, өвчтэй хүнийг дотуур холбоогоор биеийг нь асууж эргэж тойрохгүй бол өвдөж зовбол хэцүү юм шиг санагдсан. Эмч нь өрөөнд нь орох хориотой байдаг юм байна лээ.

Хоол ундны хүртээмж, орц хэмжээ нь ямархуу байна? Нэг өдрийнхөө өглөө, өдөр, оройн хоолныхоо бүтэц, орцыг хэлнэ үү. Цадах юм уу?

Хоол унд гайгүй. Ер нь эмчилгээний хоол өгдөг юм шиг санагдсан. Эмэгтэй хүнд таарсан эрэгтэй хүнд бол арай л бага даа гэхдээ давгүй ээ. Бусад тусгаарлах байруудын хоол нь янз бүр л байгаа сурагтай байна лээ. Цаанаасаа зөвшөөрөгдөх зүйлсийг эргэлтээр оруулж байна лээ. Өглөө 8 цагаас будаатай цай юм уу, сүүтэй цай боорцогтой; 11 цагаас бантан; өдөр нэг цагаас нэг, хоёр дугаар хоол хагас порцоор; дөрвөн цагаас аарц эсвэл чацарганын ундаа; орой зургаан цагаас хоёрдугаар хоол хагас порцоор цайтай өгдөг. Хоолны амт чанар боломжийн санагдсан.

Түр тусгаарлах байрнаас гэртээ гарахад ямар зөвлөгөө өгөх юм? Эргэж шалгах юм уу?

Тусгаарлагдах байрнаас гарахад 14 хоног гэрээсээ гарч болохгүй гэж л анхааруулж, гэрийн хаяг бичгээр авч байсан. Өдөрт 2 удаа халууныг утсаар залгаж лавлаж байгаа.

Хүний газар түгжигдэн олон сар, өдрөөр хүлээхэд хамгийн түрүүнд санаанд юу бодогдох юм?

Хүний нутагт өвчин зовлон тусвал хэцүү байдалд орно. Хүн бүр хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Эрүүл байвал болно доо гэж бодогддог юм билээ.

Хүний нутагт гацан, нутгаа санагалзан нутагтаа очихын мөрөөсөл болон суугаа элэг нэгтэндээ хандаж юу хэлж, зөвлөмөөр байна.

Өөрсдийн хувийн эрүүл мэндээ сайн сахиж, эрүүл саруул байхад бүх зүйл болно доо гэж хэлье дээ.

Манай ярилцлагад оролцож, илэн далангүй яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Эрүүл, энх сайн сайхныг хүсье. Бие гамнаж, тордоорой.

Ярилцсан Пүрэвийн Увш
( АНУ, Индиана муж, Блүүмингтон хот - Монгол улс, Улаанбаатар хот)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу