Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол нийгэмлэгийн 2022 оны ээлжит хуралдаан энэ оны 10 сарын 20 - 22-ны өдрүүдэд Блүүмингтон хотноо Индианагийн их сургууль дээр болно. Хурлын хэд, хэдэн салбар хуралдаанд Профессор Gyorgy Kara (бидний нэрлэдгээр Хар Дорж Багш)- ийн эрдэм шинжилгээ судалгааны өвийн үнэ, цэнэ, ач холбогдолд зориулсан хамтран зүтгэгчид, шавь нар, эрдэмтэд, судлаачдын илтгэл, дурсамж багтжээ.

Л.Цэрэнчунт багш бид хоёр Дорж багшийн хичээлд сууж, уулзаж хуучлан эрдмийн сангаас нь оюун ухаанаа сэлбэж явлаа. Дорж багштай монгол судлалын бүтээл, судалгааны талаар нэлээд хэдэн ярилцлага хийхийг завдсан боловч багшийн цаг, завын боломжоос болоод хоёрхон ярилцлагатай үлджээ, бид хоёр.

Энэ удаад багштай хүүрнэсэн эхний ярилцлагаа байгаагаар нь толилуулж байна.

Манай монголчууд Таныг Хар Дорж гэж авгайлан дуудаж, Таны монгол судлалд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлдэг билээ. Индианагийн их сургуульд Тантай ойролцоо арваад жил ажиллахдаа таны бүтээлийн охиос хэр хэмжээгээрээ хүртэж, үнэт сургаал, айлдварыг тань сонсож явсан нь цөөнгүй. Гэлээ ч таны бүтээл, туулсан замналыг тань монголчууд тэр бүр мэддэггүй. Иймд Л.Цэрэнчунт багш бид хоёр таны цагийн боломжийг ашиглан таны монгол судлаач болсон түүх, уран бүтээлийн талаар ярилцаж, монголчууддаа хүргэхийг зорьж байна. Цаг, наргүй их ажлынхаа хажуугаар бидний хүсэлтийг хүлээн авсанд их баярлалаа.

П.Увш: Та хэрхэн монгол судлалд уруу татагдсан талаар хуучилна уу?

Дунд сургуульд суралцаж байх үедээ янз, янзын танихгүй бичиг их сонирхдог байлаа. Тэр үед мажарын нийслэл дэх Үндэсний номын сангаар олонтоо орж, гардаг байлаа. Номын сан энгийн, дунд сургуулийн хүүхэд орох бололцоотой газар байсан. Тэр үед Көөрөши Чома Шаандар гэж Сээкэл яст нэг мажар хүн арван есдүгээр зууны эхний үед морь, тэмээгээр, явгаар дорнод зүг аялж, Энэтхэг хүрээд, тэндээсээ Түвд орох гэсэн. Одоогийн Пакистаны болон Энэтхэгийн мэдэлд байгаа Лаак гэдэг газар ирсэн. Тэндээ ламын хүрээнд сууж, түвд хэл судалсан байдаг. Тэгээд анх удаа англи хэл дээр Түвд хэлний шинжлэх ухааны түвшинд хүрэх хялбаршуулсан хэлзүй болон түвд англи хэлний нэг толь гаргасан. Энэтхэгийн Калкатад хэвлэгдсэн. Тэр хүнийг мажарууд үндэсний нэр төртэй эрдэмтэн, баатар гэж үздэг юм. Би тэр номуудыг сонирхоод тэндээс түвд үсэг сурсан. Хятад хэл сонирхоод дээрх номын сангаас Библийн хуучин, шинэ гэрээний хятад орчуулга ойлгоход хялбар байж магад гэж бодоод авч тулгаж уншсан. Би дунд сургуульд орос хэл нэлээд гайгүй сурсан юм билээ. Номын сангаас хятад - орос жижиг толь байсныг аваад библийн хятад эхийг уншиж эхэлсэн. Хуучин гэрээнээс газар, дэлхийн үүслийн тухай хэсэг нь ойлгоход хялбар гэж бодлоо. Тэгээд хятад орчуулгыг нь хараад учрыг нь олохгүй, цаг шахам урам хугарч суусан. Гэтэл тэр ном нь эртний хятадын ёсоор баруун талаасаа эхэлсэн байсныг мэдсэнгүй, номоо буруу харуулаад бариад будилаад сууж... Библийн бүүр сүүлд байдаг нэг тэмдгийг олсноор номоо зөв харуулж бариад, дүйх үгс, тэмдгийг оноож харж эхэлсэн.

Миний багш бол Лайош Лигети байсан. Багш маань хятад хэл сурах нь зөв. Харин хятадыг монгол хэлгүйгээр сурах боломж бага гээд, хоёуланг нь сурахыг зөвшөөрсөн. Тэр үед надад Монгол Улс, монгол хэлний төсөөлөл байгаагүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нэрийг нэг газар зүйн номоос мэддэг байлаа. Миний өвгөн аав талхчин хүн боловч олон номын цуглуулгатай байсан. Тэдгээр ном дотор олон улсын газрын зургийн цомогт улс болгоны сүлд тэмдэг, хажууд нь улс болгоны өөрийн хэл, бичгээр тэдний нэр, галиг нь байсан. Энэ ном дотор лянхуа дээр байрласан Монголын сүлд-соёмбо байсан. Тэндээс монгол хэл босоо бичигтэйг анх мэдсэн. Лигети багшаас монгол хэл гэж ямар хэл болохыг таниулахаар үзүүлэх зүйл асуухад орос хэл дээр Дамба-Ринчинэ гэдэг буриад хүний бичсэн Монгол хэлний зүй (Учебник монгольского языка) гэдэг ном харуулсан. Тэр номоос оросжин үсэгтэй хэсгийг уншиж үзсэн. Зарим мажартай төстэй үгнүүд ч тааралдаж байлаа. Тэгээд л монгол хэл үзэхээр зориг шулуудсан даа. Хятад хэлээ ч сурсан. Түүний хажуугаар Ли багшийн монгол судлаач шавь болсон түүхтэй. Багш маань Будапештийн хамгийн эртний их сургуульд сонгодог монгол хэл заадаг байсан. Будапештийн их сургууль нь эхлээд 1636 оны орчим Ромын христиан хамбын байгуулсан сургууль,тэр хамбын нэр нь Пазмань Петер. Энэ хамбын нэрэмжит байгаад, дайны дараа физикч эрдэмтэн Өтвөөш Лоорандын нэрийг одоо болтол хадгалж байгаа их сургууль юм. Намайг энэ сургуульд сурч байхад 1955-56 оны үес монголоос цөөн зочид Мажарт ирэхэд тэдэнтэй уулзаж, монгол хэлний, ялангуяа халх аялгууны дуудлага, бичлэгийг тэднээс сурч эхэллээ. Миний багш бол халхаар ярьдаггүй байсан. Зураач Цүлтэм гуай уран барималч Жамбатай хамт манай тэнд хэдэн сар байсан. Тэднээс бичгийн монгол, халх аялгууны талаар их юм сурчээ.

Л. Цэрэнчунт: Таныг сурч байхад ахлах сургууль гэж байв уу?

Тэр үед найман жилийн ерөнхий эрдмийн сургууль гэж байсан. Эхний дөрвөн жил нь анхан шатных, анги болгон нэг багштай. Сүүлийн дөрвөн жил нь арай гүнзгий, хэл, зохиол, тоо гэхчлэн нарийвчилж үзнэ. Найман жилийн дараа дахиад дөрвөн жил суралцаж, дунд сургуулиа төгсөнө. Найман жилээ төгсөөд нэмж ганц, хоёр жил суралцаад мэргэжил (талхчин, гуталчин гэх мэт) эзэмшин гарч болдог байсан. Арван хоёр жил суралцаад дунд сургууль төгсөхөд нэг улсын шалгалт өгнө.Тэр шалгалт их, дээд сургуульд ороход хэрэг болно.

Л. Цэрэнчунт: Та их сургуулийн монгол хэлний ангид орсон уу? Тийм анги байв уу?

Монгол хэлний анги гэж байсангүй. Дорно дахины салбарын оюутан болж, таван жил суралцсан.

П.Увш: Та найман жилийн дараагийн дөрвөн жилд хятад, төвд, монгол гээд гадаад хэл сурахад ихээхэн цаг, заваа гаргажээ дээ?

Би төдийлөн эрчимтэй сурч чадаагүй юм. Бага зэрэг гадарлаад. Түвд бичгийн хувьд нэг хялбар цагаан толгойгоор сурсан, түүнийгээ нууц бичиг шиг хэрэглэнэ. Мажар үгийг түвдээр биччихлээр тайлж унших хүн гардаггүй байлаа. Хятад хэл бол арай өөр юм. Үгийн тэмдэглээтэй.

П.Увш: Та хэдийд монгол хэл гүнзгий судалж эхлэв? Коллежид суралцаж байхдаа юу?

Тийм ээ. Коллежид л нэлээд нэвчсэн дээ.

Л. Цэрэнчунт: Танай сургуульд Лигети багшаас өөр монгол хэл, бичиг заадаг хүн байв уу?

Байсангүй. Лигети багш Дорнод Азийн, Төв Азийн гэсэн хоёр тэнхимд эрхлэгч хийдэг байсан. Лигети багш залуудаа Өвөр монголоор явж, цахар ч юм уу, харчин, хорчины ч юм уу хэл сурсан хүн байсан. Ярианы хэл нь нэг гойд биш. Бидэнд сонгодог монгол хэлний үгс заахдаа мажар аялгуугаар буулгаж заадаг байлаа. Жишээлбэл үхэр гэхийг үгээр гэх жишээтэй.

1957 он бол миний оюутны сүүлийн жил байсан. Тэр жилдээ Монголд анх удаа очиж, баруун монголоор аялж явахдаа баруун монголчууд үхэр гэхийг үкэр, үүр цайхыг өр цайх гэдэг болохыг чихээрээ сонсож билээ. Багш маань сүүлд сонсоход, монголоор өөрөөс нь илүү ярьдаг болсонд жаал гомдсон бололтой юм билээ. Би залуу болохоор юм ч бодсонгүй. Тэр үед вийз хэрэггүй байсан даа. Бидний аялалд түвдэч, угсаатны зүйч А.Рона-Таш, биднээс нэлээд эгчмэд, монголч, хамниган судлаач Каталин У.Кёхалми гэх авгай бид гурав явсан юм. Тэр үед Монголд Шинжлэх ухааны академи гэж байсангүй, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн (газар) байлаа. Тэндхийн ажилтан Э.Вандуй биднийг дагуулаад ачааны тэргээр Улаанбаатараас Баян-Өлгий хүрсэн. Замдаа Орхон, Архангай, Баянхонгор, Завхан гээд олон газраар бууж сууж явсан. Эгийн даваагаар давж байсан дурсамж одоо ч нүдэнд харагдаж байна. Заримдаа машинаасаа буугаад том, том хадыг зайлуулах хэрэг гарна. Алдарт Эгийн даваан дээр гараад урагшаа харахад үүлний дээгүүр Алтайн хайрхан сүндэрлэх нь сүртэй харагдаж байлаа. Бидний аяллын талаар А.Рона-Таш Нүүдэлчдын мөрөөр гэдэг ном гаргасныг орос хэл дээр орчуулсан (А.Рона-Таш По следам кочевников).

Л. Цэрэнчунт:Та баруун аймгаар аялахдаа ямар зорилготой явсан бэ? Ямар ажил амжуулав?

Ойрд аялгууг нэлээд судалсан. Нэг өгүүлэл бичсэн. Тэр цагт дуу хураагч байсангүй. Гараар бичнэ. Заримдаа буруу, зөрүү бичих ч үе тохионо. Засах хүн ч байсангүй. 1958 онд их сургуулиа төгссөн.

П.Увш: Та их сургууль төгсөхдөө дипломын ажлаа монгол судлалаар бичсэн үү?

Тийм ээ. Соёмбо үсгийн талаар. Энэ ажил мажарт нэг сэтгүүлд хэвлэгдсэн. Ц.Шагдарсүрэн монголын бичиг, үсгийн түүхийн талаар бичихдээ ашигласан байсан. саяхан Калифорнийн хэсэг хүмүүс Соёмбо үсгийг цахим хэлбэрт оруулах хөтөлбөр хийсэн байсан. Надаас зөвлөгөө авсан. Энэ үсгийн талаар хамгийн сайн мэдэх хүн бол Ц.Шагдарсүрэн гэдгийг ч хэлсэн.

П.Увш: Та урианхай судлалаар энэ аяллын явцад юу амжуулсан бэ?

Ховдод анх удаа урианхай хөгшинтэй ярилцахад их сонин байсан. Би хагас дутуу мэддэг халхаараа асуугаад тэр хүн урианхай аялгуугаараа хариулах ёстой байсан. Гэхдээ халх аялга оруулаад болохгүй байсан. Танайхаар зүрх гэхийг юу гэж хэлдэг вэ гэхэд Зүркэн гээд З үсгийг хэлж чадахгүй байсан. 1970-аад оны үед дахиад явахдаа Ж.Цолоотой хамт явсан. Баян-өлгийн урианхай айлд ороод өмсөж яваа гутлаа зааж, үүнийг танайхан юу гэдэг вэ гэхэд гутал хэмээн хариулахад танайхан Госон гэдэг бус уу гэхэд Өө, тийм. Тэгдэг байсан гэж билээ. Энэ нь тэдний яриа халх нөлөөтэй болсон байна гэсэн үг л дээ.

Л. Цэрэнчунт: Та монгол бичиг чухам яаж төгс сурсан бэ?

Анх багш маань сонгодог монгол хэлний хичээл зааж байсныг дээр дурдсан. Эхлээд их хэцүү байсан. Багш өөрийн гар бичмэлээсээ хурдан уншаад, олон зүүвэр, дагаврын талаар тайлбарлах нь бэрхшээлтэй байсан. Нэг удаа багш маань гар бичмэлээ ширээн дээрээ үлдээснийг шөнөжин хуулаад бичиж авснаас хойш арай хялбар болсон. (Инээлдэв.) Олон янзын үйлт нэр, залгавар, зүүвэр одоогийн монгол хэлэнд ч төвөгтэй байна шүү дээ. Би нэлээд хичээгээд гайгүй болсон. Бас эхлээд латин галигтай жижиг сэдэв өгөөд, түүнийг тайлбарладаг байлаа. Тэр сэдэв дотор хэл шинжээч, герман гаралтай Бүденц гэдэг хүний арван есдүгээр зуунд мажар хэлээр бичсэн “Монгол хэлний товч хэл зүй” гэдэг ном байсан. Бүденц энэ бүтээлээ академийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн. Бүденц мажар, фин хэл сонирхдог. Тэр ном дотор 2-3 товчхон сэдэв байсан. “Шидэт хүүрийн” үлгэрээс “Илжгэн чихт хааны үлгэр”-ийн хэсэг, “Эрдэнийн товч”-ийн дотроос “Хасар, Бэлгүтэй хоёрын үлгэр”, “Үлгэрийн далай”-гаас “Махасвадын үлгэр”, “Өлөгчин барын цадиг” энэ номд орсон байлаа. “Өлөгчин барын цадигт” дээр үеийн Энэтхэгийн нэг хааны гурван хүүгийн отгон хүү нь өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй байсан. Ойн шугуйд өлбөрч үхэж байгаа өлөгчин бар байсан. Бар зулзагаа идэх хэмжээнд өлбөрсөн байсныг отгон хаан хөвүүн өрөвдөөд өөрийн биеэ өргөсөн. Хүү ах нартаа ойр гараад ирье гэж гараад өлөгчин барын дэргэд ирж хэвтсэн. Бар их сульдсан болохоор бараг зажилж чадахгүй байсанд хүү судсаа ханаж, цусаа долоолгоход бар хүч орж, цусыг нь сороод ясыг нь үлдээсэн талаар гардаг юм. Шажинлаг, хүн, амьтны сайн сайхны төлөө амиа ч золих учиртай гэсэн үлгэр. Эдгээр үлгэрийг уншсаны дараа Субашидын бичмэл эхийг уншуулдаг байсан. Хоёр дахь жилийн эхэнд юм уу даа багш маань академийн номын санд илгээж, эртний судар бичгийн гар бичмэл дотроос “Үлгэрийн далай”-н модон барыг аваад ир гэж хэлсэн.

Тэр нь Бээжингийн, манжийн үеийн модон бар байсан. Эртний гар бичмэлийг гадагшаа гаргадаггүй байсан боловч багш маань академийн дэд ерөнхийлөгч болохоор гаргасан. Багш надад нэг бичгийн ширээ, бичгийн машин өгөөд модон барыг галиглахыг даалгасан. Эхэндээ нэлээд хэцүү байсан ч дотроо нэлээд давтагддаг юм билээ. Хорын цаас ашиглан хоёр хувь галигласан. Өнгөн хувийг багш авсан. Нэг хувь нь надад байгаа. Би тэр хүртэл бичгийн машин хэрэглэж үзээгүй байлаа. Үлгэрийн далайг гурван сар орчим галигласан. Галиглана гэдэг нь монгол үсгээр латин хэлбэрт буулгаж байгаа юм. Өмнө нь багш монгол бичиг заахдаа ямар үсэг яаж галиглахыг заасан байсан. Монгол үсгийн толь гэж байсангүй. О.М. Ковалевский гэдэг хүний орос толь л байлаа. Энэ дасгал миний монгол хэлний сурц, дадлагад их тус болсон доо.

(Үргэлжлэл бий)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу