public domain

Технологи
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүлжээ энэ төрлийн технологит суурилсан бизнесийн зардлыг 80%-иар бууруулна гэсэн тооцоо байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Хятадын Үндэсний Мэдээллийн Төв, банк санхүүгийн China UnionPay, харилцаа холбооны China Mobile, технологийн Red Date компаниудтай хамтран 100 гаруй хотыг хамрах хүчин чадалтай үндэсний блокчэйн сүлжээ ашиглалтад оруулсан байна.

Blockchain-based Service Network (BSN) буюу Блокчэйнд Суурилсан Үйлчилгээний Сүлжээ тухайн төрлийн анхдагчдын нэг болж байгаа юм. Сүлжээг энгийнээр тайлбарлахад компьютерын үйлдлийн системтэй (operating system) төстэй ажиллагаатай. Permission-based системийн хэрэглэгчид тогтолцооны загварыг (framework) шинээр үүсгэхгүйгээр сүлжээн дахь программуудыг авч ашиглах, тогтолцооны стандартад нийцсэн төхөөрөмж (tools) бий болгох боломжтой болж байна.

Хятад улс энэ төрлийн технологийн патент бүрдүүлэлтийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа тухай олон улсын оюуны өмчийг хамгаалах байгууллага мэдээлсэн байдаг.

Блокчэйн технологи аливаа цахим гүйлгээний үнэн бодит, хувиршгүй байдал бүрдүүлэх үндсэн загварчилгаатай.

Хятадын томоохон онлайн бизнесүүдэд энэ төрлийн технологи хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа. Тухайлбал онлайн худалдааны JD.com блокчэйн ашиглаж нийлүүлэгч, хэрэглэгч, түншүүдийн хоорондох гүйлгээний баталгаат байдал сахиулж байна. Ингэснээр вэбсайтын хэрэглэгчид худалдаа хийхээсээ өмнө бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн эх үүсвэрийг хянах боломжтой болж байгаа юм. Түрүүхэн JD.com блокчэйн протоколоо олон нийтэд нээлттэй болгосон байна (open source).

Хятадын гааль мөн блокчэйн технологи ашиглаж эхэлжээ. Үүнд зүүн өмнөд азийн орнуудтай хиллэдэг 26 нэвтрэх цэг, худалдааны боомтуудыг хариуцдаг Наннигийн Гаалийн хэрэглэж буй “Powerbridge Blockchain Cross Border Compliance” нэртэй платформ багтана.

Блокчэйнд суурилсан технологи хөгжүүлэхэд хамгийн бэрхшээлтэй зүйл бол шинээр платформ үүсгэх явц юм. Үүнд цаг хугацаа, санхүүгийн хүч чадал нэлээд шаарддаг учир BSN болон үүнтэй ижил төрлийн шийдэл (solutions) гарах нь зайлшгүй байсан гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Шинэ платформ үүсгэх, ажиллуулах, тордон хамгаалахад жилд дунджаар 14,000 америк доллар шаардлагатай гэсэн судалгаа байдаг бол BSN-ийг хэрэглэн аппликешн боловсруулахад ихдээ 300 долларын зардал гарах юм байна.

Үүсгэн байгуулагчдын хувьд тухайн технологи яваандаа дэлхийн стандарт болно гэж найдаж байна. Харин гүйлгээний үндсэн түлхүүрийг (root key) Хятадын засгийн газар хянах боломжтой байгаа нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөж байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Австралын засгийн газар, Европын холбоо ижил төрлийн технилоги бүтээх тухай сураг гараад нэлээд удаж байгаа. Америкийн IBM, Facebook компаниуд framework хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм байна.


BSN white paper-ийн Хятад хэл дээрх мэдээллийн энд дарж татна уу.