Girlstalkhq

Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эгчтэй хүмүүс бий л биз дээ? Хувцас булаацалдаж, хоорондоо муудан сайдаж, аашлах нь аашилж, загнуулах нь загнуулж явсан дуртгал дотно санагдаж байна уу?

Цэцгийн дэлбээ шиг таван сайхан охинтой айлын отгон нь болж мэндэлсэн болохоор хөгтэй, хөгжилтэй бага насны дурсамж надад зөндөө.

Хүүхдийн зуны зусланд эгч нартайгаа хамт явах үнэхээр сайхан байжээ. Манай нутагт Битүүт, Цагаан Залаа гээд үзэсгэлэнт зуслангууд байх агаад өглөө буусан шүүдрийн усанд шинэхэн авсан гутлыг маань норгохгүй гэж дөрөвхөн жилээр ахмад эгч маань намайг үүрч хоолны кафед хүргэнэ.

Том эгч алдарт МГУ-д суралцаж төгссөнийг хэлэх үү, амралтаараа ирэх бүртээ өөрөө дундаас нь харагдахгүй шахам их ачаатай ирэх бөгөөд эгчээс нэг их гоё үнэр ханхалдаг тул би заавал хамт унтана гэж зүтгэдэг байлаа. Тэр гоё үнэр эгчийн хэрэглэдэг байсан гар, биеийн тосноос үнэртдэг байсан юм билээ.

Тухайн үед ховор, хачин чамин, эдэлж үзээгүй жийнс, боронзон ботинк, жижигхэн нарны шүхэр гээд хар багаасаа эгчийнхээ авчирсан юмсаар гоёж өссөн болоод ч тэр үү, одоо хэр нь мода хөөж гангалчих гээд байдаг зан минь хэвээрээ.

Ууж үзээгүй коко кола, пепсигээс эхлээд амталж үзээгүй нандин бүхнийг эгч минь надад л гэж тэртээ алсаас жин тээдэг тэмээ мэт зөөдөгсөн.

Дунд эгч маань эмч хүн л дээ. Өвдөж зовох нь байтугай өргөс орох төдийд эгч минь л эмчилж, тордоно, алсын зайнаас хүртэл аргадан тойлсоор.

Хоёр дахь том эгч маань хангамжийн хэлтэс мэт гадаад дотоодоос үзэгдэж харагдаагүй тансаг зүйлээр намайг ер тасалдаггүйсэн. Өөрөө хэл бичгийн хүн тул оюутан байхаас авхуулаад одоог хүртэл намайг ном сониноор таслахгүй. Одоо дээрээс нь нэмээд хүүхдүүдэд минь алс холоос ном илгээсээр.

Этгээд дотно, эгч бүртээ эрхэлж өссөн болоод ч тэр үү дөрвөн эгчийгээ би нэлээд их санах агаад баяр, гуниг тохиолдох үед тэдэнтэйгээ заавал хуваалцаж байж санаа амарна.

Хэрэг болсон үед албатай мэт эгч нартаа дураараа тушаал буулгачхаад цэргийн дарга мэт загнах үе ч бий. Тэгээд бас болоогүй бачимдал, уураа эгч нартаа гаргаж тунирхах.

Аашаа эвдэж, дотоод сэтгэлийн өнгөө олж ядсан намайг аль хэдийн уучилчихсан, дүү минь, эвий минь хүний газар хөрж явна уу? Ядарч байна уу? Юу хэрэгтэй байна? Яах уу? гээд л тал талаас хошуу цорвойлгох бас нэг сайхан мэдрэмж.

Хорвоо дэлхий дээр ганцаараа биш, зулай зулайгаа гишгэж төрсөн эгч нартай байх үнэхээр сайхан.

Эгч нарынхаа халуун хайранд умбаж, эрх танхилхан өссөн тул, нас нэмж, сайхан үрсийн ээж болсон ч айлын отгон “охин” хэвээрээ л байдаг аж.

Эгчтэй хүмүүс тэдэндээ баярлалаа гэдгээ хааяа ч болсон хэлж байгаарай. Тэр тусмаа дүү нар нь ойрхон төрсөн эгч, ах нартаа талархсанаа илэрхийлэх цаг нь болсон. Хөөрхий тэд чинь шилээ эрт хазуулаад, өөрөө эрхлэх эрхээ дүү нараа хайрлах үүргээр сольчихсон сахиусан тэнгэрийн элч нар юм шүү!

Хорвоогийн бүх эгч нар мандтугай.