Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ээжийнхээ тухай бичихээс эмээдэг би
Энэ сайхан хүнийг төгс дүрсэлж чадахгүй бол яана гэж зүрхшээдэг
Сэтгэл дотроо ээж минь гэсэн битүү шивээстэй би
Сэмхэн хувцасыг нь үнэрлэдэг нялх зангаа бүхнээс нуудаг …

Эх хүний тухай бичээгүй үзэгтэй найрагч байтугай энгийн нэгэн хүн ч энэ хорвоод үгүй биз ээ. Үзэггүй, уншигчгүй нэг нь зүрх сэтгэлдээ ээжийнхээ тухай “бичсэн” л байж таараа.

Калифорниа мужийн нарлаг Бүрлингейм бол миний хоёр дахь “нутаг” болсон хот.

Бүрлингемд хэрэв есдүгээр сард хэдхэн хоног халуу шатаж, Индиан Саммер болдоггүй бол ямар улирал болж байгааг мэдрэхийн аргагүй, нэг тийм байнгын сайхан, хүйтэн ч биш, хэт халуун ч биш хамгийн сайхан цаг агаартай газар юм. Амьдрах өртөг өндөр байдгийн шалтгааныг “төгс цаг агаарт төлж буй өртөг” хэмээн оршиг суугчид ярьдаг нь ортой болов уу?

Налайсан намрын улиралд мэндэлсэн болохоор ч тэр үү, намар болж буйн эхний дохиогоор яагаад ч юм ээжийгээ бүр ихээр санана.

Моддын навчис түмэн төрлийн өнгөөр гангарч эхлэхэд, сэтгэл улам дэрвэлзэн, дэнсэлж, гоёмсог навчис газарт нэг нэгээр унахыг өдөр бүр ажин, нэг л өглөө нэвсийтэл хөглөрсөн навчис туучин, хүүхдүүдтэйгээ зэрэгцэн тоглох хөгжилтэй.

Болдогсон бол намрын улаан шаргал навчисын нэг болж газарт унаад, нутгийн зүг үлээх салхинд дайгдаад ижийдээ очихсон.

Өнгөрсөн жил дасаж, идээшсэн хотоосоо нүүж цоо шинэхэн газарт ирсэн тул өнгөрсөн намар ээжийгээ, хуучин хоттойгоо хамт санагалзан өнгөрөөв.

Өөрийн дан биеэр байсан бол номхон далайн эргийг дагаад хуучин хотын зүг давхичихмаар санагдах үе байснаа нуух үе.

Гэвч үр хүүхдээ аль болох чанартай, хэлбэрээс хол агуулгаар дүүрэн амьдруулах чин хүсэл их тул шинэхэн хотдоо дасахгүй гээд ч яах билээ. Үхтэл үр харам гэдгийн нэгэн жишээ энэ буюу.

Эх хүн гэдэг эгэл жирийн хүн лав бишдэг ээ? Ядарсан ч ядраагүй мэт, өлссөн ч өлдөөгүй мэт, өвдсөн ч өвдөөгүй мэт “жүжиглэх” чадвартай, яг л нөгөө найрагч Ц. Хулангийн шүлэглэснээр хичнээн ч олон мэргэжлийг чадмаг сайн хийдэг юм.

Ээждээ шүүдрийн усаар цай чанан өгч, вансэмбэрүү цэцгийн баглааг барьж амжаагүй хүмүүс олон бий. Би ч тэдний нэг.

Ер нь ээжийнхээ ачийг хариулсан гэж бардам хэлэх хүн энэ хорвоод байна уу? Байгаа бол браво! Бас дахин браво!

Харин өөрөө ээж болчихоод, нөгөө дуунд гардаг шиг бүлээн цайгаа ч ууж амжилгүй яваа бол ээжийнхээ ачийг хариулаагүй хүн дээ би гэж өөрийгөө зэмлэж, хэмлэхээ азна. Учир нь чи ээжийнхээ болон өөрийнхөө үргэлжлэлийг энэ орчлонд өсгөн өндийлгөж буй бас нэгэн ачтан шүү дээ.

Чи үр хүүхдээсээ ач тус нэхэх тухай огтхон ч боддоггүйн адил, ээж тань чамайг сайхан сэтгэлтэй, үр хүүхэдтэй, олонд тустай явааг чинь хараад магнай нь гаднаа тэнийхээргүй болтлоо үрчийсэн ч сэтгэл зүрхэн дотроо “тэнийсэн” байж л таараа.

Ээж гэдэг хүндхэн алба хэдий ч хамгийн жаргалтай, бүх мэргэжлээс илүү гайхамшигтай, тансаг бөгөөд торгон мэдрэмж авдаг, хэн ч халж, цомхотгох боломжгүй, тушаал буурч, ажлаасаа гарч бас болохгүй, мөнхийн амралттай мэт хэрнээ үргэлжийн ажилтай, үгээр дүрслэхийн аргагүй өндөр цалинтай, хязгааргүй бонустай, санаа зовсоныхоо хэрээр инээд баясал бас авчирдаг, дэлхий дээрх цорын ганц онцгой ажил юмсанжээ.

Юугаар ч орлуулашгүй, хэнтэй ч сольшгүй ээжийн ажил хийж, жаргалтай сайхан амьдрах эрхийг бэлэглэсэн ээждээ баярлалаа. Энэ хорвоод хүмүүн болж төрсөн минь юутай их аз завшаан бэ?

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу